Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2019/00884

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2019/00884

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1965 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл *************** оршин суух, *********  дугаар регистртэй, Д  овогт Н.Б-ы ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* байрлах, Н.А спортын сургуульд холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.343.708 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга долоон зуун найм/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор суутган бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2019/00906/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Н.Б  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 оны 11 дүгээр сард Н.А спортын сургуульд жижүүрээр анх ажилд орсон. Би тус сургуульд нийтдээ 10 жил ажилласан. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд шүүхэд хандан 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр үүрэгт ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Одоо ажилгүй байлгасан 3 сарын цалин нийтдээ 1.343.708 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг зохих ёсоор суутгуулан бичилт тэмдэглэл хийлгэхийг сургуулийн захиргаанд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Н.А спортын сургуульд 2009 оны 11 дүгээр сард жижүүрээр анх ажилд орж байсан. 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Ингээд шүүхэд 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Н.А спортын сургуулийн харуул хамгаалалтын ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон. Өмнө нь бас намайг ажлаас халсан боловч захирал эргээд ажилд авч байсан. Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй. Намайг ажилд эгүүлэн томилох байх гэж бодсон боловч сургуулийн захирал дуудаж уулзахдаа ажилд авахгүй гэж янз бүрээр хэлсэн, дараа нь 2-3 удаа дуудахад нь очиж уулзаагүй. Би банкнаас авсан цалингийн зээлээ төлөх шаардлагатай тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж авна. Сургуульд ажиллаж байхдаа үндсэн цалин 484.635 төгрөг авдаг байсан. Ажлаас халагдахад амралтын мөнгийг бодож өгсөн. Миний ажилгүй байсан хугацааны 7, 8, 9 дүгээр сар буюу нийт 3 сарын цалин 1.343.708 төгрөг болж байна. Нэг сарын ажлын хоногийг 22 хоногоор тооцож, нийт 66 хоног ажилгүй байсан хугацааны цалин тооцсон байгаа.

Иймд ажилгүй байсан хугацааны цалин бүгд 1.343.708 төгрөгийг Н.А спортын сургуулиас гаргуулан надад олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор суутгаж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуулийн захирал М.Б д 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б  нь хариуцагч Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.343.708 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга долоон зуун найм/ төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих ёсоор суутган бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Б  нь шүүхээс Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуулийн харуул хамгаалалтын ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны 66 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 1.343.708 төгрөгийг Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуулиас гаргуулж авна гэж маргаж байна.

Н.Б  Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуульд 2009 оноос эхлэн жижүүрээр томилогдон ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлаас халагдан, шүүхэд гомдол гаргаж, түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ...1. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан Н.Б ыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас халсугай... гэх бичилттэй Н.Б ыг ажлаас халах тухай Б/07 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Н.Б ыг Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуулийн харуул хамгаалалтын ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай... гэх бичилттэй 155/ШШ2019/00745 дугаар шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хариуцагч байгууллагыг нэхэмжлэгч Н.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн болно.

Учир нь Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуулийн захирал М.Б д 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдэн нэхэмжлэл гардуулсан тухай баримтад гарын үсэг зуруулжээ. Гэвч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ. Хариуцагч байгууллагын захирал М.Б  хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын захирал М.Б  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн бүтэн сар ажилласан 3 сарын цалингийн хэмжээгээр 1 сарын дундаж цалин хөлсийг тооцсон ба тэрээр 2019 оны 3 дугаар сард 484.635 төгрөг, 4 дүгээр сард 484.635 төгрөг, 5 дугаар сард 484.635 төгрөг авч байсан нь түүний 04092 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 1.453.905 төгрөг : нэг сард 484.635 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 22.541 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарыг дуустал буюу ажлын нийт 64.5 хоногийн цалин 1.453.895 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 1.343.708 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 1.343.708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.343.708 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга долоон зуун найм/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Н.Б д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч байгууллагын захирал М.Б  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1.343.708 /нэг сая гурван зуун дөчин гурван мянга долоон зуун найм/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б д олгосугай.

 

2Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Б ы ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалэрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Н.А спортын сургуульд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Б д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА