| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00458/И |
| Дугаар | 155/ШШ2024/00571 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2024/00571
| 2024 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2024/00571 | Хөвсгөл аймаг |
| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион Оргил-1 Чингисийн өргөн чөлөө, ХААН банк цамхагт байрлах ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын *********** оршин суух, Х Ц-ийн Б ()-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,717,084.65 (арван хоёр сая долоон зуун арван долоон мянга наян дөрвөн төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Б нь ХААН Банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ/202350016139 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,663.76 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 нийт 3,663.76 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,641,596.51 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 75,488.14 төгрөг хугацаа хэтрүүлээд 266 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 10,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,641,596.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 75,488.14 төгрөг, нийт 12,717,084.65 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хүү Ц.Б нь ХААН банк ХК-ийн Түнэл салбараас 10,000,000 төгрөгийн малчны зээл авсан. Уг мөнгөнөөс Мөнхбаярт 8,850,000 төгрөгийг зээлсэн. Гэтэл Мөнхбаяр нь Түнэл сумын олон иргэдээс энэ мэт малчны зээл авахуулж, өөрөө зээлж авсан байдаг. Энэ байдлыг сүүлд мэдсэн. Мөнхбаяр малын А дансыг өсгөж бичиж, зээлийг их гаргасан байдаг. Мөнхбаяр болон хяналтаа тавьж чадаагүй ХААН банк ХК-д гомдолтой байна. Гэхдээ нэгэнт миний хүү зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрч зээл авсан тул ХААН банк ХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Бид Мөнхбаярт холбогдуулж 8,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
Иймд ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжпэлийн шаардлага 12,717,084.65 төгрөгийг бүхэлд нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Цэрэнпүрэв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардлага болох 12,717,084.65 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тайлбар ирүүлснийг зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ц.Б оос зээлийн гэрээний үүрэгт 12,717,084.65 (арван хоёр сая долоон зуун арван долоон мянга наян дөрвөн төгрөг жаран таван мөнгө) гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь ... ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжпэлийн шаардлага 12,717,084.65 төгрөгийг бүхэлд нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба уг тайлбартай нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Цэрэнпүрэв танилцаад ... 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах тайлбар ирүүлснийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,424 (хоёр зуун арван найман мянга дөрвөн зуун хорин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б оос 109,212 (нэг зуун есөн мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийг, улсын орлогоос 109,212 (нэг зуун есөн мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б ид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12,717,084.65 (арван хоёр сая долоон зуун арван долоон мянга наян дөрвөн төгрөг жаран таван мөнгө) гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 12,717,084.65 (арван хоёр сая долоон зуун арван долоон мянга наян дөрвөн төгрөг жаран таван мөнгө) төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 218,424 (хоёр зуун арван найман мянга дөрвөн зуун хорин дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б оос 109,212 (нэг зуун есөн мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийг, улсын орлогоос 109,212 (нэг зуун есөн мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ