Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 127

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ж.Очирбат,

Хохирогч: Ч.А ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Д.И  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Дуламжавын И д холбогдох 1726000350015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 24 настай, халх, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг Алтантал гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Дуламжавын И  /РД: ЙМ93091804/

Шүүгдэгч Д.И  нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр баг Хажуу Ус гэх газар төрж, улмаар сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ буюу төрсөн даруйдаа нярай хүүхдээ алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.И  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын  “Хажуу Ус” гэх газар 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Би жирэмсэн гэдгээ 6 сар гаргаад мэдсэн. Жирэмсэн гэдгээ мэдчихээд Ч.А  болон өөр бусад хүмүүст хэлээгүй. Намайг хүүхдээ хөдөө орхисон байна гээд цагдаа очсон. Хүүхдээ цамцаараа бүтээгээд тавьсан. Тухайн үед төрөх гэж байгаагаа мэдээгүй. Гэдэс базлаад байсан. Нярай хүүхдийхээ амь насыг хохироосондоо өөрийгөө буруутгаж гэмшиж байна гэв.

Хохирогч Ч.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө намайг адуунд яваад иртэл ийм асуудал болсон байсан. Өглөө адуундаа 6-7 цагийн үед яваад 8 цагийн үед ирэхэд Д.И  гэртээ байсан. Би гадуур ойр зуурын ажил хийгээд байж байсан. Хэрэг болохоос өмнө эхнэрээ жирэмсэн гэдгийг мэдээгүй. Эхнэрээ дарамталсан асуудал байхгүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Ч.А  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн үед адуундаа мордсон. Гэрт эхнэр Д.И  бага хүүхэдтэйгээ үлдсэн. Намайг 08 цагийн орчимд буцаж ирэхэд эхнэр доошоо юм гараад байна гэхээр нь аймгийн эмнэлэг явъя гээд аймагт ирээд БОЭТ-д үзүүлэхэд эмч ЭХО-д хараад манай эхнэрийг жирэмсэн байна, хүүхэд нь байхгүй байна, төрчихсөн байна шүү дээ гэхэд манай эхнэр дуугарахгүй байсан. Тэр үед би анх эхнэрээ жирэмсэн байсныг мэдсэн. Тэгээд аймгаас цагдаагийн машинтай хөдөө гэр рүү очсон. Цагдаа нар очоод эхнэрийн хүүхдээ төрүүлсэн газар үзлэг хийсэн. Уг хэрэг манай гэрийн зүүн хойд талд байх жалганд болсон байсан. Манай эхнэр Д.И  надад жирэмсэн гэдгээ хэлээгүй, жирэмсэн гэдэг нь надад мэдэгдээгүй. Бид 2-ын дунд хэрүүл маргаан огт болоогүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 15-16 хуудас/,

Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 06 дугаар сард намайг хөдөөгүүр тойроод хүмүүс үзээд явахад тэднийх отроор явж байгаад таарсан. Тэгэхэд бага хүүхдээ надад үзүүлэхэд нь би Д.И гоос хамгийн сүүлд биений юм чинь хэзээ ирсэн бэ? гэхэд сая 6 сарын эхээр ирээд дууссан гэхээр нь би тийм л юм байх даа гэж бодсон. Тухайн үед Д.И  бариухан хар өнгийн өмд цахилгаантай ноосон цамц өмссөн байсныг харахад жирэмсэн гэж бодохоор илт мэдэгдэхээр шинж харагдаагүй. Д.И  анх хүүхэд нь зулбаж байсан болохоор манайд онцгой хяналтанд байдаг. Ар гэрийнхэн нь ч хүүхэд нь зулбачихдаг гээд эрт надад мэдэгддэг байсан. /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч М.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд Д.И  нь доошоо цус алдаад байна гэж ирж үзүүлсэн. Ирэхэд нь эх баригч эмч жирэмсний тестээр үзэхэд эерэг буюу жирэмсэн гэж гарч ирсэн. Тэгээд би ЭХО-ны өрөөнд дагуулж ороод орон дээр хэвтүүлэхэд умайн ёроол хүйснээс доош 1 хуруу зайтай том байхаар нь гайхаад ЭХО-д хартал гүйцэт төрсөн умайн хэмжээтэй адилхан байхаар нь Д.И гоос хэзээ төрсөн бэ? Хүүхэд чинь хаана байна? гэж асуухад Д.И  эмчээ манай гэрийнхэнд битгий хэлээрэй, би жирэмсэн гэдгээ нуусан, гэрийнхээ ойр хүүхдээ гаргаад хаясан гэж хариулсан. Гэр чинь хаана байдаг юм бэ? гэж асуухад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Согтуугийн хоолойд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хэмжээтэй хүүхэд гарсан бэ? гэхэд эхлээд хариулахдаа их том хэмжээтэй нөж гарсан гэхээр нь би дахиад зандраад асуухад тиймээ эмчээ том хэмжээтэй эрэгтэй хүүхэд гарсан. Та манай гэрийнхэнд битгий хэлээрэй гэж хариулсан. Гэрийнхэндээ жирэмсэн гэдгээ нуугаад хэлээгүй байсан. Нөхөр нь жирэмсэн гэдгийг нь мэдээгүй байсан. /хх-ийн 20-21 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №81 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... И -н нярайн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 хацар, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нас барсан хугацааг анхны үзлэгээр тогтооно. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Талийгаач нь механик амьсгал бүтэлтийн улмаас нас барсан байна. /хх-ийн 34-36 хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №486 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Д.И  нь гэмт хэргийг үйлдэх үед болон өмнө “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Д.И  нь одоо “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Д.И  нь болсон зүйлийн талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.И  нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 41-43 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д.И гийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 46-47 хуудас/,

Шүүгдэгч Д.И гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 71 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-53 хуудас/,

Шүүгдэгч Д.И гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийн шалгах хуудас /хх-ийн 54 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.И  нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр баг “Хажуу Ус” гэх газар сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ төрсөн даруйдаа нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.И гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.А ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө намайг адуунд яваад иртэл ийм асуудал болсон байсан гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.А ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө намайг 08 цагийн орчимд адуундаа яваад ирэхэд эхнэр доошоо юм гараад байна гэхээр нь аймгийн эмнэлэг явъя гээд аймагт ирээд БОЭТ-д үзүүлэхэд эмч ЭХО-д хараад манай эхнэрийг жирэмсэн байна, хүүхэд нь байхгүй байна, төрчихсөн байна гэсэн. Аймгаас цагдаагийн машинтай хөдөө гэр рүү очсон. Цагдаа нар очоод эхнэрийн хүүхдээ төрүүлсэн газар үзлэг хийсэн. Уг хэрэг манай гэрийн зүүн хойд талд байх жалганд болсон байсан. Гэрч Н.О-н 2017 оны 06 дугаар сард намайг хөдөөгүүр тойроод хүмүүс үзээд явахад тэднийх отроор явж байгаад таарсан. Би Д.И гоос хамгийн сүүлд биений юм чинь хэзээ ирсэн бэ? гэхэд сая 6 сарын эхээр ирээд дууссан гэхээр нь би тийм л юм байх даа гэж бодсон. Гэрч М.Ц-н 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд Д.И  нь доошоо цус алдаад байна гэж ирж үзүүлсэн. Ирэхэд нь эх баригч эмч жирэмсний тестээр үзэхэд эерэг буюу жирэмсэн гэж гарч ирсэн. Тэгээд би ЭХО-ны өрөөнд дагуулж ороод орон дээр хэвтүүлэхэд умайн ёроол хүйснээс доош 1 хуруу зайтай том байхаар нь гайхаад ЭХО-д хартал гүйцэт төрсөн умайн хэмжээтэй адилхан байхаар нь Д.И гоос хэзээ төрсөн бэ? Хүүхэд чинь хаана байна? гэж асуухад Д.И  эмчээ манай гэрийнхэнд битгий хэлээрэй, би жирэмсэн гэдгээ нуусан, гэрийнхээ ойр хүүхдээ гаргаад хаясан, том хэмжээтэй эрэгтэй хүүхэд гарсан. Манай гэр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Согтуугийн хоолойд байдаг гэж хэлсэн гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №81 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын №486 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Д.И гийн сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Иймд шүүгдэгч Д.И д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.И гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.И  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.И д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 3, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Чонос овогт Д.И г сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.И г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялаас чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч Д.И  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.И д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.И д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Х.ОТГОНЖАРГАЛ