Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00545

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00545

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүргийн Стадион Оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6, ХААН банк цамхагт байрлах, ХААН банк хувьцаат компанийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********* оршин суух, Б  Д.Т (************* )-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 12,214,268.92 (арван хоёр сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ц ,

Хариуцагч Д.Т ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

ХААН банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Т д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,214,268.92 (арван хоёр сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Т нь ХААН Банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №ЗГ/202249646905 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 4,170,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 50,227.47 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 36,466 нийт 4,256,693.47 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 8,830,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,347,369.66 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 36,899.26 төгрөг хугацаа хэтрүүлээд 128 хоног болж байна. Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 8,830,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,347,369.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 36,899.26 төгрөг, 12,214,268.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Ц  гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчид зээлийг төлж барагдуулах 6 сарын хугацаа өгөөд эвлэрэх боломжтой. Хаан банк зээлийн гэрээг н.Мөнхбаяртай байгуулаагүй, Д.Т тай байгуулсан. н.Мөнхбар нь манай Түнэл тооцооны төвд эдийн засагчаар ажиллаж байсан. Түүнийг харилцагчтай харилцаанд орсон гэдгийг бид мэдээгүй, мэдэх боломж байхгүй. Зээлийн гэрээнд талуудын эдлэх эрх, үүргийг тусгаж өгсөн, хуваарийн дагуу дөрвөн удаа эргэн төлөлт хийгдэхээр байгаа. Эхний төлөлт хариуцагчийн харилцах данснаас хийгдсэн.

Зээл 13,000,000 төгрөгийг хариуцагчийн 59032056099 дугаартай дансанд шилжүүлсэн учир энэ нэхэмжлэлд Д.Т ыг хариуцагчаар татсан.

Яагаад ийм удаан хугацаагаар явсан бэ гэхээр бид нар жилдээ 2-оос доошгүй, багадаа нэг удаа газар дээр нь очиж хяналт хийдэг. Тухайн үед хугацаа хэтэрсэн харилцагч нар байсан. Ямар шалтгааны улмаас хугацаа хэтрээд байгаа юм бэ. Энэ зээлээ өөрөө авч ашигласан уу гэж зарцуулалтыг нь хянах зорилгоор уулзалт хийсэн. Өргөдөл гаргаж байгаа хүмүүс тухайн үед бид нар энэ зээлээ өөрсдөө аваад ашигласан. Одоо төлнө гэсэн хариу өгч байсан.

Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан тухайд би сайн мэдэхгүй байна. Ямар баримт нотолгоо дээр ярьж байгааг мэдэхгүй байна. Асуудал хүндрээд хүн болгон гарч ирэхээрээ янз бүрийн асуудал гаргаж ирж байна. Тухайн үед бид нарт гаргасан тайлбар нь шал өөр 180 градус өөрчлөгдсөн байдалтай байна. Гэрээ байгуулж байгаа, эрх зүйн чадамжтай хүмүүс. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

А.Шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Даваацэрэн овогтой Т нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Түнэл сумын ХААН банкны эдийн засагч Мөнхбаярт 13,000,000 төгрөг бүхий малчны зээл авч өгсөн. Зээлийн гэрээ байгуулсан хэдий ч зээлийг Мөнхбаяр эдийн засагч өөрөө төлнө гэж надаас авсан нь үнэн болно. Ийм учраас 13,000,000 төгрөгийг би төлөхгүй тул Мөнхбаяраас өөрөөс нь авна уу гэжээ.

Б.Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээл төлөх 6 сарын хугацаа өгч эвлэрье гэсэн нэхэмжлэгч талын саналыг зөвшөөрч байна. Гэхдээ би тайлбар хэлмээр байна. Би гарын үсэг зураад Түнэл сумын Хаан банкны эдийн засагч байсан н.Мөнхбаярт зээл авч өгсөн. Яагаад Хаан банк эдийн засагчийнх нь дансаар маш их мөнгө орж гарж байхад хянаагүй юм бэ. Хэрвээ Хаан банк хяналт сайн тавьсан бол энэ олон хүмүүс хохирохгүй байсан байх. Та нар шалгадаг байсан бол зээлийн хугацаа хэтэрсэн байхад зогсоохгүй яасан юм бэ. Манайд ирээд өдөр шөнөгүй гуйгаад ээжийн бие муу байна. Одоо онгоцоор явах гэж байна гээд гуйгаад байхаар нь тухайн үедээ би тусалж байна гэж бодсон. Энэ хүн маш их хүнд зээл гаргаад байхад Түнэлийг хариуцаж байгаа төв банкны эдийн засагч юу хийж байсан бэ. Түнэл суманд энэ хүн 2021-2023 он хүртэл эдийн засагч байсан. Миний зээлийг сарын сүүл буюу 31-ний өдөр зээл гаргаж байхад хэн ч хянаагүй. Хяналтаа муу хийсэн. Би Хаан банканд итгэж л энэ хүнд зээл авч өгсөн. Маш өндөр хяналттай байдаг учир. Надад ямар ч мал байхгүй байхад над дээр зээл гаргасан.

Би гайхаад ингэж болох юм уу гэж асуухад бараг над руу уурлаад би ганцхан сар болгоод өгье. Би болгоноо гэж хэлсэн. Би итгэсэн. Намайг та гарын үсгээ өг гэж хэлсэн.

Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Би анх Хаан банк дээр өөрөө очиж санал тавьсан. Ийм, ийм юм болоод байна. Шалгаад өгөөч гэсэн саналыг гаргаж байсан. Одоо би муу зээлийн түүхтэй болж ипотекийн зээлд хүртэл хамрагдах боломжгүй болж байгаа. Хаанаас энэ их мөнгийг олох уу гэдэг байна. Одоо н.Мөнхбаяр хаана байгаа нь мэдэгдэхгүй огт сураггүй байгаа. Эхнэр хүүхдээсээ салаад явсан. Ээж дээр нь очоод уулзлаа байхгүй гэсэн.

Сүүлдээ хэн мөнгө өг гэсэн юм хохино гэж байгаа. Сүүлд би нэг уулзахад олон дахин хэлээд байх юм бол боогоод үхчихнэ шүү гэсэн. Албан бус тоогоор 480,000,000 төгрөгийн хохирол үүссэн. Хүнийг ацан шалаанд ортол зээл гуйсан. Ажлын цагаар ажил дээрээ байдаггүй. Хүнээс байнга мөнгө гуйж гадуур өнждөг. Ажил дээрээ байхгүй байхад хүртэл тэр өдрийн цалин бүтэн орсон байх. Олон хүнийг хохироож байхад Хаан банк юу ч хийгээгүй. Хаан банкны ажилтан байсан. Ажлаас нь халдаг нь буруу байсан. Чи өөрийнхөө хүсэлтээр гарчих гэж хэлээд ажлаас нь гаргасан. Өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Ийм олон хүн хохироосон байхад Хаан банк яагаад хяналтгүй ажиллаад байгаа юм бэ. Би үүнийг л гайхаж байна. Гэхдээ нэгэнт би зээлийн гэрээ байгуулж авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл 02 хуудас, Улсын бүртгэлийн гэрчилгээ 01 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 02 хуудас, итгэмжлэл 03 хуудас, зээлийн гэрээ 3 хуудас, барьцааны гэрээ хуудас, зээлийн өргөдөл 01 хуудас, депозит дансны хуулга 01 хуудас, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 01 хуудас, депозит дансны хуулга 4 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар 01 хуудас, малын А данс 02 хуудас, баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 1-18 дахь тал)

Хариуцагч талаас тайлбар 02 хуудас баримтыг гаргасан. (хх-ийн 48, 49 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК -ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Т аас зээл зээлийн гэрээний үүрэгт 12,214,268.92 (арван хоёр сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд зохигчид дараах байдлаар харилцан тохиролцож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлээ. Үүнд:

Хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага 12,214,268.92 (арван хоёр сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.

Дээрх зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т  зааснаар  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

ХААН банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,379 (хоёр зуун арван мянга гурван зуун далан ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т аас 105,819 (нэг зуун таван мянга найман зуун арван ес) төгрөгийг, улсын орлогоос буцаан 105,819 (нэг зуун таван мянга найман зуун арван ес) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 12,214,268.92 (арван хоёр сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага 12,214,268.92 (арван хоёр сая хоёр зуун арван дөрвөн мянга хоёр зуун жаран найман төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,379 (хоёр зуун арван мянга гурван зуун далан ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т аас 105,819 (нэг зуун таван мянга найман зуун арван ес) төгрөгийг, улсын орлогоос буцаан 105,819 (нэг зуун таван мянга найман зуун арван ес) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

  

ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ