| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00459/И |
| Дугаар | 155/ШШ2024/00509 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00509
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00509 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ********* оршин суух, Ш Б-ийн Э (**************)-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Э нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд Бяцханхүүгийн 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуульд суралцаж 8 дугаар анги төгсөөд тус сумынхаа Жаргалант Амьдрал нэгдэлд 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Тус нэгдэлдээ 1985 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байгаад цэрэгт татагдаж, 3 жилийн хугацаат цэргийн албыг 1988 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд хааж ирээд тус нэгдэлдээ малчнаар 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан юм. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын захиргаа шатсаны улмаас цалин хөлсний баримт бүрэн олдохгүй зэргээр миний улсад ажилласан жил тооцогдохгүй байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11/351 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №03 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Жаргалант Амьдрал нэгдлийн гишүүдийн шинэчилсэн бүртгэлийн хуулбар, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №1681 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ЗДТГ-аас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Э гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №03-08/2571 дугаартай лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-11, 26 дахь тал)
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Р.Даваадорж, Ц.Батбаяр нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Э гийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А) зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 19-24 дахь тал)
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш Б-ийн Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Б.Э нь Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №03 дугаартай: ..1 сарын 05-наас 3 сарын 5-ныг хүртэл Б.Э д хариуцуулж... гэх Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Жаргалант Амьдрал нэгдлийн гишүүдийн 1991 оны Шинэчилсэн бүртгэлийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ЗДТГ-аас 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Э гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №03-08/2571 дугаартай: ...Бямба Батаажий тэргүүлэгч өөрөө, нас 51, эрэгтэй, Гомбо Аюуш эхнэр, нас 47, эмэгтэй, Бяцханхүү Э , 22 настай, эрэгтэй... гэх Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын 1989 оны ХҮН амын тооллогын лавлагаа,
Ш Бяцханхүүгийн Э гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Ш Бяцханхүүгийн Э гийн Улсын бүртгэлийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Ш Бяцханхүүгийн Э гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Р.Д-ийн : ... Б.Э нь 1983 оноос Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1985 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, цэргийн албыг 1985-1988 оны хооронд хааж, цэргээс 1988 онд халагдаж ирээд 1988-1991 он хүртэл тус нэгдэлдээ үргэлжлүүлэн малчнаар тасралтгүй ажиллаж байсан... гэх, гэрч Ц.Б-ын : ...Б.Э нь Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1983 оноос 1985 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, 1985-1988 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс 1988 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн 1988-1991 он хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 4-7, 9-11, 19-22, 24-26 дахь тал)
Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Учир нь: нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэх боловч үүнийгээ нотлосон нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй.
Мөн гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11/351 дугаартай: ...Тус аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдлийн даргын 1983-1985 оны тушаал шүүж үзэхэд Б.Э г малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх тодорхойлолт,
Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1681 дугаартай: ...Батаажий Э БХЯ-ны сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1985.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын 072 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988.06.10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988.06.18-ны өдөр 555616 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 4, 7 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш Б-ийн Э (**************)-ийн Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1988 оны 07 дугаа сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ