Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00533

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00533

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Хан Уул дүүргийн Стадион Оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6, ХААН банк цамхагт байрлах, ХААН банк хувьцаат компанийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын *********** багт оршин суух, Х  Д-ийн Э (********** ),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********** багт оршин суух, Б  Д.Т (***************** ) нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 10,011,723.19 (арван сая арван нэгэн мянга долоон зуун хорин гурван төгрөг авсан есөн мөнгөтөгрө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

ХААН банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Н, Д.Т  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,011,723.19 (арван сая арван нэгэн мянга долоон зуун хорин гурван төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Н, Д.Т  нар нь ХААН Банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №ЗГ/202248668044 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 7,413,568.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,418,672.21 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,416.44 нийт 8,835,656.90 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 8,086,431.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,713,936.49 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 211,354.95 төгрөг хугацаа хэтрүүлээд 265 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 8,086,431.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,713,936.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 211,354.95 төгрөг, нийт 10,011,723.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ц  гаргасан тайлбартаа:

Манай нэхэмжлэлд дурдсан Д.Н, Д.Т  нар нь Хаан банкны салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 15,500,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан. Тухайн өдөр зээл олголт хийж Д.Нийн 5903004174 тоот дансанд 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 15,500,000 төгрөгийн мөнгөн дүнг шилжүүлсэн. Зээлийн төлбөрийг 2 удаа хувааж төлөхөөр гэрээ хийгдсэн. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нийт 8,750,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 8,809,578.98 төгрөг төлөх гэрээ байгуулж зээлээ авсан. Эхний төлбөрөө 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлсөн. 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хийх ёстой байсан төлбөрөө одоо болтол төлөөгүй хугацаа хэтэрсэн байгаа. Нэхэмжлэлд дурдсан 2024 оны байдлаар төлбөрөө төлөөгүй 265 хоног гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрээд явж байгаа. Байгуулсан гэрээний 6.1.1-д зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Би хариуцагчид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор зээлийг төлж барагдуулах хугацаа олгож болно гэв.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

А.Хариуцагч Д.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Д  нь Хаан банкны нэхэмжлэлтэй 10,011,723.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Хаан банкны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний аав П.Н нь Хаан банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 15,500,000 төгрөгийн малчны зээлийг 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Гэхдээ энэ мөнгөний 9,000,000 төгрөгийг өөртөө авч үлдсэн. 6,500,000 төгрөгийг хүүгийн хамт Хаан банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвийн эдийн засагч Мөнхбаярт зээлдүүлсэн. Учир нь Мөнхбаяр аавын минь итгэлийг авч гуйсаар байгаад авсан байдаг. Манайх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн эхний төлөлтөө төлөх байсан ч эхний зээлээ хааж зээлийн хугацаагаа хойшлуулахаар дахин 11,900,000 төгрөгийн зээлийг авсан. Ингэж зээл авахдаа эдийн засагч Мөнхбаяр нь зээлсэн 6,500,000 төгрөгөө төлж манай зээлийг хаасан гэж хэлсэн учир итгэсэн. Үнэхээр 24 цагийн дараа 11.900.000 төгрөгийн зээл гарч байсан учир өмнөх зээл хаагдсан гэж итгэсээр өдийг хүрсэн. Гэвч Хаан банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвийн эдийн засагч Мөнхбаяр нь эрх мэдлээ урвуулан ашиглаж 8.835.656,90 төгрөгийг нь зээлийн дүнгээс хасаагүй үлдсэн байхад нь нэмж зээл гаргаж миний аавыг залилсан байна. Хэрэв 24 цагийн дараа дахин зээл авах эрх үүсээгүй байсан бол бид Мөнхбаярыг авсан мөнгөө төлөөгүй гэдгийг бид мэдэх боломжтой байсан. Энэ асуудлаар Мөнхбаярт холбогдуулан Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байгаа. Одоо Хаан банкнаас нэхэмжилж байгаа 10,011,723.19 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Хаан банкны ажилтан биднийг залилсан байтал, бидний хохирлыг барагдуулж, буруутай ажилтандаа хариуцлага хүлээлгэх байтал ингэж нэхэмжилж байгаад гайхаж байна. Энэ асуудлаар 70 гаруй иргэн Мөнхбаярт залилуулсан байдаг. Энэ эрүүгийн маргаан хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хэргийг түдгэлзүүлэх саналтай байна гэжээ.

Б.Хариуцагч Д.Н, Д.Т  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний аав Н нь 15,500,000 төгрөгийн зээл 7 дугаар сард авсан. Эхний төлөлтөө хийхдээ 10,000,000 төгрөг хийсэн. Уг 15,500,000 төгрөгийн зээлээс Түнэл сумын эдийн засагч 6,500,000 төгрөг зээлж авсан. Манайх 9,000,000 төгрөг авсан. 6,500,000 авахдаа хоёр өөр данс руу хийсэн. Эхний төлөлтөө хийхдээ манай зүгээс 10,000,000 төгрөг хийхэд үлдэгдэл 6,500,000 н.Мөнхбаяр нь би төлсөн гэж хэлсэн. Эхний зээлээ дараад 24 цагийн дараа дахин зээл авах эрх үүсдэг гэж хэлээд 24 цагийн дараа орж 11,900,000 төгрөг зээл авсан. Миний татгалзаад байгаагийн учир 24 цагийн дараа таны эрх үүснэ. Үүний дараа та дахин зээл авах боломжтой гэсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор зээлийг төлж барагдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл 02 хуудас, Улсын бүртгэлийн гэрчилгээ 01 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 01 хуудас, итгэмжлэл 03 хуудас, зээлийн гэрээ 3 хуудас, барьцааны гэрээ 2 хуудас, зээлийн өргөдөл 02 хуудас, депозит дансны хуулга 01 хуудас, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 01 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар 01 хуудас, малын А данс 02 хуудас, зээл төлөх мэдэгдэл 01 хуудас, харилцагчтай уулзсан тэмдэглэл 01 хуудас баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 1-21 дахь тал)

Хариуцагч Д.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д гийн тайлбар 01 хуудас баримтыг гаргасан. (хх-ийн 30 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК -ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Н, Д.Т  нараас зээлийн гэрээний үүрэгт 10,011,723.19 (арван сая арван нэгэн мянга долоон зуун хорин гурван төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд  зохигчид дараах байдлаар харилцан тохиролцож, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлээ. Үүнд:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д  нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 10,011,723.19 (арван сая арван нэгэн мянга долоон зуун хорин гурван төгрөг арван есөн мөнгө төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,138 (нэг зуун далан таван мянга нэг зуун гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, Д.Т  нараас 87,569 (наян долоон мянга таван зуун жаран ес) төгрөгийг, улсын орлогоос буцаан 87,569 (наян долоон мянга таван зуун жаран ес)төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 10,011,723.19 (арван сая арван нэгэн мянга долоон зуун хорин гурван төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д  нь нэхэмжлэлийн шаардлага 10,011,723.19 (арван сая арван нэгэн мянга долоон зуун хорин гурван төгрөг арван есөн мөнгөтөгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,138 (нэг зуун далан таван мянга нэг зуун гучин найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н, Д.Т  нараас 87,569 (наян долоон мянга таван зуун жаран ес) төгрөгийг, улсын орлогоос буцаан 87,569 (наян долоон мянга таван зуун жаран ес) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ