Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 0069

 

 

 

 

      Т.Э нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                                      Г.Э

Яллагдагч                                                                 Т.Э, С.М

Яллагдагч нарын өмгөөлөгч                    Б.Д, Д.Э

Хохирогч                                                                   Л.Ц /онлайн/

Хохирогчийн өмгөөлөгч                                       А.Б /онлайн/

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 401 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр яллагдагч Т.Э, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овогт С-н М,

 

Ц овогт Т-ны Э,

 

С.М нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр     аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрч Г.М-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан,

 

Т.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр     аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцохдоо гэрч Г.М-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлж, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Т.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Э, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, Хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дууны бичлэг бүхий хуурцгийг хэргийн хамт хүргүүлж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Э эсэргүүцэлдээ:

 

“ ... Яллагдагч Т.Эгаас гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хохирогч Л.Ц-с гаргаж өгсөн сиди-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл хавтаст хэргийн 197-199 дүгээр талд авагдсан. Тэмдэглэлд тухайн бичлэгт бичигдсэн гурван хүний яриаг 1, 2, 3 гэж дугаарлан тэмдэглэл үйлдсэн.

Дээрх бичлэгт хохирогч Л.Ц, түүний ах Л.Г, Г.М нарын хоорондын харилцан яриа бичигдсэн талаар хохирогч Л.Ц, гэрч Л.Г нар хохирогч болон гэрчээр мэдүүлэг өгсөн. Мөрдөгчийн тэмдэглэлд дурдагдсан хүмүүс хэн хэн болох нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол ... ” гэж заасан ба шүүгдэгчийн хүсэлт нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжлэн тогтоох ажиллагаа биш юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ... хүн нас барсан, хүний эрүүл мэндэд хохирол учирсан, сэтгэцийн байдлыг тогтоох, бүх насаар нь хорих ял оногдуулах, нас тоолох нь хэрэгт ач холбогдолтой ...” гэж заавал хийлгэх шинжилгээг журамлан тогтоосон ба хүсэлтийн хувьд заавал хийлгэх шинжилгээний төрөлд хамаарахгүй байна.

Ц.Г нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө манай нөхөр бичиг үсэг мэдэхгүй бичиж чадахгүй болохоор би өргөдөл бичиж Г.М гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн ба энэ үед хохирогч Л.Ц, гэрч Л.Г нар нь мэдүүлэг өгөхдөө Г.М нь бичиг үсэг мэдэхгүй болохоор эхнэр нь өргөдөл бичсэн талаар мэдүүлсэн байдаг. Мөн Г.М-н бичиг үсэг мэддэг эсэх асуудлыг түүний эгч Н гэрчээр мэдүүлэг өгөхдөө “манай дүү дөнгөж сургуульд ороод гарсан бичиг үсэг мэдэхгүй, уншиж ч чадахгүй” гэсэн мэдүүлэг өгсөн ба Г.М нь сургуульд сурч төгсөөгүй болохоор албан ёсны баримт бичиг хэрэгт авахуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрчүүдийн мэдүүлгээр Г.М нь бичиг үсэг мэдэхгүй болох нь тогтоогдсон.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан.шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 401 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Яллагдагч Т.Э тайлбартаа:

“ ...     аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн     дугаартай захирамжид заагдсан ажиллагааг хийлгэх шаардлагатай байгаа тухай бүх шатны прокурорт хүсэлт, гомдлыг гаргасан боловч хийхгүй шүүхэд шилжүүлсэн. Нэгэнт шүүгчийн хүчин төгөлдөр захирамжид заагдсан ажиллагааг хийлгэх нь энэ хэрэгт чухал ач холбогдолтой юм. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд      дугаартай захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Т.Э тайлбартаа: “Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн хийгдээгүй. Сидинд бичигдсэн дуу хоолойг хэнийх гэдгийг тогтоогоогүй, таамаглалд үндэслэж болохгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.М тайлбартаа: “Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: “ ... Прокурорт хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээж авдаггүй. Сидинд бичигдсэн дууг таамаглалд үндэслэж тогтоох боломжгүй. Ганцэцэгийг дахиж гэрчээр асуугаагүй ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: “... Сидиг олох ажиллагааг хийгээгүй. Хэний яриа болохыг тогтоогоогүй. Өмнөх сиди яагаад алга болсон, дараагийн сиди өмнөхтэй тохирч байна уу гэдгийг тогтоогоогүй. Иймд тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах саналтай байна ... ” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Л.Ц тайлбартаа: “ ... Энэ бичлэгийг хийх үедээ би М-д хэлж байсан. Хэний дуу гэдгийг гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжтой. Хэргийг удаашруулж удаа дараа буцааж байна. М ярьснаа баталж бичиг бичиж өгсөн. Энэ бичлэгийг би 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хийсэн ...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Б тайлбартаа: “ ... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүх хуралдаанд Ц, Г нарыг оролцуулаад хэргийг шийдвэрлэх боломжтой. М-г бичиг үсэг мэдэх эсэх талаар лавлагаа гаргуулах боломжгүй ... ” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... Бичлэг дээр яриа нь бичигдсэн 3 хүний 1 нь нас барсан. 2 хүн нь мэдүүлэг өгсөн байгаа. Гэрч Г-г шүүх хуралдаанд оролцуулаад хэргийг шийдвэрлэх боломжтой. Яллагдагчийн хувьд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж байгаагүй. Харин хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байсан. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Мыг гэрч Г.М-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, Т.Эг гэрч Г.М-г шүүхэд зориуд худал мэдүүлэг өгүүлж, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “ ... хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд хангалттай бүрэн нотлогдож тогтоогдоогүй байна ... ” гэж дүгнэн Т.Э, С.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Г.Э эсэргүүцэл гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байх ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан “ ... уг бичлэгт хэн нь үл мэдэгдэх 3 хүний харилцан яриа бичигдсэн байх тул хэн хэн ярилцсаныг тогтоох шаардлагатай байна ...” гэсэн хэсэг нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий шинжээчээр дээрх бичлэгт ярьж буй хүмүүсийн дуу хоолой нь хэн, хэний дуу хоолой болох талаар дүгнэлт гаргуулах нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ.

Мөн тухайн бичлэгийг үйлдсэн цаг хугацааг тогтоох, бичлэг хийхэд байлцсан Л.Г-с үйл явдлын талаар дахин тодорхой мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай байна.

Харин Г.М нь бичиг үсэг мэддэг эсэх талаар гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсанаас гадна гэрч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл баримтын талаар тодорхой мэдүүлсэн байх тул түүнээс дахин гэрчийн мэдүүлэг зэрэг авах ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж прокурорын эсэргүүцэлд дурдсан энэ хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Түүнээс гадна эрх бүхий албан тушаалтан энэ хэрэгт Л.Ц-г хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор оролцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан байх бөгөөд прокурор Г.Э нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг өмгөөлөгч, яллагдагч нар эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 31-ны өдөр дээд шатны прокурорт гомдол гаргасан байна.

 

Яллагдагч, өмгөөлөгч нарын гаргасан дээрх гомдлыг дээд шатны прокурор хянан шийдвэрлээгүй байхад прокурор 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр       дугаартай яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн хувийг мөн өдөр яллагдагч нарт гардуулжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасан бөгөөд прокурорын хяналтын шатанд хэргийн оролцогч нарын прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхийг хасч, хязгаарласан зөрчил гаргасан байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 401 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Э-н эсэргүүцэлд дурдсан “... Г.М-г бичиг үсэг мэдэх эсэхийг тогтоолгох шаардлагагүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ