Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2019/00910

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** тоотод оршин суух, Ч  овогт Б.М /************* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөл удирдах зөвлөлд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.М  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 00/ХТ2019/00526 дугаар тогтоолыг үл тоомсорлон 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор ажилд томилж дүр эсгэн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлж хууль зөрчиж байна. Мөн дээд шатны байгууллагын удирдамжгүй дураараа хурал хийж хууль зөрчиж байгаа учир Б.М  намайг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Нямдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа иргэн Б.М ы нэхэмжлэлтэй хэрэгтээ танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 09 дугаартай шийдвэрээр Батаа овогтой М ыг ажлаас чөлөөлж 06 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 төгрөгийг олгосон байдаг. Мөн Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн № 001/ХТ2019/00526 шийдвэрийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар ажилд авсан боловч Б.М  нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгууллагыг өмч хөрөнгө, санхүүгийн алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлсөн болно. Компанийн тухай хуулиар Төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн өмнө гаргасан шийдвэрийн дагуу бүрэн хариуцлагаа хүлээдэг. Төлөөлөн удирдах зөвлөлийн эзгүйд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын баг хэрэгжүүлдэг. Гэтэл өмнөх гүйцэтгэх захирал Б.М  нь ажлаа хангалтгүй гүйцэтгэж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдож, арга хэмжээ авахыг зөвлөмж болгосон байдаг. Тиймээс төлөөлөн удирдах зөвлөл нэхэмжлэгчид итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 40.1.3-т зааснаар /ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн/ гэж заасны дагуу Б.М  нь 60 нас хүрсэн тул тэтгэвэрт гаргах шийдвэр гаргасан, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул би шат шатны шүүхэд хандаж Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс намайг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж намайг ажилд маань эгүүлэн томилсон. Ажилд томилоод 30 минут болж байхад эргэн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн ба тогтоолыг гар дээрээ 2018 оны 5 дугаар сарын сүүлээр авсан санагдаж байна. 2017 оны тайланг би 2018 оны 3 сард дүгнүүлэхэд хангалттай гэж дүгнэгдсэн байхад намайг 2018 оны аудитын тайланг муу дүгнүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас дахин чөлөөлсөн. Энэ нь үндэслэлгүй юм. Дээрх аудитын тайланг надад огт танилцуулж байгаагүй. Тухайн хурал дээр ч би энэ тухай хэлж, үзье гэхэд надад үзүүлээгүй. Мөн Төлөөлөн удирдах зөвлөл нь дээд шатны байгууллагын ирүүлсэн удирдамжийн дагуу хурал хийх ёстой байтал удирдамжгүйгээр хуралдсан. Иймд хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Б.М  нь хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлахад:

Б.М ыг ажлаас халсан Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаар тогтоол нь эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн хуультай нийцээгүй байна гэж дүгнэж,түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дугаартай шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 526 дугаартай магадлал гарсан байх ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ,

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-д Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан ба Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шүүхийн шийдвэр, тогтоолыг үндэслэн Б.М ыг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон болох нь Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Ажилд томилох тухай 15 дугаартай тогтоол, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэвч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ажлаас чөлөөлөх тухай 16 дугаартай тогтоол гаргаж Б.М г Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн 2018 оны санхүүгийн аудитын тайлан болон нийцлийн аудитын тайлангаар илэрсэн зөрчил, зөвлөмж, эрх бүхий байгууллагын удирдамжийн дагуу гэх үндэслэл зааж гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас эгүүлэн халжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан...гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ.

Нэхэмжлэгч Б.М  нь...ажлаас халагдсан тухайгаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр мэдсэн ба 2019 оны 5 дугаар сарын сүүлээр тушаалаа гардан авсан... гэх тайлбар, мэдүүлэг өгсөн ба дээрхээс үзвэл нэхэмжлэгч нь хуулийн заалтыг зөрчиж, шүүхэд гомдлоо хугацаа хэтрүүлэн гаргасан бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт ирүүлээгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иймд Б.М ы урьд ажиллаж байсан Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүх нэгэнт Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа тул Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 16 дугаартай тушаалд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

Хариуцагч талд хэргийн материал танилцуулахаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Нямдоржийн 8804-9115 дугаарын утас, Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Улаанбаатар хотын Хан Уул дүүргийн 03 дугаар хорооны Чингэсийн өргөн чөлөө Засгийн газрын 14 дүгээр байран дахь хаягаар мэдэгдсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 05-ны өдөр тус тус мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох урьд ажиллаж байсан Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.М ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ