Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2019/01147

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2019/01147

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 35-15 тоотод оршин суух, Б  овогт Н.Б /****************** /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.050.000 /хоёр сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуулийн захирал М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь бага ангийн багш мэргэжилтэй, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн суманд байрших Н.А спортын сургуульд Б/06 захирлын тушаалаар бага боловсролын багшаар томилогдож багш Ш.Ө  нь жирэмсний амралтаа авч түүний оронд ажиллах болсон. Ингээд 4 сар гаруй хугацаагаар ажиллаж байтал ажил олгогч нь багш С.Ө  нь ажилдаа орох хүсэлт гаргасан, ажилдаа орох боллоо гэж 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаал гаргаснаар намайг ажлаас чөлөөллөө. Би өөрийгөө ажлаас үндэслэлтэй чөлөөлөгдсөн гэж үзэхгүй байна. Учир нь С.Ө  нь одоо хүртэл хүүхдээ хараад, ажилдаа ороогүй юм.

Иймд багшаар ажиллаж байсан намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тул ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин 2.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Н.А ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилд орж 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан. Батцэцэг нь тухайн үед ээлжийн амралттай байсан юм. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орох байсан юм. Тэгтэл амралттай байхад нь ажлаас чөлөөлсөн байдаг. Батцэцэг нь ажилдаа хэзээ орох талаар байгууллагын нягтлан бодогчоос асуухад таныг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн байдаг. Ямар үндэслэлээр ажлаас халсан тухай хэлээгүй байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Батцэцэг нь Ө тай байнга холбоотой байсан. Батцэцэг нь Ө ыг ажилдаа орсон эсэх талаар асуухад сургуулийн захирал Б нь ажилдаа орно уу гэж хэлэхэд нь ажилдаа ороогүй байгаа гэдгээ хэлсэн байдаг. Ө  нь ажилдаа орох хүсэлт гаргасан юм бол одоог хүртэл ямар учраас ажилдаа ороогүй байгааг гайхаж байна. Миний зүгээс нэхэмжлэгч Батцэцэгийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Одоо Батцэцэгийн ангийг Мөнхсайхан гэдэг хүн авч ажиллаж байгаа юм байна лээ. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг дэмжиж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлтэй байна. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах хүсэлтэй байгаа юм гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуулийн захирал М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Танай шүүхэд хандаж гаргасан Н.Батцэцэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бага ангийн багш С.Ө  нь жирэмсний амралтаа авсан тул Н.Батцэцэгийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс бага ангийн багшаар түр хугацаатай томилон ажиллуулсан. Ингээд жирэмсний амралттай байсан багш С.Ө  нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орох хүсэлтийг бичгээр өгсөн тул Н.Батцэцэгийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 ... жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ... бол ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах хуулийн зохицуулалттай байдаг учир багш Н.Батцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Н.А сургуулийн захирал М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө  багшийг жирэмсний амралттай байхад нь түр Батцэцэг багшийг авч ажиллуулсан. Ө  нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилд орох тухай хүсэлтийг сургуулийн захиргаанд өгсөн. Ө  нь манай үндсэн орон тоон дээр ажилладаг багш байгаа юм. Харин Батцэцэгийн хувьд жирэмсний амралт авсан Ө ын орон тоон дээр түр ажиллаж байсан юм. Би Ө ын хүсэлтийн дагуу ажилд нь авч, Батцэцэгийг ажлаас чөлөөлсөн. Би Батцэцэгт ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэх шаардлага байхгүй. Энэ хүмүүсийг ажилд авч, ажлаас чөлөөлж байхад ямар учраас тушаал гаргаагүй вэ гэхээр Ө  нь тухайн жилдээ ээлжийн амралтаа аваагүй байсан. Үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа багш нь жилд 35 хоног амрах ёстой байдаг. Ингээд Ө  нь ажилдаа орсны дараа хуулийн дагуу ээлжийн амралтаа авч 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэхэд ээлжийн амралтын хугацаа дуусаж ажилдаа орох байсан. 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ар гэрийн гачигдал гарсан учир ажилдаа орох боломжтой талаар хүсэлтийг гаргасан. Ямар шалтгааны улмаас ажилдаа орох боломжгүй болсон гэхээр хадам аав нь Улаанбаатар хотод хагалгаанд орох болж хүүхэд харах хүн байхгүй байна гэсэн асуудал үүссэн. Ийм л зүйл болсон юм. Сургуулийн нэршлийн хувьд 2019 оны 5 дугаар сард өөрчлөгдөж 2019 оны 7 дугаар сард гэрээ хэлцэл хийж баталгаажсан юм. Үйл ажиллагааны хувьд өөрчлөгдсөн зүйлгүй. Зөвхөн нэр л өөрчлөгдсөн гэв.

 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Батцэцэг нь Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2.050.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь уг гомдлоо тус шүүхэд өмнө нь дээрх хугацаандаа гаргаж байсан байх бөгөөд энэ талаархи нэхэмжлэлийг буцаасан тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн захирамж хэрэгт авагдсан байна. Иймд нэхэмжлэгчийг шүүхэд ажлаас буруу халсан тухай гомдлоо гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Н.Батцэцэг бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаатай учир би түүнийг төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож байна. Н.А сургуулийн бага боловсролын багшаар ажиллаж байсан энэ ажилдаа эгүүлэн тогтоолгох, мөн ажлаас чөлөөлөгдсөн өдөр болох 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсны цалин хөлс болох 2.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ...Б  овогт Нямсайханы Батцэцэгээс Шарнууд овогт Цогтжаргалын Бд ... ИХШХШТХуулийн 25, 26-р зүйлд заасан бүх эрх, эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхийг олгож байна... гэх Итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлэн нэхэмжлэгчээс ирүүлсэн байх тул Цогтжаргалын Б нь Нямсайханы Батцэцэгийг төлөөлөн оролцох эрхтэй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагчийг Хөвсгөл аймаг, Н.А спортын дунд сургууль гэж тодорхойлсон боловч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуулийн захирал М.Б нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа манай сургууль нь Н.А гэж төрөлжсөн сургалттай спортын дунд сургууль байснаа Ерөнхий боловсролын Н.А сургууль болж нэршлийн хувьд 2019 оны 7 дугаар сараас өөрчлөгдсөн. Өөрөөр үйл ажиллагааны чиглэл зэрэгт сургуулийн хувьд өөрчлөгдсөн зүйлгүй юм гэж тайлбарлаж байгаа тул хариуцагч гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нутгийн-Аваргууд спортын сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал эх хувиар, Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Н.А сургуулийн захирлын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай Н.Батцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаал эх хувиар, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Төрөлжсөн сургалттай Нутгийн-Аваргууд спортын дунд сургуулийн захирал М.Б, Н.Б нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ эх хувиар 2 хуудас, Б  овогт Нямсайханы Батцэцэгийн 1335069 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 001429650 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар 1 хуудас, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж эх хувиар 2хуудас, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн нябо Г.Батчулууны Тодорхойлолт 1 хуудас, Ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл эх хувиар 1 хуудас, С.Ө тай цахим сүлжээгээр харьсан зурвасыг хуулбарласан баримт 1 хуудас,

Хариуцагчаас С.Ө ын Төрөлжсөн сургалттай Нутгийн-Аваргууд сургуулийн захиргаанд гаргасан өргөдлийн хуулбар 1 хуудас, хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ 2 хуудас, Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, Н.Батцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.

Зохигчдын тайлбар мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Н.А спортын дунд сургуулийн бага боловсролын багш С.Ө ын жирэмсний амралттай үед Н.Батцэцэгийг түүний оронд түр хугацаагаар ажилд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг байгуулан ажилласан, Н.Батцэцэгт 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд ээлжийн амралтыг олгож мэдэгдэх хуудас өгсөн, С.Ө  нь 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа эргэн орох хүсэлтийг байгууллагадаа гаргасан, 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Н.Батцэцэгийг ажлаас чөлөөлсөн, гэвч С.Ө  ажилдаа эргэн ороогүй, өөр багш тухайн ажлын байранд өнөөг хүртэл багшилж байгаа үйл баримт тогтоогдлоо.

Талууд дээрхи үйл баримтад маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хуульчилсан байх тул Н.Батцэцэг нь шаардах эрхтэй байна.

Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Нутгийн-Аваргууд сургуулийн захирлын 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 35 дугаар зүйлийн 35.1.2, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтуудыг үндэслэн Тушаах нь: 1. Саруулдаваагийн Ө  нь 2019-2020 хичээлийн жилээс эхлэн ажилдаа эргэж орохыг хүссэн тул оронд нь ажиллаж байгаа Бага боловсролын багш Нямсайханы Батцэцэгийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 2. Н.Батцэцэгтэй холбогдох тооцоог хийж дуусгахыг сургалтын менежер/Н.Шүрэнчулуун/, нярав /Р.Мэндсайхан/ нарт үүрэг болгосугай гэх Н.Батцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Н.Батцэцэгийг ажлаас нь чөлөөлжээ.

Ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тавигдах шаардлагыг хангасан байх, уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь тухайн ажилтныг чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ба түүнчлэн энэ нь Хөдөлмөрийн хуульд нийцсэн байх шаардлагатай юм.

Гэтэл нэхэмжлэгч Н.Батцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 35 дугаар зүйлийн 35.1.2 , Бага болон дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг тус тус баримталсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:

35.1.2.ээлжийн амралттай байгаа гэж,

Мөн хуулийн 104 дүгээр зүйлд Жирэмсний болон амаржсаны амралт

104.1-д Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно гэж,

Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Захирал нь дараахь эрхтэй:

20.1.2.багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэж тус тус заасан байна.

Хэргийн үйл баримтаар Н.Батцэцэгийг жирэмсний амралттай С.Ө ын оронд түр хугацаагаар ажиллуулсан байх ба энэ нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын 1. Бага боловсролын багш Саруулдаваагийн Ө  нь жирэмсний амралтаа авч байгаа тул ажлаас чөлөөлж Нямсайханы Батцэцэгийг бага боловсролын багшаар 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр түр хугацаатай томилон ажиллуулсугай... гэх тушаал болон хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар гэж зааснаар Төрөлжсөн сургалттай Нутгийн-Аваргууд спортын дунд сургуулийн захирал М.Б, Н.Б нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь С.Ө ын ажилдаа эргэж орох хүртэл түр хугацаагаар байгуулсан гэрээ гэж дүгнэлээ.

Гэтэл С.Ө ыг ажилд томилсон тушаалгүй, С.Ө  нь ажилдаа эргэж ороогүй, тухайн ажлын байранд өөр багшийг ажиллуулж байгаа нь талуудын тайлбараар нотлогддог.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж зохицуулсантай талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь нийцээгүй, түүнчлэн нэхэмжлэгч Н.Батцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан зүйл заалтууд нь түүнийг чөлөөлсөн үндэслэлтэй тохироогүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас нь үндэслэлгүй халсан байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Н.Батцэцэгийг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2.050.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж тус тус заасан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Н.Батцэцэг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуулиас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь 1335069 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас баримтыг ирүүлсэн бөгөөд үүнд бичигдсэн цалин хөлсний хэмжээнд талууд маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу шүүх тооцдог.

Нэхэмжлэгч Н.Батцэцэгийн нотлох баримтаар ирүүлсэн Нийгмийн даатгалын дэвтэр болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2019 оны 6-7 сард ээлжийн амралттай байсан нь нотлогддог бөгөөд түүний дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо 2019 оны 3-5 сард авч байсан цалин хөлсний хэмжээгээр тодорхойлох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сард 874.566 төгрөг, 2019 оны 4 дүгээр сард 808.147 төгрөг, 2018 оны 5 дугаар сард 814.147 төгрөгийн цалин хөлстэйгээр ажиллажээ.

Дундаж цалин хөлсийг тооцоход: дээрхи гурван сард авсан нийт цалин хөлс 2.496.860 төгрөг, үүнийг 3-т хуваахад сард дунджаар 832.286 төгрөг, үүнийг 21,5-д хувааж нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлоход 38.711 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсны цалин хөлс болох 2.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулсан бөгөөд нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт ажлын 69 хоног ажилгүй байсан байна. /амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдийг хасаж тооцсон болно./

Нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тодорхойлоход: 38.711х69=2.671.059 төгрөг гэж тооцов.

Гэвч нэхэмжлэгч нь сард 3-н сарын 2.050.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж нэхэмжлэлийнхээ шаардлыг тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээнэ:

25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан байх тул нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагын хэмжээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгч Н.Батцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Н.Батэцэцгийг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн-Аваргууд сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоож түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2050.000 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн-Аваргууд дунд сургуулиас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Бямбадоржид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, ямар нэгэн баримтыг шүүх хуралдаанд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.271 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Батцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.12-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Нутгийн-Аваргууд" сургуулиас ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлд төлөх 70.200, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2.050.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 47.750 төгрөг нийт 117.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б  овогт Нямсайханы Батцэцэгийг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуулийн бага боловсролын багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Н.А сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.050.000 /хоёр тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Батцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.271 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Н.Батцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.12-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Нутгийн-Аваргууд ерөнхий боловсролын сургуулиас 117.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХТУЯА