| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2019/00386/И |
| Дугаар | 155/ШШ2019/00760 |
| Огноо | 2019-09-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2019/00760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** тоотод оршин суух, Х овогт Х-ийн Г , /*************** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын *************** оршин суух, Д овогт Н-ийн О /************* /-д холбогдох
Хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Х.Г , хариуцагч Н.О , хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Би том хүү А-гаа өөрийн асрамждаа авч, хоёр хүүхдээ хамт өсгөх бодолтой байна. Н.О нь өнгөрсөн жил хүүгээ хаяад Улаанбаатар хот явсан байсан. 2019 оны 7 дугаар сард наадмаар таараад хүү маань ирсэн үү гэсэн чинь ирсэн гэсэн. Тэгэхээр нь би хүүтэйгээ уулзах гээд очсон чинь чамд ямар хамаатай юм гээд нөхөр нь намайг барьж авч зодох гэж байсан. Намайг хүүтэй минь яриулдаггүй. Хүүтэйгээ яръя гэхээр байхгүй байна гэдэг. Хаачсан юм бэ гэхээр малдаа явсан гэдэг. Яахаараа тийм жаахан хүүхэд малд явдаг юм бэ. Н.О нь шүүхээс гэрлэлтээ цуцлуулсан цагаас хойш бага хүүтэйгээ яриагүй. Би хоёр хүүхдээ нэг дор өсгөе гэж бодож байна. Гэр бүлийн хүмүүс нь хүртэл намайг ална гэж дарамталдаг. Энэ хүн нөхөртэйгээ хамт цагдаад шалгагдаж байгаа. Би ийм хүмүүст хүүхдээ өгмөөргүй байна. Би хоёр хүүхдээ өсгөөд аваад явж чадна гэж бодож байна. Том хүүг маань зуны амралтаар байнга явуулдаггүй. Н.О ээжийг маань таарсан газраа зоддог. Нөхөр нь ч намайг таарсан газраа барьж ална гэж хэлдэг. Одоо Н.О цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Ийм хүмүүст хүүгээ өгөхийг зөвшөөрөхгүй байна. Хоёр хүүгээ нэг дор өсгөмөөр байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
Хариуцагч Н.О шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Бид гэрлэлтээ цуцлуулахдаа би том хүүгээ, Х.Г бага хүүгээ тус тусынхаа асрамжид авсан. Том хүүгээ зуны амралтаар нь дүүтэйгээ уулзаг гээд явуулахаар хүүг маань буцаагаад явуулдаггүй. Сургууль нь орох гээд байхад авчирч өгөлгүй Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуульд өгчихсөн байсан. Х.Г ийн ээж нь том хүүг маань харж байгаад гээд байсан хэдий ч сумын сургуулийн дотуур байранд өгчихсөн байсан учраас би цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүүгээ очиж авч байсан. Би хүүгээ айлын тогоо харуулахгүй гэсэн үүднээс эмээтэй нь хамт амьдруулж байгаа. Х.Г А г сургуулиас нь очоод авчихдаг. Багш нь хүртэл ямар хэцүү юм бэ, хүүхдээ сургуульд сургадаггүй юм уу гэж хэлж байсан. Тэр ч бүү хэл Сод-Эрдэм сургуульд сурч байхад нь очиж аваад, Авьяас сургуульд оруулчихсан байсан. Би хоёр хүүгээ уулзаж байг гээд А г явуулахаар буцааж явуулдаггүй. Хүмүүс ч мэдэж байгаа байх. Би хүүгээ хэнээс дутахааргүй авч явж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Н.О д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Учир нь:
Нэхэмжлэгч нь хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байгаа, мөн хоёр хүүхдээ нэг дор өсгөх бодолтой байгаа тул хүү Г.А г өөрийн асрамжид авна,
хариуцагч нь хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн зүйл байхгүй.Шүүхийн шийдвэрээр бага хүү Г.Батзоригийг эцэг Х.Г т үлдээж, том хүү Г.А г миний асрамжид өгсөн.Иймд хүүгээ өгөхгүй хэмээн маргаж байна.
Нэхэмжлэгч Х.Г , хариуцагч Н.О нар нь 2007 онд гэр бүл болж тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.А , 2012 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.Батзориг нар төрсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 552 дугаартай шийдвэр зэргээр тогтоогдлоо.
Хэдийгээр нэхэмжлэгч Х.Г нь ...Хүүхдийг минь надтай утсаар яриулдаггүй, уулзуулдаггүй.Уулзах гэхээр Н.О ын суусан нөхөр нь намайг ална гэж дарамталдаг. Мөн Н.О нь удаа дараа хүүхдээ хаяж явсан байдаг.Хүү Г.А ээж дээрээ очсоноос хойш түүний эрх ашиг ноцтой зөрчигдөж эхэлсэн тул би өөрийн асрамжид авна.Тэгээд ч хоёр хүүхдээ нэг дор өсгөе гэж бодож байна...гэх тайлбарыг өгч байх боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй үндэслэлийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд хүүхдүүдийн амьдарч буй орчин нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.Г ийн хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д зааснаар Х.Г ийн нэхэмжлэлтэй, Н.О д холбогдох, хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ