Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 136

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүгдэгч Н.С ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нямдоржийн С т холбогдох эрүүгийн 1726000070017 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, , урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Н.С

Шүүгдэгч Н.С  нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг “Хар толгой” гэх газар оршин суух Ц.О-ын гэрт агсам согтуу тавьж, Ц.О-г  зодож, бурхан тахилыг нь нураан, бурхан дээр нь байсан “тариат манан” хөөргийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас Ц.От 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.С  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр О ынд согтуу очоод О тай маргалдаж байгаад бурхан тахилыг нь нураагаад, хөөргийг нь гэмтээчихсан байсан. Хохирлыг нь барагдуулсан. Согтуудаа л ийм хэрэг хийчихлээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг “Хар толгой” гэх газар өөрийнхөө гэрт унтаж байхад эхнэр орилохоор нь сэртэл манай саахалт айлын Н.С  гэх хүн намайг алгадсан. Тэгээд би босоод Н.С тай заамдалцаад ноцолдоод манай гэрийн зүүн орон дээр очоод ноцолдож байгаад би С т хэлэхдээ хоёулаа гаръя гээд дагуулж гарсан. Бид хоёр гэрийн гадаа гараад дахиж хэрэлдээд С т хэлэхдээ би цагдаа дуудсан гэхэд С  нь би одоо явлаа, маргааш өөрөө очно гэхээр нь би чи гэрт байсан бурхан тахил нураасан байна гэхэд С  гэр рүү шагайж хараад би маргааш цагдаа дээр очоод төлчихнө гэж хэлэхээр нь архи нь гарах байх гэж бодоод хувинтай ус С  руу цацсан. Ус цацсаны дараа С  жаахан сэргээд мотоцикль дээрээ суугаад явлаа гэхээр нь би цагдаа дуудсан байж бай гэхэд “чи юу гээд байгаа юм” гээд намайг заамдаж аваад миний баруун хөл рүү өшиглөсөн. Тэгснээ хөл хугарчихлаа гээд гутлаа тайлаад газар сууж байхад цагдаа нар ирээд С ыг аваад явсан. С ыг явсны дараа гэрээ янзлахад миний тариат манан хөөрөг хагарсан байсан. Намайг унтаж байхад хацар руу алгадсан. Эхнэртэй юу гэж хэрэлдсэн талаар мэдэхгүй. 2015 онд манайхаас хонь дутахаар нь С аас асуухад миний шагай руу өшиглөөд шагай хугалсан. Энэ асуудлыг цагдаа шалгаж байгаад шүүхээр шийдүүлсэн. Миний хацар руу нэг алгадаад, хөл рүү нэг удаа өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй, миний биед гэмтэл учраагүй. Би С ыг цохиогүй. Тариат манан хөөрөг байсан, толгой нь биетэйгээ адил тариат манан чулуугаар хийсэн, бөгж нь гуулин, ясан халбагатай, дунд үеийн манай ааваас дамжиж ирсэн хөөрөг байгаа юм. Үнэлгээний газраар үнэлүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хөөрөг төлөөд өгчихвөл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтанд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: “...Миний гэр бүлийн хувьд хосгүй, мөнгөөр үнэлэгдэшгүй зүйлс юм. Тийм болохоор би эд зүйлийн үнэлгээ хийлгээгүй бөгөөд одоо ч гэсэн эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй. Учир нь шүтэж, сүсэглэж явдаг зүйлсээ би мөнгөөр үнэлүүлэхгүй. Мөн би эдгээр эд зүйлсээ бүгдийг нь хөдөө овоон дээр өргөчихсөн болно. Намайг С  цохиж авах үед би сэрсэн. Сэрээд хартал гэрийн хойд хэсэгт авдар дээр эмх цэгцтэй байсан бурхан тахилууд бүгд ширээн дээр болон газар уначихсан, жаазтай бурхад бүгд жааз нь хагарчихсан, дотор нь байсан 6 бурхад бүгд сэвтсэн, бурханы авдрын өмнүүр их эмх цэгцгүй болсон байсан. Миний хөөрөг одоо манай гэрт миний авдар дотор байгаа бөгөөд уг хөөргөө би зарж үрэхгүй, манай ааваас минь өв залгамжлагдан ирсэн хөөрөг юм. Хэн нэгэнд өгөхгүй, хагарч гэмтсэн хэсгийг нь арай гэж наалгаж эвлүүлсэн болохоор ямар нэгэн байдлаар гадагш гаргахгүй болно. Энэ хөөрөг хүний халуун, зүрхний хаван зэрэгт их сайн юм. С  нь гаднаас гэрт орж ирэхдээ босгон дээр байсан хүүхэд дээгүүр алхаж орж ирээд шууд ямар нэг үг дуугаралгүй бурхан байрлаж байсан авдрыг чиглэж очоод дээр нь байсан бурхдуудыг бүгдийг нь хоёр гараараа хамаад газар унагасан гэж хэлсэн. Мөн уг асуудал болсон өдрөөс хоёр хоногийн өмнө буюу 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б гэж С ын төрсөн ахаар нь намайг манай гэр рүү явуулж асуулгахад би гэртээ байхгүй байсан ба манай эхнэр намайг хоёр хоноод ирнэ гэж хэлээд явуулсан байсан. Тэгээд С  хоёр хоногийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ирж санаатайгаар намайг цохиж миний хөөрөг болон эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн юм. Надад учирсан хохирлыг төлчихвөл гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Одоогоор хагарч эвдэрсэн хөөрөгнийхөө мөнгийг болон, өмгөөлөгч хөлсөлж авсан 300000 төгрөг, хөөрөгний үнэлгээ гаргуулсан 60000 төгрөг зэргийг нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/,

Гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг “Хар толгой” гэх газар гэртээ байж байхад гадаа нохой хуцахаар нь гэрээсээ гарахад манай саахалт айлын Н.С  байсан. Нохой хорьж өгөөд гэртээ оруулаад цай хийж өгөхөд амсалгүй газар тавиад манай нөхрийг О  чи лам болсон гэлүү гээд босч ирээд манай бурхан тахилыг нураасан. Н.С  нь манай нөхөр Ц.О-ын хацар руу нь алгадсан. Тэгтээд О, С  нар заамдалцаад гэрт үлдсэн. Би хүүхдээ аваад гадаа гарсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. С  О нар гадаа гарч ирээд С  явлаа гэхээр нь би С ын мотоциклийн сэвчээнийх нь утсыг салгасан. Тэгээд манай нөхөр С  руу хувинтай ус цацахад С ын архи нь арай гайгүй болсон. Тэгтэл С  манай нөхрийг заамдаж аваад өшиглөчихөд хөл хугарчихлаа гээд гутлаа тайлаад газар суусан. Манай нөхөр С ыг бурхан тахил нураачихлаа гэхэд С  манай гэр рүү шагайж би эвдэлсэн юмаа харчихъя, маргааш цагдаа дээр очоод эвдэлсэн зүйлээ төлчихье гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Удалгүй цагдаа ирээд С ыг аваад явсан. Явсных нь дараа гэр доторх эд зүйлээ янзлахад манай нөхрийн тариат манан хөөрөг нь хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,

Гэрч Г.П-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 01-ний орчим Баянгол сумаас хонь, ямаагаа туугаад Тарагт сумын нутаг “Хар толгой” гэх газарт оторт гарсан. 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хонь, ямаагаа хариулж яваад гэртээ ирэхэд гэр салхинд нурсан байхаар нь саахалт айл болох О-ын гэрт очсон. О-ын гэрт О, эхнэр Д нар байсан. Намайг очиход О нь аавын хөөрөг гээд нэг хөөргөөр хөөрөглөсөн. Тухайн өдөр би Оынд хоноод өглөө эрт яваад маргааш өглөө нь О-ынд цайны сүү өгөх гээд ирэхэд Д, О нар нь бурхнаа самруулчихлаа, хөөрөг хагарсан гэж ярьж байсан. О надад хөөрөглөхдөө халтар манан хөөрөг гэж хэлж байсан. Би хөөргийг нь харахад дунд гарын ясан халбагатай, гуулин нуухтай, чулуун толгойтой хөөрөг байсан. Саахалт айлын С  нь агсам тавиад хагалсан гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

Гэрч Н.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.О нь миний төрсөн дүү байгаа юм. О нь ааваар, би ээж Надмидаар овоглодог юм. Би тухайн үед Арвайхээр суманд байсан юм. Тухайн хөөрөг нь миний аав Цэ-н өвлөж өгсөн тариат манан хөөргийг С  гэх хүнд хагалуулсан байсан. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Хар толгой” гэх газар өөрийн гэртээ ирэхэд О надад хэлэхдээ С  нь агсам тавиад бурхан тахил нураагаад бурхан дээр байсан хөөрөг хагалсан гэж хэлсэн. Тариат манан, ясан халбагатай, гуулин нуухтай, толгой нь тариат манан чулуугаараа хөөрөг байсан. Ц.О гэрээ тухайн үед хураасан байсан юм. Тэгээд О эхнэр, хүүхдийн хамт манайд байсан. О одоо гэрээ барьсан байгаа. Ц.О нь тухайн хөөргийг бариад 4-5 жил болж байгаа. Тухайн бурхан нь мөн Ц.О-ын бурхан байгаа юм. Хамгийн бага хүү гээд аавын бурхныг авч явдаг юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Цагдаагийн дэд ахлагч Г.Баярхүүгийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хар толгой” гэх газар согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлагаар очиход Н.С  гэгч нь согтуугаар Ц.О гэх айлд агсам тавьсан гээд байж байсан. Тухайн хүмүүс гэрийнхээ гадаа зогсож байсан, гэрийн эзэн хэлэхдээ Н.С ыг бурхан тахил нураасан гэж ярьж байсан. Гэрт нь цагдаагийн дэд ахлагч Г.Баярхүүг орж үзүүлсэн. Тэгээд Н.С ыг цагдаагийн газар руу авч явж байхад араас О утсаар залгаад наад хүн чинь миний хөөргийг хагалсан байна, битгий явуулаарай гэж хэлэхээр нь та нар араас ирээд гомдлоо гарга, хагалсан гэх хөөрөгнийхөө зургийг аваад ирээрэй гэж хэлсэн. Тухайн хүмүүс араас ирээгүй. С  нь дунд зэргийн согтолттой байсан, хэнтэй ямар хүмүүстэй харьцаж байгаагаа мэдэж байсан. Гэрийн эзэн О эхнэрийн хамт агсам тавьсан гэх С  нар байсан. Өөр хүн байгаагүй. О нь эрүүл байсан, их ууртай бухимдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-иийн 19 хуудас/,

Гэрч Г.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Цагдаагийн ахлах ахлагч Т.Баяраагийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Хар толгой” гэх газар С  гэх хүн агсам тавиад байна гэх дуудлагаар очиход Н.С  нь тухайн айлын гадаа мотоциклийнхоо хажууд зогсож байсан. Гэрийн эзэн гэх О нь гэрийн бурхан тахилыг нураасан гэхээр нь гэрт нь орж хартал гэрийн хоймор нь байх бурхан тахил нь нурсан байсан. Тэгээд С ыг цагдаагийн газар руу авч явж байхад О нь утсаар яриад С  гэх хүн хөөрөг хагалсан байна гэхээр нь гар утсан дээрээ зургийг нь аваад маргааш хүрээд ир гэж хэлсэн. С  нилээн согтуу байсан. Тухайн үед О эхнэртэйгээ, С  нар байсан. Өөр хүн байгаагүй, О эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Гэрч Б.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай найз Н.С  нь морь уядаг. Айл саахалт, нутаг орондоо нэр хүндтэй, хүнтэй яриа хөөрөө сайтай, төлөв томоотой сайн залуу байгаа юм. Архи хааяа нэг уудаг, тамхи татдаг, өөр элдэв муу зан ааш байхгүй. Хувьдаа өөрийн гэсэн малтай, амьдрал ахуй боломжийн хүн байгаа юм. Уг нь ямар нэгэн ааш авир, хүнтэй хэрүүл маргаан хийлээ гэж дуулдаж байгаагүй. Ийм авир гаргаад байдаггүй хүн байгаа юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хууда/,

Гэрч Н.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Н.С  нь эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол сумын 1 дүгээр багт, манайхтай саахалт нутагладаг. Амьдрал ахуй боломжийн, өөрийн мал хөрөнгөтэй, айлын ганц хүү байгаа юм. Архи, тамхи хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ ямар нэгэн ааш авир миний нүдэнд гаргаж байгаагүй. Зан аашийн хувьд инээсэн, хүнтэй нийтэч зантай, уур уцаар, хэрүүл маргаан хийгээд байхгүй, зан төлөв нь хүнтэй нийтэч, ярих үедээ ярьдаг, дуугүй байх үедээ даруухан дунджил ааш зантай хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим би гэртээ нөхөр хүүхдийн хамт байсан ба манай нөхөр унтаж байсан. Тэгтэл гадаа мотоцикль дуугараад байхаар нь гараад хартал Н.С  гэж манай саахалт айлын хүн ирчихсэн байхаар нь би нохой хорьж өгсөн. Тэгтэл нилээд согтуу манай хүүхэд үүдэн дээр сууж байтал хүүхэд дээгүүр алхаж ороод зүүн талын орон дээр суучихсан. Тэгэхээр нь би мэндлээд цай хийж өгтөл С  нь “Оаа чи лам болчихсон гэлүү” гэж хэлээд ална шүү гээд зүүн гараараа бурхан тахил хамж унагаагаад О дээр очсон ба О дөнгөж сэрээд “юу” гэж хэлэх үед л алгадаад авсан. Тэр үед би хоёр хүүхдээ авч гараад гадаа суулгачихаад эргэж орж ирээд утсаа аваад цагдаад дуудлага өгсөн. Тэр хооронд тэр хоёр зууралдаад байсан. Ингээд байж байтал цагдаа нар ирээд гэрийн доторх зураг аваад С ыг аваад явсан...” гэсэн тайлбар /хх-ийн 7 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 06/40 дугаартай үнэлгээний: “Дунд гарын тариат манан хөөрөг, 2 үе дамжиж өвлөгдөн ирсэн, тариат манан чулуун толгойтой, гуулин нуухтай, гуулин тавтай, ясан халбагатай хөөрөгний зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 3000000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 37-30/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9 хуудас/,

Шүүгдэгч Н.С-ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шйитгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 44-46, 50-53/ зэрэг болно.

Шүүгдэгч Н.С  нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг “Хар толгой” гэх газар оршин суух Ц.О-ын гэрт агсам согтуу тавьж, бурхан тахилыг нь нураасны улмаас бурхан дээр нь байсан дунд гарын тариат манан хөөргийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, хохирогч Ц.О-т 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.О /хх-ийн 13-14/, гэрч Ц.Д /хх-ийн 15/, гэрч Г.П /хх-ийн 17/, гэрч Н.С /хх-ийн 18/, гэрч Т.Баяраа /хх-иийн 19/, гэрч Г.Баярхүү /хх-ийн 20/ нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 06/40 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 37-30/, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигон овогт Н.С т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.С  нь урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарагдаж хэрэгсэхгүй болсон байна. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг хуульчилсныг дурьдах нь зүйтэй.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Н.С ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзаж, түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Н.С т эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч Н.С т оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.О-т тариат манан хөөрөг 1 ширхэг болон 700000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Н.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.С-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Н.С-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.С т 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Н.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.О-т тариат манан хөөрөг 1 ширхэг болон 700000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Д.ЦЭЦЭГЭЭ