| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00514/И |
| Дугаар | 155/ШШ2024/00602 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00602
| 2024 оны 05 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/00602 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** тоотод оршин суух, Х Б-ийн Г (************* )-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* оршин суух, Ч Х-ийн О (************* )-д холбогдох,
2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Гансүх, хариуцагч Х.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Х.О ад холбогдуулан 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие Х.О гэх хүнтэй харилцан тохиролцож Ногоон Ертөнц гэдэг амралтын газар 60 хүүхэд 2 өдөр амраах зорилгоор урьдчилгаа төлбөр болгон 3,000,000 төгрөгийг түүнд 2024 оны 4 сарын 2-ны өдөр өгсөн юм. Миний бие зөв хүнтэйгээ гэрээ байгуулж мөнгө өгсөн талаараа Ногоон Ертөнц амралтын газрын эзэн болох Оюунчимэг гэх хүнээс асуухад Х.О гэдэг хүн манай амралтыг түр хугацаанд түрээсэлж байсан бөгөөд түрээсийн хугацаа нь дууссан, зөвхөн өөрийн авах зүйлээ амралтаас авах гэж түлхүүр түр авсан байсан, тийм учир танай хүүхдүүдийг манай амралт амраахгүй гэсэн болно. Хүүхдүүдээ 2024 оны 4 сарын 5, 6-ны өдрүүдэд амраахаар тохирсон боловч нөхцөл байдал ийм болсон тул арга буюу хүүхдүүдийг өөрөөр хэлбэл тэмцээнд Дархан, Эрдэнэт хотоос ирсэн хүүхдүүдийг буцаах болсон. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан Х.О аас 3,000,000 төгрөгийг нэхсэн бөгөөд намайг шүүхээрээ яв. Одоо чамд аваад өгөх мөнгө алга, зээл хийсэн байгаа. Шүүхээр явж байх хооронд олоод өгчихнө гэсэн бөгөөд 600,000 төгрөгийг буцааж авсан.
Иймд Х.О аас 2,400,000 төгрөгийг гаргуулж Б.Г надад олгож өгнө үү ...гэжээ.
Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа: 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Х.О гэх хүнд 3,000,000 төгрөгийг хүүхэд амраахаар шилжүүлсэн. Тухайн амралтын газрыг хариуцсан эзэн нь Х.О биш гэдгийг мэдээд шилжүүлсэн мөнгөө авъя гэхэд 3,000,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг маань өгөхгүй байсан тул арга буюу цагдаад хандсан. Цагдаагийн газраас Х.О нь тухайн амралтын газрын эзэн биш юм байна, залилан мэхлэх гэмт хэргийн шинж байна гэсэн. Х.О 1,200,000 төгрөгт нь хүнс өгөөд, харилцан тохиролцохоор болоод цагдаагийн газраас гарсан. Би найзынхаа хамт Х.О аас 1,200,000 төгрөгийн хүнсээ авахаар очиход тийм мөнгөн дүн хүрэх хэмжээний хүнс байгаагүй тул би аваагүй. Энэ хүнс авсан баримт байгаа эсэхийг асуухад Х.О байхгүй гэсэн. 3,000,000 төгрөгийг хүүхдүүд амраах зорилгоор шилжүүлсэн боловч хүүхдүүдээ амрааж чадаагүй. Энэ хүнд тодорхой хэмжээний зардал гарсанг үгүйсгэхгүй тул 3,000,000 төгрөгний 10% болох 300,000 төгрөгийг хасая. Дээр нь түүний надад өгсөн 600,000 төгрөг өгснийг мөн хасаад үлдэгдэл 2,100,000 төгрөгөө гаргуулж авна. Амраагүй, очиж ганц аяга цай ч уугаагүй байхад Х.О нь амарснаар тооцож миний шилжүүлсэн мөнгөнөөс хасаад байгааг гайхаж байна. Иймд Х.О аас 2,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үүгэв.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэв. Үүнд:
А.Шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 17-07 тоотод оршин суух Хүрэлгалдан овогтой О миний бие Мөрөн сумын 3 дугаар баг 4-17Б тоотод оршин суугч Батсүхийн Гансүхээс гаргасан 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Х.О над руу Энхтүвшин гэх найз маань анх 70 орчим хүн хямд амрах боломж байна уу гэж ярьсан. Миний найз болох Энхтүвшин нь Амраа гэх хүнээр дамжуулан Г гэх залуутай холбож өгсөн. Гансүх, Амраа нар нь мини волейболын тэмцээнд ирж шагнал авсан хүүхдүүдийг 2 өдөр 2 шөнө амраах гэсэн юм гэж ярьж, хөөрч хямдруулаач гэж гуйгаад байсан учир хямдруулаад нэг хүний 40,000 төгрөг болох юм байна гэхэд 60 хүүхэд 17 том хүн байгаа юм байна гээд бид ярилцаж тохиролцоод 78 хүний 1 өдрийн 40,000 төгрөг болох юм байна гэхэд 60 хүүхэд 17 том хүн байгаа юм байна гээд бид ярилцаж, тохиролцоод 78 хүний 1 хүний 40,000 төгрөг, 2 хоногийн 80,000 төгрөгөөр бодож 6,240,000 төгрөгөөр тохирсон боловч дахин санхүү мөнгөний хүндрэлтэй байна. Мөнгө төгрөг маань орж ирэхгүй байна гэж ярьж дахин хямдруулаач гэж гуйгаад байхаар нь дахин бодож тооцож ярилцаж байгаад нийт 4,000,000 төгрөгөөр 2 хоног 78 хүнийг амраахаар тохирч Амраа, Г хоёрт надад маш их баярлаж байгаагаа илэрхийлж байсан. Ингээд би түрээслэн ажиллуулж байгаа Ногоон Ертөнц амралтын газраа хүмүүс хүлээн авахад бэлтгэх хэрэгтэй гэдгийг Амраа болон Г нарт хэлж 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр урьдчилгаа болох 3,000,000 төгрөгийг авсан. Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-ны өдөр буюу 3 өдөр 2 шөнийг амрахаар ярьж тохиролцож үүний дагуу би амралтын газраа бэлдэх, хүлээж авах, хоол унд бэлтгэх, цэвэрлэгээ үйлчилгээ хийлгэхээр зар тавьж байж 4 ажилтан Бүрэнтогтох сумаас хөлсөлж амралтын газраа очоод цэвэрлэгээ хийж, хүн хүлээн авах бэлтгэл ажилд хоол ундны бэлтгэл ажлаа хийж байтал Г 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө над руу 05-ны өдрийн өглөөний цай авахаар боллоо. Бид нар өглөө эрт очихоор боллоо гэж ярьсан. Ингээд хүлээж авах бэлтгэлээ хийж байтал үдээс хойш нь ярьснаа Манай тэмцээнд ирсэн зарим багууд тэмцээн нь давхцаад байна. Зарим багууд буцахаар боллоо, тал нь очих юм шиг байна гэж ярьсан. Тэгэхэд нь би тийм зүйл байхгүй бэлтгэл хийгээд хангагдсан байна гэдгээ хэлсэн. Ингээд хэсэг болсноо бид нар бүгд очиж чадахгүй боллоо, мөнгөө буцааж авья гэж ярьсан. Тэгэхэд нь бэлтгэл хангагдсан би буцааж өгөх боломжгүй хоол унд, цэвэрлэгээ үйлчилгээ, унаа зардал, ажилчдын хөлсөнд мөнгө зарцуулагдсан гэдгээ хэлсэн. Ногоон ертөнц амралтын газрын эзэн Оюунчимэг гэж хүн байдаггүй. Одончимэг гэх хүн байгаа. Одончимэгээс би мөсний баяраар ажиллуулна гэж түлхүүрийг авсан байсан. Одончимэг бид хоёр харилцан тохиролцож хөлс үнээ тохирч би ажиллуулж байгаа. Г нь ор үндэсгүй худал зүйл бичсэн байна. Би харин 600,000 төгрөгийг буцааж өгсөн. Гансүхтэй ингэж тохиролцсоноос болж хүн очоогүй учир хоол хүнсний зүйл хугацаа хэтэрч хэрэглэх боломжгүй болсон. Б.Г нь өөрөө анх санал тавьж дахин, дахин гуйж, гувшиж хүнээр байр сав, хоол унд бэлдүүлчихээд одоо надаас мөнгө нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна...гэжээ.
Б.Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Тухайн тэмцээн болохоос 7,8 хоногийн өмнө он сарыг нь сайн санахгүй байна. Намайг таньдаг хүн над руу яриад танай амралтын газар ажиллаж байгаа юу гэхээр нь би яасан бэ, гэхэд мини гар бөмбөгийн улсын аварга болох гэж байгаа юм байна. Хүүхдүүдийг олноор нь амраах хямдхан газар байна уу, танай амралт үнийн дүн харьцангуй гайгүй биз дээ тохиролцоод амраах боломж байна уу гэж асуусан. Би сая мөсний баяраар ажилласан, уулзъя гэхэд чамайг таньдаг юм шиг байна билээ гээд Амраа гэдэг хүний утсыг надад өгсөн. Би тухайн амралтын газартай хамтран ажиллаад жил болж байна. Миний эд хөрөнгө ч тухайн амралтын газарт байдаг. Мөсний баяраар би ажиллаад ашиг, орлогоо хуваая гэж тохиролцсон байсан. Б.Г бид хоёр анх 2024 оны 3 дугаар сарын 20-ны үеэр уулзаад, 4 дүгээр сарын 5, 6, 7-ны үеэр амралтад хүүхэд амраахаар тохирч, би 4 дүгээр сарын 3-ны өдөр ажилчдаа аваад 78 хүнтэй, 60 хүүхэд, 18 том хүнээр тохироод ажлаа янзлахын тулд 78 хүний хоол бэлтгэхийн тулд 100 гаруй км газар яваад өдрийн 3 удаа наашаа, цаашаа яваад хоол бэлтгэнэ гэдэг тийм амар биш учир анхнаасаа нэхэмжлэгчтэй тохиролцохдоо хамгийн хямдаар 1 хүүхдийг өдрийн 21,000 төгрөгөөр тооцоолоод надаас гуйсаар байгаад тог, усны мөнгө гарах юм байна. Ядаж түүнийгээ төлье гэсний үндсэн дээр хүүхдүүдийг амраахаар болсон. Нэхэмжлэгч би урьдчилгаа аваад тан руу шилжүүлнэ гэхээр нь чи амрах хэвээрээ юу гэхэд хэвээрээ гээд данс авч 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Б.Гансүхээс 3,000,000 төгрөг авсанд маргахгүй. Амралт ажиллуулахын тулд ажилчид хөлсөлж авсан. Ингэхдээ 1 өдрийн 50,000 төгрөгөөр бодож, 4 хүнд нийт 1,000,000 төгрөг өгөхөөс урьдчилгаа 250,000 төгрөгийг өгсөн. Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас уг 4 хүнээ авчруулахын тулд зардалд 1 хүний 10,000 төгрөг, нийт 40,000 төгрөг өгсөн.
Амралтын газарт урьдчилж очиж бэлтгэл хийхээр явахдаа машиндаа 180,000 төгрөгт бензин хийсэн. Мөн тогооч хөлслөхгүйгээр өөрөө тогоочоо хийхээр тооцсон ба 5 өдрийн 500,000 төгрөгөөр ажлын хөлсөө бодсон. 510,000 төгрөгт мах авсан ба уг мах хэрэглэх боломжгүй муудсан.
Иймд би 3,000,000 төгрөгөөс дээрх зардлыг хасна. Б.Г-д би 600,000 төгрөгийг буцаан өгсөн байгаа...гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 01 хуудас, Иргэний үнэмлэхийн лавлагаа 01 хуудас, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 01 хуудас,
Хариуцагчаас: хариу тайлбар 01 хуудас, зарлагын баримт 01 хуудас, епозит дансны хуулга 01 хуудас, харилцсан чат 22 хуудас, дансны хуулга 01 хуудас зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Х.О ад холбогдуулан 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд 300,000 (гурван зуун мянга) төгрөгийг хасаж, 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөг гаргуулна хэмээн шаардлагаа багасгасан.
3. 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг өгсөн, авсан үйл баримтад хэргийн зохигч маргаагүй харин дээрх мөнгөөс 4 хүн амралтад ажиллуулахаар авч ирсэн зардалд 40,000 төгрөг, ажилчдын хөлс 1,000,000 төгрөг, бензин 180,000 төгрөг, тогоочийн ажлын хөлс 500,000 төгрөг, хүнсэнд хэрэглэх маханд 510,000 төгрөг тус тус зарцуулсан тул дээрх мөнгийг хасаж, үлдэгдэл мөнгийг өгнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргав.
4.Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ногоон ертөнц гэх амралтын газарт хүүхдүүд амраахаар Х.О ад 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба тухайн амралтын газрыг хариуцсан эзэн нь Х.О биш гэдгийг дараа нь мэдсэн. Ингээд шилжүүлсэн мөнгөө авъя гэхэд 3,000,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг маань өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Хэрэв хариуцагч тодорхой хэмжээгээр зардал гарсан гэж үзвэл түүнд өгсөн 3,000,000 төгрөгийн 10% болох 300,000 төгрөгийг Х.О аас авах мөнгөнөөс хасаж тооцоод, үлдэгдэл 2,100,000 төгрөгийг амралтад амраагүй тул гаргуулна....хэмээн тодорхойлж байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн мөнгөөр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шаардсан гэх агуулгатай байна.
5.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд нөгөөдөө хөрөнгө шилжүүлж өгөх эрх, үүрэггүй атлаа шилжүүлснээс нөгөө тал нь хөрөнгөжсөн тохиолдолд уг шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийг олгосон хуулийн зохицуулалт юм.
6.Зохигчид хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх нь иргэний эрх зүйн зарчим бөгөөд ийнхүү мэтгэлцэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
7.Хариуцагч Х.О нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж...Б.Г амралтад хүүхэд амраахаар болсон тул би ажилчид хөлсөлж авсан. Ингэхдээ 1 өдрийн 50,000 мянган төгрөгөөр бодож, 4 хүнд нийт 1,000,000 төгрөг өгөхөөс урьдчилгаа 250,000 төгрөгийг өгсөн. Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас уг 4 хүнээ авчруулахын тулд зардалд 1 хүний 10,000 төгрөг, нийт 40,000 төгрөг өгсөн.
Амралтын газарт урьдчилж очиж бэлтгэл хийхээр явахдаа машиндаа 180,000 төгрөгт бензин хийсэн. Мөн тогооч хөлслөхгүйгээр өөрөө тогоочоо хийхээр тооцсон ба 5 өдрийн 500,000 төгрөгөөр ажлын хөлсөө бодсон. 510,000 төгрөгт мах авсан, махаа буцааж аваарай гэхэд Б.Г аваагүйгээс болж мах хэрэглэх боломжгүй муудсан. 600,000 төгрөгийг буцааж өгсөн. Иймд би 3,000,000 төгрөгөөс дээрх зардал болоод буцааж өгсөн мөнгөө хасахад одоо 210,000 төгрөг үлдэж байна. Энэ мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй...хэмээн тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй.
8.Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй ба тэрээр нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагчид татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ирдэг.
Гэвч Х.О нь Ногоон ертөнц гэх амралтын газрыг эзэмших, бусдыг амраах эрхтэй этгээд мөн болох, 4 хүний замын зардал 40,000 төгрөг, ажлын хөлс 1,000,000 төгрөг, бензин 180,000 төгрөг, тогоочийн цалин 500,000 төгрөг, 510,000 төгрөгний мах ашиглах боломжгүй муудсан талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй, татгалзалаа нотолж чадаагүй.
Түүний нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны хуулга нь Батмөнх Болормаа гэх дансны хуулга байх ба пэсбүүк сэтгэгдэл нь хэрэгт хамааралгүй, 510,000 төгрөгийн мах худалдан авсан зарлагын баримт нь тухайн мах хэрэглэх боломжгүй муудсан болохыг шууд нотлохгүй болно.
9.Иймд хариуцагч Х.О аас 2,100.000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Х.О аас 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гансүхийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,350 (тавин гурван мянга гурван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,100,000 (хоёр сая нэг зуун мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 48,550 (дөчин найман мянга таван зуун тавь) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ