| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/01211/И |
| Дугаар | 155/ШШ2019/01229 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2019/01229
| 2019 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2019/01229 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1995 онд төрсөн, 24 настай эмэгтэй, дээд боловсролтой, нягтан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг, ********* оршин суух, ************* дугаар регистртэй, Х овогт Э.Э-ийн ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1994 төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********* оршин суух, *********** дугаар регистртэй, Г овогт Б.Л-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 155/2019/01211/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Буянжаргал, нэхэмжлэгч Э.Э , хариуцагч Б.Л нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Л бид хоёр 2010 оноос буюу 10 жилийн сургуульд байхдаа үерхэж эхэлсэн бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр охин Л.Б төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан ч охиныг эцэг Л оор овоглон төрсний гэрчилгээ авсан. Тусдаа гараагүй нааш цааш ирэн очин амьдарч байсан. Б.Л намайг зодож, танхайрах болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй болж, би хотод ажил хийж байгаа. Миний охиныг манай эцэг, эх харж байгаа. Одоо өөрийн асрамжид авч хамт хот руу явна.
Иймд охин Л.Б ийг эцэг Б.Л оос хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э бид хоёр сургуульд байхаасаа үерхэж, улмаар оюутан байхдаа хамт амьдарч байсан. Тухайн үедээ бэр гуйх талаар хэлж байсан боловч хадмууд охин бага байна гээд хариу өгөөгүй. Бидний дундаас 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр охин Л.Б төрсөн. Энэ хугацаанд Мөрөн суманд амьдарч байсан. Хадмууд Э ийг ажил хий гээд хот руу явуулж, хүүхдийг маань хардаг байсан. Би ч ажил төрөл хийхээр говьд очиж ажилласан. 2019 оны баярын дараа намайг ажлаас ирэхэд Э.Э өөр хүнтэй байсан учир би уурандаа 2 удаа алгадсан. Үүнээс хойш тусдаа амьдарч байна. Би гэр бүл болж хамт амьдарч, хүүхдээ өнчрүүлэхгүй байх тухайгаа Э.Э өд олон удаа хэлсэн. Бидний амьдралд хадам талын оролцоо их байдаг тул үл ойлголцох байдал үүсдэг. Охин Л.Б миний хүүхэд мөн. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б.Л ид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Э.Э , Б.Л нар 2010 оноос эхлэн үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр охин Л.Б төрж, гэрлэлтээ батлуулаагүй боловч эцэг Б.Л оор овоглон бүртгүүлж, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар,
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Улсын бүртгэлийн ажилтаны олгосон Г овогт Л ийн Б , охин, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Түнэл сумын төрсний бүртгэлд 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №6740000015 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Л овогтой Б 2017 оны 02 сард Мөрөн суманд жин 3200, өндөр 49, охин төрсөн. Одоо хэвийн бойжиж байна гэх бичилттэй сумын эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигч болох Э.Э , Б.Л нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Л.Б гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Л оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Л.Б ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд эцэг Б.Л оос хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Л.Б ийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 2 дугаар 17-ны өдөр төрсөн охин Л.Б 02 нас 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг охин Л.Б т сар бүр эцэг Б.Л төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Л.Б т сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.165.800 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 2 дугаар 17-ны өдөр төрсөн охин Л.Б ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г овогт Бямбадоржийн Л оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л оос улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Э өд олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА