Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 0072

 

 

 

 

 

 

      С.Б нарт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

           Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

   Прокурор                                          Л.Э

Шүүгдэгч                                                       Э.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Э.Э, Х.Г, З.Б

Хохирогч                                           Х.Э

Хохирогчийн өмгөөлөгч               Д.Э

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадасын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Э, шүүгдэгч С.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М овогт С-н Б,

 

С овогт Э-н Б,

 

С.Б нь гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдаж, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө      аймгийн                  сумын     багийн Б гэх газраас Ж.Б, Ч.М нартай бүлэглэн иргэн Х.Э-н хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 37 100 000 төгрөгийн хохирол, 2020 оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө      аймгийн   сумын  багийн М гэх газраас Ж.Б, Э.Б нартай бүлэглэн машин механизм ашиглаж, иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу нийт 4 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 12 400 000 төгрөгийн хохирол, нийт 48 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Э.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө      аймгийн      сум     баг Б  гэх газраас С.Б, Ж.Б, Ч.М нарын хулгайлсан 32 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан, 2020 оны 11 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө      аймгийн     сумын  багийн М булан гэх газраас С.Б, Ж.Б нартай бүлэглэн гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн иргэн Ш.Б-н 2 тооны адуу, иргэн К.Д-н 1 тооны адуу, иргэн Д.Ц-н 1 тооны адуу нийт 4 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 12 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар,

Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч М овгийн С-н Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зохион байгуулж, олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С овгийн Э-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Э.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас цагдан хоригдсон 242 хоногийг хасч, 4 жил 9 сар 28 хоногийн хорих ялыг 4 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялаас цагдан хоригдсон 271 хоногийг хасч, 1 жил 8 сар 29 хоногийн хорих ялыг 1 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар Булган аймаг Хангал сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр 1 жил 8 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 8 сар 29 хоногийн хугацаагаар Булган аймаг Хангал сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож,

 

Шүүгдэгч С.Б, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд оногдуулсан 4 жил 9 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Э.Бд оногдуулсан ялыг 2 жил 8 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөөс 6.835.500 төгрөг, шүүгдэгч Э.Бгээс 6.835.500 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, адууны мах 867.2 кг, үхрийн мах 132.3 кг, малын гэдэс 391.4 кг, 1 шуудай малын арьс, шир, шийр, яс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Э нар давж заалдах гомдолдоо: “ ... Шүүгдэгч С.Б нь Б, М нартай бүлэглэн 2021-11-13-14ны шөнө      аймгийн     сум Б гэх газраас хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адуу хулгайлж хохирогч Х.Э-д 37.100.000 төгрөгийн хохирол, 2021 оны 11 дүгээр сарын 23-24-ний шөнө М гэх газраас 4 тооны адуу хулгайлж хохирогч Ц.Б, К.Д, Д.Ц нарт 12.400.000 төгрөгийн хохирол нийт 48.500.000 төгрөгийн хохирол бүхий гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч С.Б нь энэхүү 2 удаагийн гэмт хэргийг бүлэглэн үйлдэхдээ бусдыгаа удирдан зохион байгуулж, машин механизм ашиглаж малын арьс шир, туурай, толгой зэргийг шатаан ул мөрөө баллаж, мах гэдсийг нь өөрийн биеэр зарж борлуулж мөнгө төгрөгийг дансаар авч захиран зарцуулж байсан, бусад хүмүүстээ хувь хүртээхээр амлаж, энэхүү хэргийг амьдралын эх үүсвэрээ болгосон нь тодорхой байх тул түүний зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хүндрүүлэн өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Дэлгэрэнгүй үндэслэлийг шүүх хуралдаан дээр ярих болно.

Хохирогч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч С.Б 100 хувь хариуцан төлүүлэх үндэслэлтэй байтал 70 хувийг төлүүлэхээр шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч Б.Э 37.100.000 төгрөгийн хохирол учирсан боловч 25.970.000 төгрөг төлөгдөж, үлдсэн 12.100.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилаагүй хэвээр байна. Энэ 12.100.000 төгрөгийг М, Б 2 хуваан төлөхөөр шийдэх нь тодорхой боловч 1 нь оргосон, нөгөө нь өвчтэй гэдгээр хэргээс тусгаарлагдсан хэдий боловч энэ 2 хүн шүүгдэгч Бийн малыг маллаж амьдардаг тул учруулсан хохирлыг нь ажиллуулж байгаа этгээд барагдуулах хуультай. Иргэний хуулийн дагуу ажил олгогч этгээдийг иргэний хариуцагчаар татах ажиллагаа огт хийгдээгүй орхигдсон байгаа.

Мөн түүнчлэн шүүгдэгч Бөд оногдуулсан ял хэт хөнгөдсөн гэж үзэж байна. Тус шүүхэд яг ийм зүйл ангиар 4 шүүгдэгчид холбогдох хэргийг анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор шийдвэрлэснийг зориуд дурдаж байна. Уг хэргийн шүүгдэгч Б.М нь бусадтай бүлэглэн 2 тооны үхэр хулгайлаад эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, дараа нь 4 тооны үхэр хулгайлж нэгийг нядалж 3 нь эзэндээ буцаж очсон. Гэтэл 36 тооны мал хулгай хийсэн 1 ч мал амьд эргүүлж өгөөгүй, хохирогч Э-н насаараа хөдөлмөрлөж бий болгосон хөрөнгийг үгүй хийж, хотыг нь харлуулан амьдралын эх үүсвэргүй болгосон хохирол бүрэн төлөгдөөгүй байхад шүүгдэгч С.Бөд 5 жил 6 сарын хорих ял оноож байгаа хоёрыг харьцуулаад үзэхээр үнэхээр шударга бус байдал харагдаж байна. Хэрэгт улсын яллагчаар орсон прокурорын ялын санал дүгнэлтийг мөн зөвшөөрөхгүй байна. Дээр дурдсан хэрэг дээр оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.М-д 7 жилийн ял оноох санал дүгнэлт гаргасан. Гэтэл энэ хэргийн яллагч шүүгдэгч С.Бөд 5 жилийн ял оноож, Өршөөлийн хуульд хамруулах санал дүгнэлт гаргасан байгаа. Илтэд нөлөөнд орсон байдал энэ хэрэг дээр харагддаг. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие нь гэм буруу дээр маргаагүй анхан шатны шүүх хурлаас өмнө шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Миний бие нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Шүүхээс оноосон зорчих эрх хязгаарлах хугацааг багасгаж өгнө үү. Мөн миний байнга оршин суудаг ажил хөдөлмөр эрхэлдэг Булган аймгийн нутагт мал малладаг тул зорчих эрх хязгаарлах газрыг өөрчилж өгнө үү” гэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

“... Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, Э.Б нарын цагдан хоригдсон хоногийг дутуу тооцож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүгдэгч С.Б 249 хоног цагдан хоригдсон байхад 242 хоног гэж, шүүгдэгч Э.Б нийт 278 хоног цагдан хоригдсон байхад 271 хоног гэж тус тус дутуу тооцож, оногдуулсан ялаас хасаж тооцсон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “... шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон...” гэх шаардлагыг хангаагүй нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтыг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Мөн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь энэ хэрэгт хоёр тээврийн хэрэгслийг холбогдуулан шалгасан боловч шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ       улсын дугаартай Киа Бонго-3 /Кiа Воngо-3/ загварын нэг тээврийн хэрэгслийг 2 удаа ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар     улсын дугаартай Киа Бонго-3 /Кiа Воngо-3/ загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 9.848.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох байсан гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ 2 тээврийн хэрэгсэл ашигласан гэж дүгнэн уг тээврийн хэрэгслүүдийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгохоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөөс 6.835.500 төгрөг, шүүгдэгч Э.Бгээс 6.835.500 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан дүгнэлт нь ... Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн...” гэсэн заалтыг хангаагүй нь тус хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- д заасныг зөрчсөн. Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Б тайлбартаа: “Тайлбар байхгүй” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Г тайлбараа: “Хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хувьд Б нь Иргэний хуульд зааснаар төлбөрийг бүрэн хариуцах үндэслэлгүй. Түүнийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Харин прокурорын эсэргүүцлийн хувьд цагдан хоригдсон хугацааг дутуу тооцсон гэдэг нь үндэслэлтэй. Миний тоолсноор 248 хоног цагдан хоригдсон байна. Мөн тээврийн хэрэгсэл ашигласантай холбоотой хэсэг үндэслэлтэй. Бгийн машиныг хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй. Бийн гаргасан давж заалдах гомдлын хувьд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн 70 хувийг төлж барагдуулсан. Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй тул ялыг багасгаж өгнө үү. Б нь Булган аймагт мал малладаг тул эдлэх ялын газрыг өөрчилж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Э тайлбартаа: “Шүүгдэгч Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлсөн байдлыг харгалзан анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Хохирогч нь 32 адууны үнэлгээний талаарх хүсэлтээ өмнө нь гаргах боломжтой байсан. Бусад хүмүүсийг малчнаар ажиллуулж байсан гэсэн үндэслэлээр Бийг иргэний хариуцагчаар татаж, хохирлыг бүрэн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй...” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б тайлбартаа: “Цагдан хоригдсон хугацааг дутуу тооцсон. Бгийн машины үнэлгээг нэмж шүүгдэгч нараас хуваан гаргуулсан нь үндэслэлгүй. Бгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялаас хөнгөн боловч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Х.Э тайлбартаа: “Би 32 тооны адуугаа алдсан. Тэр үеийн 37 сая төгрөг одоо хэдэн төгрөгтэй тэнцэх билээ ... Гомдолтой байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Э тайлбартаа: “Давж заалдах гомдолд дурдсан зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчлэх ёстой гэсэн хэсгээсээ татгалзаж байна. Шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа. Мөн оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан нь үндэслэлгүй. Хохирлоо 100 хувь барагдуулаагүй. Иргэний хариуцагчаар татах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. 2 шүүгдэгчийн хэргийг тусгаарласан. Бийг гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй байна. Хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдэл, оролцоо зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Бөөс хохирлын 70 хувийг, шүүгдэгч Бгээс 10 хувийг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч Х.Э, түүний өмгөөлөгч Д., шүүгдэгч С.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хянаж үзвэл шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Тодруулбал: Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Бг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт түүнийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу байна.

Мөн прокуророос Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй орхигдуулжээ.

 

Түүнээс гадна шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялаас түүний цагдан хоригдсон хоногийг хасч эдлэх ялыг тогтоохдоо “ ... шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялаас цагдан хоригдсон 271 хоногийг хасч, 1 жил 8 сар 29 хоногийн хорих ялыг ... ” гэсэн нь ойлгомжгүй байна.

 

Хэдийгээр дээрх зөрчлүүд нь үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа мэт боловч шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Б нь     аймгийн     сумын      гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч    аймагт мал маллаж амьдардаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх газрыг оршин суух бүртгэлтэй газарт буюу    аймгийн     сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ялтан байнга оршин суугаа болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд ялын биелэлтэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага техникийн болон биечилсэн хяналт тавина.

 

Өөрөөр хэлбэл зорчих эрхийг хязгаарлах ялын эдлэх газрыг зөвхөн ялтны оршин суух бүртгэлтэй газарт бус түүний ажил хөдөлмөр эрхэлж байгаа газарт эдлүүлэхээр тогтоох боломжтой гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “Киа Бонго 3” маркийн автомашин нь 9.848.000 төгрөгөөр /2 дугаар хх 91/, нядалсан малын мах болон бусад зүйлсийг зөөж тээвэрлэсэн гэх “Ниссан Экс Трайл” маркийн автомашин нь 17.494.000 төгрөгөөр /2 дугаар хх 107/ тус тус үнэлэгджээ.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах бөгөөд харин бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бол түүний үнийг гэм буруутай этгээдээс албадан гаргуулах учиртай.

 

Гэтэл анхан шатны шүүх тухайн тээврийн хэрэгслүүдийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсэх, тэдгээрийн үнийг шүүгдэгч нараас гаргуулах болсон үндэслэл зэргийг тодорхой заалгүйгээр “ ... дээрх хоёр тээврийн хэрэгслийн үнийг шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнгээр тооцон шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй ... ” гэж дүгнэж шүүгдэгч С.Б, Э.Б нараас тус бүр 6.835.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсоныг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон талаар” шийтгэх тогтоолд тодорхой тусгах шаардлагатай юм.

 

Шүүгдэгч С.Б, Э.Б нар нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус тус баривчлагдаж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, мөн шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарт дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шүүх шийдвэрлэсэн байх боловч тэдгээрийг цагдан хорих байранд хэдийд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна анхан шатны шүүх цагдан хоригдсон хугацааг хэрхэн тооцсон талаар дүгнэлт хийгээгүй зэрэг зөрчлүүд нь прокурорын эсэргүүцэл гаргах үндэслэл болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах хүсэлтийг гаргах эрхтэй ба тэдгээрийн гаргасан хүсэлт нь оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой гэж үзвэл хүсэлтийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх шийдвэр гаргах ёстой.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Э нь “...32 адууны үнэлгээг зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан /6 дугаар хх 12/, шүүх хуралдааны явцад энэхүү хүсэлтийг хэлэлцсэн /6 дугаар хх 16/ атлаа анхан шатны шүүх түүнийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

 

Иймд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогч, түүний өмгөөлөгч нарын “... ял хөнгөдсөн ...” гэсэн, шүүгдэгч С.Бийн гаргасан “... зорчих эрхийг хязгаарлах ялын газрыг өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхиж, прокурорын гаргасан “... шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийн буруу тооцсон, ... тээврийн хэрэгслүүдийн үнийг гаргуулахдаа буруу шийдвэрлэсэн ... ” гэсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хохирогч Х.Э, түүний өмгөөлөгч Д.Э нарын давж заалдах гомдол болон шүүгдэгч С.Бийн давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхиж,  прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ХОСБАЯР

               ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ