| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05083/И |
| Дугаар | 101/ШШ2024/00581 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2024/00581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.*******, Б.******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *************** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын *******/регистрийн дугаар: /-т холбогдох,
Гэм хорын хохиролд 1,179,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.******* нь дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг 45 минутын үед маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодох явцдаа явган зорчигч болох миний хүү болох А.г мөргөсөн болно. Хариуцагч нь замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсгийг зөрчин осол гаргаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон болно. Одоогоор миний хүүгийн цээж, толгой, хөл байнга өвдөх болж одоогийн байдлаар зураг авахуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эм зэрэгт биднээс 1,179,500 төгрөгийн зардал гараад байна. Гэвч хариуцагч нь одоог хүртэл холбоо барихад нэг бол тохиролцы нэг бол хувааж төлий гэх боловч өнөөдрийг хүртэл боломж олгоход бидэнд нэгч төгрөгийг хохирол барагдуулаагүй байна.
Иймд хариуцагчаас гэм хорыг хохиролд 1,179,500 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.
1. Осол болсон өдрөөс 3 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 18-нд хүүхдийн ээж Э.******* мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө гомдолгүй, эмчилгээний нийт зардал 1,179,000 болсон баримтыг дараа авчирч өгнө гэж мэдүүлсэн байна.
2. Дээрх мэдүүлэгт байгаа үнийн дүнг тухайн үед мөрдөгч надад мэдээлээгүй бөгөөд би мэдүүлэг өгч байх үедээ хүүхдийн ээж рүү утсаар залгаж төлбөрийн талаар лавлан асуухад Наана чинь цагдаад байгаа, битгий намайг байцаагаад бай гэсэн хариу өгч утсаа тасалсан. Яг тэр дор нь мөрдөгч хэргийн материалыг дахин шалгахад ямар нэг төлбөрийн баримт олоогүй бөгөөд Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээний үнэ төлбөргүй бичгүүд байсан. Тухайн шинжилгээг өгөх үед би хүүхэд болон хүүхдийн ар гэртэй хамт явж байсан билээ. Мөн тэр үед надад төлбөрийн талаар юм хэлээгүй ээ. Би ч мөн төлбөр гарч байгаа эсэх төлөх эсэхийг хүүхдийн ээжээс асууж лавлаж байсан.
3. 2021 оны 11 сарын 15-наас 2021оны 11 сарын 18-ны хооронд хүүхдийн биеийн байдлыг ажиглах хэрэгтэй байсан учир эмнэлэгт 3 хоног хяналтад байсан. Энэ хугацаанд хүүхдийн ээжийн мэдүүлснээр эмчилгээ болон бензиний зардал 1,179,000 болох нь тодорхой байжээ. Өөрөөр хэлбэл мэдүүлэг өгснөөс 1 сар 21 хоногийн дараах бензиний төлбөр ч тодорхой байж. Ослын үед ийм хэмжээний бензиний зардал гарсан байж болох ба хүүхдийн ээж тэр үедээ НӨАТ-ын баримтаа гээгдүүлсэн байж болох.
4. Гэвч надаас нэхэмжилж буй баримтуудын зарим нь он сар зөрж байгаа, зарим нь үнийн дүн хэт өндөр байгаа юм. Баримт дундаас 11 сарын 15-ны өдөр ГССҮТ доторх эмнэлгээс 220,000 төгрөгийн үйлчилгээ авсан нь үнэн бодитой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг би төлж барагдуулна.
Харин он сар зөрүүтэй баримтууд буюу -Машины шатахууны төлбөрийн баримт 2022оны 1/9 нд 88000 төгрөг болжээ. - гэх эмийн сангаас 11/25нд 299,500 12/20нд 572,000 төгрөгөөр нийт 871,500 төгрөгийн эм, тариа, дусал авсан байна. Зөвхөн нэг эмийн сангаа сонгох шалтгаан байсан байх.
Дээрх хугацаануудад авсан эм, тарианы төлбөр мөн бензиний төлбөрийг хэрхэн урьдчилж 3 хоногийн дотор хүүхдээ эмнэлэгт байхад 1,179,000 төгрөг үнийн дүнг мэдэж байсан нь эргэлзээ төрүүлсэн. Үүний дагуу, гийн хойно байрлах 31А байранд шүдний эмнэлэг, эмийн сан гэсэн хаягтай гэх эмийн санруу очиж ******* эгчийн авсан байсан эмнүүдийн үнийн дүнг тодруулахад 5000 төгрөгөөс дээш үнийн зөрүү гарч байсан буюу надад ирсэн нэхэмжлэхээс даруй хямд болохоор байсан.
5. Төлбөрийн баримт гэж НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14т заасны дагуух баримтыг гэх эмийн сан гаргаж өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс би жолоочийн хариуцлагын даатгалаас зохих хэмжээний нөхөн төлбөрийг гаргуулах боломжгүй болоод байна. Мөн дээрх эмийн сангийн нэртэй падан дээр ХХК гэх шүдний эмнэлгийн тамга байна.
6. Оксман ххк холбогдох утасны дугаараар холбогдтол тэдний харьяа Номин- Эрдэнэ гэдэг эмийн сан байхгүй ээ, тамга байгаа бол манай тамгыг ашиглачихсан юм байлгүй дээ гэсэн хариу өгсөн. Холбогдож лавласан утас 99847391
7. Нэхэмжпэх төлбөрийн үнийн дүнг хүүхдийн ээж надтай хүнлэг бусаар доромжилж, хэрцгий ууртай харьцаж утсаар залгаж яг одоо төл гэж дарамталсан. Мөн, төлбөрийг хувааж төлөх болмжтой эсэх талаар лавлахад нэг дор бүгдийг төл гэж шаардсан. Би буруугаа ухамсарлан хариуцлагаа хүлээж баримтаар нотлогдсон бодит үнийн дүнгийн хохирлыг барагдуулахаа хүлээн зөвшөөрч байсан.
8. Гэмтлийн зэрэг хөнгөн гэж тогтоогдсон ч хохирлын хэмжээг мөнгөн дүнгээр хэмжээлшгүй билээ. Хүүхдэд учруулсан хохиролдоо гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж мөн өөрийн боломжоороо одоо болон ирээдүйд хүүд англи хэл сурах зэрэгт туслах боломжтой. Үунийгээ мөн хүүхдийн гэр бүлд илэрхийлсэн.
9. Гэвч эмчилгээний зардал мөнгөн дүнгээр хэмжигдэх нь бодит юм аа. Харин энд нэхэмжлэгдэж буй 1,179,000 төгрөгийн эмчилгээний зардал бодит эсэхийг шалгах хүсэлтэй байна.
Тухайн үеийн нөхцөл байдлыг тодорхойлвол: Тухайн үед хүүхдүүд гэнэт гүйж гарч ирсэн, машины толинд шүргүүлснийхээ дараа ээжээсээ айж байгаа учир газар дээрээ тохиролцоод хурдан явахыг надаас хүссэн. Мэдээж тэгж болохгүй учир би шууд 103 дараа нь 102 луу залгаж дуудлага өгсөн. Түргэн тусламж ирээд үзэж байх үед хүүхдийн аав, ээж ирсэн. Ээж нь орилж дайрсан. Нээрээ л айхаар ааштай эгч байсан. Түргэний эмч үзээд гэдсэнд дэх шалбархайнаас бусдаар бэртэл аваагүй байна аа. Зөөлөн эд гэмтсэн байж магадгүй цээжний хөндийн зураг авхуулаарай гэсэн зөвлөгөө өгсөн учир ээжийнх нь ааш арай гайгүй болж байсныг тод санаж байна. Боломжтой бол, тухайн үед ирж үзсэн түргэний эмчийн тэмдэглэл, дээрээс нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн шинжилгээнүүдийн хариу, эмчийн олгосон эм тарианы жорыг шалгаж үзмээр байна.
Ослын дараа өдөр бүр хүүхдийн биеийг асууж хамт явж туслах юм байгаа эсэхийг лавлан залгах болгонд хүүхдийн ээж уурлаж чамд би байцаагдахгүй гээд утсаа тастаж байсан.Тийм учраас надад тухайн үеийн эмчилгээний зардлыг бодитоор төлөх боломж олдоогүй юм аа.
Нэмэлт мэдээлэл: Төлбөрийн падан дээр буй тамга ХХК-г интернэтээс хайж үзэхэд түүний харьяа -д гэх эмнэлэг 2019оны 3-4сарын хооронд болсон иргэний шүүхийн хэргийн нягтлан дүгнэсний танилцуулгад дурдагдсан байхыг олж уншлаа. Нэхэмжпэгч хариуцагчаас 15 сая төгрөгийн нэхэмжпэл эмнэлгээс гаргуулж авсан байх бөгөөд Иргэний шүүхээр хянан дүгнээд 50% буюу 7,5 саяыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байжээ. Үүнээс үзэхэд ХХК энэ мэт хэргүүдэд оролцож, бодит зардлаас өндөр үнэтэй төлбөрийн падаан гаргаж өгч дадсан байж болзошгүй санагдлаа.
Хүүхдийн ээж яагаад гийн ойролцоо байрлах ХХК харьяа эмийн сангаас 2 дахин очиж эм тариагаа авсан бэ? Гэр нь сансарт байдаг болохоор ойрхон байж болох ч Сансарт Хүрмэн гэх мэт бүр ойрхон, найдвартай эмийн сангууд бий.
Хүүхдийн ээж ******* дээрх нэхэмжлэлийн талаарх тодруулгад тодорхой хариу өгвөл нийт төлбөрийг нэхэмжпэсний дагуу төлөхөө илэрхийлж байна. Хэрэв нотлох баримт олдохгүй аваас ******* зөвшөөрвөл бензин болон мэд эмнэлэгт үзүүлсэн төлбөрүүдийг тус тус төлөх хүсэлт тавьж байна.
Нэхэмжлэх дээр дурьдсан шиг хүүхдийн ээжтэй холбоогүй болж, сураггүй алга болоогүй болно. Дээр дурьдсаны дагуу төлбөрийн талаар тодруулж асуух болон өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлан тохиролцох гэсэн боловч хариу тайлбар хийхээс эрс татгалзаж, уурлаж байсан учраас харилцаа үүсгэх боломж гараагүй өдий хүрсэн. гэжээ
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Э.*******ийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын 2022.01.19№19 тогтоол, Э.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.11.22№11570 дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, хошууч П. 2021.11.27-ны өдөр Э.*******ийг гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.11.18-ны өдөр насанд хүрээгүй гэрч М.Амарсайханаас авсан мэдүүлэг, 2021.11.18-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******аас авсан мэдүүлэг, Э.*******ийг хохирогч А.ы хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай 2021.11.18-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан Гэрэл зургийн үзүүлэлт, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн Дуудлагын лавлагааны хуудас №/РСМК10493510/, Э.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, А. хүүгийн төрсний гэрчилгээний хуулбар, ОКСМАН ХХК-иас 2021.12.20-ны өдөр 572,000 төгрөгийн эм, эмчилгээний бүтээгдэхүүн худалдан авсан Зарлагын баримт, 11 дүгээр сарын 25-нд 299,500 төгрөгийн эм, эмчилгээний бүтээгдэхүүн худалдан авсан Зарлагын баримт, эмлэнэгт 2021.11.15-ны өдөр 220,000 төгрөгийн компьютер, томограф хийлгэсэн Бэлэн мөнгөнийн орлогын баримт;
Хариуцагчаас гаргасан нотлох баримт: иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар;
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан зам тээврийн ослын улмаас хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирол 1,179,500 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын компьютер томографийн зардал 220,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргасан.
4. Хариуцагч Э.******* 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг 45 минутын орчим дүүргийн 9 дүгээр хороо, Тэс шатахуун түгээх станцын хойд замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, ******* Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч А.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх ба Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ослын улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар нь гэмт хэргийн шинжийг агуулахгүй буюу цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож, хэрэг бүртгэлийн 210300388 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаажээ.
5. Хариуцагч Э.******* зам тээврийн осолд гэм буруутай болох нь дээр дурдсанаар тогтоогдсон ба гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй.
6. Хэрэгт авагдсан, Э.*******ийг хохирогч А.ы хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн тогтоол, Э.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, А. хүүгийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээс үзэхэд, насанд хүрээгүй А. нь нэхэмжлэгчийн төрсөн хүү болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.******* нь Иргэний хуулийн 15, 16, 63, 64 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
8. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно., мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.
10. Дээр дурдсанаас дүгнэж үзэхэд, хариуцагч Э.******* нь нэхэмжлэгчид учирсан хохирол, гарсан зардлуудыг нотлогдсон хэмжээгээр төлөх үүрэгтэй.
11. Нэхэмжлэгч нь компьютер томограф хийлгэхэд 220,000 төгрөг, эм, эмчилгээнд 572,000 төгрөг, 299,500 төгрөг, бензинд 88,000 төгрөг, 10 ширхэг дуслын тариа авахад 180,000 төгрөг зарцуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.
12. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,179,500 төгрөгийн 220,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч, эмчилгээний зардал бодит эсэхийг шалгах хүсэлтэй хэмээн хариу тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй буюу эрүүл мэндэд учирсан хохирол, гарсан зардалд хамаарах баримтуудыг үгүйсгэж нотлоогүй.
13. Хэргийн 24-26 дугаар талд авагдсан ОКСМАН ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 572,000 төгрөгийн эм, эмчилгээний бүтээгдэхүүн худалдан авсан Зарлагын баримт, 11 дүгээр сарын 25-нд 299,500 төгрөгийн эм, эмчилгээний бүтээгдэхүүн худалдан авсан Зарлагын баримт, эмлэнэгт 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 220,000 төгрөгийн компьютер томограф хийлгэсэн Бэлэн мөнгөнийн орлогын баримтууд нь насанд хүрээгүй А.ы эрүүл мэндэд учирсан хохирол, гарсан зардалд хамаарах баримт гэж үзэх үндэслэлтэй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагад нийцсэн, нэхэмжлэгч нь 88,000 төгрөгийн бензины зардал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Э.*******ээс 1,091,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас бензины зардал гэх 88,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу хүргүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Тодруулбал, хариуцагчийн шүүхэд мэдэгдсэн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 13-254 тоот хаяг, дугаарын утсаар хариуцагчийг шүүхэд дуудах ажиллагаа хийхэд тухайн хаягт мэдэгдэх хуудас гардулан өгөх боломжгүй, дугаарын утас ашиглалтад байхгүйгээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшлогдсон. Улмаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлын газартаа байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна гэж заасны дагуу хариуцагчид тус шүүхийн 2024.01.18№419 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргад шүүх хуралдааны товыг хүргүүлсэн.
16. Мөн шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... . гэж зааснаар, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэнийг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Э.*******ээс 1,091,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 88,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,858 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******ээс 30,746 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Б.МАНДАЛБАЯР