Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2019/00881

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2019/00881

Хөвсгөл аймаг

 

               

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн **************** байрлахТ.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т  суманд 1995 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Т  сумын Хүүхдийн цэцэрлэгт багш ажилтай, Хөвсгөл аймгийн ************** багт оршин суух, ******************  дугаар регистртэй, Т  овогт М.У холбогдох

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7.005.750,77 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 2.369.161,02 төгрөг, бүгд 9.374.911,79 /есөн сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2019/00854/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч байгууллагын захирал Н.Ж , хариуцагч М.У , түүний өмгөөлөгч Б.М  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвийн захирал Н.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнхөөгийн Н , Мягмардоржийн У  нар нь Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвийн Т.Б аас 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 201100152015 тоот зээлийн гэрээ байгуулан 7.568.256,78 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан болно. Харилцагч Мөнхөөгийн Н  нь нас барсан тул хамтран зээлдэгч Мягмардоржийн У  зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргээ биелүүлэхгүй 2018 оны 2 дугаар сарын 02-ноос хойш 557 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 7.005.750,77 төгрөг, зээлийн үндсэн хүү 2.369.161,02 төгрөг, нийт 9.374.911,79 /есөн сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг Мягмардоржийн У гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 11-05 тоотод оршин суух, Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвийн захирал ажилтай, РУ89051409 дугаар регистртэй, эмэгтэй, Бөхчүүд овогт Нэмэхбаатарын Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад Т.Б ыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус банкны гүйцэтгэх захирал итгэмжлэлээр олгосон. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. М.Н , М.У  нар Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвөөс 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 201100152015 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан, 7.568.256,78 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан байдаг. Тус зээлийн гэрээ 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусна. Зээлдэгч М.Н  өөрийн 50 сарын цалин, зурагт, ДДИШ ком, гэр зэргийг барьцаалсан. М.У гийн цалин болон бусад эд зүйлийг барьцаалаагүй. Гэтэл үндсэн зээлдэгч М.Н  нас барсан тул зээлийн гэрээнд зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөрийг бүрэн хариуцаж барагдуулна гэж заасан байдаг боловч хамтран зээлдэгч М.У  зээлийн төлбөрийг барагдлуулахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн зээлийн гэрээ байгуулах үед М.У  үлдэгдэл зээлийн төлбөр дээр нэмэлт зээл авч байгаа гэдгийг мэдэж байсан, энэ талаар эдийн засагч сайн тайлбарлаж өгсөн гэдэг. Үндсэн зээлдэгч М.Н ийг нас барснаас хойш үндсэн зээл 562.005,66 төгрөг, зээлийн хүү 622.209,69 төгрөг төлсөн, үүнээс хойш огт төлбөр хийгээгүй. Ямар хүн зээлийн төлбөр хийж байсныг мэдэхгүй. Зээлийн төлбөрийг хийхгүй 557 хоног өнгөрч байна. Зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тус тусдаа хэдэн төгрөг болох талаар мэдэхгүй, хамтад нь тооцоход 2.369.161,02 төгрөг болсон. 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгдээгүй тул зээлийн гэрээг цуцалсан. Талийгаач М.Н ийн охин н.Анхбаяртай холбогдож зээл төлөх талаар хэлэхэд чадахгүй гэсэн.

Иймд хамтран зээлдэгч М.У гаас зээлийн үлдэгдэл 7.005.750,77 төгрөг, зээлийн хүү 2.369.161,02 төгрөг, нийт 9.374.911,79 /есөн сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.У  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Т  сумын Хүүхдийн цэцэрлэгт ажилд ороод хагас жил болж байхад тэнд ажиллаж байсан багш М.Н  миний бие муу байна. Улаанбаатар хот орж үзүүлэх гэтэл замын зардал, эмчилгээний мөнгө хэрэг боллоо. Банкнаас 700.000 төгрөгийг авах гэтэл манайхан дотроос цалингийн зээлгүй хүн чамаас өөр байхгүй байна. Банкин дээр очоод гарын үсэг зураад өгөөч гэж гуйхад нь зөвшөөрсөн. 700.000 төгрөгийг М.Н  өөрөө аваад эмчилгээндээ явсан. Сарын дараа нас барсан. Би түүний охинтой утсаар ярихад зээл 700.000 төгрөгийг ямар ч асуудалгүй төлнө гэсэн. Түүнээс хойш Т.Б наас над руу огт яриагүй, гэтэл саяхан М.Н  өмнөх зээл дээрээ нэмж 700.000 төгрөг авсан, 2 жилийн хүүтэйгээ нийлээд 9.374.911 төгрөг болсон. Хамтран зээлдэгч учир чи төлөх ёстой гэсэн. М.Н  болон банкны ажилтан зээл олгохдоо надад өмнөх зээл дээр нэмж авч байгаа гэж хэлээгүй, гэрээний нэг хувийг өгөөгүй, энэ талаар мэдэхгүй байсан. Зөвхөн 700.000 төгрөг авсан гэж ойлгосон. Би цалингаа ХААН банкны данснаас авдаг, миний цалинг барьцаалаагүй, энэ талаар надад тайлбарлаж өгөөгүй. Би 9.374.911 төгрөг авч хэрэглээгүй учир төлж чадахгүй. Харин нэмэлтээр авсан 700.000 төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурсан болохоор тус мөнгийг төлнө гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төв нь хариуцагч М.У д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7.005.750,77 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 2.369.161,02 төгрөг, бүгд 9.374.911,79 /есөн сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд тодруулжээ.

Т.Б ыг төлөөлж Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвийн захирал Н.Ж д шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн олгосон болох нь ...9016001018 улсын бүртгэлийн дугаар, 5341469 регистрийн дугаар, Т.Б ...16. Ганбямба овогтой Дөлгөөнийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэв. 2018 оны 03 сарын 16, Э.Эрдэнэбилэг гэх бичилттэй Т.Б ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Б ны Хөвсгөл салбарын захирлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ...1. Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвийн захирлаар Н.Ж ыг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн туршилтын 3 /гурав/ сарын хугацаатай томилсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай Б/052 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Т.Б ны гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд...Т.Б  ХХК-ийг төлөөлөх эрхийг...итгэмжлэлээр олгож байна... гэх бичилттэй Итгэмжлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ... гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төв нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч нь зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд зээлийн эргэн төлөгдөх бүгд 9.374.911,79 /есөн сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийн төлбөрийг төлөхгүй, зөвхөн нэмэлтээр авсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөг төлнө гэж маргаж байна.

Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төв, зээлдэгч М.Н , хамтран зээлдэгч З.Бат-Эрдэнэ, М.У  нар 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 6.868.256,78 /зургаан сая найман зуун жаран найман мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмэлт 700.000 /долоон зуун мянга/ төгрөг авахаар нийт 7.568.256,78 /долоон сая таван зуун жаран найман мянга хоёр зуун тавин зургаа/ төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан, зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь 201100152015 дугаар барьцаат зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгч, хамтран зээл хүсэгчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудын нотариатаар гэрчлэгдсэн хуулбаруудаар тогтоогдлоо.

Тус банк болон зээлдэгчийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний 3.2.4-т Монгол улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдох зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр, зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэж заасан байх ба энэ тохиолдолд хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэг адил зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах үүрэг хүлээхээр тохиролцсон байна.

Гэвч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно, 240.1.2-д Үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан гэж тус тус заасан бөгөөд үүрэг гүйцэтгэгч хуулинд заасан дээрх үндэслэлээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болохыг зохицуулжээ.

Зээлдэгч М.Н  нас барсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч М.У  2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тус банк, зээлдэгч М.Н , З.Бат-Эрдэнэ нарын хооронд 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.40 хувийн хүүтэй байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцоогүй болох нь 201100152015 дугаар барьцаат цалингийн зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Зээлдэгч М.Н  өөрийн цалинг 50 сарын хугацаатай барьцаалан зээл авсан нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой бөгөөд тэрээр нас барснаар цалин авах эрх дуусгавар болсон тул түүний банкинд төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 7.005.750,77 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 2.369.161,02 төгрөг, бүгд 9.374.911,79 /есөн сая гурван зуун далан дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг хамтран зээлдэгч М.У  төлөх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч М.Н  нас барснаар банктай байгуулсан цалингийн зээлийн гэрээ дуусгавар болно.

Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ямар хугацаагаар, хэрхэн яаж тооцсон, тус зээлийн гэрээнээс хэзээ татгалзсан эсэх талаарх үндэслэлээ талаар тодорхой, ойлгомжтой тайлбарлаж чадахгүй байх байна.

Хариуцагч М.У  шүүх хуралдаанд ...Би 9.374.911 төгрөг авч хэрэглээгүй учир төлж чадахгүй. Харин нэмэлтээр авсан 700.000 төгрөгийн гэрээн дээр гарын үсэг зурсан болохоор тус мөнгийг төлнө гэх тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар зохигчнөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно гэсний дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч М.У гаас зээлийн төлбөр 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.674.911,79 /найман сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т  овогт М-ийн У гаас зээлийн төлбөр 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.674.911,79 /найман сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун арван нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.260 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164.949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.У гаас улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Б ны Хөвсгөл салбарын харъяа Т  тооцооны төвд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА