Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 137

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ж.Очирбат,

Шүүгдэгч С.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энх овогт С.Г-д холбогдох эрүүгийн 1726000360021 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Энх овогт С.Г

Шүүгдэгч С.Г  нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 14-18 тоотод хохирогч Ч.Т хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Г  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ч.Т  тэр айлд агсан тавьж, шүлсээ хаясан. Тэгээд айлын хүнтэй маргалдахаар нь би араас нь бариад авс чинь футболк нь урагдсан. Тэгсэн чинь Ч.Т  намайг нэг удаа цохиод авахаар нь би цээжин тус газар нь дэвсчихсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Ч.Т ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд танил Ба-д нэлээд согтуу орсон. Орсон зорилго гэвэл миний мотоцикль Б-д байсан тул авахаар очсон юм. Тэднийд ороход тэднийхэн орондоо орцгоосон унтах гэж байсан. Хаалга нь онгорхой байсан учир ороод зүүн орных нь өмнө сууж Баттулгатай юм ярьж байгаад Б-г босоод ир гээд хөнжлөөс нь атгахад босч ирээд зүүн нүд рүү цохьсон. Би барьж аваад ноцолдож байтал тэднийд хонож байсан Г  гэгч босч ирээд араас боогоод цамц урчихсан. Бид хоёр салахад Г  эргээд орондоо орчихсон. Тэгэхээр нь Г ыг орондоо байхад нь нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл Г  босч ирээд тонгорч унагаад цээжин дээр шалдан хөлөөрөө дэвсчихсэн. Би хөдөлж болохгүй хэсэг хэвтэж байгаад гараад явсан юм. Хажуу айл М-д орж эхнэрээ дуудахад эхнэр машинтай ирж аваад харьж унтсан. Тэгээд шөнө 04 цагийн үед цээж өвдөөд байхаар нь сэрээд унтаж чадаагүй. Маргааш нь эхнэр, Б бид хэд эмнэлэг явж үзүүлэхэд өвчүү хугарсан байна гэсэн. Би айлын Б, арван жилийн залуутай гурвуул 3 шил архи уусан. Сүүлийн архийг М-д уусан. Б-н хажуу талын айл байгаа юм. Б, Г  нар эрүүл байсан. Эм тариа, эмчилгээ, ажилгүй 16 хоног гэртээ байсан зэрэгт мөнгө санхүүгийн асуудал гарсан. Тиймээс 500000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/,

Гэрч Ч.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 03-ны орой ажлаа тараад гэртээ очтол манай нөхөр, Б, Б гурав архи уугаад сууж байсан. Намайг Б манай эхнэрийг ажил дээрээ аваад ир гэхээр нь би эхнэрийг нь ажлаас нь аваад гэртээ ирээд бид хэд М найзуудаараа уулзах гэж очсон. Тэднийд нэрийг нь сайн санахгүй байна хоёр шил архи уусан. Тэгээд би М эхнэртэй юм яриад сууж байтал Т  алга болчихсон. Тэгэхээр нь би харьчихсан юм байх гэж бодоод гэртээ иртэл ирээгүй байхаар нь Б-н эхнэр рүү залгаад би гэртээ ирчихлээ Т  наана чинь ирвэл хэлээрэй гэж хэлчихээд гэртээ байж байтал удалгүй Б  эхнэр Алтантуул над руу залгаад Т  хүнд зодуулсан байна гэж хэлэхээр нь би Манлайбаярынд очоод Т ыг эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч үзүүлж чадаагүй. Тухайн үед Манлайбаярын хашааны үүдэнд Г , Б хоёр ирчихсэн энэ Т ын халаасанд байсан мөнгө байгаа юм гээд надад 100000 гаран мянган төгрөг өгсөн. Би тэгэхээр нь та хэд чинь яагаад нэгнийгээ зодож байгаа юм бэ гэж асуусан чинь Т  өөрөө хэрүүл өдөөд байсан гэж Баттулга хэлсэн. Намайг М-с Т ыг очиж авах үед 00 цаг болж байсан байх. Тэгээд бид хоёр гэртээ ирээд унтаж байсан чинь шөнө 04 цагаас хойш Т  унтаж чадаагүй. Маргааш өглөө нь эмнэлэгт очиж үзүүлэхэд өвчүү нь хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Т.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад манайд Б, Н, Т , Б , А нар 0.5 литрийн “Сархад”, 0.75 литрийн “Хар чингис” архинууд барьчихсан орж ирсэн. Тэгээд тэрийг нь уугаад сууж байтал эрэгтэйчүүд нь нилээн согтсон. Тэгээд бид хэд суугаад юм яриад байж байтал Т  алга болчихсон байсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан байх. Тэгтэл эхнэр нь Т ыг хайгаад явчихсан. Н байхгүй хойгуур Т  хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн. Түүний дараа Н орж ирсэн. Эхлээд Т  орж ирэхдээ нэг их юм ярихгүй байж байгаад бие өвдөөд байна гээд цээжээ бариад байсан. Би тухайн үед нэг их тоогоогүй, тэгээд Н Т-ыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Н.Б  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 7 сарын эхээр байсан байх. Тухайн өдөр найз Б-н хамт Т ынд бид гурав 0.5 литрийн “Алтан түрүү”, шилний дундаасаа арай дээгүүр 0.75 литрийн хоёр шил архи уучихаад орой 21 цагийн орчимд Б, Т , эхнэр Н-н хамт Манлайбаяр эхнэртэйгээ, манай эхнэр А бид хэд 0.5 литрийн “Сархад”, 0.75 литрийн “Хар чингис” архи аваад хувааж уусан. Тэгээд бид хэд юм яриад сууж байтал Т  алга болчихсон байснаа хэсэг хугацааны дараа хүнд зодуулчихлаа гээд ороод ирсэн. Тухайн үед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Т  өөрөө цээж сонин болчихлоо гээд байсан. Тэгээд Т ыг ороод ирэхээр нь бид хэд харьцгаая гээд Т , Н хоёроор эхнэр бид хоёр гэртээ хүргүүлсэн. Бид хоёрыг гэртээ ирэхэд 00 цаг өнгөрч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ эхнэр, хүүхдүүд, танил дүү Г , Х нартай хонож орондоо ороод унтаж байтал шөнийн 01 цагийн үед Т  согтуу орилоод орж ирсэн. Манайд хонож байсан Г , Х нарыг жацгануудаа гээд хөнжлийг нь татаад унтуулахгүй орилоод хүүхэд айж уйлсан. Тэгэхээр нь би босоод чамайг хүргээд өгье гэхэд явахгүй гээд мөр рүү дэлсээд авахаар нь нэг алгадаад авсан. Тэгтэл Г  руу дайрч хөнжилд нь байхад нь 2-3 удаа цохиод авахад нь Г  босч ирээд түлхээд гаргасан. Манайд агсам тавиад ширээ өшиглөөд хувцсаа тайлаад байхаар нь уур нь хүрсэн байх. Намайг дээрэлхэж байгаа юм байхгүй. Маргааш нь над руу ярихдаа бие өвдөөд болдоггүй, амьсгаа авахад хүндрэлтэй болчихож гэхээр нь очиж хамт эмнэлгээр явсан. Эмнэлгийн үзлэгээр өвчүү нь цууралттай гэсэн. Г  тухайн үед эрүүл байсан. Т  их согтуу байсан, ганцаараа ирсэн. Би нэг удаа зүүн хацарт нь алгадсан, өөр гар хүрсэн зүйл байхгүй. Г ыг газар сууж байхад нь Т  хоёр удаа нүүр рүү нь цохьсон. Тэгтэл Г  босч ирээд барьцалдаж аваад үүдэнд ноцолдоод Г  Т ыг гаргаад явуулсан. Би хүүхэд орилоод байхаар нь тэврээд дуугүй болгох гээд байж байсан болохоор анзаараагүй. Г оос өөр Т тай ноцолдсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

Гэрч Д.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баян-Өндөр сумаас Г  бид хоёр мотоцикльтой 2017 оны 07 дугаар сарын 03-нд ирсэн. Гадуур явж юмаа авчихаад оройтоод Б гэгч хуурай ахынд хоносон. Шөнө нэг согтуу хүн орж ирээд тэднийд агсам тавиад байсан. Г  бид хоёр газраар зэрэгцээд хэвтэж байтал бид хоёрыг хөөе банди нараа бос, жацганууд гээд хөнжил татаад хуулаад байсан. Тэгээд Б ахад агсам тавиад Баттулга Т  гэгчийг нэг удаа цохиод авсан. Сүүлдээ Г  бид хоёр руу дайраад хувцасаа тайлаад үсчээд байсан. Баттулга Т  хоёрыг Г  босч салгасан. Тэгтэл Т  Г ыг тийрээд хоёр гурван удаа цохиод авсан. Г  зодуулчихаад зүгээр байж яаж чадахав, хэвтэж байхад хэсэг хэрүүл хийж байгаад өөрөө гараад явсан. Бид нар эрүүл байсан, Т  их согтуу байсан. Эхлээд Т  Б хоёр шалан дээр өнхөрч ноцолдож байхад нь Г ыг салгахад доороос нь Т  тийрч цохиж авахаар нь Г  Т ын дээрээс тэвсчихсэн. Ийм л юм болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Амбулаторийд сууж байхад Т  гээд хүн ирж үзүүлсэн. Тухайн үед уг хүн цээжин хэсгээр эмзэглэлтэй байсан. Бусдаар бол биед нь харагдах шарх байхгүй байсан. Цээжний рентгейн зураг авахуулаад харахад өвчүү ясны их бие хэсгийн дунд хурууны хэсэгт хөндлөн зөрүүтэй хугарал тодорхойлогдсон ба гэрээр эмчлэх боломжтой байсан учир эмийн эмчилгээ хийлгэх, яс бороолуулах эмчилгээ бичсэн. Өрхийн эмнэлгийн хяналтанд буцаасан байгаа. ...Өвчүүний их биений хэсэгт зөрүүтэй хугарал гэж оношилсон. Яс бороолуулах эмийн эмчилгээг бичсэн байгаа....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаартай шинжээчийн:

1.Ч.Т ын биед өвчүүний зөрүүтэй хугарал, цээжний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 54 хуудас/,

Шүүгдэгч С.Г ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, ял шйитгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66- 67, 78 хуудас/,

Хохирогч Ч.Т ын шүүхэд ирүүлсэн “Миний бие С.Г оос хохиролд 500000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч С.Г  нь 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн, 14 дүгээр гудамжны 18 тоотод хохирогч Ч.Т ын цээжин тус газар нь хөлөөрөө дэвсэж, эрүүл мэндэд нь өвчүүний зөрөөтэй хугарал, цээжний хэсгийн зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Т  /хх-ийн 12-13/,  гэрч Ч.Н  /хх-ийн 25-26/, гэрч Т.М /хх-ийн 27-28/, гэрч Н.Б  /хх-ийн 29-30/, гэрч  Д.Х /хх-ийн 42-43/, гэрч Д.Б /хх-ийн 45/, гэрч Д.А /хх-ийн 46/ нарын  мэдүүлгүүд, хохирогч Ч.Т ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54/, шүүгдэгч С.Г оос сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 62, 63/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Энх овогт С.Г од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Г-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Г од торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ

            Шүүгдэгч С.Г од эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан байх тул шүүгдэгч С.Г од оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Т т 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Ч.Т ын цээжний рентген зураг 1 ширхгийг хохирогч Ч.Т т буцаан олгож,

Шүүгдэгч С.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Энх овогт С.Г ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энх овогт С.Г ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Г од оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан хохирогч Ч.Т ын цээжний рентген зураг 1 ширхгийг хохирогч Ч.Т т буцааан олгосугай.

6. Шүүгдэгч С.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Т т 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бидүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Г од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Д.ЦЭЦЭГЭЭ