Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2019/00822

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2019/00822

Хөвсгөл аймаг

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1978 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************** оршин суух, ***************  дугаар регистртэй, Б  овогт Ч.Д-ын ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1986 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Греен голд ресторанд тогооч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух, *********** дугаар регистртэй, Б  овогт А.З холбогдох,

Автомашин худалдан авсан үнэ 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2019/00885/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ч.Д , хариуцагч А.З  нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А.З аас Приус-10 маркын 85-29 ХӨА улсын дугаартай автомашиныг зарын дагуу 3.750.000 төгрөгөөр худалдаж авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Мөнгийг бэлнээр өгсөн бөгөөд хүүхдээ зөөх, такси үйлчилгээнд явах зорилгоор худалдаж авсан боловч 2 хоногийн дараа машинд эвдрэл гарч, би А.З ыг дуудаж 2-3 удаа засуулсан. Гэтэл 7 дугаар сарын 28-ны орой машинаа унаад явж байтал хааз авахаа больж зогсоход А.З ыг дуудсан боловч ирээгүй, засаж янзлаад өгөөч гэхэд чадахгүй гэж хэл амаар доромжилсон. Би завсарчинд үзүүлэхэд рулийн аппарат эвдэрсэн, миль ажиллахгүй, уян нь болохгүй байна гэсэн. Рулийн аппаратыг худалдаж авахад 350.000 төгрөг, миль, уян засуулахад нийт 30.000 төгрөг болно гэсэн. Би дээрх гэмтлийг засуулахаар машинаа ломбарданд тавьсан боловч рулийн аппарат олдохгүй байна. Хэрэв машины эвдрэлийг засуулах төлбөр нийт 380.000 төгрөгийг А.З  өгвөл эвлэрч болно. Гэтэл эвлэрэхгүй гэсэн тул намайг хуурч биет байдлын доголдолтой машин худалдсан тул 3.750.000 төгрөгөө авч, машиныг буцааж өгнө гэв.

Хариуцагч А.З  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Приус-10 маркын 85-29 ХӨА улсын дугаартай автомашиныг унаж хэрэглэж байгаад хөдөө явах ажилтай болсон тул машинаа томруулах зорилгоор Ч.Д  гэх хүнд 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр зарын дагуу зарж, төлбөрт 3.750.000 төгрөг авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн. Зарахаас өмнө бүх төрлийн үзлэг, оношлогоонд оруулж, татвар төлсөн. Уг машиныг унаж байх явцад ямар нэгэн эд ангийн гэмтэл гарч байгаагүй, бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн. Ч.Д  өөрөө унаж чадахгүй байсан учраас 2 хоногийн дараа над руу ярьж, машиндаа жижиг сажиг гэмтэл учруулж, засуулах болсон. Би ажил ихтэй завгүй болохоор 2-3 удаа очоод дахиж ирж чадахгүй гэдгээ хэлсэн. Иймд эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ч.Д д буцааж өгөх 3.750.000 төгрөг байхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д  нь хариуцагч А.З т холбогдуулан машин худалдан авсан үнэ 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн зохигч нь Приус-10 маркын 85-29 ХӨА улсын дугаартай автомашиныг 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, төлбөрийг бэлнээр төлсөн, автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд болон түүний нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн бөгөөд 2 хоногийн дараа машинд гэмтэл гарч, хариуцагчаар 2-3 удаа засуулж байсан тухай үйл баримтууд болсон талаар маргадаггүй.

Харин нэхэмжлэгч Ч.Д  нь автомашинд эвдрэл гэмтэл гарсан тул автомашины үнэ 3.750.000 төгрөгийг авч, автомашиныг буцааж өгнө, хариуцагч А.З  нь бүрэн бүтэн автомашин өгсөн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Д ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд Приус-10 маркын автомашиныг 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр худалдах, худалдан аваxаар тохирсон, улмаар автомашины үнийг бүрэн төлж, тус автомашин Ч.Д ын өмчлөлд шилжиж очсон үйл баримтууд тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулахын тулд талууд шилжүүлэх эд хөрөнгө болон үнийн талаарх гол нөхцлийг харилцан тохиролцсон байх ёстой. Мөн эд зүйлийн үнийг бүрэн төлсний эцэст худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсноос бусад тохиолдолд худалдагч эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээнэ.

Ч.Д , А.З  нар гэрээний гол нөхцөл болох автомашины үнэ, төлөх хугацааны талаар харилцан тохирч, автомашиныг Ч.Д  хүлээн авч, төлбөрийг шилжүүлсэн байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагджээ.

Нэхэмжлэгч Ч.Д  биет байдлын доголдолтой автомашин худалдсан гэж тайлбарлаж байгаа ч түүний шүүх хуралдаанд гаргасан ...2 хоногийн дараа машинд эвдрэл гарч, би А.З ыг дуудаж 2-3 удаа засуулж байсан... гэх тайлбар, хариуцагч А.З ын шүүх хуралдаанд гаргасан ...2 хоногийн дараа над руу ярьж, машиндаа жижиг сажиг гэмтэл учруулж, засуулах болсон. Би ажил ихтэй завгүй болохоор 2-3 удаа очоод дахиж ирж чадахгүй гэдгээ хэлсэн... гэх тайлбараас дүгнэхэд худалдан авагч буюу Ч.Д  тус автомашины доголдлын талаар мэдэж байсан мөртлөө тухайн үед автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255.1.1-д Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан үндэслэлээр шаардлага гаргах эрхээ алджээ. Өөрөөр хэлбэл Ч.Д  доголдолтой автомашин худалдан авснаа мэдсэн боловч А.З т уг машиныг буцааж өгөхөөр шаардаагүй, харин эвдэрсэн гэмтлийг засуулж, цаашид унаж хэрэглэж байснаар автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзах эрхгүй болсон байна.

Иймд А.З аас автомашин худалдан авсан үнэ 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай Ч.Д ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Д ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч А.З т холбогдох автомашин худалдан авсан үнэ 3.750.000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Д ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Д ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА