| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2019/00741/И |
| Дугаар | 155/ШШ2019/00745 |
| Огноо | 2019-09-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2019/00745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** тоотод оршин суух Д овогт Н-ийн Б /************ /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Н.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагч М.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Намайг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн. Учир нь өрөөнөөсөө гаралгүй, ажлын байранд унтсан гэж хариуцагч тайлбарладаг. Гэхдээ би ажлын хариуцлага алдаагүй. Өрөөн дотроосоо чимээ чагнаж, шаардлагатай тохиолдолд өрөөнөөсөө гарч, орчин тойрноо хардаг байсан. М.Бат-Эрдэнэ захирал намайг бусдын ятгалгалаар ажлаас чөлөөлсөн. Урьд нь намайг мөн ажлаас халж, эгүүлэн ажилдаа авч байсан. Энэ удаад ч намайг бусдын ятгалгаар ажлаас чөлөөлсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Захирал миний утас руу 2 удаа залгаж байсан. Тухайн үед дуудлагыг нь мэдээгүй алдсан учраас буцаагаад залгатал намайг гудамжнаас тэжээсэн гөлөг минь гэж доромжилсон. Мөн М.Бат-Эрдэнэ захирал над руу 11 удаа согтуу залгаж байсан. Би тухайн ээлжинд гарсан өдөр өрөөндөө орж унтаагүй, орчин тойрноо цэвэрлэсэн. Харин маргааш нь амралтын өдөр байсан учир өглөө өрөөнөөсөө аажуу гарсан нь үнэн. Би өрөөндөө орж ор хөнжилдөө орж унтаагүй. Албан үүргээ гүйцэтгэсэн.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуулийн харуул хамгаалалтын ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуулийн захирал М.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
... Хэрэгт нотлох баримтаар өгсөн хуурцагт бичигдсэн бичлэгээс тодорхой харагдах байх. Н.Б 2009 оноос хойш буюу ажилд орсноосоо хойш 6 удаагийн сахилгын шийтгэл хүлээж, 1 удаа ажлаас халагдаж байсан. Н.Б г ажлын хариуцлага алдаагүй бол 6 удаа сахилгын шийтгэл оногдуулахгүй шүү дээ. Мөн тушаалаа буруу гаргасан байсан учраас ажилд нь эгүүлэн авч, ажилд буцаж ороод 2018 онд цалингийн 20 хувиар арга хэмжээ авахуулж байсан. Н.Б ажлын хариуцлага алдаж шөнийн 12 цагаас өглөө 06 цаг хүртэл унтдаг юм билээ. Би Н.Б ыг байгууллагын аюулгүй байдлыг хангаж ажиллаж чадахгүй байна гэж үзэж байна. Хүн чанар гаргаж 10 жил хамтран ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 5 удаа сахилгын шийтгэл авна гэдэг нь Н.Б ыг ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Мөн хүний хэлснээр ажлаа хийдэг хүн би биш. Тийм асуудал байхгүй.Түүнчлэн Н.Б ы ёс зүй, хариуцлагын талаар ч ярих юм байна. Гэхдээ энэ талаар нотлох баримт байхгүй учраа яриад яахав. Тухайн байгууллага амар тайван хоночихвол ажлаа хийсэн гэж үзэх юм уу. Ямар нэг зүйл болсон тохиолдолд байгууллагын удирдлага хариуцлага хүлээдэг шүү дээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуульд холбогдуулан Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуулийн харуул хамгаалтын ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь Н.Б ыг хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй сахилгын зөрчил удаа дараа давтан гаргасан болон ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь: Нэхэмжлэгч Н.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй ба Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуульд харуул хамгаалтын ажилтнаар ажиллаж байсан болох нь талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн хөдөлмөрийн гэрээ, Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 дугаартай Н.Б ыг ажлаас халах тухай тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Н.Б ыг ажлаас халах тухай Б/07 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Монгол улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дахь заалтыг тус тус үндэслэн Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргасан Н.Б ыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр үүрэгт ажлаас халсугай гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж заасан байх ба ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.
эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгохоос гадна гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээндээ тус тус нэрлэн заасан байхыг ойлгоно.
Хариуцагч нь шүүх хуралдаанд Н.Б нь сахилгын зөрчлийг удаа дараа давтан гаргаж арга хэмжээ авагдаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд заасан хариуцагч татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй болно.
Дээрх байдлаас дүгнэхэд Н.Б ыг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргаж байсан гэж үзэх боломжгүй.
Мөн түүнчлэн Н.Б нь хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй тул ямар заалт зөрчсөн нь ойлгомжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Н.Б ыг Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуулийн харуул хамгаалтын ажилтны үүрэгт ажлаас үндэслэлгүй халагдсан гэж дүгнэн, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Н.Б ыг Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуулийн харуул хамгаалтын ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Нутгийн аваргууд спортын сургуулиас 70.200/ далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Б д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ