Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 145

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ж.Очирбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа

Хохирогч Г.Б ,

Иргэний нэхэмжлэгч Г.Г ,

Шүүгдэгч Г.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г ын А д холбогдох 1726000040014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овгийн Г. А  .

Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 21-12 тоотод Д.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар заазуураар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 21-12 тоотод байх Г.Б гийн 3x2 метрийн хэмжээтэй хивс 1 ширхэг, 4x2 метрийн хэмжээтэй хулдаас 1 ширхэгийг шатааж байшинг устгахыг завдаж 80.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүгдэгч Г.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Д.Д  7 цаг өнгөрч байхад гэрээс гарч яваад 12 цаг өнгөрч байхад “Танай нутгийн архи хямдхан юм байна” гээд нэг шил архи аваад орж  ирсэн. Тэр өдөр бид хоёр нийтдээ 5 шил архи хувааж уусан. Тэгээд би нэг мэдсэн чинь талийгаач найзындаа сэрсэн. Тэгээд гэртээ иртэл Д.Д  намайг самардсан. Тэгэхээр нь би заазуураар цохьсон юм билээ. Маргааш нь өглөө нь би “эрүүлжүүлэхэд” сэрсэн. Тэгээд болсон явдлыг сонсч мэдсэн. Би гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Надад оногдох ялыг тэнсэж өгнө үү гэв...”

Хохирогч Г.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Урьд нь мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

          Иргэний нэхэмжлэгч Г.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “... Шүүгдэгч нь миний төрсөн хүү учраас нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

          Хохирогч Д.Д ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байсан байх. Би Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байдаг найзындаа ирсэн юм. Г.А  намайг утсаар дуудаад аав, ээжтэйгээ танилцуулна гэсэн. ... Тэгээд Г.Адъяатулгын гэрт нь ирээд байж байгаад 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би буцах гээд найзынхаа өгч явуулсан 40000 төгрөгийг аваад буцаад Г.А  дээр очсон. Би очихдоо 2 шил архи авч очоод Г.А тай хамт хувааж уусан. Тэгээд өдөр нь Г.А ас салсан. Надад 30000 төгрөг үлдсэнийг   Г.А  авчихсан байсан. ... Би Г.А ас миний мөнгийг өгөөдөх яасан тэр чинь миний замын зардал байсан гэж хэлсэн. ... Тэгээд би унт гээд унтахгүй байхаар нь нэг удаа цохиод авсан чинь уурлаад намайг заазуур барьж хөөж байгаад миний толгой руу заазуураар цохиод миний толгойны баруун талын орой хэсгийн хуйхыг язалсан бас гар зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 15-ны үеэр хотоос манайд манай хүү Г.А-н найз үерхдэг гээд нэг танихгүй хүүхэн ирсэн. Тэгээд манайд 10 гаран хоног тэр хүүхэн байрласан. 2017 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Г.А , найз хүүхэн нь гэх Д.Д  нар гэрт унтаад үлдсэн. Би сонгуулийн ажил гээд гэрээсээ гарсан. Өдөр 13 цагийн үед ирэхэд байхгүй манай хөгшин гэртээ ганцаараа байсан. Д.Д  цагийг санахгүй байна оройхон манайд ганцаараа согтуу ирчихээд гараад явсан. Эргээд удалгүй ар араасаа сувраад манай хүүхэд Г.А  тэр хоёр согтуу ирсэн. Ирчихээд байж байгаад Г.А , Д.Д  хоёр хоорондоо хэрэлдээд барьцалдаж аваад Д.Д  нь хот явах гэж байгаа мөнгө аваад ир гээд байсан. Манайд манай охин О-н 2-3 настай жаахан хүүхэд байсан уйлаад байхаар нь би аваад гэрээс гараад гудам уруудаад явчихсан юм. Тэгээд байж байгаад буцаад гэртээ ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Юу болсоныг нь мэдээгүй байж байгаад тэр үед мэдсэн. Д.Д ийг түргэн рүү аваад явсан, Г.А-г цагдаа нар аваад явчихсан байсан. Байшингийн үүд хэсгийн хулдаас цоохортож түлэгдсэн, том өрөөний хивсний гол хэсэгт шатаж харласан байсан яг юу болсонг нь би байшинд байгаагүй болохоор мэдэхгүй байна. Манай нөхөр тэр үед гэртээ байхгүй гарчихаад ороод ирэхэд Г.А  хивсний дэргэд унтчихсан, гал хивсэн дээр асаад байхаар нь унтраагаад хивсээ унтраасан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн жижүүрээс дуудлага гарлаа 2 дугаар хорооны 21-12 тоот эмэгтэй хүн зодуулчихсан байна яаралтай оч гэсэн дуудлага ирсэн ба уг дуудлага дээр анх очиход тухайн тоот хаягтай хашааны гадаа нэг эмэгтэй хүүхэд толгойн хэсгээсээ цус гарчихсан байж байсан. Би хашаа руу гүйгээд ороход хашааны гол хэсэгт урагш харуулан барьсан байшин байсан ба дотроос нь утаа гараад, гал маналзаад шатаж байсан. Тэгсэн байшингийн хажуу талаас нэг өвгөн гарч ирээд манай хүүхэд байшингаа шатаачихаад дотор нь байгаа орж чадахгүй байна гэсэн. Би байшин луу нь яваад орсон тухайн байшин нь хоёр өрөө байсан ба гал

тогооны хэсэг болон том өрөөнд юу ч харагдахааргүй битүү утаа болсон байсан ба
тухайн хүн нь байшин дотор харагдахгүй байсан. Тухайн үед би байшин луу 3 удаа
орсон эхний удаа аавтай нь орсон ба олоогүй. Утаанд нь муужирч унчих гээд амьсгалахын аргагүй байсан. Би эргэж гарч ирээд агаар амьсгалж байгаад ааваар нь яг хаана хэвтэж байсан гэдгийг нь заалгуулаад баримжаагаар орж хайж тэмтэрч үзэхэд миний гарт хөл нь баригдаад тэгээд би чирч гаргаж ирсэн. Тэгээд үүдний довжоон дээр нь гаргаж ирээд эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн тэгээд тэр залуу гэнэт амьсгалж ухаан орсон. Удалгүй түргэн тусламж ирсэн. Тэр залуу ухаан орж босч иргээд нөгөө зодсон гээд байгаа эмэгтэй хүн лүүгээ дайраад байхаар нь би гавлаж байлгаж байгаад 102-т өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Г.Г ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 15-ны үеэр хотоос манайд манай хүүхдийн найз үерхдэг гээд нэг хүүхэн ирсэн. Тэгээд манайд 10 гаран хонож байгаа юм. 06 дугаар сарын 24-ний өдөр манай хүүхэд Г.А  нь Д.Д тэй хамт архи дарс уугаад байсан. Тэгээд өчигдөр энэ хоёр хүүхэд архи дарс уугаад согтуу ирсэн. Г.А , Д.Д  хоёр хэрэлдээд орилж чарлалдаад, барьцалдаж аваад Д.Д  мөнгө аваад ир гээд байсан. Тэгээд манай хүүхэд орилж чарлаад гал тогоо руу орохоор нь би зугтаад гарсан. Араас Д.Д  гүйгээд гараад ирэх шиг болсон. Би хашааны гадаа гараад зогсож байсан. Удалгүй гэрээс утаа гараад байхаар нь эргээд ороход гэр дотор гал гарч байхаар нь орсон. Д.Д  гадаа уйлаад зогсож байсан. Тэгээд гэр юу ч харагдахааргүй утаа болсон байсан. Г.А  гэрт ухаан алдчихсан байх гал гарсан галыг цагдаа нар унтраасан. Гэрээс манай хүүхдийг дуудлагаар ирсэн цагдаа бид хоёр хөлнөөс нь чирч гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн дэслэгч Л.Амгалангийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаартай: “... Д.Д ийн толгой, баруун гарын долоовор хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №09/09 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.А-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, цахим үнэмлэхний хуулбар, БҮ200610887 дугаартай бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, Сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55, 56, 71 77-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.А-н ял шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/, 

Шүүгдэгч Г.А-г сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 52-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.А  нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 21-12 тоотод хохирогч Д.Д тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар заазуураар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 21-12 тоотод байх Г.Б гийн 3x2 метрийн хэмжээтэй хивс 1 ширхэг, 4x2 метрийн хэмжээтэй хулдаас 1 ширхэгийг шатааж байшинг устгахыг завдаж 80.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Д ийн “... Г.А-н гэрт нь ирээд байж байгаад 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр би буцах гээд найзынхаа өгч явуулсан 40000 төгрөгийг аваад буцаад Г.А  дээр очсон. Би очихдоо 2 шил архи авч очоод Г.А тай хамт хувааж уусан. Тэгээд өдөр нь Г.А ас салсан. Надад 30000 төгрөг үлдсэн байснийг Г.А  авчихсан байсан. ... Би Г.А ас миний мөнгийг өгөөдөх яасан тэр чинь миний замын зардал байсан гэж хэлсэн. ... Тэгээд би унт гээд унтахгүй байхаар нь нэг удаа цохиод авсан чинь уурлаад намайг заазуур барьж хөөж байгаад миний толгой руу заазуураар цохиод миний толгойны баруун талын орой хэсгийн хуйхыг язалсан бас гар зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, хохирогч Г.Б гийн “... Ирчихээд байж байгаад Г.А , Д.Д  хоёр хоорондоо хэрэлдээд барьцалдаж аваад Д.Д  нь хот явах гэж байгаа мөнгө аваад ир гээд байсан. ... Тэгээд байж байгаад буцаад гэртээ ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Юу болсоныг нь мэдээгүй байж байгаад тэр үед мэдсэн. Д.Д ийг түргэн рүү аваад явсан, Г.А-г цагдаа нар аваад явчихсан байсан. Байшингийн үүд хэсгийн хулдаас цоохортож түлэгдсэн, том өрөөний хивсний гол хэсэгт шатаж харласан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/  гэрч Н.Б-н “... 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн жижүүрээс дуудлага гарлаа 2 дугаар хорооны 21-12 тоот эмэгтэй хүн зодуулчихсан байна яаралтай оч гэсэн дуудлага ирсэн ба уг дуудлага дээр анх очиход тухайн тоот хаягтай хашааны гадаа нэг эмэгтэй хүүхэд толгойн хэсгээсээ цус гарчихсан байж байсан. Би хашаа руу гүйгээд ороход хашааны гол хэсэгт урагш харуулан барьсан байшин байсан ба дотроос нь утаа гараад, гал маналзаад шатаж байсан. Тэгсэн байшингийн хажуу талаас нэг өвгөн гарч ирээд манай хүүхэд байшингаа шатаачихаад дотор нь байгаа орж чадахгүй байна гэсэн. Би байшин луу нь яваад орсон тухайн байшин нь хоёр өрөө байсан ба гал
тогооны хэсэг болон том өрөөнд юу ч харагдахааргүй битүү утаа болсон байсан ба
тухайн хүн нь байшин дотор харагдахгүй байсан. Тухайн үед би байшин луу 3 удаа
орсон эхний удаа аавтай нь орсон ба олоогүй. Утаанд нь муужирч унчих гээд амьсгалахын аргагүй байсан. Би эргэж гарч ирээд агаар амьсгалж байгаад ааваар нь яг хаана хэвтэж байсан гэдгийг нь заалгуулаад баримжаагаар орж хайж тэмтэрч үзэхэд миний гарт хөл нь баригдаад тэгээд би чирч гаргаж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/, гэрч Г.Г ын “... Г.А , Д.Д  хоёр хэрэлдээд орилж чарлалдаад, барьцалдаж аваад Д.Д  мөнгө аваад ир гээд байсан. Тэгээд манай хүүхэд орилж чарлаад гал тогоо руу орохоор нь би зугтаад гарсан. Араас Д.Д  гүйгээд гараад ирэх шиг болсон. Би хашааны гадаа гараад зогсож байсан. Удалгүй гэрээс утаа гараад байхаар нь эргээд ороход гэр дотор гал гарч байхаар нь орсон. Д.Д  гадаа уйлаад зогсож байсан. Тэгээд гэр юу ч харагдахааргүй утаа болсон байсан. Г.А  гэрт ухаан алдчихсан байх, гал гарсан галыг цагдаа нар унтраасан. Гэрээс манай хүүхдийг дуудлагаар ирсэн цагдаа бид хоёр хөлнөөс нь чирч гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, хохирогч Д.Д ийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон  Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн дэслэгч Л.Амгалангийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 2/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №09/09 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 42-43/, шүүгдэгч Г.А-н мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Г.А д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигон овогт Г ын А д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Г.Адъяатулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8  дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1-т зааснаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1-т хорих ялын хэмжээ 2-8 жил байхаар хуульчилсан ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ” гэж хорих ялын хугацааг доод хэмжээ 6 сар байхаар хуульчилсан байна. 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж завдсан үйлдэлд ял оногдуулах үндэслэл журмыг хуульчилсан байх бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэхээр завдах нь гэм буруутай этгээд гэмт санаа, зорилгоо бүрэн төгс хэрэгжүүлээгүй, түүний хүссэн хор уршиг хараахан бий болоогүй, гэмт хэргийг туйлд нь хүргээгүй байдаг тул гэмт хэрэгт завдсан үйлдэлд хүлээлгэх хариуцлага төгссөн хэргийнхээс харьцангуй хөнгөн байх зохицуулалтыг хуульд тусгасан байна. Иймд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.А д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар Г.А д оногдуулсан хөнгөн ял болох 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг хүнд ял болох 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосон болно. 

Шүүгдэгч Г.А д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б , Д.Д , иргэний нэхэмжлэгч Г.Г , Г.О нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэгийг устгахыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овогт Г-ын А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8  дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.1-т зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар Г.А д оногдуулсан хөнгөн ял болох 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийг хүнд ял болох 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 7  /долоон/ сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д оногдуулсан 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.  Шүүгдэгч Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Б , Д.Д , иргэний нэхэмжлэгч Г.Г , Г.О нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       М.МАНДАХБАЯР