| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2019/01107/И |
| Дугаар | 155/ШШ2019/01233 |
| Огноо | 2019-12-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2019/01233
| 2019 оны 12 сарын 20 өдөр | Дугаар 155/ШШ2019/01233 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх сумын ************** оршин суух, Б овогт П.О / *********** /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөлийн УТХГХЗ-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, 155/2019/00590/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч П.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А , хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөлийн УТХГХЗ-д Хөвсгөлийн байгалийн цогцолбор газрын Ханх сумыг хариуцсан гэрээт байгаль хамгаалагчийн нэг бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг. Гэвч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөрөөр намайг ажлаас халсан тухай тушаалыг гардан авч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Ажлаас халсан тушаалыг гардаж авахаас хоёр хоногийн өмнө ажлаас чөлөөлөх болсон мэдэгдлийг надад ирүүлсэн ба алдаа мадаг гарсан байх гэж бодож байсан чинь араас нь тушаал ирсэн. Гэхдээ эдгээр мэдэгдэл тушаалыг хүнээр дамжуулж явуулсан байсан. Би албан үүрэгтээ
хариуцлагатай хандаж ямар нэг алдаа дутагдал, сахилгын зөрчил гаргалгүй үнэнч шударга ажиллаж ирсэн.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан, үүнд маш их гомдолтой байгаа учир Хөвсгөлийн УТХГХЗ-д байгаль хамгаалагчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.О шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд энэ байгууллагад ажилд орж, 7 жил ажиллаж байна. Одоо байгаа шинэ дарга маань харуулын байрыг яаж барьсан талаар урд нь ажиллаж байсан дарга, нягтлан нарын асуудлыг бичиж өг гэж хэлсэн. Би энэ байрыг бид нар өөрсдөө барьж байсан гэж хэлсэн. Дарга бид нарыг ямар нэгэн зүйл бичиж өгөөгүй хүмүүс ажлаас чөлөөлөгдөх болно гэж хэлсэн. Би үүнийг албан тушаалын дарамт гэж үзэж байна. 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр надад мэдэгдэл өгсөн. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Миний бодлоор мэдэгдэл өгснөөс хойш 14 хоногийн дараа ажлаас чөлөөлөх байх гэж бодож байсан. Мөн мэдэгдэлээ амаар мэдэгдэх байх гэж бодож байна. Би энэ ажлын байрнаас хүчээр халагдсан. Мөн ажлаас халсан тушаалын үндэслэл нь буруу гэж үзэж байна. Би уг нь 3 сар ажиллаад он дуусгаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэж даргад хэлсэн. Би одоо ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, ажилдаа буцаж орох хүсэлтэй байна. Би байгууллагын нягтлантай маргалдах асуудал байхгүй. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү ... гэв.
Хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд П.О ын гаргасан Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Манай байгууллагын зүгээс түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой нотлох баримтыг холбогдох тайлбарын хамт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүргүүлнэ гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэрээт байгаль хамгаалагчаар 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ажилд орсон. Тухайн үед энэ хүнийг ямар учраас тушаал гаргаж ажилд авсан гэхээр хаврын хуурайшилт, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалын ачаалалтай үед цагаан хужиртын хөндийн даваа газрыг хариуцах байгаль хамгаалагчаар гэрээгээр ажилд авсан юм. Гэрээгээр ажилд орсон байгаль хамгаалагч нь түр хугацаагаар гэсэн тушаал гаргасан боловч энэ тушаалыг өөрчилж бүр тушаал гаргаагүй. Байгаль орчны сайдын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дүгээр тушаал дээр Монгол улсад ажиллаж байгаа нийт 30 тусгай хамгаалалтын газарт ийм ийм орон тоо байдаг гэж тогтоол дотор гэрээт байгаль хамгаалагч гэсэн тушаалын заалт байдаггүй юм. Нэхэмжлэгчийг ямар учраас ажилд авсан бэ гэхээр өмнө нь ажиллаж байсан Даваабаяр дарга нь П.О тай нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Тухайн үед манай ангийн хүүхэд гэж хэлээгүй, тушаал гаргаад ажилд орсон. П.О ыг гэрээт байгаль хамгаалагчаар түр ажилд авчихаад түр тушаалаа жинхлээгүй. Байгаль хамгаалагчийн тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолт дээр дээд боловсролтой, баклавар болон түүнээс дээш зэрэгтэй байх ёстой гэж зааж өгсөн байдаг. П.О ын хувьд энэ шаардлагыг хангахгүйгээр нэлээн удаан ажилласан. Байгууллагын даргаас тушаал гараагүй байсан болохоор би байгууллагын цалингийн санд захируулж цалинг нь олгож явж байсан. Би үйлчилгээний албан хаагчидыг гэрээт ажилчны цалингаар цалинжуулдаг. Би 2019 оны цалингийн цэсийг хуулбарлаж нотлох баримтын шаардлага хангуулж шүүхэд өгсөн байгаа. П.О ын цалинг байгаль хамгаалагчийн цалингийн сангаас цалинжуулж явсан байгаа. Уг байгаль хамгаалагч дээр төрийн захиргааны албан хаагчийн шаардлага хангасан албан хаагчийн цалингаас цалинжуулж явсан байдаг. Манай байгууллагын цалингийн сан хүрэлцэхгүй, тухайн ажлын байранд тэнцэж ажиллах ёстой хүнд олгох цалинг П.О д олгосон учраас би цалинг нэмж олгох боломжгүй. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шинээр томилогдсон Х.Идэр нь тухайн байгууллагын төсөв мөнгө хүрэхгүй байгаатай холбоотой 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж ийм асуудлыг засаж залруулна гэж шийдвэр гаргасан байгаа. ... гэв.
Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь П.О нь Хөвсгөлийн УТХГХЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба уг хугацааны дотор П.О нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нь нэхэмжлэгч П.О тухайн ажлын байрны шаардлагад тэнцэхгүй, манай байгууллага хаврын хуурайшилтын үед түр хугацаагаар авч ажиллуулж байсан, мөн байгууллагын цалингийн цалингийн сан хүрэлцэхгүй, тухайн ажлын байранд тэнцэж ажиллах ёстой хүнд олгох цалинг П.О д олгосон учраас би цалинг нэмж олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ажлаас чөлөөлсөн тухай тушаалын нотариатаар гэрчлүүсэн хуулбар, Мэдэгдэл, идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх эх хувиар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч байгууллагаас ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, П.О ыг ажилд томилсон тушаал, Төсвийн зарлагын 2019 оны хуваарилалт, цалин олгох хүснэгт, 2007 оны Засгийн газрын 354 дугаартай тогтоол зэргийн хуулбар /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт нотлох баримтаар тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгч П.О нь Хөвсгөлийн УТХГХЗ-д 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн гэрээт байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ...Тушаах нь: 1. Далам овогтой О ыг...2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс эхлэн гэрээт байгаль хамгаалагчаар томилон ажиллуулсугай... гэх бичилттэй П.О ыг ажилд томилох тухай Б-16 дугаар тушаал, байгуулсан он сар өдөр тодорхойгүй хөдөлмөрийн, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон №А0555054 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд тавигдах шаардлагыг хангасан байх, уг тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь тухайн ажилтныг чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ба түүнчлэн энэ нь Хөдөлмөрийн хуульд нийцсэн байх шаардлагатай юм.
Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б-30 дугаар П.О ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол улсын Засгийн газрын Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай 2018 оны 258 дугаар тогтоолыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогчийн санаачилсан гэж ажил олгогчийн санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг,
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох гэж төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг тус тус хуульчилсан байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч П.О ыг ажил олгогчийн санаачилснаар чөлөөлсөн гэдэг нь ойлгогдож байгаа хэдий ч ажил олгогч нь ямар үндэслэлээр өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн аль заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа талаараа дурьдаагүй мөн тухайн заалтыг баримтлаагүй учир ажил олгогчийн үндэслэл тодорхойгүй байна.
Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулжээ.
Түүнчлэн хариуцагч байгууллагын даргын П.О ыг ажлаас чөлөөлсөн тухай тушаалд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох гэж заасныг, 2018 оны төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Монгол улсын засгийн газрын 258 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэгч П.О ыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 209 дугаартай Мэдэгдэл, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б-30 дугаартай П.О ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээс үзэхэд хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр сарын 40.5-д зааснаар ажил олгогч ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд дээрхи тохиолдолд ажил олгогч буюу хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нь хууль зөрчсөн байна.
Иймд П.О ыг Хөвсгөлийн УТХГХЗ-д байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлд төлөх 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б овогт П.О /*********** /-ыг Хөвсгөлийн УТХГХЗ-д байгаль хамгаалагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлд төлөх 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА