Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2019/01190

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчХөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** байрлах Д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанид холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 17.863.000 /арван долоон сая найман зуун жаран гурван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 155/2019/00980/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК нь Хөвсгөл ДС ТӨХК-тай 2018.03.20-ны өдрийн №1819 тоот гэрээ байгуулж 7-р багт байршилтай Ус дулаан дамжуулах төвийг /УДДТ/ ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээг байгуулсан юм. Энэхүү гэрээний дагуу Хөвсгөл ДС ТӨХК нь 2018 оны 9, 10, 11, 12-р сар, 2019 оны 1, 2, 3, 4, 5-р саруудад дулааны төлбөр болох 33.149.014 төгрөгийн айл өрх, аж ахуйн нэгжүүдээс нэхэмжилж авах гэрээний үүргийнхээ дагуу бүрэн гүйцэд мөнгийг нь авсан байдаг. Иймд УДДТөвд шөнийн цагаар 2 ажилтан 2018 оны 09 сарын 01-ээс 2019 оны 06 сарын 01 хүртэл 9 сарын цалин 13.500.000 төгрөг, өдрийн цагаар ажилласан 1 ажилтан 2018 оны 03 сарын 25-аас 2019 оны 06 сарын 01 хүртэл 11 сарын цалин 4.224.000 төгрөг, цахилгааны төлбөр 2.409.000 төгрөг, бүгд зардал 17.863.000 төгрөгийг гэрээний дагуу өгөх үүрэг хүлээсэн учир Хөвсгөл ДС ТӨХК-аас гаргуулж Д ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. Гэрээний дагуу дээрх зардлыг гаргаж өгөхийг Хөвсгөл ДС ТӨХК-аас удаа дараа шаардсан боловч өгөөгүй учир шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ч.Цогоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл ДС ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Мөнхсайхан захиралтай Д ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №1819 дугаартай гэрээг Мөрөн сумын 7-р багт байршилтай Ус дулаан дамжуулах төвийг ажлын байрны зориулалтаар түрээслэх зориулалттай байгуулсан байдаг. Тус Ус дулаан дамжуулах төв дээр шөнийн цагаар 2 ажилтан, өдрийн цагаар 1 ажилтан ажилладаг ба цалин болох 17.724.000 төгрөг өгсөн гэсэн байна. Энэ Ус дулаан дамжуулах төв дээр ямар нэгэн хүн ажилладаггүй, манай компанийн инженерүүд очиж засвар үйлчилгээг хянаж хэвийн ажиллаж байгааг нь шалгаж өдийг хүртэл ажилласан болно. Тус Ус дулаан дамжуулах төвийн түлхүүрийг 2019 оны 09 дүгээр сард Д ХХК-д хүлээлгэн өгсөн ба биднийг очих тоолонд байнга цоожтой байдаг ба бид Д ХХК-ийн хүн рүү утсаар залгаж дуудан ирүүлж дотор орж хэвийн ажиллагааг шалгадаг байсан болно. Иймд тус Ус дулаан дамжуулах төв дээр хүн ажиллаагүй байхад манайхаас ажилтан ажиллуулсны цалин, цахилгааны төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тус гэрээг Хөвсгөл ДС ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Мөнхсайхан өмнө нь Д ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад өөрийн хүүд шилжүүлэн өгсөн байгаа байдал нь ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ болсон байна гэж үзэж байна. Д ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнхсайхан юм. Иймд байгуулсан гэрээг хүчингүй болгох шаардлагатай ба нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Дээрх гэрээг Хөвсгөл ДС ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б.Мөнхсайхан нь өөрийн үүсгэн байгуулсан компаниа өөрийн хүү М.Лхагвасүрэнд шилжүүлж улмаар хүү М.Лхагвасүрэн нь компанийн гүйцэтгэх удирдлагыг Бэгзмагийн Бямбацэрэнд 2018 оны 07 дугаар сард шилжүүлжээ. Гэтэл гэрээг 2018 оны 03 дугаар сард байгуулсан ба гэрээ байгуулах үед эрх шилжигдээгүй байсан байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно 11.2 дахь заалт Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно 11.3 дахь заалт Албан тушаалтан тухайн албан тушаалд сонгогдох, томилогдохоосоо өмнө аж ахуйн нэгжийн удирдах, гүйцэтгэх, хяналтын байгууллагын гишүүн байсан бол нийтийн албанд орсон, эсхүл тухайн аж ахуйн нэгжтэй иргэний эрх зүйн аливаа харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдох захиргааны акт гаргахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин гэрээ хэлэлцэл байгуулсан нь хүчин төгөлдөр бус болно. Иргэн Б.Мөнхсайхан нь өөрийн төрсөн хүүдээ давуу байдал олгох, төрийн эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хувийн болон өөрийн төрсөн хүүгийн эрх ашигт үйлчилсэн байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул тухайн хүний хувийн сонирхол нь эрхэлж буй албан тушаал, гүйцэтгэж буй ажил үүрэгтэй нь зөрчилдөж ашиг сонирхлын зөрчил үүссэн байна гэж үзэж байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд Хөвсгөл ДС ТӨХК, Д ХХК-ийн хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №1819 дугаартай гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Нарантуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хөвсгөл ДС ТӨХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж байна. Учир нь: Д ХХК нь Мөрөн сумын 7-р баг 33-р гудамжинд байрлалтай Ус дулаан дамжуулах төвд ажилласан ажилчдын цалин, цахилгааны үнэ төлбөр зэргийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Үүнийг нэхэмжлэхэд энд ашиг сонихрлын зөрчил байхгүй юм. Энэ сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь Ус дулаан дамжуулах төвд ажилласан ажилчдын цалин хөлс, цахилгааны төлбөр зэргийг өгөхгүй гэсэн нэгэн арга юм. Энэ дулаан дамжуулах төвөөр айл өрх, аж ахуйн нэгжүүдэд түгээсэн дулааны үнэ төлбөр болох 33.149.014 төгрөгийг бүгдийг нь Хөвсгөл ДС ТӨХК авсан учир ажилчдын цалин, цахилгааны төлбөрийн зардлыг зайлшгүй төлөх үндэслэлтэй юм. Монгол улсын иргэн ямар нэгэн ажил, албан тушаалд томилогдвол хувийн үүсгэн байгуулсан компани болон бусад эрхээ өөр хүнд шилжүүлэх үүрэгтэй. Үүний дагуу М.Лхагвасүрэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс №1/49 албан тоотоор Д ХХК-ийн захирлын ажлаа Б.Бямбацэрэнд шилжүүлсэн болно. /Эрх шилжүүлсэн нотлох баримтыг хавсаргав./ Д ХХК нь 2018 оны 3 сарын 30-ны өдрийн №18/19 тоот Ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээгээ захирлын үүрэг хүлээсэн Б.Бямбацэрэнтэй байгуулж нотариатаар батлуулсан. Энэ нь ямар нэгэн ашиг сонирхол байхгүй болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанитай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1819 тоот гэрээ байгуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байршилтай Ус дулаан дамжуулах төв-ийг ажлын байрны зориулалтаар түрээслэх гэрээ байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компани 2018 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын дулааны төлбөр болох 33.149.014 төгрөгийг айл өрх, аж ахуйн нэгжүүдээс гэрээний үүргийнхээ дагуу нэхэмжилж бүрэн авсан байдаг юм. Иймд Ус дулаан дамжуулах төв-д шөнийн цагаар 2 ажилтан 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацааны цалин 13.500.000 төгрөг, өдрийн цагаар ажилласан нэг ажилтан 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан 11 сарын хугацааны цалин 4.224.000 төгрөг, цахилгааны төлбөр 2.409.000 төгрөг нийт зардал 17.863.000 төгрөгийг гэрээний дагуу өгөх үүрэг хүлээсэн учир Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулж Д хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хохиролгүй болгож өгнө үү. Гэрээний дагуу дээрх зардлыг гаргаж өгөхийг Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компаниас удаа дараа шаардсан боловч уг мөнгийг өгөөгүй учир шүүхэд хандаж байна гэх нэхэмжлэлийн шаардлагыг Д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж тодруулж хэлэхэд Д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Бямбацэрэн гэх хүний хийсэн ажил гүйцэтгэх гэрээ байдаг ба 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5 тоот гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багт оршин суух Норжмаа овогтой Батзаяа гэх хүнтэй гэрээ хийсэн байдаг. Энэ гэрээнд өдрийн цагаар сард 384.000 төгрөгийн цалин олгохоор гэрээнд тусгасан. Мөн 2018 оны 09 дүгээр 01-ний өдрийн 15 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 03 дугаар багт оршин суух иргэн Оюун-Эрдэнэ овогтой Баярмааг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатай гэрээ байгуулж ажиллуулсан байдаг юм. Уг гэрээнд шөнийн цагаар ажиллахдаа сард 750.000 төгрөгийн цалин олгохоор тусгасан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх 18 тоот гэрээ байдаг. Үүнд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт оршин суух Норжмаа овогтой Батзаяатай 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 сарын хугацаатайгаар шөнийн цагаар ажиллахаар, сар бүр 750.000 төгрөгийн цалин олгохоор ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан байдаг. Тэгэхээр 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1819 дугаартай тоот гэрээний 5 дугаар зүйлд түрээслэгчийн эрх үүрэгт Ус, дулаан дамжуулах төвийн 11-т гарсан бүх зардлыг түрээслэгч бүрэн хариуцна. Тухайлбал: Ус, цахилгаан, засвар гэх мэт гэж заасан байгаа боловч дээрх гэрээгээр 12 тооны өрх, аж ахуйн нэгж, айлтай гэрээ хийсэн байдаг ба энэ гэрээнийхээ дагуу ус, цахилгаан дамжуулсан гэх зардлуудыг Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компани нь айл, өрхүүдээс гаргуулж авсан байдаг юм. Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компани нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас тухайн хүмүүсийг Д хязгаарлагдмал хариуцлагатай компани нь өөрсдийн зүгээс цалинжуулж, цахилгааны төлбөрийг төлж явсан байдаг юм. Цахилгааны төлбөрийг Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компани нь гэрээнд заасны дагуу төлөх ёстой байсан. Иймээс байгууллагын зүгээс цахилгааны төлбөрийг нотлох баримтынхаа хэмжээнд нэхэмжилж, ажилчдынхаа цалин хөлсийг зайлшгүй нэхэмжлэх шаардлагатай байгаа юм. Харин Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компани энэ гэрээг хийснээр манайх ашиг олоогүй гэдэг байдлаар төлбөрөө өгдөггүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна. Хариуцагч байгууллагын гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд Д хязгаарлагдмал хариуцлагатай компани Мөрөн сумын 7 дугаар баг 32 дугаар гудамжинд байрлалтай Ус дулаан дамжуулах төв-д ажилласан ажилчдын цалин, цахилгааны үнэ төлбөр зэргийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл энэ нэхэмжлэлд ашиг сонирхлын зөрчил байхгүй юм. Иймээс хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь Ус дулаан дамжуулах төв-д ажилласан ажилчдын цалин, цахилгааны үнэ төлбөрийг өгөхгүй гэсэн нэгэн арга хэлбэр юм гэж бодож байна. Уг Ус дулаан дамжуулах төв-өөр айл өрх, аж ахуйн нэгжүүдэд дамжуулсан дулааны үнэ, төлбөр болох 33.149.014 төгрөгийг бүгдийг нь Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компани авсан учир ажилчдын цалин, цахилгааны зардлыг зайлшгүй төлөх үндэслэлтэй юм. Монгол улсын иргэн ямар нэгэн албан тушаалд томилогдвол хувийн үүсгэн байгуулсан компани болон бусад зүйлээ өөр хүнд шилжүүлэх үүрэгтэй. Үүний дагуу Лхагвасүрэн нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1/49 дугаар албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн байдаг юм. Мөнхсайхан овогтой Лхагвасүрэн нь төрийн албанд дээрх гэрээг хийхээс өмнө нь ажиллаж эхэлсэн талаар болон төрийн албанд ажилласнаас үүдэлтэйгээр өөрийнхөө эрхийг Бямбацэрэн гэх хүнд буюу өөртөө ямар ч хамааралгүй, хамаатан садангийн холбоогүй хүнд компанийг шилжүүлсэн талаарх бичгийн нотлох баримт гаргаж өгсөн. Энэ нотлох баримтаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна. Иймд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан гэрээ нь Мөнхсайхан, Лхагвасүрэн гэх хүмүүст хамааралгүй юм. Хэрвээ эдгээр хүмүүс нь Д компанид ашигтай гэрээ хэлцэл хийсэн гэж үзвэл дээрх гэрээ хэлцлийг цуцлах бүрэн эрх нь хариуцагч талд байсан. Дээрх гэрээ хийгдсэнээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр гэрээ хийгдсэнээс хойших хугацаанд буюу 1 жил 9 сарын хугацаанд гэрээг хүчингүй болгох боломж нөхцөл Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанид байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компани нь Д хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1819 дугаартай гэрээ байгуулж ажилласан. Энэ гэрээг өмнө нь Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Мөнхсайхан гэх хүн уг гэрээг байгуулсан байдаг юм. Дулаан дамжуулах төв дээр шөнийн цагаар 2 ажилтан, өдрийн цагаар 1 ажилтан ажилладаг байсан гэх шалтгаанаар манайхаас 17.863.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Ус дулаан дамжуулах төв дээр Д хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ямар нэгэн ажилтан ажилладаггүй байсан. Учир нь манай байгууллагын шугам сүлжээний инженерүүд өөрсдийн биеэр очиж хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг байсан ба эдгээр хүмүүс нэн шаардлагатай үед очиход ус дулаан дамжуулах төв байнга цоожтой байдаг байсан ба Д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан руу утасдаж хэвийн үйл ажиллагааг нь хангуулдаг байсан. Иймд манай зүгээс дулаан дамжуулах төв дээр Д хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилчин ажиллаж байгаагүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн жилийн эцсээр манай байгууллага дээр үндэсний аудитын газраас шалгалт хийгээд албан шаардлага хүргүүлсэн байдаг ба уг албан шаардлагад Д хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан гэрээнд ус дамжуулах төвөөс гарсан зардлыг түрээслэгч бүрэн хариуцна, олсон ашгаас 70 хувийг түрээслэгч 30 хувийг авна. Төвд ажиллах хүний цалин болох 384.000 төгрөгийг сар бүр түрээслэгч төлнө гэх гэрээ нь хэт нэг талыг барьсан гэрээ хийсэн байна гэж үзэж албан шаардлага хүргүүлж, манай байгууллагад акт тавьсан. Энэ гэрээ нь нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 17.863.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Д хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанийн хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18/19 дугаартай Ажлын байрны зориулалтаар ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ -г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага 17.863.000 төгрөгийн зарим хэсэг болох 10.857.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, зохигч 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ г байгуулж, энэхүү гэрээгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 33 дугаар гудамжинд байрлах Ус дулаан дамжуулах төв-11 цаашид /УДДТ гэх/ -ийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, түрээсийн төлбөр, УДДТ-11-ээс гарсан зардлуудыг түрээслэгч бүрэн хариуцаж, олсон ашгаас 70 хувийг түрээслүүлэгч, 30 хувийг түрээслэгч тал авах, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүр түрээслүүлэгчээс ирсэн нэхэмжлэхийн дагуу төлөх, УДДТ-11 дүгээр төвд ажиллах хүний цалин болох 384.000 төгрөгийг сар бүр төлж байхаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 2-3-р тал/

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээнд хамаарахаар байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж 476.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ Ус дулаан дамжуулах төвд шөнийн цагаар 2 ажилтан 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 01 хүртэл ажиллуулсан хугацааны буюу 9 сарын цалин 13.500.000 төгрөг, өдрийн цагаар ажилласан 1 ажилтны 2018 оны 03 сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаа буюу 11 сарын цалин 4.224.000 төгрөг, цахилгааны төлбөр 2.409.000 төгрөг, нийт 17.863.000 төгрөгийг гэрээгээр тохиролцсон тохиролцооны дагуу гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Энэ Ус дулаан дамжуулах төв дээр ямар нэгэн хүн ажилладаггүй, манай компанийн инженерүүд очиж засвар үйлчилгээг хянаж хэвийн ажиллаж байгааг нь шалгадаг байсан. Энэхүү гэрээ нь хэт нэг талыг барьсан ашиг сонирхлын зөрчилтэй байгуулсан гэрээ учир төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Зохигчийн хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-ний 3.4-т УДДТ-11-р төвд ажиллах хүний цалин болох 384.000 төгрөгийг сар бүр төлнө гэж, 5.4-т УДДТ-11-д гарсан бүх зардлыг түрээслэгч бүрэн хариуцна /ус, цахилгаан, засвар гэх мэт/ гэж харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.

Хамтран ажиллах гэрээний оролцогч тал гэрээний үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Дулаан-Орд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 01 хүртэл шөнийн цагаар 2 ажилтан ажиллуулсны 9 сарын цалин болох 13.500.000 төгрөг, 2018 оны 03 сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл өдрийн цагаар ажилласан 1 ажилтны цалин болох 4.224.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж Норжмаа овогтой Батзаяатай 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ №5, /хх-ийн 5-р тал/, Оюун-Эрдэнэ овогтой Баярмаатай 2018 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ №15, /хх-ийн 6-р тал/,Норжмаа овогтой Батзаяатай 2018 оны 09 сарын 01-ний өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ №18, ХААН банк болон Голомт банкны орлогын баримтууд /хх-ийн 8-11-р тал/ -ыг нотлох баримтаар хэрэгт ирүүлжээ.

Нэхэмжлэгч Дулаан-Орд хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 33-12 тоотод байршилтай Ус дулаан дамжуулах төвд шөнийн цагаар хоёр ажилтныг ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй, харин Оюун-Эрдэнэ овогтой Баярмааг 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 8 сарын хугацаанд ажиллуулж байсан болох нь хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээ №15 /хх-ийн 6-р тал/, Норжмаа овогтой Батзаяаг 2018 оны 03 сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл 14 сарын хугацаанд ажиллуулж байсан болох нь Ажил гүйцэтгэх гэрээ №5 /хх-ийн 5-р тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул зохигч талуудын хооронд байгуулсан Ажлын байрны зориулалтаар Ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ ний 3.4-т заасныг баримтлан дээрх хугацааны цалин болох 8х384.000=3.072.000 төгрөг, 14х384.000=5.376.000 төгрөг, нийт 8.448.000 төгрөгийг,

Мөн нэхэмжлэгч нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2.409.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь дээрх төлбөр Ж.Насандэлгэр гэх иргэний нэр дээр гарсан, түүнчлэн айл өрхийн хэрэглэсэн цахилгааны төлбөр, Ус дулаан дамжуулах төвд хэрэглэгдсэн цахилгааны төлбөр болох нь тодорхойгүй учир төлөхгүй гэж маргаж байгаа ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлолж нийт 4.094.355 төгрөгийн төлбөр бүхий Хөвсгөл Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлбөрийн нэхэмжлэхийн баримтууд /хх-ийн 12-15-р тал/ -ыг үндэслэн цахилгааны төлбөрт нэхэмжилсэн 2.409.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-33-12 тоотод оршин суудаг Ж.Насандэлгэрийн амины орон сууцны гадна дулааны шугамын ажлын улсын комиссын актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 16-р тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Ж.Насандэлгэрийн амины орон сууцны гадна талд буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 33-12 тоот хаягт энэхүү Ус дулаан дамжуулах төв-11 байрладаг. ... уг хаягт иргэн Ж.Насандэлгэрийн нэр бүртгэлтэй байдаг юм. ...гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч байгууллагын цахилгааны төлбөрт нэхэмжилсэн 2.409.000 төгрөгийг хариуцагч байгууллага болох Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан нэхэмжилэгчид олгож шийдвэрлэсэн болно.

Иймд дээр дурдан буй үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн 17.863.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Норжмаа овогтой Батзаяа, Оюун-Эрдэнэ овогтой Баярмаа нарт олгосон цалин 8.448.000 төгрөг, цахилгааны төлбөрт нэхэмжилсэн 2.409.000 төгрөг, нийт 10.857.000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 7.006.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэгч Д хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18/19 дугаартай Ажлын байрны зориулалтаар ус, дулуун дамжуулах төв түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байсан Б.Мөнхсайхан нь өөрийн үүсгэн байгуулсан компаниа төрсөн хүү М.Лхагвасүрэнд шилжүүлсэн ба М.Лхагвасүрэн нь компанийн гүйцэтгэх удирдлагыг Б.Бямбацэрэнд 2018 оны 07 дугаар сард шилжүүлсэн. Маргаж буй гэрээг 2018 оны 3 дугаар сард байгуулсан, гэрээ байгуулах үед эрх шилжээгүй байсан учир энэхүү гэрээ хууль зөрчсөн буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-11.3 дахь заалтуудыг зөрчиж байгуулсан хэлцэл учир энэхүү гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох Ажлын байрны зориулалтаар ус, дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ, Д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 1/49 дугаартай Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн газарт явуулсан албан бичиг /хх-ийн 53р тал/, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Б/05 дугаартай Ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, /хх-ийн 56р тал/, Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Мөнхсайхан овогтой Лхагвасүрэн нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд нягтлан бодогчоор ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөө авсан нь үнэн болно гэх бичилт бүхий 261 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 57р тал/ зэрэг баримтуудаар дээрх маргаан бүхий Ажлын байрны зориулалтаар ус дулаан дамжуулан төв түрээслэх гэрээ нь хууль зөрчиж байгуулсан хэлцэл болох нь тогтоогдохгүй байгааг дурдаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компаниас 10.857.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 188.662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, хариуцагч байгууллагын гаргасан сөрөг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компаниас 10.857.000 /арван сая найман зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.006.000 /долоон сая зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хариуцагч Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компанийн Ажлын байрны зориулалтаар Ус дулаан дамжуулах төв түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.265 /хоёр зуун дөчин долоон мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл ДС төрийн өмчит хувьцаат компаниас 188.662 /нэг зуун наян найман мянга зургаан зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллагын сөрөг нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН