Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 22

 

 

                                       

Ч.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарын оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгсийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/189 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Ч.*******т холбогдох эрүүгийн 2236000000084 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Ховд аймаг дахь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын харьяа “******* *******” ахмадын сувилалын газарт ******* ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн айлын ******* тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* ургийн овогт *******ийн ******* /*******/.

 

2. ******* ******* ургийн овогт *******ийн ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Ахмадын ордон дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг “******* уул” ахмадын сувилалын сувилагч Б.ийн ажлын өрөөнөөс 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр массажны аппарат хулгайлж, хохирогчид 3,144,000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас: Ч.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/189 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Гэрч Б.ийн мэдүүлгээр өрөөний цонхны түгжээ бүрэн ажиллаж байсан нь тогтоогдож, түүний мэдүүлгийн эх сурвалж хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай уг өрөөний дээд талаас доош 3 дахь цонхны салхивчны дотор талын түгжээ хугарч тавцан дээр унасан байсныг гэрэл зургаар бэхжүүлсэн тэмдэглэлээр батлагддаг.

6. Шүүх гэрч Ц.аас гэрчээр мэдүүлэг авсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй тухай захирамжиндаа дүгнэсэн боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулах тухай тодорхой дүгнээгүй байна.

7. Хавтаст хэргийн *******-14 дүгээр хуудаст хулгайлагдсан массажны аппарат нь яллагдагч Ч.*******ийн эзэмшилд байсныг мөрдөгч прокурорын зөвшөөрлөөр хураан авч тэмдэглэл үйлдсэн нотлох баримтууд авагдсан байхад хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй аппарат хэрэг учрал гарсны дараа хаана, хэнд байсныг тодруулаагүй гэсэн үйл баримтыг захирамждаа дурдсан нь үндэслэлгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч ******* овогт *******ийн ******* нь Ховд аймгийн Жаргалант  сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Ахмадын ордон дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг “******* уул” ахмадын сувиллын сувилагч Б.Бадамцэцэгийн ажлын өрөөнөөс 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр массажны аппарат хулгайлж, хохирогчид 3,144,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Яллагдагч Ч.*******т холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас “шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн”-ийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичжээ.

            9. Яллагдагч Ч.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон яллагдагчийн мэдүүлэгт “...уг цонх онгорхой байсан, гадна талаас нь хаасан гэж мэдүүлсэн боловч хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр “...3 дахь цонхны салхивчны цонхны дотор талын түгжээ хугарч тавцан дээр унасан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэж тэмдэглэсэн бөгөөд № 5, 6 дугаар гэрэл зургаас хулгайч нэвтрэн орсон цонхны гадна болон дотор талын байдал, № 7, 8, 9  дүгээр гэрэл зургаас цонхны түгжээ хугарсан байдал тодорхой харагдаж байхад шүүх цонхны хугарсан түгжээг шинэ хуучин эсэхийг тогтоолгохоор, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэргийн 11 дүгээр талд авагдсан № 9 дугаартай гэрэл зургаас уг цонхны бариул болон түгжээ нь шинэ эсхүл хуучин байсан эсэх,  мөн уг цонхны бариул хэсгийн түгжээний хугарсан байдал нь шинэ, эсхүл хуучин эсэх нь тодорхой харагдаж байх бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолгүй байна.

            10. Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд “...Тухайн өдөр амралтын өдөр буюу хагас сайн өдөр байсан, миний бие өглөө 7 цаг 30 минутад ажил дээрээ ирээд эмчилгээгээ хийчхээд 11 цагийн үед ажлаасаа гарсан. Урьд өдөр нь буюу 5 дахь өдрийн орой ажлаа тараад гарахдаа цонхныхоо түгжээгээр цонхоо цоожлоод гарсан. Түүнээс хойш онгойлгоогүй” гэж мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх яллагдагч Ч.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл болон яллагдагчаар өгсөн “уг цонх онгорхой байсан, гадна талаас нь хаасан” гэх мэдүүлгийг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Б.ийн мэдүүлэг зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримт, бодит байдал, гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

11. Мөн шүүх “Ц.аас гэрчээр мэдүүлэг авсан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тодруулаагүй гэж үзсэн талаараа дурдаагүй, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг учрал болсон өдөр хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан Х.Цэлмэгээс хэргийн талаар тодорхой мэдүүлэг авсан байхад хэрэг учрал болсны маргааш өглөө нь хамгаалалтын ажил хүлээж авсан н. //-ээс гэрчийн мэдүүлэг авхуулахаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.

*******. Яллагдагч Ч.******* нь уг аппаратыг ямар сэдэлт, зорилгоор хэрхэн авсан, ийнхүү идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг хэрхэн хангаж байгаа эсэх талаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/189 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.*******т холбогдох эрүүгийн 2236000000084 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хүртэл яллагдагч Ч.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР