Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
Хэргийн индекс | 155/2023/00376/И |
Дугаар | 155/ШШ2024/00591 |
Огноо | 2024-05-30 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00591
2024 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00591 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, ************** тоотод оршин суух, Г овогт Д-ын Э ,
Хариуцагч: Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, ********************** байрлах, М хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоот буюу одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 306 тоот, 13,37 м.кв талбай бүхий 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Э д холбогдох, сөрөг нэхэмжлэлтэй, 155/2023/00376/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Э ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Мөнгөнтуяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Номын өргөө (SB төв) барилгын 3 дугаар давхрын 7 (306) тоот, 13,37 м.кв талбайтай, 1 өрөөний өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,
хариуцагч Мхязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Э д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.
Нэхэмжлэгч Д.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Нэхэмжпэгч Д.Э би М хязгаарлагдмал хариуцлагатай компанитай харилцан тохиролцсоны дагуу Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж тус компаниас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Номын өргөө одоогийн нэр нь SB төвийн 3 дугаар давхрын 7 тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөөг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Бидний хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж байна. Уг гэрээний 3.9-д /дугаар давхардсан буюу 2 дахь нь/ заасны дагуу би гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө бүрэн төлсөн. Мөн гэрээний 1.1, 3.13-т заасны дагуу өрөөг хүлээн аваад одоо эзэмшиж байгаа болно. М хязгаарлагдмал хариуцлагатай компани уг барилгыг барьж, өрөөг надад хүлээлгэн өгсөн нь сайшаалтай ч гэрээний 3.6-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг надад олгуулахгүй байгаагаас би хохирч, надад ихээхэн чирэгдэл учирч байна. Учир нь тус компани миний худалдан авсан өрөө байрлаж байгаа барилгыг бүхэлд нь банканд зээлийн барьцаанд бариулсан атлаа уг зээлээ төлөхгүй байгаагаас улсын бүртгэл хийгдэх боломжгүй байна. Би өрөөгөө улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор М хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2022 онд 5 удаа, 2023 онд 7 удаа тус тус хандсан боловч гэрээний 3.6-д заасны дагуу эрхийн бичгээ олгохгүй, банкны зээлээ төлж өрөөг маань барьцаанаас чөлөөлж өгөхгүй байгаа болно.
Би өрөөний үнийг бүрэн төлж улмаар эзэмшилдээ авсан байгаа тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсгийн заалттай холбон үзвэл уг үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлд шилжин иржээ. Иймд би өмчлөх эрхээ хамгаалуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг баримтлан үл хөдлөх эд хөрөнгийн байршлын дагуу танай шүүхэд хандаж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, Ган замын баруун талд байрлалтай хариуцагчийн барьсан Номын өргөө одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 7 тоот дахь 13,37 мкв талбайтай 1 өрөөний өмчлөгч болохыг тогтоож өгнө үү...гэжээ.
Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч Э би хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компаний Хөвсгөл аймгийн Мөрөн суманд барьж байсан барилгын 3 давхрын 7тоот /одоогийн 306 тоот/ өрөөг 10,000,000 (арван сая) төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэрээний 2.1 дэх заалтын дагуу 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гэхэд гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөрөө 100 хувь төлж дуусгасан. Мөн гэрээний 1.1, 3.13-т заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-ийн Хөвсгөл дахь салбарын менежер н.Наранцэцэгээс өрөөг хүлээж аваад, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус компанид ашиглалтын зардал төлж эхэлсэн, одоо уг өрөөг эзэмшиж байгаа болно. Миний эзэмшлийн өрөө анх гэрээ байгуулахад Номын өргөө барилгын 3 давхрын 7 тоот гэж байсан бол одоо тус компани барилгынхаа нэр, өрөөний хаягийг өөрчилснөөс болж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын SB төвийн 3 давхрын 306 тоот өрөө гэж хаяглагдах болсон.
М хязгаарлагдмал хариуцлагатай компанид нь гэрээний З.6-д заасны дагуу надад өрөөг шилжүүлж өгөхдөө үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах эрхийн бичиг олгох ёстой байсан ч уг бичгийг олгоогүй, манайх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ зээлийн барьцаанд тавьсан учир зээлийн барьцаа сулартал өрөөгөө өөрийн болгох боломжгүй гэж хэлсэн. Байгууллагын нууц гэдэг шалтгаанаар нэг ч удаа нотлох баримтаа үзүүлж байгаагүй бөгөөд би 9 жилийн хугацаанд энэ үгэнд нь итгэсэн. Гэтэл Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компани нь 2014, 2015, 2016, 2017 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ зээлийн барьцаанд тавиагүй байсан. 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ зээлийн барьцаанд тавьж эхэлсэн нь үнэн боловч 2019 оны 01 дүгээр сарын 22, 2020 оны 4 дүгээр сарын 02, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тус тус зээлийн барьцаанаас суллахдаа надад мэдэгдэж миний өрөөний талбайг өөрийн өрөөний талбайгаас хасуулах бүрэн боломжтой байсан боловч надад хэлэлгүй надаас нуусан. Би ямар нэгэн өш хонзон өвөрлөж тус компанийн нэр төрийг гутаах гэж шүүхэд хандаагүй, гагцхүү өөрийн худалдаж авсан өрөөнийхөө хууль ёсны өмчлөгч болох зорилготой. Гэтэл миний нэхэмжлэлийг хариуцагч талаас үгүйсгэж хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх нь намайг талуудын хооронд байгуулсан гэрээy дээр ерөнхий захирал С.Батчулуун, нягтлан бодогч С.Түвшинжаргал нарын гарын үсгийг хуурамчаар зурсан болгож, шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний 9 цаг 20 минутад буюу шүүх хуралдаан эхлэхээс 10 минутын өмнө шүүхэд хандсан. Шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахдаа нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн түрээсийн гэрээг нягтлан үзэхэд гэрээний шаардлага хангахгүй байсан. Тухайлбал: түрээслэгч С.Бужмаатай 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн ТГ-2012/017 тоот гэрээний 3.1-д Түрээсийн гэрээний хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байна гэсэн байгаа нь гэрээг нийт 11 жилийн хугацаатай байгуулсан гэж харагдаж байна. Уг компани нь лангуу түрээсийн гэрээгээ 1 жилийн хугацаатай хийдэг бөгөөд энэ гэрээг 11 жил гэж хийсэн нь гэрээ хуурамч гэдгийг харуулж байна. Даатгалын тухай хуулиар лангуу түрээслэгч нар барилгын материалаа 1 жилийн хугацаагаар даатгуулдаг бөгөөд дээрх түрээсийн гэрээний 5.8-д Түрээслэгч нь даатгалын байгууллагад лангуу түрээслэгчийн төрлийн даатгалыг заавал хийлгэсэн байна гэж заасантай зөрчилдөж байна. Түрээслэгч Г.Арвинжаргалтай хийсэн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2013 /025 тоот гэрээний 1.2-т Нэг талаас М хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж /цаашид Түрээслүүлэгч гэх ажилтан Д.Отгонжаргал гэсэн. М хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлж Д.Отгонжаргал гэх хүн гэрээ хийсэн байхад гэрээ байгуулсан түрээслүүлэгчийг төлөөлсөн хүн дээр С.Түвшинжаргал гарын үсэг зурсан. Түрээслэгчийн албан ёсны нэрийг Г.Арвинжаргал гэдэг байхад гэрээний гарын үсгийг Ариунжаргал гэж зурсан. Гэрээг хүчин төгөлдөр биш гэж үзэх үндэслэл байна. Нягтлан бодогч С.Түвшинжаргал нь өөрийн гараар, нүүр нүүрээ харж байгаад надтай гэрээ байгуулсан үнэн түүхээ мартаж, уг гэрээн дээрх өөрийн гарын үсгийг хуурамч гэж нотлуулахаар оролдож байгаад харамсаж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаанд хамаарах 2012 онд тус компани нь Татварын болон Нийгмийн даатгалын байгууллагад нийт 44 ширхэг тайлан өгсөн бөгөөд эдгээр тайлан тус компанийн санхүүгийн архивт хадгалагдаж байдаг. Эдгээрээс зөвхөн өөрт ашигтай 4 ширхэг тайланг сонгон авч, нотлох баримт болгон нягтлан бодогч С.Түвшинжаргал шүүхэд өөрөө авчирч өгсөн байдаг. Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заалтад зааснаар хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна.
Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоот буюу одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 306 тоот, 13,37 м.кв талбай бүхий 1 өрөөний өмчлөгч болохыг тогтоож өгнө үү...гэв.
2.Хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нэхэмжлэгч Д.Э д холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:...Нэхэмжлэгч иргэн Д.Эрдэнэтуяагаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн "Апбан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний зүйл болох Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах Номын Өргөө барилгын 3 давхарын 7 тоот өрөөний 13.37 метр дөрвөлжин талбайтай байрыг 10,000,000 (арван сая) төгрөгийн үнээр нийлүүлэхээр 1.1-д заасан байх бөгөөд тус байрыг 2013 оны 2 дугаар улиралд батлагдсан зураг төсвийн дагуу барихаар 3.2-т заажээ. Тус гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр даган мөрдөж байсан 2008 оны Барилгын тухай Хууль (цаашид БтХ гэх)-иар зураг төсөв нь барилгын ажлын анхдагч баримт бичиг бөгөөд тус баримт бичигт үндэслэж барилгын ажлын даалгавар, техникийн нөхцөл, бусад зөвшөөрөл гарахаар зохицуулж байсан. Өөрөөр хэлбэл хаана, ямар барилга баригдах эсэх тодорхойгүй байсан тул барилгын ажлын захиалга авч, гэрээ байгуулагдах боломжгүйг илэрхийлэх бөгөөд талуудын хооронд барилгын ажлын захиалгын баримт бичиг үйлдэгдэх боломжгүй байтал 'Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан нь эргэлзээ төрүүлж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах Номын Өргөө барилгын ажлын баримт бичгээс үзвэл тус барилгын зураг төсөв 2010 оны 9 дүгээр сар гэхэд бэлэн болж, барилгын ажлыг эхлүүлснээр 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дуусгасан нь Барилга байгууламж ашиглалтад оруулах техникийн комисс-ын 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/252 дугаартай актын 1.6-д заажээ. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний зүйл нь 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдсанаар барилгын ажил нь эхлэх барилга, байгууламжийн 7 тоот байр байтал тус гэрээний зүйлийг 2010 оны 9 дүгээр сар гэхэд бэлэн болж, барилгын ажлыг эхлүүлснээр 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дууссан барилга, байгууламжаас шаардаж буй нь Талуудын хооронд байгуулагдсан Албан өрөө захиагагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г Иргэний Хууль (цаашид ИХ гэх)-ийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасан ноцтой төөрөгдөл үүссэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна.
Учир нь тус гэрээгээр гүйцэтгэгчээс 2013 оны 02 дугаар улиралд батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан барилгын талбайг нийлүүлэхээр тохиролцсон бол захиалагч нь 2010 оны 9 сар гэхэд бэлэн болж, барилгын ажлыг эхэлүүлснээр 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дууссан барилгын талбайг авна гэж талууд гэрээний зүйлийн талаар зөрүүтэй ойлголцсоноор илэрхийлэгдэж байна. Нөгөөтэйгүүр барилгын ажлын зураг төсөв батлагдаагүй байхад эсвэл батлагдсан барилгын ажлын үндсэн баримт бичгийн талаар зөрүүтэй буюу 2010 оны 9 сард батлагдаж, ажил эхэлсэн барилгыг 2013 оны 2 дугаар улиралд эхлэхээр тусгасан гэрээг "М ХХК-ийн захирап гарын үсэг зурж байгуулсан нь илтэд эргэлзээ төрүүлж буй нь Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн шинжийн эргэлзээ бүхий үндэслэл бүрдүүлж байна.
Учир нь тус хэлцэлд МВC ХХК-г төлөөлж нягтлан бодогч гарын үсэг зурсан тул санхүүгийн тэмдэг дарах ёстой ч тэмдэггүй байхад тус гэрээний төслийг ерөнхий захирал хянан эөвшөөрч баталсан гарын үсэг зурж, компанийн тэмдэг дарагджээ. Гэтэл гэрээний зүйл ийнхүү илтэд зөрүүтэй, гэрээний баримт бичигт зохих тэмдэг дарагдаагүй байхад захирал гарын үсэг зурах, тэмдэг дарагдах ёсгүй байтал гарын үсэг зурагдаж зөвхөн компанийн тэмдэг дарагдсан, санхүүгийн тэмдэггүй нь тус гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.
Иймд Талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцно уу...гэжээ.
Б. Д.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:
А.Шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Д.Э миний бие нэхэмжлэгчийн хувьд хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд энэхүү тайлбарыг өгч байна. М ХХК-ийн захирал С.Батчулуун бид сайтар харилцан тохиролцож хоёр талын саналаа бүрэн дүүрэн тусгасны үндсэнд уг Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ (цаашид гэрээ гэх)-г байгуулсан. Хоёр тал гарын үсгээ зуран, С.Батчулуун захирал компанийн тамга дарснаар тус гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болсон нь Иргэний хуулийн Хоёр дугаар дэд бүлгийн 196-р зүйлийн 1 дэхь хэсгийн 2 дахь заалтад бүрэн нийцэж байна. Гэтэл уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж доорхи тайлбарыг гаргаж байна. 2010 оны 9 дүгээр сард зураг төсөв нь батлагдсан, 2012 он гэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаад эхэлчихсэн барилгаас би өрөө худалдан авахаар 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 1.1, 3.2-т заасны дагуу байрыг 2013 оны 2 дугаар улиралд хүлээн авахаар харилцан тохиролцсон. Дээр дурдсанаар гэрээний 1.1, 3.2-т заасан...байрыг хөрөнгө оруулагч надад 2013 оны 2-р улиралд хүлээлгэн өгнө...гэсэн заалтыг сөрөг нэхэмжлэлд 2013 оны 2 дугаар улиралд батлагдсан зураг төсөв болгож илтэд гуйвуулж, хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэсэн хэсгийг санаатайгаар хасаж бичжээ. Ингэснээр зураг төсөв нь батлагдаагүй, хаана барих нь тодорхойгүй, 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдаж магадгүй гэсэн төсөөлөлттэй, хий хоосон барилгад захиалга өгч 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан мэт буруу ойлголт төрүүлэхээр болгожээ. Зураг төсөв нь батлагдаагүй, хаана барих нь тодорхойгүй барилгад захиалга авч гэрээ байгуулдаг захирал, ийм гэрээнд итгээд төлбөрөө төлдөг иргэн гэж байх уу. Мөн сөрөг нэхэмжлэлд хариуцагч миний нэрийг Эрдэнэтуяа гэж андуурсан бөгөөд нягтлан бодогч нь санхүүгийн тэмдэг дараагүй учир гэрээ хүчин төгөлдөр бус гэжээ. Компанийн хууль ёсны эрх мэдэлтэн болох захирал гарын үсэг зурж, тамга дарсан гэрээ хаана ч компанийг төлөөлж чадах албан ёсны хүчин төгөлдөр гэрээ болдог. Компанийн захирал гарын үсэг зурж тамга дарж эцсийн байдлаар баталгаажуулсан гэрээнд нягтлан бодогч санхүүгийн тэмдэг дарах ёсгүй бөгөөд санхүүгийн тэмдэг дарсан тийм гэрээг би амьдралдаа харсангүй. Нягтлан бодогч нь зөвхөн санхүүгийн анхан шатны баримт, тайлан дээр л гарын үсэг зурж санхүүгийн тэмдэг дардаг билээ. Ийнхүү сөрөг нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй тул би хүлээн авах, зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд хавсралтаар хүргүүлж байгаа баримт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
Б.Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...М хязгаарлагдмал хариуцлагатай компаний гүйцэтгэх захирал Б.Билгүүн сөрөг нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ -г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний 9 цагт буюу шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө шүүхэд хүсэлт гаргасан. 2010 оны 9 дүгээр сард зураг төсөв нь батлагдсан, 2012 он гэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаад эхэлчихсэн барилгаас би өрөө худалдан авахаар 2012 оны 11-р сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 1.1, 3.2-т заасны дагуу байрыг 2013 оны 2 дугаар улиралд хүлээн авахаар харилцан тохиролцсон. Гэрээний 1.1,3.2-т заасан байрыг хөрөнгө оруулагч надад 2013 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгнө гэсэн заалтыг сөрөг нэхэмжлэлд 2013 оны 2 дугаар улиралд батлагдсан зураг төсөв болгож илтэд гуйвуулж, хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэсэн хэсгийг санаатайгаар хасаж бичин, ингэснээр зураг төсөв нь батлагдаагүй, хаана барих нь тодорхойгүй, 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдаж магадгүй гэсэн төсөөлөлтэй, хий хоосон барилгад захиалга өгч 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан мэт буруу ойлголт төрүүлэхээр болгосон байна. Зураг төсөв нь батлагдаагүй, хаана барих нь тодорхойгүй барилгад захиалга авч гэрээ байгуулдаг захирал, ийм гэрээнд итгээд төлбөрөө төлдөг иргэн гэж байх уу, гэрээний 3.2-т батлагдсан зураг төсвийн дагуу барьж гэж бичсэн нь гэрээ байгуулах үед аль хэдийн зураг төсөв нь батлагдсан байсан гэсэн үг. Хэрвээ гэрээ байгуулах үед зураг төсөв нь батлагдаагүй байсан бол батлагдах зураг төсөв гэж бичих ёстой байсан. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний зүйл нь 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдсанаар барилгын ажил нь эхлэх барилга байгууламжийн 7 тоот байр байтал, тус гэрээний зүйлийг 2010 оны 9 дүгээр сар гэхэд бэлэн болж, барилгын ажил эхлүүлснээр 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дууссан барилга байгууламжаас шаардаж буй нь талуудын хооронд байгуулсан Албан өрөө захиалагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан ноцтой төөрөгдөл үүссэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна гэсэн. Энэ нь тус гэрээнд заасан өрөө нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдсан Номын өргөө барилгын 7 тоот /одоогийн SB төвийн 306 тоот/ өрөө биш гэсэн санаа агуулж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан өрөө нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдсан Номын өргөө барилгын 7 тоот өрөө гэдгийг нотлох баримт болох М хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Б.Билгүүний гарын үсэгтэй 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6/2028 тоот албан бичиг, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6/2603 тоот албан бичиг, М ХХК-ийн кассын орлогын 2012 оны 11 дүгээр сарын 15, 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр миний мөнгө тушаасан баримтууд, барилгын 3 давхрын талбайн схемийн зураглал, өрөөний гаднаас авсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Энэ бүгдийг би шүүхэд нотлох баримт болгон гарган өгч сөрөг нэхэмжлэлд 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр тайлбар хүргүүлсэн. Гэрээнд заасан 7 тоот өрөө нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдсан Номын өргөө барилгынх биш, 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдах өөр нэг барилгын 7 тоот өрөө гэсэн утгатай сөрөг нэхэмжлэл гаргасны хувьд М хязгаарлагдмал хариуцлагатай компани өөр ямар барилгад хамаарах өрөө вэ гэдгийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гаргаж өгөхгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар түүнийг нотлох баримт гэсэн заалтыг зөрчсөн хэвээр байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...гэв.
Нотлох баримт:
Нэхэмжлэгчээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гаргасан Г овогт Д-ын Э ы №23110001000214 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн кассын орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн кассын орлогын ордерын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/955 дугаартай албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М ХХК-аас Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн албанд гаргасан хүсэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, М ХХК-аас иргэн Д.Э д хүргүүлсэн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчийн оршин суугаа газрын шүүхээр дамжуулан нэхэмжлэлийн хувийг гардуулахаар гаргасан хүсэлт, Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа гаргуулах хүсэлт, Голомт банк болон Хаан банкны орлогын мэдүүлэг эх хувь, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, барилгын скем зураг, Голомт банкны орлогын мэдүүлгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, фото зураг, М ХХК-иас Д.Э д хүргүүлсэн шинэ жилийн мэндчилгээ эх хувь, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн кассын зарлагын ордер эх хувь зэрэг баримтуудыг (1 дүгээр хавтаст хэргийн 2-11, 17, 168, 179-180, 243-247 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 84-85 хуудас),
Хариуцагч М ХХК-аас 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/444 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/464 дугаартай хэрэг шилжүүлэх тухай хүсэлт, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5/467 дугаартай захирамжид гаргасан гомдол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Гөрөөчин Батчулууны Билгүүний иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/475 дугаартай өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 6/473 дугаартай шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт, Батчулуун овогтой Билгүүний гадаад паспортын хуулбар, Хан хөхий Баатаржавын Батмөнхийн Монголын өмгөөлөгчдийн холбооны үнэмлэхийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн өмгөөлөгч Б.Батмөнхийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэх хуудас, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн гарын үсгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах болон шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүд, хариуцагч Б.Билгүүний гарын үсгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, хариуцагч Б.Билгүүний гаргасан сөрөг нэхэмжлэл, Голомт банкны цахим гүйлгээний баримт хуулбар хувь, 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын акт болон Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдсан Номын өргөө-ахмадын ордны барилгын ажлыг хүлээн авах техникийн комиссын хурлын тэмдэглэл, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн гарын үсгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт, 2012 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гарын үсгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулахад гаргасан баримтууд, хариуцагч Б.Билгүүний шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт зэрэг баримтуудыг тус тус гарган өгсөн. (1 дүгээр хавтаст хэргийн 9, 29-30, 35, 45-47, 62-75, 95, 96, 188, 218, 219, 221-231 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 1-7, 30-67, 94-95, 106-120 дугаар хуудас)
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа авсан, мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн хүсэлтээр гарын үсгийн шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэг.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоотод байрлалтай, 13,37 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Тэрээр шүүх хуралдаанд...өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан барилгын нэршил болоод тоотын дугаар өөрчлөгдсөн тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоот буюу одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 306 тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгоно...гэж шаардлагаа тодруулсан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээХөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоот буюу одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 306 тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөөг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан ба гэрээний үүргээ бүрэн биелүүлж үнийг төлсөн. Уг байр одоо миний эзэмшилд байгаа. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах эрхийн бичгийг хариуцагч надад өгөхгүй, миний эрхийг зөрчиж байгаа тул худалдан авсан 1 өрөө байрны өмчлөгч болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан...хэмээн шаардлагаа тодруулан тайлбарлав.
Иргэний эрх зүйн маргаанд зохигч өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага болоод татгалзлаа нотлох үүрэгтэй.
Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.
Хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гардуулж, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн талаар БАРИМТ №4 маягт хэрэгт авагджээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг няцаагаагүй болно. (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Гэсэн хэдий ч хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаж ирүүлсэн ба үүгээр хариуцагчийг дээрх нэхэмжлэлийн шаардлагын тухайд маргаж байна гэж үзэх үндэслэлтэй тул шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
Зохигч нар нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэсэн гэрээг байгуулжээ.
Уг гэрээгээр гүйцэтгэгч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь захиалагч Дамба овогтой Э ы захиалсан, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдах Номын өргөө барилгын 3 давхарын 7 тоот, 13,37 м.кв талбайтай, 1 өрөөг нийт 10,000,000 (арван сая) төгрөгийн өртөгтэйгээр нийлүүлэх, байрыг 2013 оны 2-р улиралд хүлээн авах, 100 хувь төлбөр хийсэн хөрөнгө оруулагчид байрыг хүлээлгэн өгч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах, эрхийн бичгийг олгох, захиалагч Д.Э нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн барагдуулж, байрыг авах эрхийн бичиг авснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, гэрчилгээ авахтай холбогдон гарах зардлыг өөрөө хариуцах нөхцлийг талууд харилцан тохиролцжээ.
Гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлөн М хязгаарлагдмал хариуцлагатай компаний ня-бо С.Түвшинжаргал, захиалагч талыг төлөөлөн Д.Э нар гарын үсэг зурж, М хязгаарлагдмал хариуцлагатай компаний ерөнхий захирал С.Батчулуун баталгаажуулжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар тал)
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөгийг ахмадын өргөөний барилгын 3-7 өрөөний төлбөр, 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 4,000,000 төгрөгийг Хөвсгөл НӨ оффисын барилгын өрөөний төлбөр гэсэн утгаар тус тус төлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дугаар тал)
Барилгыг хариуцагч 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлэн, нийт 1702 мкв талбайтай, Y-723006678 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авсан ба 2017 оны 9 дүгээр арын 18-ны өдөр Капитрон банканд, 2020 оны 4 дүгээр сарын 15, 2020 оны 8 дугаар сарын 25, 2021 оны 4 дүгээр сарын 19, 2021 оны 11 дүгээр сарын 29, 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банканд тус тус барьцааны хөрөнгө болгон барьцаалбарт бүртгүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 175-177, 226-231 дүгээр тал)
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Б.Батмөнх нь 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан, Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-нд зурагдсан ерөнхий захирал С.Батчулуун, нягтлан бодогч С.Түвшинжаргал нарын гарын үсэгт шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар шинжээчийн дүгнэлт:
2.Д.Э ы М ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэсэн гэрээн дээрх С.Түвшинжаргал гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулсан загвараар ирүүлсэн С.Түвшинжаргалын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэжээ. (2 дугаар хавтаст хэргийн 36-55 дугаар тал)
Үүнээс үзвэл талуудын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд М хязгаарлагдмал хариуцлагатай компаний гүйцэтгэх захирал С.Батчулуун гүйцэтгэгч талыг төлөөлөн сайн дураар оролцож, захиалагчийн өмнө эрх эдэлж, үүрэг хүлээн, гэрээг баталгаажуулсан болох нь тогтоогдлоо.
Хуульд гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал нь хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулж болохоор хуульчилсан ба харин ийм эрх бусад ажилтнуудад олгогдоогүй болно.
Нөгөө талаар 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч гэрээний зүйл нь ирээдүйд бий болох үл хөдлөх хөрөнгө ба тухайн үүргийн хэлцэлд суурилан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан өмчийн хэлцэл үүсэж байгаа тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Тодруулбал худалдах-худалдан авах гэрээний зүйлийн хувьд гүйлгээнд чөлөөтэй хөрвөх боломжтой ямар ч хөрөнгө байж болох боловч ирээдүйд бий болох эд хөрөнгийн тухайд талууд гэрээний зүйлийн талаар тухайлан тохиролцсон, үл хөдлөх эд хөрөнгийн шинжтэй байгаа, гэрээний хувьд үүргийн харилцаа буюу нэг тал гэрээний дагуу тогтоосон хугацаанд төлбөр төлөх, нөгөө тал эрхийн болон биет байдлын доголдолгүй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх үүргийн эрх зүйн хэлцэл хийгдсэн бөгөөд үүгээр эд хөрөнгийн харъяалал хараахан өөрчлөгдөхгүй ч холбогдох үүргийг биелүүлснээр түүнд суурилсан өмчийн хэлцлийг үүсгэн худалдан авагчид өмчлөх эрхийг бий болгож байгаагаараа талуудын хооронд байгуулагдсан албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний шинжтэй нийцэж байна. Иймээс уг гэрээг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д...талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ...гэснээс дүгнэвэл нэхэмжлэгч Д.Э нь гэрээний үүргээ биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоот буюу одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 306 тоот, 13,37 м.кв талбай бүхий 1 өрөө байр захиалагчийн өмчлөлд шилжих, гүйцэтгэгч нь гэрчилгээг захиалагчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг үүсжээ.
Түүнчлэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д...худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэгэж зааснаар Д.Э нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоот буюу одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 306 тоот, 13,37 м.кв талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгчөөр толгоолгохоор шаардах эрхтэй болно.
Иймд нэхэмжлэгч Д.Э ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоот буюу одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 306 тоот, 13,37 м.кв талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгч мөн болохыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасан барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй, хууль зөрчсөнөөс үүсэх үр дагавар, эрсдлийг нэхэмжлэгч хариуцахгүй ба Худалдаа хөгжлийн банканд гэрээний зүйл болох 1 өрөө байр барьцаалбар болсон нь нэхэмжлэгч Д.Э ы өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдлаа.
Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэгч Д.Э д холбогдуулан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Д.Э сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж....2010 оны 9 дүгээр сард зураг төсөв нь батлагдсан, 2012 он гэхэд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдаад эхэлчихсэн барилгаас би өрөө худалдан авахаар 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 1.1, 3.2-т заасны дагуу байрыг 2013 оны 2 дугаар улиралд хүлээн авахаар харилцан тохиролцсон. Гэрээний 1.1,3.2-т заасан байрыг хөрөнгө оруулагч надад 2013 оны 2 дугаар улиралд хүлээлгэн өгнө гэсэн заалтыг сөрөг нэхэмжлэлд 2013 оны 2 дугаар улиралд батлагдсан зураг төсөв болгож илтэд гуйвуулж, хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэсэн хэсгийг санаатайгаар хасаж бичиж, ингэснээр зураг төсөв нь батлагдаагүй, хаана барих нь тодорхойгүй, 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдаж магадгүй гэсэн төсөөлөлтэй, хий хоосон барилгад захиалга өгч 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан мэт буруу ойлголт төрүүлэхээр болгосон байна. Зураг төсөв нь батлагдаагүй, хаана барих нь тодорхойгүй барилгад захиалга авч гэрээ байгуулдаг захирал, ийм гэрээнд итгээд төлбөрөө төлдөг иргэн гэж байх уу, гэрээний 3.2-т батлагдсан зураг төсвийн дагуу барьж гэж бичсэн нь гэрээ байгуулах үед аль хэдийн зураг төсөв нь батлагдсан байсан гэсэн үг. Хэрвээ гэрээ байгуулах үед зураг төсөв нь батлагдаагүй байсан бол батлагдах зураг төсөв гэж бичих ёстой байсан.
Гэрээнд заасан 7 тоот өрөө нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдсан Номын өргөө барилгынх биш, 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдах өөр нэг барилгын 7 тоот өрөө гэсэн утгатай сөрөг нэхэмжлэл гаргасны хувьд М хязгаарлагдмал хариуцлагатай компани өөр ямар барилгад хамаарах өрөө вэ гэдгийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Гэвч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөхгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-т зааснаар түүнийг нотлох баримт гэсэн заалтыг зөрчсөн хэвээр байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...гэв.
Зохигч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар маргаж байгаа тохиолдолд хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хуульд зааснаар нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл Д.Э ы гаргасан нэхэмжлэлд М хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч, харин Д.Э д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ тэрээр нэхэмжлэгчийн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд хариуцагч тал ирүүлээгүй.
Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заажээ.
Гэвч хариуцагчийн тухайд уг хэлцлээс гарах хууль зүйн үр дагаврыг ойлгохгүй хийсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдохгүй байна.
Тухайлбал, хариуцагч тал гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хууль зүйн үндэслэлээнэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээний зүйл нь 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдснаар барилгын ажил эхлэх барилга байгууламжийн 7 тоот байр байтал тус гэрээний зүйлийг 2010 оны 9 сар гэхэд бэлэн болж, барилгын ажлыг эхлүүлснээр 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр дууссан барилга байгууламжаас шаардаж буй нь ИХ-н 58 дугаар зүйлийн 58.1-д заасан ноцтой төөрөгдөл үүссэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна.нөгөөтэйгүүр барилгын зураг төсөв батлагдаагүй байхад эсхүл батлагдсан барилгын ажлыг үндсэн баримт бичгийн талаар зөрүүтэй буюу 2010 оны 9 сард батлагдаж, ажил эхэлсэн барилгыг 2013 оны 2 дугаар улиралд эхлэхээр тусгасан гэрээг М ХХК-ийн захирал гарын үсэг зурж байгуулсан нь илтэд эргэлзээ төрүүлж буй нь ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн шинжийн эргэлзээ бүхий үндэслэл бүрдүүлж байнагэжээ.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах хэлцлийг...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн шинжтэй, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн...гэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг, мөн хуулийн 58 дугаар зүйлд сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлийг хуульчилсан бөгөөд дээрх зохицуулалтууд нь хоорондоо ялгамжтай, гарах үр дагаврын хувьд өөр өөр байдаг.
Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд...Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг гэж, 40.1-д Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэйгэж, 40.1.1-тБарилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэнэгэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, баталгаажсан зураг, төсвийн дагуу барилгыг барих үүрэг нь хуулиар гүйцэтгэгч буюу М хязгаарлагдмал хариуцлагатай компанид байна.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий 1 өрөө байр байрлаж байгаа барилгын зураг, төсөл батлагдаагүй байхад талууд гэрээ байгуулсан гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл дэх тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Хэрэв барилгын зураг төсөв батлагдаагүй байхад гүйцэтгэгч нь захиалагчтай гэрээ байгуулсан бол энэ тохиолдолд захиалагч буюу нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, хариуцагчийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардаж буй дээрх үндэслэл нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй.
Гэрээ байгуулагдсанаар тухайн харилцаанаас эрх, үүрэг, үр дагавар бий болох бөгөөд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх шалтгаант холбоо бүхий хүчин зүйл биш.
Тодруулбал Талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний талуудын эрх үүрэг буюу А. Гүйцэтгэгч талын эрх, үүрэг гэх хэсэгт гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т байрыг 2013 оны 2-р улиралд батлагдсан зураг төсвийн дагуу барьж, хөрөнгө оруулагчид хүлээлгэн өгнө гэж зааснаас үзвэл энэ нь гүйцэтгэгчийг үүрэгжүүлсэн заалт бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчид шаардах эрхийг үүсгэх үр дагаврыг бий болгох ба үүнд нэхэмжлэгч маргаагүй, энэ үндэслэлээр хохирол шаардаагүй, гэрээнээс татгалзаагүй байхад хариуцагч тал гэрээний дээрх заалтыг үндэслэн хөрөнгө оруулагчид холбогдуулан нэхэмжлэл гаргах үндэслэлгүй юм.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээнд 2013 оны 2 дугаар улиралд зураг төсөв нь батлагдсанаар барилгын ажил эхлэхээр тохиролцсон зүйл, заалт байхгүй байна.
Харин гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-тбайрыг 2013 оны 2 дугаар улиралд батлагдсан зураг төсвийн дагуу барьж, хөрөнгө оруулагчид хүлээлгэж өгнөгэснийг талууд гэрээний зүйлийн талаар зөрүүтэй ойлголцсон гэж үзэхгүй бөгөөд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх дүгнэсэн болно.
Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийн төлөөлөгчид 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохигчийн эрх үүргийг тайлбарлан, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гардуулсан, хариуцагчийн өмгөөлөгчид 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохигчийн эрх үүргийн тайлбарласан бөгөөд хариуцагч компаний гүйцэтгэх захирал Б.Билгүүнд зохигчийн эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулахаар мэдэгдэж, дуудсан боловч тэрээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр нийт 5 удаа хойшлуулсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Мөн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 11 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагч талд хүрэлцэн ирэх боломжит хугацааны өмнө мэдэгдсэн.
Гэтэл хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хэргийг хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул хүсэлтийг тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 155/ШЗ2024/02570 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж, хариуцагч Б.Билгүүн, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтож, шийдвэрлэсэнг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан
нэхэмжлэгч Д.Э ыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, Номын өргөө барилгын 3 дугаар давхрын 7 тоот буюу одоогийн нэр нь SB төв барилгын 3 дугаар давхрын 306 тоотод байрлах 13,37 м.кв талбай бүхий 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан Албан өрөө захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Д.Э д холбогдох хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компаний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э д олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 175,950 (нэг зуун далан таван мянга есөн зуун тавь) төгрөгөөс улсын орлогод 174,950 (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг үлдээж, илүү төлсөн 50 (тавь) төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ