Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 0073

 

 

 

 

 

      Д.Тт холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

 

                                             

                   Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                   Прокурор                                               Г.Э

                   Шүүгдэгч                                                Д.Т

                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                     Р.Б

                   Хохирогч                                                Ж.С

                   Хохирогчийн өмгөөлөгч                    Б.Д

                   Иргэний нэхэмжлэгч                           О.Ж

                   Нарийн бичгийн дарга                      Э.Булгантамир нарыг оролцуулан

 

                   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Т, хохирогч Ж.С нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Тт холбогдох     дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б овогт овгийн Д-н Т,

Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө       аймгийн   сумын  багийн       тоотод үйл ажиллагаа явуулдаг “К” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын цонхны хаалт төмрийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэдийн барьцаанд тавьсан эд зүйл болон 1.400.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 15.669.902 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овгийн Дүгэрийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийн цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

 

Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Д.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төөс 14 367 902 төгрөг гаргуулан хохирогч Ж.С-д 12 867 902 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Ж-д 1 500 000 төгрөгийг тус тус олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Т давж заалдах гомдолдоо: 

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн нээлттэй хорих байгууллагад эдлэх шийтгэл авсан. Миний бие уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа тул давж заалдах хүсэлтэй байна гэжээ.

 

Хохирогч Ж.С давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэснийг зөрчжээ.Хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг үнэлсэн талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, хэрэгт авагдсан “Далай ван”, “Ашид билгүүн” ХХК-иас үнэлгээ хийсэн ажлын хөлсийг хохиролд тооцсонгүй.

Тодруулбал: хэрэгт “Далай ван” үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэтэрхий доош үнэлэгдсэн учраас дахин үнэлгээ хийлгэсэн “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний хөлсийг бодит хохиролд тооцоогүй нь буруу байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Ж.С миний зүгээс хулгайд алдагдсан эд зүйлсийг барьцаалж, ашиг олсон үндэслэлээр     аймгийн татварын хэлтэст тайлагнасан татварт 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1.127.700 төгрөг \Нэг сая нэг зуун хорин долоон мянга долоон зуун төгрөг\ Ж.С миний эрсдэл гэж үзнэ.

Энэ талаар Голомт банкны орлогын мэдүүлэг, татварын 2021 оны 2 дугаар улирлын тайлан \бар код бүхий\ баримтыг шүүх хуралдаанд би гаргахад шүүгч “ ... гэм буруугийн хурлаас өмнө гаргах ёстой, одоо энэ баримтуудыг авахгүй...” гэсэн ба энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, Ж.С миний хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй байна.

Энэ зөрчил нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ноцтой алдаа юм. Хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа гэж үздэг. Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хууль хэрэглээний талаар гаргасан гомдлыг хүлээн авч, 180 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу.

Хохирол төлбөрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, үнэлгээний зардалд төлсөн 50.000+150.000=200.000 төгрөгийг төлүүлэхээр, цаашид хохиролтой холбоотой шууд бус зардал үнэлгээний үлдэгдэл 200.000 төгрөг, татварт төлсөн 1.127.700 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандах эрхийг минь нээлттэй үлдээсэн заалт шийтгэх тогтоол оруулж өгнө үү гэжээ.

Хохирогч Ж.С тайлбартаа:

... Анхан шатны шүүхээс Д.Тийг өнөөдрийг хүртэл үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирол төлбөр барагдуулах ямар ч үйлдэл хийгээгүй. Тухайлбал ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Миний бие өнгөрсөн хугацаанд банкнаас зээл авч Д.Тийн хулгайлсан ээмэг бөгжийг зах зээлийн ханшаар төлж иргэдийг хохиролгүй болгосон. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээгээр дүнг гаргасан байгаа.

Энэ хэргийн улмаас Д.Тийн хулгайлсан эд зүйлийг миний бие бусдад төлөхдөө илүү үнээр төлж дээр нь мөнгөний эргэлтгүй болж олох байсан ашгаа олоогүй их хохирсон юмаа. Д.Т ингэж намайг хохироочихоод жишим ч үгүй хээв нэг шүүхээс оногдуулсан ялыг эсэргүүцэж байна гээд давах гомдол гаргасан байсантай танилцаад хариу тайлбар бичиж байна. Уг нь хийсэн хэрэгтээ гэмшиж хохирлоо төлөөд давах гомдлоо гаргамаар юм. Д.Т давж заалдах эрхээ эдлэх ёстой ч хохирлоо төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Т тайлбартаа: ... Хохирлоо заавал төлнө. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон. 5 жилийн хорих ялыг багасаж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... нотлох баримтгүй зүйлийг шүүх шийдвэрлэх боломжгүй. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглээгүй. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ж.С тайлбартаа: ... Шүүгдэгч нь оргон зайлсан. Мөрдөн байцаагч нь олон удаа эрэн сурвалжилсан. Бүтэн жил ашиг олоогүй мөртлөө татвар төлсөн. Татвараа төлөөгүй бол татвараас ажиллагааг зогсоосон учир татвараа төлсөн: Бүх хүмүүсийн эд зүйлийг дэлгүүрээс авч өгч хохиролгүй болгосон. Гомдолтой байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 200.000 төгрөг гаргуулах тухай өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч О.Ж тайлбартаа: ... Тайлбар байхгүй ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Э дүгнэлтдээ: ... нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг дэмжиж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т болон хохирогч Ж.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн Д.Тт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө       аймгийн      сумын     багийн    тоотод үйл ажиллагаа явуулдаг “К” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын цонхны хаалт төмрийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж иргэдийн барьцаанд тавьсан эд зүйл болон 1.400.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 15.669.902 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох атал түүнийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжтой гэж үзнэ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгоно.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Тийн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байх тул шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацааны хувьд Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамрагдах үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй байх тул түүнийг Өршөөлд хамруулах үндэслэлгүй байна.

 

Хохирогч Ж.С нь “... хохирол төлбөрийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, үнэлгээний зардалд төлсөн төгрөгийг төлүүлэхээр, цаашид хохиролтой холбоотой шууд бус зардал үнэлгээний үлдэгдэл 200.000 төгрөг, татварт төлсөн 1.127.700 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандах эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү ... “ гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах бөгөөд ийнхүү арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан хохирлын үнэлгээ хийлгэсэн зардал буюу 30.000 төгрөг /хх-89/, 150.000 төгрөг /хх-99/, нийт 180.000 төгрөгийг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шүүгдэгч Д.Төөс гаргуулах боломжтой гэж үзлээ.

 

Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Иймд хохирогч Ж.Сын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Тийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын

Шүүгдэгч Б овгийн Д-н Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

 

Шүүгдэгч Б овгийн Д-н Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын

 

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төөс 14.367.902 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ст 12.867.902 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Ж-д 1.500.000 төгрөгийг тус тус олгосугай” гэснийг

 

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Төөс 14.547.902 төгрөг гаргуулан хохирогч Ж.Ст 13.047.902 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Ж-д 1.500.000 төгрөгийг тус тус олгосугай” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын

 

“Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай” гэснийг

 

“Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Д.Тийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ж.Сын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭРДЭНЭБАТ

               ШҮҮГЧИД                                                     М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                С.УРАНЧИМЭГ