Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/00903

 

М.Рэнчингарьдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа,  Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02877 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1052 дугаар магадлалтай,

М.Рэнчингарьдын нэхэмжлэлтэй

Д.Бүрэнбаатарт холбогдох

8 550 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

4 875 563 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Рэнчингарьд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бүрэнбаатартай 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8 000 000 төгрөгийг зээлэн, зээлийн хүүнд нийтийн байранд суух болзолтойгоор 12 сарын хугацаатай буюу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зээлж, зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрөө төлөхгүй өнөөг хүрч байна. Хүүг 5 хувиар тооцож 2015 оны 10, 11, 12, 2016 оны 1 сар, нийт 4 сараар тооцож, 1 400 000 төгрөг нэхэмжилж байна. Дансаар 1 350 000 төгрөг авсан, бэлнээр 400 000 төгрөгийг эхнэр н.Заяа бид 2 авсан, гарын үсэг нь байгаа. Манай найз 20 000 төгрөг Д.Бүрэнбаатараас авч, нийт 1 770 000 төгрөг авсан, бусад мөнгийг би аваагүй, авсан гэж байгаа бол гарын үсэг зураагүй гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр М.Рэнчингарьд, Д.Бүрэнбаатар нарын байгуулсан зээлийн гэрээнд хүү төлөхгүй гэж харилцан тохиролцож гарын үсгээ зурсан. Өөрөөр хэлбэл зээлсэн мөнгөнд 0 хувийн хүү тооцож, гэрээний ар талд нь 2 өрөө хөлслүүлнэ гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг 8 000 000 төгрөгийн хүүнд 220 000 төгрөгт нэг өрөө, дахин 180 000 төгрөгт нэг өрөөг түрээслүүлэнэ гэж тохиролцоогүй зүгээр л 8 000 000 төгрөгийн зээлийн хүүнд хувийн сууцандаа амьдруулна гэж тохиролцсон. Өөрөөр хэлбэл зээлийн хүүнд суулгах өрөөний тоо болон өрөөний үнийг харилцан тохиролцоогүй. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 8 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Гэхдээ холбогдох банкны хуулгаас зээлсэн мөнгөнөөсөө буцааж төлж байсан нь харагдана. Мөн нэхэмжлэгч 1 000 000 төгрөг, 350 00 төгрөг, 30 000 төгрөг, 50 000 төгрөг, 10 000 төгрөг, 20 000 төгрөг, эхнэр н.Заяа нь 3 000 төгрөг, 400 000 төгрөг, 10 000 төгрөг, 25 000 төгрөг, 30 000 төгрөг, 40 000 төгрөг, 20 000 төгрөг, 30 000 төгрөг, 7 000 төгрөг, 2 000 төгрөг, 5 000 төгрөгийг тус тус бэлнээр цувуулж авсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би нэхэмжлэгчид 2009-2012 он хүртэл өрөө түрээслүүлж байх хугацаандаа түрээсийн хөлсийг цаг тухай бүрт нь бүрэн гүйцэд төлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь надад “би танд 8 000 000 төгрөг зээлдүүлээд, үнэгүй өрөө хөлсөлж сууя” гэсэн санал гаргасан юм. Ингээд би зөвшөөрч 5 000 000 төгрөгийг эхний удаа, дараагийн удаа 3 000 000 төгрөгийг тус тус бэлнээр авсан. Ингээд 2013-2015 он хүртэл 2 жилийн хугацаатайгаар 2 өрөөгөө түрээслүүлж 4 ам бүлийг суулгахаар тохиролцсон. Гэтэл гэрээ хийснээс хойш удаагүй байхад Баянхонгор аймгаас нэхэмжлэгч нь өөрийнхөө эгчийг хүүхдийн хамт авчирч 6 хүн хамт амьдрах болсон тул нэхэмжлэгчид “гэрээгээр ингэж тохиролцоогүй байх шүү” гэж хэлэхэд “...Бүрнээ ахаа би танд сар бүр 50 000 төгрөгийг эгчийгээ хүүхэдтэй нь суулгасны хөлсөнд өгч байя” гэж гуйсан учир би зөвшөөрсөн. Гэтэл мөнгө өгөхгүйгээр эгчийгээ хүүхэдтэй нь хамт 1.8 жил суулгасан. Мөн манай 2 өрөөнд 2 жил суух хугацаандаа тог, хог, ус, дулааны төлбөрийг нэг ч удаа төлөөгүй, гэрээнд нэхэмжлэгч төлөх ёстой гэж заагдсан байгаа. Би нэхэмжлэгчээс тог 534 563 төгрөг, ус 120 000 төгрөг, дулаан 240 000 төгрөг, эгч, хүүхдийн хөлс 900 000 төгрөг, Д.Бүрэнбаатараас М.Рэнчингарьдад өгсөн 2 032 000 төгрөг, 2 жилийн хугацаанд өрөө түрээсэлж суухдаа хувцасны шкаф, хаалга, цонх, угаалтуур эвдсэн тул 1 050 000 төгрөг, нийт 4 876 563 төгрөгийг нэхэмжилж байна. Орон сууц хөлслөх гэрээний 4.1-т хөлслөгч тал цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус... зэргийг төлнө гэж заасан гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 8 000 000 төгрөг зээлдүүлж, хүүнд нь хөлсний байранд суухаар болсон. Нэг жижиг өрөөний сарын түрээс 220 000 төгрөг, нөгөө өрөөний түрээс 180 000 төгрөг байсан. Зээлийн хүүгээ 400 000 төгрөгөөр тохиролцож суусан. Нийтийн байрны түрээсэнд тог, ус, дулааны үнэ багтсан, тусад нь тооцож авдаггүй. Энэ байрны бусад түрээслэгч нар ч гэсэн тусад нь тог, ус, дулааны үнэ төлдөггүй. Би эд хогшил эвдэж гэмтээгээгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02877 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бүрэнбаатараас 6 230 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Рэнчингарьдад олгож, нэхэмжлэлээс 2 170 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг баримтлан М.Рэнчингарьдаас 4 876 563 төгрөг гаргуулах тухай Д.Бүрэнбаатарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 151 750 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 92 800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бүрэнбаатараас 114 630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Рэнчингарьдад олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1052 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02877 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...6 230 000...” гэснийг “...4 880 000...” гэж, “...2 170 000...” гэснийг “...3 520 000...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...227.3 дахь хэсэг...” гэсний дараа “...289 дүгээр зүйлийн 289.1.7-д...” гэж нэмж, “...4 876 563 төгрөг гаргуулах тухай Д.Бүрэнбаатарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь...” гэснийг “...89 000 төгрөг гаргуулж, хариуцагч Д.Бүрэнбаатарт олгож, сөрөг шаардлагаас үлдэх 4 787 563 төгрөгийг...” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...114 630 төгрөг...” гэснийг “...88 480 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495 790 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Магадлалын хянавал хэсэгт “Иймд шаардсан үндсэн зээл 7 000 000 төгрөгөөс 2 220 000 төгрөгийг төлсөн байх тул 4 880 000 төгрөг гэж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэжээ. Би хариуцагчаас 2015 оны 8 дугаар сарын 21, 25-ны өдрүүдэд ХААН банкны 5058221041 тоот дансаар 600 000 төгрөг, 400 000 төгрөг болох 1 000 000 төгрөгийг авсан нь үнэн болохоор үндсэн зээлээс хасаж нэхэмжилсэн. Гэтэл үндсэн зээл 7 000 000 төгрөг гэж 2 220 000 төгрөг хассаныг засаж өгнө үү. Би Д.Бүрэнбаатараас 1 000 000 төгрөг, дансаар 350 000 төгрөг, эхнэр н.Заяа 400 000 төгрөг бэлнээр, манай найз н.Буяннэмэх  20 000 төгрөг нийт 1 770 000 төгрөг авсан. Байранд амьдрах хугацаандаа гэрээ хийж байгаагүй. Гэрч оролцуулж болно. Цахилгаан, дулаан, усны мөнгө төлөхгүй эдгээр нь байрныхаа хөлсөнд багтсан. Гэрээ хийдэггүй байсныг нотлох гэрчүүд байгаа. Нотариатаар батлуулсан гэрээгээ зөрчин улайрч байгаа хүмүүс нэг гэрээ хуурамчаар хийсэн байх нь өдий хэрэг байх. Хянавал хэсэгт 2 120 000 төгрөгийг 2 220 000 төгрөг гэж бичиж шүүх алдаатай зүйл хийж болох уу. Д.Бүрэнбаатарынх надаас 4 875 563 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Гэрээ байгуулж байгаагүй, цахилгаан, усны мөнгө байрны мөнгөнд багтсан, оршин суух хугацаандаа манайх эд зүйл эвдэлж гэмтээгүй, тавилга байгаагүй. Би худлаа зүйл яриагүй, нотариатаар батлуулсан гэрээнд “2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 8 000 000 төгрөгийг буцаан олгоно” гэсэн байгаа. Гэтэл бүтэн 10 сар болж байхад миний мөнгийг ямар ч хүүгүй хэрэглэж байгаа тул 8 000 000 төгрөгийг бүтнээр нь гаргуулж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч М.Рэнчингарьд нь хариуцагч Д.Бүрэнбаатараас 8 550 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд үндэслэсэн бол хариуцагч Д.Бүрэнбаатар 4 875 563 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээ 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээнд үндэслэжээ.

Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч М.Рэнчингарьд 8 000 000 төгрөгийг зээлдэгч Д.Бүрэнбаатарт, орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч Д.Бүрэнбаатар нь орон сууцыг М.Рэнчингарьдад хүлээлгэн өгсөн тухайд маргаагүй үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын үндсэн дээр зөв тогтоосон байна.

Д.Бүрэнбаатар нь зээлийн хүү төлөх үүрэгтээ өөрийн орон сууцаа хөлслүүлсний хөлсийг, М.Рэнчингарьд нь орон сууцны хөлс төлөх үүрэгтээ зээлийн гэрээний дагуу авах хүүг харилцан тооцохоор тохирсон нь хууль зөрчихгүй.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дууссан байх ба Д.Бүрэнбаатар нь зээл 8 000 000 төгрөгийг буцааж төлөхөөс 1 770 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 6 230 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтанд үндэслэгдсэн байна. Давж заалдах шатны шүүх зохигчид гэрээгээр 8 000 000 төгрөг шилжүүлсэн тухайд маргаагүй, нэхэмжлэгч нь үндсэн зээлд 7 000 000 төгрөг нэхэмжлэхдээ төлөлт хийсэн учраас хасаад тодорхойлсныг анхаараагүй нь буруу болсноос гадна хариуцагчаас гаргаж өгсөн баримтыг /хх-33/ нэхэмжлэгчийн эхнэр н.Заяагийн бичсэн баримт гэж үзэж нийт 2 220 000 төгрөгийг буцааж  төлснөөр тогтоож, үлдэх 4 880 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцээгүй байна. Буцааж төлсөн мөнгөний хэмжээг зээлдэгч Д.Бүрэнбаатар нотлох үүрэгтэй бөгөөд түүний гаргасан 2 032 000 төгрөг өгөв гэх бичгийн баримт нь 2 талын тооцоо нийлсэн гарын үсэг бүхий баримт биш, хариуцагчийн өөрийнх нь тэмдэглэл байх ба хариуцагчийн татгалзлыг уг баримт нотлоогүй байна.

Мөн давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 89 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахдаа хуульд нийцээгүй дүгнэлт хийжээ. Талууд орон сууц хөлслөх гэрээний 4-т “орон сууцны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, кабель, утас, хогны төлбөрийг хөлслөгч тал төлнө” гэж тохирсноос үзэхэд хөлслөгч М.Рэнчингарьд хэрэглээний төлбөрөө төлөх үүрэгтэй. Харин хариуцагч нь хөлслөгчийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг үндэслэл бүхий нотлоогүй байна. М.Зулцэцэгийн нэр дээрх тоолуурын заалт, цахилгааны төлбөрийн баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгсөн боловч энэ тоолуур нь нийт байрных эсвэл зөвхөн хариуцагч Д.Бүрэнбаатарын хөлсөлж буй байрных эсэхийг ялгаж, тогтоогоогүй байв.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно.” гэж зааснаар Эрчим хүчний хорооноос гаргасан “айл өрхөд борлуулах цахилгааны төлбөр”-ийг хэрэглэсэн хэмжээгээр буюу тоолуурыг үндэслэн тогтоосон тарифаар үнэлж, тодорхойлохоор байхад давж заалдах шатны шүүх хөлсөлж байгаа сууцны талбайн хэмжээгээр цахилгааны төлбөрийг тодорхойлсон нь хуулийн дээрх заалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч М.Рэнчингарьдын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1052 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 142 950 төгрөгийг буцаан олгох захирамж гаргасугай.       

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                       П.ЗОЛЗАЯА