| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2019/00726/И |
| Дугаар | 155/ШШ2019/01114 |
| Огноо | 2019-12-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2019/01114
| 2019 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2019/01114 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2019/00726/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** М С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** тоотод оршин суух, ************ регистрийн дугаартай, Ц овогт Л.М холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч М.С , хариуцагч Л.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.С нь Л.М тай 2016 онд танилцаж үерхэж байгаад 2019 оны 02 дугаар сарын 12-нд хүү М.Цаыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан юм. Хүүхдээ гарснаас хойш Л.М бидэн дээр ирэх нь багасаж, одоо бүр миний хүүхэд биш гэх болсон. Иймд Л.М ыг миний хүү М.Цаын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Л.М шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр найзууд болох Энхтөр, Нямжаргал, Мөнгөншагай нарын хамт Арбулаг сум руу айлын хөрзөнг хөлсөөр хуулахаар явсан. Ингээд айлын хөрзөнг хуулж мөнгөтэй болсон ба хамт ажилд явсан найзуудын хамт Доргио бааранд орцгоосон. Тэндээ бүжиглэж, пиво ууцгаасан ба бааранд 10 жилд сурч байхдаа зүс танидаг байсан С тай тааралдсан. С надтай ойр зуурын юм яриад өнгөрсөн. Баарнаас гараад танил ах Сүхээтэй таараад хамт нэг тийшээ явах талаар яриад байж байтал С ирээд чи намайг гэрт хүргэж өгөх юм уу, үгүй юм уу гэхэд хамт байсан Сүхээ ах за чи ажилтай байгаа юм байна. Ах нь явлаа гээд явсан. С өөрөө Ээгий гээд дуудаад байсан найзтайгаа хамт явж айсан. Би энэ үед Энхтөртэй хамт байсан. Мөнгөншагай, Нямжаргал 2 найз охидуудынхаа хамт биднээс салаад явсан байгаад Эдилвайс зочид буудалд байна гэхээр нь Эдилвайс руу очсон. Ингээд Энхтөр, Ээгий гэх охинтой, би С тай унтсан. Бид 4 нэг өрөөнд орж унтацгаасан. Би С тай бэлгийн харьцаанд нэг л удаа орсон. Түүнээс хойш түүнтэй уулзаагүй. С надтай утсаар чатлахаар нь би хариу бичдэггүй айсан. Харин 2018 оны 12 дугаар сарын дундуур байх би Грийнголд ресторанд ажиллаж байхад С-ийн ээж гэж өөрийгөө танилцуулсан танихгүй эмэгтэй ирээд, манай охин чамаас жирэмсэн болсон гэхээр нь би гайхаад та юу яриад байгаа юм, тоглоод байгаа юм уу хаашаа юм гэхэд, би С-ийн ээж байна гэхээр нь за эгч минь би танай хүүхэдтэй нэг л удаа бэлгийн харьцаанд орсон. Миний хүүхэд бишээ гэж хэлсэн. Үүнээс хойш хэд хоногийн дараа С-ийн эгч нь гэх эмэгтэй ажил дээр ирээд, чи айлын охин жирэмсэн болгочихоод хэгжүүн юм гэх мэтийн дээрэнгүй байдлаар хэлсэн. Би гаръя гээд гарсан ба машинд нь орж уг эмэгтэйтэй уулзахад чи очоод С тай уулзчихаа, чамаас мөнгө төгрөг нэхэхгүй, чи айх юм байхгүй гээд байхаар нь нэг удаа очсон. Яагаад очих болсон гэвэл манай ээж Лонжид руу С байнгын янз бүрийн зүйл бичээд чатлаад байсан тул очсон. С нэхэмжлэлдээ дандаа худлаа зүйл бичсэн байна. Би түүнтэй үерхэж ч байгаагүй, манай гэр бүлийнхэн түүнийг танихгүй, тэдний гэр бүлийнхэн ч намайг танихгүй, би тэднийхээр ирэн очин хэзээ ч байгаагүй, эгч нь очоод уулзаач гээд, гэрийн нь хаягийг өгөхөөр нь нэг удаа заасан хаяган дээр нь очсон. С-ийн эгч нь хуулийн сургуул төгссөн гэсэн ба намайг Хөвсгөлийн нэгдсэн зар дээр тавьж, чацга болгоно, фэйсээр од болгоно гэх мэтээр үргэлж дарамтлаад чаат бичээд байсан. С-ийн яриад байгаа хүүхэд нь миний хүүхэд биш тул би уг хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй мөн хүүхдийн тэтгэлэг төлөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж шүүхэд тайлбар гаргаж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Хууль сахиулах их сургуульд сурдаг. Тэр бүр чөлөө олддоггүй болохоор би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Энэ охиныг би дөнгөж одоо л харж байна. Өмнө нь энэ тухайгаа хэлж байсан бол шүүх хүртлээ явахгүй байсан. Хүүгийнхээ хүүхэд гэдэгтэй маргах зүйлгүй. Хуульд зааснаар хүүхдийн тэтгэмжийг төлнө. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Л.М т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүү М.Цаыг төрүүлсэн болох нь С.Цаын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгч М.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудаас нэхэмжлэгч М.С , хариуцагч Л.М нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас хүү С.Ца төрсөн болох нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5273 дугаар: ... 1. Хүний геномын микросателитын D3S1358, THO1, D21S11, D18S51, PentaE, D5S818, D13S315, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Л.М нь С.Цаын биологийн эцэг байх боломжтой байна.
2. Л.М нь С.Цаын биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,99%-ийн магадлалтай байна... гэсэн бичвэр бүхий ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Гантуяагийн дүгнэлт, С.Цаын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.,
мөн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх тул 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Цад эцэг Л.М аас сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч М.С нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргааны шаардлагад 32.529 төгрөг, нийт 102.729 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М аас 102.729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.С д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, ************ регистрийн дугаартай, хүү С-ийн Цаын төрсөн эцэг нь Ц овогт Л-ын М мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Цаыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.М аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М аас 102.729 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.С д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА