| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00453/И |
| Дугаар | 155/ШШ2024/00559 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/00559
| Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ********** тоотод оршин суух, Ж Ч-ын Б (************ )-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын ************ багт оршин суух, Х Б-ийн Г (*************)-т холбогдох,
760,000 (долоон зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ч.Б миний бие Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын 4 дүгээр багийн иргэн Б.Г той аман хэлцлээр хурдан үрээ даагануудыг тэжээж маллаж өгөхөөр тохиролцон 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тэжээж маллаж өгсөн. Б.Г ийн 2 тооны буюу хүрэн халзан даага, хээр даагыг 3 сарын хугацаатай 1 даагыг 110,000 төгрөгөөр тооцож тэжээж маллаж өгсөн. Ингэж тэжээж маллаж өгөөд хөлсөө авах гэхэд тохирсон хөлсөө өгөхгүй, удаа дараа ярьсан хэлсэн янз бүрийн шалтаг хэлж зугтаад сүүлдээ утасаа ч авахаа больсон. Мөн урьд өмнө нь 8 тооны морьдыг нь харж маллаж байсны хөлс 100,000 төгрөгийн үлдэгдэлээ ч өгөхгүй болсон.
Иймд Б.Г оос 3 сарын хугацаанд 2 толгой даагыг нь тэжээж маллаж өгсний хөлс 660,000 төгрөг, өмнөх морь харж, маллаж өгсний хөлсний үлдэгдэл 100,000 төгрөг, нийт 760,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжпэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Г би
нэхэмжлэлийн шаардлага болох 760,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг Ч.Б ын хэлснээр дансанд шилжүүлсэн. Одоо үлдэх 510,000 төгрөгөөс 250,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би Б.Г оос 760,000 төгрөгөөс 550,000 төгрөг авсан. Үлдэх 210,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Б.Г т холбогдуулан 760,000 (долоон зуун жаран мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийн шүүхэд бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болно гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.
Иймд нэхэмжлэгч Ч.Б ын дээрх хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Ч.Б ын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,790 төгрөгөөс 11,395 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Б т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж Ч-ын Б (************ ) нь хариуцагч Х Б-ийн Г (************** )-т холбогдуулан 760,000 (долоон зуун жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нь нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,790 (хорин хоёр мянга долоон зуун ер) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ