Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00508

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00508

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ********* оршин суух, Т  С-ийн Д (********** )-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Д  нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1964 онд Содномдоржийн 4 дэх хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Төмөрбулаг сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орсон ч 1 дүгээр ангиасаа сургуулиас гарсан. Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс 1989 онд халагдаж ирээд тус сум нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон болон чөлөөлөгдсөн, холбогдох тушаал олдохгүй байгаа зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд С.Д  миний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14- ний өдрийг дуустал хугацаанд, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдпыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Д  нь шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: С.Д  би Улаанбаатар хотод оршин суудаг. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байх тул баримтын хэмжээнд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11/225 дугаартай Тус аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул С.Д ид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архив 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 3, 5 дахь тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Р.Наранцэцэгийг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Д ийн Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7 зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 13-16, 20, 21 дахь тал),

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн

 судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т  С-ийн Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

С.Д  нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

Тухайлбал:

Т  Содномдоржийн Д ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт, ажилладаг байгууллага: малчин, эрхэлдэг ажил: малчин, оршдог сум Төмөрбулаг...гэх 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Т  Содномдоржийн Д ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Хөвсгөл аймгаас 1986 онд цэргийн жинхэнэ албанд татагчдын анкет: ...цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан гэх хэсэгт 1984 оноос Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад ямаачин...гэх Анкет, (Батлан хамгаалахын төв архивын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Р.Н-ийн : ...С.Д  нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оноос 1987 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, хугацаат цэргийн албыг 2 жилийн хугацаагаар хааж тэрээр цэргээс 1989 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ 1992 он хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 15, 16, 20, 21, 25, 26 дахь тал)

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Тодруулбал нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар байсныг тухайгаа нотлосон нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй, энэ тухайгаа нотлож чадаагүй ба гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй байгаа болно.

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11/225 дугаартай Тус аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн боловсон хүчинтэй холбоотой тушаал буюу Б тушаал манай архивд шилжиж ирээгүй тул С.Д ид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архив 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн: Маамаагийн Д  БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 073 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989.09.26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 506851 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд авагдсан баримтын хэмжээгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т  С-ийн Д (********** )-ийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ