Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2019/00811

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

   Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанд:  

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух Х  овогт Д-ийн М /********* /-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1203 дугаар үнэмлэхтэй, Бэсүд овогт Ванчигдоржийн Энхболд,

Хариуцагч:Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин буюу гэм хорын хохирол 12.299.823 /арван хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга найман зуун хорин гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Д.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Миний бие улсад 43 жил ажилласнаас Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн газарт 28 жил ажилласан. 2012 оноос Дуламжав даргатай хамтарч ажиллаж эхэлсэн. Энэ хүн томилогдсоныхоо дараа надтай хамт ажиллаж байсан олон хүмүүсийг хоморголон ажлаас халсан. Намайг цагдаа шүүхээр явж байсан хугацааг ажил тасалсанд тооцож, ажлаас халсан байдаг. Намайг олон янзаар дарамталж байсан учраас би 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлтсийн даргадаа хүсэлтээ гаргаж 01 жилийн хугацаатай чөлөө авсан. Чөлөөтэй байх 01 жилийн хугацаа дуусаж 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа эргэж орох гээд Дуламжав даргатай уулзахад, тэр өдрөө даргын зөвлөл дуудаж хуралдсан. Даргын зөвлөлд дарга Дуламжав, захиргаа хяналтын дарга Оюунтуул, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн А , гэр бүл хяналтын халамжийн албаны дарга Банзрагч, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Ууганбаяр, үйл ажиллагааны нягтлан бодогч Эрдэнэцогт нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж чиний талаар цагдаагаас бичиг ирсэн. Чамайг ял авах нь тодорхой гэсэн, Цагдаагаас ирсэн албан бичгийг шүүхийн шийдвэртэй нэгэн адил гэж үзэж байна гээд намайг ажлаас халсан. Би Төрийн албаны салбар зөвлөлд удаа дараа хандаж байсан. 2016 онд миний ажиллаж байсан мэргэжилтний орон тоо байсан хэдий ч намайг зохион байгуулагчаар ажилд авч байсан. Энэ хугацаанд ажлын байрны дарамт байсан. Миний биеийн байдал муу байсан учраас би удаа дараа эмнэлэгт хэвтсэн. Намайг жил гаруй хугацаанд ажилд маань эгүүлэн авалгүй, хохироосон. Дуламжав гэдэг хүнээс болж маш олон хүн хохирч байсан. Тэр хүмүүс бас гомдож л байгаа байх. Намайг суух сандалгүй болгоод халж байсан. Анх ажлаас халахдаа намайг чи ялтан хүн, чи төрд ажиллах эрхгүй хүн гэж дарамталж байсан.Тэгээд чамайг эрүүл мэндийн байдлаасаа болж халагдахгүй юм бол чамайг шууд хална гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд халагдах юм бол төрд ажилласны тэтгэмж авч чадахгүй юм байна гэж бодоод өөрийнхөө хүсэлтээр чөлөө авч байсан. Би ХААН банкинд зээлтэй байсан. Банкинд зээл, зээлийн хүү 4.000.000 төгрөг төлж хохирч байсан. Даргын зөвлөлийн хурал хуралдаагүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ даргын зөвлөл хуралдаж намайг хүсэлтээ өг гэж шахаж, шаардаж, ажлаасаа чөлөө аваад чөлөөнийхөө хугацаанд уг асуудлаа шийдвэрлүүл гэж хэлдэг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын дарга Б.Эрдэнэхуяг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Д.М-ийн  тус байгууллагад хамааруулан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй талаарх дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2002-2018 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д ...Нэг жилээс албан ажлаа хийлгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон... гэж заасны дагуу Д.М-ийн  өргөдлийн дагуу Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга шийдвэр гаргаж ажлаас түр чөлөөлсөн байдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга шийдвэр гаргаж ажлаас түр чөлөөлсөн байдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар түр чөлөөтэй байсан Д.М-ийн  2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу 2016 оны 04 дүгээр сард үндсэн болон бусад нэмэгдэл /зэрэг дэв, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл/-ийг бууруулахгүй ажилд эгүүлэн томилсон.

2.Д.М-ийн  нэхэмжлэлд дурдагдсан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Дуламжав нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн албаны даргаар ажиллаж байсан Оюунтогтох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2017 оны 01 дүгээр сар хүртэл тус газрын дэд даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд эрхийг нь зөрчсөн гэж үзэж байгаа дээрх албан тушаалтнуудын талаар аймгийн Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянуулах, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хангалттай хугацаа байсан атал гомдол гаргаагүй.

3. Өмнө үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан. Үүний дагуу нэхэмжлэгч холбогдох байгууллагуудад хандаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр сарын 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаар бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан хугацаа хэтэрч холбогдох хуулиудад заасан хэрэг маргаан хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

4. Мөн өөрийн хүсэлтээр ажлаас түр чөлөөтэй байсан хугацаагаа хууль, хяналтын байгууллагаас болж ажлаас халагдсан гэж үзэн Монгол Улсын Засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн боловч 3 шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зэргийг анхааран үзэж иргэн Д.М-ийн  тус байгууллагыг хариуцагчаар тогтоолгосон 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын хэлтэст эмнэлэг хөдөлмөрийн коммист тус байгууллагыг төлөөлөн ажилладаг байсан. Энэ хурал долоо хоног бүрийн пүрэв гаригт хуралддаг байсан. 2014 оныг дуустал тус байгууллагад Д.М  ажиллаж байсан. Хурал нь ч оройтож тардаг байсан байх. Энэ хүн ажиллаж байх хугацаандаа 5 өдөр ажилдаа ирдэггүй байсан. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөх байх. Зарим үед нэг, хоёр өдрөөр ажилдаа ирдэггүй байсан. 2013 оны 01 дүгээр сар хүртэл би байгууллагын хүний нөөцийн ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед нэхэмжлэгч 2013 оныг дуустал ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Би хүний нөөц байгууллагын дотоод журмыг сахиулах ажлын чиг үүрэгтэйгээр ажилладаг байсан. 2013 онд энэ хүний ажил нь иймэрхүү байдалтай явагддаг байсан. Дуламжав даргын зүгээс энэ хүндээ хариуцлага тооцож ажиллаач гэсэн шаардлагыг тавьдаг байсан. Би Д.М  гуайд надад дээрээс шаардлага тавьж байна. Гэвч би таны цалинг бүтэн оруулаад явж байгаа шүү гэж хэлдэг байсан. Д.М  гуай өөрөө ах нь энэ байдлыг чинь ойлгож байгаа гэж хэлдэг байсан. Бид хоёр, гурван жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарах гэж байхад нь ажлаас халаад яахав дээ гэсэн байдлаар түүнд ханддаг байсан. Түүний бие нь тухайн үед тааруу байсан учраас өөрөө хүсэлт гаргаж 1 жилийн чөлөө авсан. Бид нар хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгааг нь мэдээгүй. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс түүгээр нь далимдуулж хавчиж, дарамталж байсан зүйл байхгүй. Дуламжав дарга л энэ талаар мэдэж байсан байх. Энэ шалтгаанаар бид нараас нэг удаа ч чөлөө авч байгаагүй. Хууль шүүхийн байгууллагаар явж байхад нь хавчиж дарамталсан гэдэг нь худлаа, тийм зүйл болоогүй байх. 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилд орох өргөдөл өгсөн гэдгийг нь Дуламжав, Оюунтунгалаг гэдэг 2 хүн мэдэж байгаа. Би энэ хоёр хүнийг гэрчээр дуудаж асуух гэсэн боловч утсаа авсангүй. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын зөвлөл нь Д.М  гуайг 01 жилийн чөлөө авснаас хойш тухайн хугацаанд хуралдаагүй, даргын зөвлөлийн гишүүдийг байлцуулж байгаад 2-3 удаа Д.М  гуайтай уулзсан байдаг. Дуламжав дарга надад Д.М  гуайг даргын зөвлөлийн гишүүдийг байлцуулж байгаад уулзсан хурлын тэмдэглэл байна гэж хэлсэн. Хүний эрхийн үндэсний коммисоор дамжуулан гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оныг 04 дүгээр сарыг дуустал эмнэлэгт хэвтэж байсан. Орхон аймагт хэвтэн эмчлүүлж байгаад энэ хугацааны замын зардлыг төрөөс нэхэмжилсэн байдаг. Миний зүгээс шүүхэд нотлох баримтаар шүүхийн шийдвэр, магадлалыг гаргаж өгсөн байдаг. Үүн дээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оныг 04 дүгээр сарыг дуустал Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардал, замын зардлаа төрөөс нэхэмжилсэн байдаг. Энэ хүн тухайн үед шүүхэд хуурамч нотлох баримт болон үнэн зөв мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй юм байна гэж үзэж байна. Эсвэл энэ хүн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн мэт харагдаж байна. Хуулийн байгууллагаас болж ажилгүй байсан хэмээн 24.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь хуулийн байгууллагаас болж ажлаасаа халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Угтаа бол хуулийн байгууллагаас Д.М  гуайг ажлаас чөлөөлсөн болон түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй. Энэ нэхэмжлэл нь хангагдаагүй учир Хөвсгөл аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс нэхэмжилж байна гэж үзэж байна. Ажилдаа эргэж оръё гэж албан ёсоор өргөдөл гаргахад нь үүнийг нь шийдвэрлэсэн. Нийгмийн халамж үйлчилгээний газраас бүх баримтыг бүрдүүлээд Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 204 дүгээр тогтоолыг үндэслээд Д.М  гуайг өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж өгөх материалуудыг нь бүрдүүлээд ерөнхий газартаа хүргүүлээд 2016 оны төсөвт суулгуулаад, 2017 онд 18,000,000 төгрөгийн тэтгэмж гаргуулж шийдвэрлэсэн. Даргын зөвлөлөөс хэдэн хүнд нилээд их хөөцөлдөж байж нэг удаагийн буцалтгүй тусламжийг нь гаргуулж өгсөн. Хүн өөрөө хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа юм бол Хөдөлмөр магадлах коммист 3 сарын дотор, шүүхэд 01 сарын дотор өргөдөл гомдол гаргах эрхтэй. Үүнийгээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гаргаагүй байна гэж бодож байна. Аймгийн засаг даргад Д.М  гуай өргөдөл бичсэн байдаг. Өргөдлийн хариуг эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа бол яагаад шүүхэд хандаагүй юм бэ, эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа юм бол шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаагаа яагаад сэргээлгээгүй юм бэ гэсэн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь аймгийн Засаг даргын бичгээр нотлогдож байгаа юм. 2015 онд өргөдөл гомдлын бүртгэлд үзлэг хийгдсэн. Үүнд өргөдөл гаргасан, үүнийг шийдвэрлэсэн гэж байгаа боловч түүний эрхийг зөрчиж шийдвэрлэсэн юм уу, зөрчөөгүй шийдвэрлэсэн эсэхийг Д.М  гуай өөрөө мэдэж байгаа байх. Миний бие 2012 оноос хойш Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу даргын тушаалыг хуулийн дагуу төлөвлөх, бусад тушаал албан тоотыг төлөвлөх үүрэг хүлээдэг. Үүнийхээ би үүрэг хүлээж тушаал төлөвлөж, байгууллагын дотоод журам Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг мөрдүүлж ажилладаг хүнийхээ хувьд Д.М  гуайд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, аймгийн Засаг даргад миний албаны болон хувийн нэр төрд халдсан гүтгэлгийн шинж чанартай өргөдөл, гомдлыг явуулж байсан. Би тэр болгонд хүлээцтэй хандаж байсан.Нэгэнт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь манай байгууллагын 13 ажилтны цалинтай тэнцэх хэмжээний нэхэмжлэл байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М  нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 12.299.823 /арван хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга найман зуун хорин гурван/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба тэрээр шаардлагаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжилж байна хэмээн тодруулсан болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...хуулиар олгогдсон эрхийг минь зөрчсөний улмаас 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 01 жил 01 сар 16 хоног ажилгүй байсан тул цалин 12.299.823 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг дараах баримтууд нотолно гэжээ.

Үүнд: Д.М-ийн  ам бүлийн талаарх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, мөн аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 36-01/01 тоот Д.М-ийн  цалин хөлсний талаарх өргөдлийн хариу, Хөвсгөл аймгийн Нийгэм халамж үйлчилгээний хэлтсийн 2015 оны өргөдөл гомдлын дэвтрээс нэхэмжлэгчийн хуулбарлаж авсан гэх хуулга, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болон томилсон ажил олгогчийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б\07 тоот, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б\16 тоот тушаалууд, мөн газрын Д.М-ийн  цалингийн талаарх 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолын хуулбар болон хэргийг шийдвэрлэсэн тухай 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3\11 тоот албан бичиг, Д.М-ийн  хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдлыг шийдвэрлэсэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1\1581 тоот хариу мөн аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/628 тоот хариу, гэрлэлтийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн хуулбар, ажил олгогчийн тушаалд гаргасан гомдлыг шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 3\1851, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 538 тоот хариу зэргийг ирүүлжээ.

Хөвсгөл аймгийн Нийгэм халамж үйлчилгээний хэлтэс нь мөн аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон өөрчлөгдсөн ба Д.М  нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус хэлтэс, газарт ажиллаж байгаад 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн шалтгааны улмаас 01 жилийн хугацаагаар чөлөөлөгдсөн талаар талууд тайлбарлалаа.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.М  нь Халтарын тэтгэврийн мөнгийг залилан мэхэлж авч байсан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч нь: ... 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр чөлөөний хугацаа дуусан ажилдаа орох хүсэлт гаргахад хэлтсийн дарга н.Дуламжав Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул ажилд авахгүй гэсэн ба 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин очиход Даргын зөвлөлийн хурлаар ажилд авахгүй гэж шийдвэрлэсэн... гэх хариу өгсөн хэмээн тайлбарласан.

Дээрх тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүй ба өөрийн эрхийг зөрчсөн гэж үзсэн бол тухайн үед нь холбогдох газарт нь хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, уг харилцаа Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулагдана гэж маргаж байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл / эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцна,

Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заажээ.

Д.М-ийн  хөдөлмөрлөх эрхтэй холбоотой ажил олгогчийн шийдвэрт гаргасан гомдлыг харьяалах байгууллагууд нь шийдэн Төрийн албаны төв зөвлөл 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 538 дугаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан 30 хоногийн хугацаа хэтэрсэн байх тул өргөдлийг Төрийн албаны зөвлөл хянан шийдвэрлэх боломжгүй байна. Иймд та өргөдөлд дурдсан асуудлаараа Захиргааны шүүхэд хандана уу...,

Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/1851 дугаар ...2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар хэлэлцээд асуудлаа хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг уламжилъя... гэх хариуг тус тус ирүүлснийг тэрээр гардан авсан талаараа тайлбарласан ба Д.М  нь төрийн байгууллагын дээрх шийдвэртэй холбоотой гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-т заасны дагуу харьяалах шүүхэд гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаараа маргаагүй байна.

Түүнчлэн тэрээр Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 538 тоот, Хөвсгөл аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/1851 тоот албан бичгүүдийг гардаж аваад 2 жил 10 сарын дараа шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин 12.299.823 /арван хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга найман зуун хорин гурван/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж дараа нь гэм хорын хохирол хэмээн тодруулан шаардсан болно.

Тэрээр Санхүүгийн хяналт аудитын алба болон Хөвсгөл аймгийн Засаг даргад тухайн асуудлаар гомдол гаргахад түүнд...цалин хөлсөөрөө хохирсон эсэх асуудлыг хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй, мөн таны гаргасан гомдол шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал мөн ба уг асуудлаар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргах хуулиар олгогдсон эрх хэмжээгүй болно. Харин хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байдлаа нотолбол нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг шүүхэд гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой болохыг зөвлөж байна гэх хариуг өгч байсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д төрийн албан тушаалын ангиллыг заасан ба харин хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдаж ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэж тодорхойлжээ.

Төрийн албан хаагч үүргээ зөрчсөнөөс үүссэн гэм хорыг төр хариуцаж арилгахыг хуулиар тусгайлан тогтоосон шаардах эрхийн үндэслэл нь тухайн этгээд зөвхөн төрийн нэрийн өмнөөс төрийн ажил албан тушаалын ангилалд заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан нөхцөлд хамаарах ба тухайн буруутай гэх үйлдлийн улмаас өөрийнх нь эрх ашиг хөндөгдөнө, ашиггүй байдал үүсэх талаар мэдсэн, мэдэх боломжтой байхад эрх бүхий байгууллага, албан тушаалтан, шүүхэд өргөдөл, нэхэмжлэлийг цаг тухайд нь гаргаж шийдвэрлүүлээгүй орхисон, өөрийн үйлдлийн улмаас эрхээ сэргээлгэх боломжоо алдсан тохиолдолд тухайн байгууллагыг хариуцлагаас чөлөөлдөг.

Д.М  нь өөрийн эрх ашгийг хамгаалахтай холбоотойгоор дээрх байдлаар харьяалах шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байгаагүйгээс гадна түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Иймд Д.М-ийн  Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацааны цалин буюу гэм хорын хохирол 12.299.823 /арван хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга найман зуун хорин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдох гэм хорын хохирол 12.299.823 /арван хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга найман зуун хорин гурван/ төгрөг гаргуулах тухай Д.М-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.М эс улсын тэмдэгтийн хураамжид 211.747/ хоёр зуун арван нэгэн мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН

Р.САРАНТУЯА