Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2019/01186

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 155/2019/01013/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн ************ тоотод оршин суух, ************* регистрийн дугаартай, Ч  овогт Б.М-д холбогдох ажлаас халагдахдаа авсан тэтгэмж 7.800.000 төгрөг, Үндэсний аудитын газрын актаар тогтоогдсон төлбөр 1.587.000 төгрөг нийт 9.387.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , хариуцагч Б.М  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл дулааны станц ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Батаа овогтой М ыг ажлаас чөлөөлж, өөрийн саналын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэлд хавсаргасан Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 04 дугаартай тэмдэглэлд Б.М  Эрчим хүчний систем дэх хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан байдаг юм. Тэтгэмж олгохгүй байсан ч мөн болно гэсэн хүсэлтийн дагуу гишүүдээс санал авч 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Хөвсгөл дулааны станц ТӨХК-ий Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 09 дугаартай тогтоолоор Б.М ыг ажлаас чөлөөлсөн тухай, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг шийдвэрлэсэн. Гэвч Б.М  нь Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцож шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч дараа нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр 14.609.450 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан байна. Мөн Батаа овогтой М  нь Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, байгууллагыг өмч хөрөнгө, санхүүгийн хувьд алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Үүний дагуу Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаартай төлбөр барагдуулах тухай актын дагуу Б.М аас 1.587.000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого төвлөрүүлэх акт гарсан.

Иймд Батаа овогтой М ыг ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 төгрөг, Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаартай төлбөр барагдуулах тухай актын дагуу төлөх 1.587.000 төгрөг, нийт 9.387.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батаа овогтой М  нь Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид ажиллаж байгаад тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 09 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөхдөө 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 7.800.000 төгрөгийг авахаар тохиролцож, түүнийг нь компаниас Б.М ы дансруу шилжүүлсэн. Энэ баримт нь байгаа. Гэвч Б.М  нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шийдвэр гарсан. Манай байгууллага Б.М д олгох ажилгүй байсан хугацааны цалин 14.300.000 төгрөгийг дансандаа байршуулсан байгаа боловч энэ хэргийг шийдвэрлүүлсэний дараа өгөхөөр хүлээж байгаа. Нэгэнт энэ хүн ажлаас үндэслэлгүй халагдсанаа эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шийдвэрлүүлсэн тул ажлаас чөлөөлөгдөхөө авсан 7.800.000 төгрөгийг буцаан байгууллагад төлөх нь зүйтэй гэж үзэн нэхэмжилж байгаа юм.

Мөн 2018 оны Санхүүгийн Аудитын дүгнэлтээр Б.М  нь ямар нэгэн шийдвэргүйгээр өөртөө урамшуулал авснаас Үндэсний Аудитын газраас акт тавигдаж, байгууллага 1.587.000 төгрөгний өрөнд орсон. Энэ мөнгийг буруутай этгээдээр төлүүлөх нь зүйтэй гэж байгууллагын зүгээс үзэж байгаа тул энэ мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд Б.М аас ажлаас халагдахдаа авсан тэтгэмж 7.800.000 төгрөг, Аудитын актаар тогтоогдсон төлбөр 1.587.000 төгрөг нийт 9.387.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэв.

Хариуцагч Б.М  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.М  би Хөвсгөл Дулааны Станц ТӨХК-ий Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7.800.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу авсан нь үнэн. Би хууль зөрчөөгүй авах ёстой хуультай тэтгэмжээ авсан. Ажлаас чөлөөлөхөд М  зөвшөөрсөн гэж байгаа бол нотлох баримтыг үзье. Байгууллагыг алдагдалд оруулсан гэж байгаа бол хэдэн төгрөгний ямар алдагдалд оруулсан нотлох баримтыг үзье. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар бүхий акт гарсан гэж байна би мэдэхгүй, үзээгүй, дуулаагүй надад тийм зүйл танилцуулаагүй. 1.587.000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Нийт 9.387.000 төгрөгийг төлөхгүй, зөвшөөрөхгүй би хууль зөрчөөгүй. Би энэ байгууллагаас ажлаас чөлөөлөгдсөн цагаас хойш авсан цалин байхгүй. Би өнөөдөр ч ажилдаа ороогүй хохирч яваа юм. гэжээ.

Хариуцагч Б.М  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт: Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэрийг үл харгалзан уг ажилтанд тус салбарт 1-4 жил ажилласан бол 4 сар, 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сүүлийн 1 жилийн дундаж цалингаар бодож олгоно. гэж заасан байдаг. Би Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал дээр хэрвээ намайг ажлаас халах гэж байгаа бол энэ тэтгэмжээ авна гэж хэлж байсны дагуу 6 сарын тэтгэмж олгогдсон. Тийм болохоор би энэ мөнгийг буцааж төлөх үндэслэл байхгүй. Аудитын актын талаар би огт мэдээгүй. Тэр өр төлбөр тавигдах ёсгүй. 2017 оныхоо ажлыг дүгнээд манай байгууллага сайн ажилласан учраас урамшуулалт цалингаа авсан. Хэрвээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тохиролцъё гэвэл би 2.800.000 төгрөгийг буцаан өгч болох юм. Энэ саналыг маань хүлээж авахгүй байгаа болохоор би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Б.М д холбогдуулан ажлаас халагдахдаа авсан тэтгэмж 7.800.000 төгрөг, Үндэсний Аудитын газрын актаар тогтоогдсон төлбөр 1.587.000 төгрөг, нийт 9.387.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Б.М ыг Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат тус компаний гүйцэтгэх захирлын ажлаас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Б.М д 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон болох нь тус компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай ажлаас чөлөөлөх тухай хурлын тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, талуудын тайлбар,

Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид 1.587.000 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан болох нь Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар төлбөр барагдуулах тухай актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Ажлаас халагдахдаа авсан тэтгэмж 7.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Б.М ыг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон Шүүх түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсаныг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргахаар шийдвэрлэсэн учир ажлаас чөлөөлөхдөө олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч Б.М  нь Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авсан учраас энэ мөнгийг төлөхгүй гэж маргажээ.

Зохигч 7.800.000 төгрөгийг Б.М ы дансанд шилжүүлсэн, уг мөнгийг өгсөн авсан эсэх талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.М ыг ажлаас чөлөөлөгдөхөд компаний Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдсан бөгөөд тухайн хуралд Б.М  нь 6 сарын тэтгэмжээ аваад ажлаас чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн боловч шүүхэд нэхэмжлэл гаргаж ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж тайлбарлан нотлох баримтаар Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл гэх баримтад Хөвсгөл Дулааны станц хуулбар үнэн гэсэн тэмдэг даран шүүхэд ирүүлсэн нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт: Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан байна.

Хариуцагч Б.М  нь Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авсан гэж тайлбарлан энэ тухай нотариатчаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу тэтгэмж олгосон гэж байгаа боловч үүнийгээ нотлоогүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч тал татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.

Иймд ажлаас халагдахдаа авсан тэтгэмж 7.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Аудитын актаар тогтоогдсон төлбөр 1.587.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б  нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.М  нь шийдвэргүйгээр өөртөө урамшуулал авч аудитын төлбөр тавигдсан тул 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар Үндэсний Аудитын газрын актаар тавигдсан төлбөр 1.587.000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч Б.М  нь тухайн аудитын актыг би мэдээгүй манай байгууллага 2017 онд ашигтай ажилласан тул би бусад ажилтнуудынхаа адил урамшууллаа авсан учир төлөхгүй гэж маргажээ.

Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар актаар Хөвсгөл Дулааны станц ТӨХК-д холбогдуулан 1.587.000 төгрөгийн төлбөр тавигдсан байх бөгөөд төлбөрийн актын биелэлтийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор Санхүүгийн газарт ирүүлэхийг гүйцэтгэх захирал Ч.Цогоо, ерөнхий нягтлан бодогч Е.Мөнгөнцэцэгт нарт хариуцуулж, тухайн албан тушаалтнууд актыг зөвшөөрч гарын үсгүүдээ зурсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.М ы буруугаас байгууллага хохирсон гэж тайлбарлан нэхэмжилж байх бөгөөд байгууллагад тавигдсан актын төлбөрийг яагаад хувь хүн болох Б.М аас нэхэмжилж байгаагаа тайлбарлаж, нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Б.М ыг ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 төгрөг, Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар төлбөр барагдуулах тухай актын дагуу төлөх 1.587.000 төгрөг, нийт 9.387.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсэгт тус тус зааснаар Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.М д холбогдох ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7.800.000 төгрөг, аудитын төлбөр барагдуулах актын дагуу төлөх 1.587.000 төгрөг, нийт 9.387.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасанаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА