Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 133

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ж.Очирбат,

Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн, Т.Оюунчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч, хохирогч: М.У , Н.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөө овогт М.У , Харчин овогт Н.А  нарт холбогдох 1726000810020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . Бөө овогт М.У  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Харчин овогт Н.А   

Шүүгдэгч М.У , Н.А  нар нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг “Шагшуурга” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож яллагдагч Н.А  нь М.У гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, яллагдагч М.У  нь Н.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.У  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би Пүрэвдоржийнд очиж архи дарс ууж тэднийд хоночихоод байж байтал А  өглөө ирсэн. Тэгээд 2 литр архи уусан. Тэгээд бид хоёр Шомбоодойгийнд буугаад тэднийд архи уусан. Дараа нь Ж-д очиж архи айраг уусан. Тэгээд Шагшуурга гэх газар нутаглаж байсан П-д ирээд мотоциклиос буутал А  чулуутай гараараа намайг цохисон. Би А ийг чулуугаа хаячих, хоёулаа ярьж сууя гэхэд миний хоёр гутлыг тайлж зодсон. Чулуутай гараараа нэг удаа толгой руу цохисон. Тэгээд бид хоёр тэр айлаас гэр гэр рүүгээ явцгаасан. Гилжгий гэдэг үгнээс болж А тэй маргалдсан. Би А ийн хамар руу нь нэг удаа алгадсан. Бид хоёр ноцолдож байх явцад түүний биед гэмтэл учирсан. Хохиролд 2000000 төгрөг, эмчилгээний зардалд 3000000 төгрөг нийт 5000000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж байна гэв.

Шүүгдэгч Н.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө би ямаагаа усалчихаад Пү-нд ортол У  тэднийд байсан. П-х монгол архи өгөхөөр нь уусан. Тэгээд У тай Шомбоодойгийнд очиход 500гр архи өгөхөөр нь бид хоёр хуваагаад уусан. Тэндээс Ж-нд буутал мөн данхаар архи өгөхөөр нь түүнийг нь хувааж ууцгаасан. Бид усны хажууд маргалдсан. Тэгээд бид хоёр буцаад П-нд ирсэн. Тэдний гадаа У  миний толгойг сугандаа хавчуулчихаад нуруу руу нүдээд байсан. Би толгойгоо гаргаж авахын тулд булчин дээрээс нь хазсан. Би У гийн нүд рүү зангидсан гараараа цохиж, толгой руу нь чулуугаар цохисон. Бас гутлаар нь нуруун дундуур нь хэдэн удаа цохисон. У  намайг гилжгий гэж айлуудад ярьсан байсан тул би түүнийг чи хөгшнийгөө яагаад гилжгий, далжгийгаар нь яриад байдаг юм бэ? гэж хэлсэн. Тэгээд тэрнээс болж маргаан үүссэн. У гийн биед учирсан хохирлыг би учруулсан. Хохиролд нийт 5000000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч М.У  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Нүдэндээ чулуутай гараар цохиулсны улмаас нүдний суурь яс, аяга яс хугарч цөмөрсөн тул хагалгаанд орсон. Нүдний уг руу хатгаж өвддөг байсан. Одоо гайгүй болсон. А ээс эмчилгээнд 3000000 төгрөг, хохиролд 2000000 төгрөг нийт 5000000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч Н.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би нуруу бөөр рүүгээ цохиулсны улмаас бөөр маань өвддөг болсон. Одоо гайгүй болсон. Би У гаас мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

            Хохирогч М.У  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг “Шагшуурга” гэх газар Н.А  чиний мотоцикль гэж юу байдаг юм бэ? гээд байсан. Н.А  газраас чулуу аваад чулуутай гараараа миний баруун нүд рүү нэг удаа, толгой руу нэг удаа цохисон. Би Н.А ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадсан. Н.А  миний нэг гутлаар миний толгой, нуруу руу 2-3 удаа цохиж нүдсэн. Н.А  чи намайг гилжгий гэж хүнд ярьж явдаг гэсэн гэхээр нь би хэн тэгж байна? гээд бид 2 хоорондоо маргалдаж зодоон хийсэн. /хх-ийн 4-5 хуудас/,

            Хохирогч Н.А  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг Шагшуурага гэх газар М.У  намайг гэлжгий гэх мэт янз бүрээр харааж байснаа миний хүзүүн тус газар гараараа нэг цохисон. Тэгээд бид 2 барилцаад авсан. У  намайг газар унагаагаад доороо оруулсан. Ноцолдож байгаад би дээр нь гараад чулуу аваад М.У гийн толгойн тус газар нэг цохисон. У  одоо болье гэж хэлэхээр нь би чулуугаа газар хаяаад боссон. Харин М.У  босч ирээд миний хамар руу гараараа цохиход миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Би зөрүүлээд М.У гийн нүдэн тус газар нь гараараа нэг цохисон. М.У гийн нуруун тус газар хэд хэдэн удаа цохиж зодсон. /хх-ийн 8-9 хуудас/,

Гэрч Х.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэр Шагшуурга гэх газар байх манай гэрийн гадаа М.У , Н.А  хоёр хоорондоо маргалдаж зодолдоод байсан. Намайг болиоч гэхэд үгэнд орохгүй байсан. М.У  цээж нүцгэн, нилээн согтуу байсан. Н.А  нь гайгүй байсан. Тэр 2 адилхан л айл хэссэн гэсэн. /хх-ийн 17-18 хуудас/,

Гэрч Н.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багийн иргэн Агиймаа утсаар манай хүргэн ах М.У  хөдөө Н.А  гэх хүнд зодуулсан байна гэж дуудлага өгсөн. Би Агиймаагийн хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг Шагшуурга гэх газар очиж М.У , Н.А  нарыг авч ирж М.У г эмнэлэгт хүргэж өгсөн. Бид нар хөдөө 16 цаг 30 минутын орчимд М.У гийн гэрт очиход М.У  нь гэртээ хүнд зодуулсан байдалтай газар хэвтэж байсан. Л хэлэхдээ М.У , Н.А  хоёр хамт явж байгаад М.У  нь зодуулсан байна гэсэн. М.У гийн баруун нүд нь хөхөрч хавдсан, нуруу нь улаан эрээн болсон, гараа хазуулсан байсан. Н.А  байхгүй байсан. Намайг гэрт нь очиж Н.А ийг авч ирэхэд түүний нүүрэнд ил харагдах шарх сорви харагдахгүй байсан. Тэр 2 хоёулаа согтуу байсан. /хх-ийн 20 хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №347 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Н.А ийн биед тархи доргилт, баруун, зүүн тохой, зүүн өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн  байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь учирсан тухайн үедээ амь насанд аюул учруулахгүй. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №354 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... М.У гийн биед баруун ухархайн дотор хана, доод хананд хугарал, баруун зүүн нүд, хацрын төвгөр, чамархай, цээж, баруун зүүн ташаа, баруун зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун хөмсөг баруун зүүн дал, бугалга, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дарааллыг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29 хуудас/

            Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.У гийн гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч М.У , Н.А  нарын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1-5, 32-40, 134-135 хуудас/,

Шүүгдэгч М.У гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 188 тоот тодорхойлолт, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69, 72, 78 хуудас/,

Шүүгдэгч Н.А ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 190 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62, 77 хуудас/,

Шүүгдэгч М.У гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуудас/,

Шүүгдэгч Н.А ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.У , Н.А  нар нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг “Шагшуурга” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож шүүгдэгч Н.А  нь хохирогч М.У гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч М.У  нь хохирогч Н.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч М.У , Н.А  нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч М.У гийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар баг “Шагшуурга” гэх газар Н.А  газраас чулуу аваад чулуутай гараараа миний баруун нүд рүү нэг удаа, толгой руу нэг удаа цохисон. Би Н.А ийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа алгадсан. Н.А  миний нэг гутлаар миний толгой, нуруу руу 2-3 удаа цохиж нүдсэн. Гэрч Х.Г-н 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэр Шагшуурга гэх газар байх манай гэрийн гадаа М.У , Н.А  хоёр хоорондоо маргалдаж зодолдоод байсан. Гэрч Н.А-н 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багийн иргэн А утсаар манай хүргэн ах М.У  хөдөө Н.А  гэх хүнд зодуулсан байна гэж дуудлага өгсөн. М.У гийн гэрт очиход М.У  нь гэртээ хүнд зодуулсан байдалтай газар хэвтэж байсан. М.У гийн баруун нүд нь хөхөрч хавдсан, нуруу нь улаан эрээн болсон, гараа хазуулсан байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №347, №354 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч М.У гийн гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч М.У , Н.А  нарын сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч М.У , Н.А  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У , Н.А  нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.У , Н.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А ээс хохирогч М.У д хохирол төлбөрт 5000000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У , Н.А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 3, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бөө овогт М.У , Харчин овогт Н.А  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У , Н.А  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

3.Шүүгдэгч М.У , Н.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А ээс хохирогч М.У д хохирол төлбөрт 5000000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У , Н.А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.У , Н.А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ