| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05178/И |
| Дугаар | 101/ШШ2024/01403 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2024/01403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******************** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ************ тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн*******/регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 18,680,000 төгрөг, бэлэглэгчийг гомдоосон хэмээн гар утасны үнэ 6,399,000 төгрөг, нийт 25,079,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн өмгөөлөгч У., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* нь 2022 онд А.тай танилцаж найз нөхдийн холбоотой байсан бөгөөд А. нь хүүхдийнхээ хамт амьдардаг. С.*******гаас мөнгөний хэрэгцээ гараад байна автомашинаа засуулах гэсэн мөнгө дутчихлаа, автомашинаа ачуулах түр мөнгө явуулаач, тавилга авах гэсэн мөнгө зээлүүлээч, утасны хийгээд утас аваад өгөөч сар бүр би төлөлтөө хугацаа алдахгүй хийж байх болно гэх мэтээр дотно харилцаатай байсныг далимдуулан зээлсэн мөнгөө удахгүй өгнө гэж хэлээд авсан. С.******* нь өөрийн боломжоор зээлүүлж байсан ба С.******* өөрийн банк дах данснаас
1. 2022 оны 10 сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг
2. 2022 оны 11 сарын 04-ны өдөр 150.000 төгрөг
3. 2023 оны 05 сарын 27-ны өдөр 300.000 төгрөг
4. 2023 оны 06 сарын 01-ний өдөр 500.000 төгрөг
5. 2023 оны 06 сарын 03-ны өдөр 400.000 төгрөг
6. 2023 оны 06 сарын 03-ны өдөр 100.000 төгрөг
7. 2023 оны 06 сарын 06-ны өдөр 60.000 төгрөг
8. 2023 оны 06 сарын 06-ны өдөр 130.000 төгрөг
9. 2023 оны 06 сарын 07-ны өдөр 2.150.000 төгрөг
10. 2023 оны 06 сарын 17-ны өдөр 300.000 төгрөг
11. 2023 оны 06 сарын 19-ны өдөр 3.000.000 төгрөг
12. 2023 оны 06 сарын 21-ны өдөр 500.000 төгрөг
13. 2023 оны 06 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг
14. 2023 оны 07 сарын 06-нд 500.000 төгрөг
15. 2023 оны 07 сарын 07-нд 3.690.000 төгрөг
16. 2023 оны 07 сарын 10-нд 100.000 төгрөг
17. .2023 оны 07 сарын 14-нд 300.000 төгрөгийг нийт 18.680.000 төгрөгийг А.гийн банк дах тоот дансруу шилжүүлсэн.
Мөн 2022 оны 11 сарын 04-ний өдөр " " ХХК-иас С.*******гийн нэрэн дээр "Санхүүгийн түрээсийн гэрээ" байгуулж 6.399.000 төгрөгийн үнэ бүхий proIphone 14max 256 gb маркийн гар утсыг авхуулж сар бүрийн төлөлтийг саадгүй төлнө гэж авчихаад сар бүрийн төлөлтөө нэг удаа ч хийлгүй өнөөдрийг хүрсэн. Уг утсыг зээлээр авахдаа С.******* өөрийн банк дах тоот данснаас урьдчилгаа төлбөр 1.347.793 төгрөгийг тус компаний менежер Н.ын банк дах тоот дансанд шилжүүлсэн. Мөн утасны эргэн төлөлтийг А. төлөхгүй байгаа тул сар бүр үндсэн зээл хүүгийн хамт С.******* өөрийн банк дах тоот данснаас " " ХХК-ны тоот данс руу 2023.02.01-ний өдөр 551.010 төгрөг, 2023.04.04-ний өдөр 590.000 төгрөг, 2023.05.05-ны өдөр 560.000 төгрөг, 2023.06.01ний өдөр 567.600 төгрөг, 2023.07.01-ний өдөр 570.000 төгрөг нийт 4.186.403 төгрөгийг өнөөдрийн байдлаар шилжүүлж төлсөн байна. Үлдэгдэл төлбөрийг " " ХХК-тай С.******* гэрээтэй тул төлбөрийг А.гийн өмнөөс сар бүрийн зээл, хүүг төлж байгаа болно.
А.гаас утасны сар бүрийн төлөлтөө хийхийг шаардаж мөн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө одоохондоо боломжгүй байна гэсэн хариу хэлсээр өгөхгүй хохироож байна.
Иймд А.гаас зээлж авсан 18.680.000 төгрөг, гар утасны үнэ 6.399.000 төгрөг нийт 25.079.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гар утсыг бэлэглэсэн. Ноцтой гомдоосонд амь нас, эрүүл мэндэд халдсан зүйл орно. Энэ тухай нотлохын тулд гэрчийг оролцуулах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хэрэг цаашлаад зөрчлийн хэрэг, эрүүгийн хэрэг болоод явах байсан. Би тэгэхийг хүсээгүй. Хосууд хоорондоо гэрээ байгуулдаг юм уу, би энэ яриад байгаа зүйлийг ойлгохгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь 25,079,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. С.******* нь А.тай 2022 онд танилцаж найз, нөхдийн дотно харилцаатай байсан гэдэг нь нотлогддог. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь С.*******, А. нар мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө зээлээч, машин эвдэрчихлээ, янзлуулаад өгөөч, гар утас эвдэрчихлээ засуулаад өгөөч, тавилга аваад өгөөч, сургалтад суух гэсэн юм урьдчилгаа мөнгийг нь зээлээч гэсэн аман хэлэлцээр хийгдсэнээр С.******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4,500,000 төгрөгийг гадагшаа сургалтад явах төлбөр дутаад байна, өгөөч гэж гуйсан болохоор мөнгийг нь шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 150,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 60,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр авто машиныг нь засуулах гэж 100,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 7дугаар сарын 7-ны өдөр мөнгөгүй болчихлоо гэж хүссэний дагуу 2,150,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 6 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 500,000, 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 7 дугаар сарын 6-ны өдөр 500,000 төгрөг, 7 дугаар сарын 7-ны өдөр 3,960,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 100,000 төгрөг, 7 дугаар сарын 14-ний өдөр 300,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ХХК-иас гар утас зээлээр авч, урьдчилгаа 2,399,600 төгрөгийг төлсөн. Өнөөдрийн байдлаар А. тухайн гар утсыг барьж байгаа боловч С.******* өнөөдрийг хүртэл гар утасны зээлийг төлж байгаа. Шилжүүлсэн гэх мөнгөнүүдээс гар утас 6,399,000 төгрөг, тавилга 3,690,000 төгрөг, сургалтын төлбөрийн урьдчилгаа 4,500,000 төгрөг, 3,000,000 төгрөгийг яаралтай зээл төлөх шаардлагатай болчихлоо гэсний дагуу шилжүүлсэн. Бэлэглэж өгсөн 6,399,000 төгрөг, тавилгын 3,690,000 төгрөг, нийт 10,089,000 төгрөгийг бэлэг гэж өгсөн. Үлдсэн нь 17,589,000 төгрөг.
Гар утас, тавилганы мөнгөн дүн нь 10,089,000 төгрөг. 14,990,000 төгрөгийг эд зүйл хэлбэрээр өгсөн. С.******* нь А.тай гэр бүлийн хамтын амьдралтай авч өгсөн гар утас, тавилга зэргийг одоо ч гэсэн хэрэглэж байгаа. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь дотно харилцаатай байсан боловч, С.*******гийн хувьд А.гийнд ирэн очин байдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
А. нь 2009 онд өөрийн найзаараа дамжуулан С.Сайхангайтай танилцаж байсан. Улмаар миний араас байнга гүйж ...би ганц бие эцэг хүн, миний хүү өвөө эмээ дээрээ байдаг юм... гэх мэтчилэн хэлдэг байсан. Гэвч миний бие С.Сайхангайгийн хүүг нэг ч удаа харж байгаагүй, тэрээр хүүгээ надтай танилцуулж байгаагүй. Үүнээс хойш буюу 2022 оны 11 дүгээр сарыг хүртэл бид дотно буюу хосын харилцаатай байсан. Өөрөөр хэлбэл бид С.Сайхангайгийн хэт их хардалтаас шалтгаалан салсан байсан. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр С.******* над руу залгаж ... уулзмаар байна гээд уучлалт гуйж ярьсан. Улмаар тэр оройноо миний байгаа газар болох хүнсний нэгийн урд байрлах Elegance гэх нэртэй караокед ирж уулзсан.
Ингээд түүнээс хойш бид дахин харилцаатай байж байгаад 2023 оны 7 дугаар сарын сүүлээр дахин холбоогоо тасалсан. Ийнхүү холбоогоо тасалсан шалтгаан нь С.******* нь маш их архи уудаг, уухаараа агсам тавьж миний биед гар хүрдэг, намайг байнга хардаж зовоодгоос үүдэж миний бие бие сэтгэлийн гүн хямралд орсон. Энэ учрыг түүнд хэлэхэд уучлалт гуйгаад дахин ийм зүйл болохгүй гэдэг байсан ч энэ явдал үргэлжилсээр хэрээс хэтэрсэн учраас холбоогоо дахин тасалсан юм.
Бидний хосын харилцаатай байх хугацаанд миний хүү нь С.*******д маш их дассан байсан. Учир нь С.******* надтай уулзах болгондоо хүүгээ авчих гээд ихэвчлэн гурвуулаа гадуур явдаг байсан.Мөн хүүд миний байнга шахуу бэлэг сэлт авч өгч өөртөө дасгачхаад эцэс сүүлд нь намайг ийм нэхэмжлэлээр шүүхэд дуудуулж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бидний хамтын амьдралын хугацаанд С.******* надад хэлэхдээ ...миний хайр байраа зараад шинэ байрны урьдчилгаанд өгчих үлдэгдэлийг нь хайр ч өгчихье... гэхээр нь би ...үгүй.. гэхэд надад маш их уурлаж байсан. Тэрээр согтуудаа хардаж, гар хүрж зовоочихоод эрүүл болохоороо мөнгө явуулж ... миний хайр өөртөө хэрэглээрэй, өчигдрийн явдалд уучлаарай... гэдэг байсан.
Миний бие Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гадаад харилцаа хариуцсан ахлах мэргэжилтэн, Бригадын Генерал Загджав гэж хүний туслахын ажил хийдэг байсан. Гэтэл С.******* намайг битүү эрчүүдийн ажиллаж байхаар ажлаасаа гар гээд улмаар 2022 оны 10 дугаар сард ажлаасаа гарсан. Ингээд 2022 оны 10 дугаар сар болоход ажилгүй надад С.******* хэрэглээний мөнгө явуулдаг байсан. 2022 оны 11 дүгээр сард оройтсон ч гэсэн төрсөн өдрийн бэлэг гээд I phone 14 маркийн гар утас бэлэглэж байгаа болохоо хэлсэн.
Ингээд С.*******тай хамт амьдарсан бүхий л хугацаанд би эр хүний нөмөр нөөлөг бус хардалт, хүчирхийллийг амссаар өнөөдрийн байдлаар ажилгүй өрх толгойлсон эх болж үлдлээ. Гэтэл намайг ажпаас гарсны дараа болон бусад үед хэрэглээнд зарцуул гэж өгсөн мөнгөө зээлсэн мэтээр бичиж, төрсөн өдрөөр бэлэглэсэн гар утсаа өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж миний нэрийн өмнөөс авч өгсөн мэтээр үндэслэлгүйгээр бичиж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талуудын хооронд хэзээ ч зээл гэж байгаагүй нь дансны хуулгуудын утгаас илэрхий харагдах болно.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар 14,990,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлаж байна. С.*******, А. нар хамтын амьдралтай байсан гэдэг дээр аль аль тал нь маргахгүй байгаа. Хамтран амьдарч байх хугацаандаа зээлсэн гэж дурдаж байна. Хамтран амьдрах хугацаандаа зээлсэн бол хүүгүй зээлсэн юм байна, хүүгүй зээлсэн бол хугацаа байх ёстой. Хугацаагүй зээлсэн бол хамтын амьдралгүй болсноос хойш нэн даруй шаардах хэрэгтэй байсан. С.*******гийн хувьд зээлсэн 14,990,000 төгрөгийг өмнө нь шаардаж байсан тухай үйл баримт хэргийн материалд харагдахгүй байна. Зээлсэн бол гүйлгээний утга нь өөр байх байсан. Хосын хооронд хоолонд орохдоо мөнгө зээлдэг байсан юм уу, үүний талаар тодруулах зүйлс байна. Үүнийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ гэж үзэж боломжгүй байна. С.*******, А. нарын хамтын амьдрал дууссан болохоор шаардаж байна гэж ойлгож байна. Гар утас ээр авч өгөөд өдийг хүртэл би зээлийг нь төлж байгаа гэж хэлж байна. А.гийн хувьд надад утас зээлээд аваад өг гэсэн хүсэлт тавьсныг нотлох зүйл байхгүй. Утас зээлээр авхуулах гэсэн А.гийн хүсэл зориг харагдахгүй байна. Мөн адил тавилга авч өгсөн гэсэн тайлбар хэлээд байгаа. Төлбөрийг тавилгын дэлгүүр лүү шилжүүлсэн гэж хэлдэг. Энэ тавилгыг хэн авсан гэдэг нь тодорхойгүй байна. С.*******гийн хэлж байгаа зүйлүүд хэргийн материалд нотлох баримтаар нотлогдохгүй байна. Бэлэглэлийн гэрээний хувьд намайг ноцтой гомдоосон гэх тайлбарыг хэлсэн. Өнөөдрийн байдлаар хосын харилцаа дуусгавар болсон болохоор гомдож байна гэж харж байсан. А. таны амь нас, эрүүл мэндэд халдсан ноцтой үйлдэл байгаа юм уу, өөрийн тайлбартаа хэлж байсан зүйлийг нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. Бэлэглэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 25,079,000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд.
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийт 11,998,000 төгрөгийн үнэтэй барааны урьдчилгаа төлбөр, түрээсийн төлбөрийн тухайн ХХК-ийн мэдэгдэл, ХХК болон С.******* нарын хооронд байгуулагдсан 2022.11.04№43032447 Санхүүгийн түрээсийн гэрээ, С.*******гийн эзэмшдэг банк дахь дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2022.10.19-2023.07.26/, С.*******гаас Б.*******т олгосон 2023.07.26 өдрийн итгэмжлэл,
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын гаргасан хариу тайлбар, А.гийн эзэмшдэг банк дахь дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2022.10.19-2023.10.04/, А.г албан тушаалаас чөлөөлөх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022.12.09№3/1752 дугаартай тушаал, мессенжерийн зураг, зурвасын дэлгэцийн зураг /үзлэг хийгээгүй/, А.гаас Б.ад олгосон 2023.09.29 итгэмжлэл,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч А.д холбогдуулан, түүнд зээлдүүлж, өөрийн данснаас шилжүүлсэн 18,680,000 төгрөг, бэлэглэгчийг гомдоосон хэмээн хариуцагчид бэлэглэсэн Iphone 14 promax 256 gb маркийн гар утасны үнэ 6,399,000 төгрөг, нийт 25,079,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хосын харилцаатай байсан, хэрэглээний мөнгө гэж шилжүүлдэг байсан, Iphone 14 маркийн гар утсыг нэхэмжлэгч бэлэглэсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. А.д зээлдүүлсэн 18,680,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Зохигч талуудын хооронд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, улмаар мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан тал нь уг мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд, С.*******, А. нар нь хайр сэтгэлийн холбоотой, хосын харилцаатай байсан гэх үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч нь А.гийн мөнгө зээлэхийг хүссэн хүсэлтээр дээр мөнгийг зээлдүүлсэн, хосууд хоорондоо гэрээ хийдэггүй хэмээн тайлбарлаж байх боловч дээр дурдсан мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан тал нь уг мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн үйл баримт нотлогдоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй буюу дээрх үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч А.гийн эзэмшдэг банк дахь дугаар данс руу 2022 оны 10 сарын 22-ны өдөр 4.500.000 төгрөг, 2022 оны 11 сарын 04-ны өдөр 150.000 төгрөг, 2023 оны 05 сарын 27-ны өдөр 300.000 төгрөг, 2023 оны 06 сарын 01-ний өдөр 500.000 төгрөг, 2023 оны 06 сарын 03-ны едөр 400.000 төгрөг, 2023 оны 06 сарын 03-ны өдөр 100.000 төгрөг, 2023 оны 06 сарын 06-ны өдөр 60.000 төгрөг, 2023 оны 06 сарын 06-ны өдөр 130.000 төгрөг, 2023 оны 06 сарын 07-ны өдөр 2.150.000 төгрөг, 2023 оны 06 сарын 17-ны өдөр 300.000 төгрөг, 2023 оны 06 сарын 19-ны өдөр 3.000.000 төгрөг, 2023 оны 06 сарын 21-ны өдөр 500.000 төгрөг, 2023 оны 06 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 07 сарын 06-нд 500.000 төгрөг, 2023 оны 07 сарын 07-нд 3.690.000 төгрөг, 2023 оны 07 сарын 10-нд 100.000 төгрөг, 2023 оны 07 сарын 14-нд 300.000 төгрөгийг нийт 18.680.000 шилжүүлсэн хэмээн өөрийн эзэмшдэг банк дахь дугаар дансны 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргасан.
Нэхэмжлэгчийн дансны хуулгаас үзэхэд, нэхэмжлэгч С.******* нь хариуцагч А.д 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 4,500,000 төгрөгийг ХАЙРДАА утгаар, 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 300,000 төгрөгийг Баясаатай цуг хоолонд ороорой утгаар, 2023 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөгийг Хайрдаа утгаар, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гоё байгаарай утгаар тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч дурдаж буй мөнгийг хүлээн авсантай маргаагүй.
Дээр дурдсан мөнгөн шилжүүлгүүдийн бусад мөнгөн шилжүүлгүүд нь утга тодорхойгүй, нэхэмжлэгчийн нэр, регисрийн дугаар бичигдсэн, тавилга утгаар 3,690,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн нь зээл гэх агуулга тусгаагүй байна.
Талуудын тайлбар болон мөнгө шилжүүлсэн утга зэргээс үзэхэд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа буюу мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж зохицуулсан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Тодруулбал, талуудын хооронд зээлийн үүрэг хүлээсэн хэлцэл бус бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчийн хүсэлтээр түүнд зээлдүүлсэн хэмээн 18,680,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардаж буй нь үндэслэлгүй байна.
5. Бэлэглэгчийг гомдоосон хэмээн хариуцагчид бэлэглэсэн Iphone 14 promax 256 gb маркийн гар утасны үнэ 6,399,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...2022 оны 11 сарын 04-ний өдөр " " ХХК-иас С.*******гийн нэр дээр "Санхүүгийн түрээсийн гэрээ" байгуулж 6.399.000 төгрөгийн үнэ бүхий Iphone 14 promax 256 gb маркийн гар утсыг авхуулж сар бүрийн төлөлтийг саадгүй төлнө гэж авчхаад сар бүрийн төлөлтөө нэг удаа ч хийлгүй өнөөдрийг хүрсэн. хэмээн дурдсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулахад, гар утсыг бэлэглэсэн хэмээн тайлбарласан.
Бэлэглэлийн гэрээ нь нэг талын үүрэг бүхий хэлцэл болохын хувьд бэлэг хүлээн авагч нь уг гэрээгээр бэлэглэгчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй бөгөөд гагцхүү хуульд заасан тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгуулахаар бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй юм.
Иргэний хуулийн 280.1.1-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2-д бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан бол бэлэглэлийг хүчингүй болгуулахаар бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь А. нь намайг ноцтой гомдоосон, миний биед халдаж тархи, толгой хагалсан учраас энэ харилцааг дуусгавар болгохыг хүссэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Зохигч талууд одоо хосын харилцаагаа үргэлжлүүлэхгүй байгаа, салсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй А. нь С.*******г ноцтой гомдоосон, түүний биед халдаж тархи, толгойг нь хагалсан... гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч А.гаас 25,079,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч А.гаас 25,079,000 төгрөг гаргуулах тухай С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,345 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА