Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 203

 

МАГАДЛАЛ

 2020.01.27                                                Дугаар 203

 

 

 

 

 

 

 

Ж.О-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02775 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗТН ОНӨААТҮГ-т холбогдох

           

         Тэтгэмж 4 457 216 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.О Цахилгаан тээвэр компанийн захирлын тушаалаар 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 27 тоот тушаалаар ажилд орсон. Автобус-3 компанид жолоочоор 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 тоот тушаалаар ажилд орж, гурван бааз нэгдэн ЗТН ОНӨААТҮГ болсон. Ж.О нь ЗТН ОНӨААТҮГ-ын 2 дугаар баазад ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Б/333 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж тус байгууллагад 10 жил 5 сар тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. ЗТН ОНӨААТҮГ-ын захиргаа 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийн заалтыг зөрчиж 4 сарын тэтгэмжийг олгохгүй хохироож байна. Иймд 1 сарын дундаж цалин 1 114 304 төгрөг, 4 сарын тэтгэмж 4 457 216 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь тус нэгтгэлийн 2 дугаар баазад 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тушаалаар мөнгө хураагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан учир 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Б/333 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь байгууллагад 10 жил 4 сар тасралтгүй ажилласан бөгөөд 4 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрх үүссэн. 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Б/440 дугаар тушаалаар өндөр насны тэтгэмжид 3 776 664 төгрөг олгосон. 1 сарын дундаж цалин хөлсийг хамтын гэрээнд зааснаар бүх төрлийн хөнгөлөлтийг хасч тооцсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3 776 664 төгрөгийг зөвшөөрч, дансанд нь шилжүүлсэн, үлдэх 680 552 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ЗТН ” ОНӨААТҮГ-аас 231 888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 448 664 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 7 607 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т давж заалдах гомдолдоо: Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ыг буруу хэрэглэсэн тул гомдол гаргаж байна. Цалин хөлсний дундажийг тодорхойлохдоо авч буй цалингийн нийт дүнгийн дундажаар тодорхойлно. Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн сүүлийн 3 сарын дундажаар бодно. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл цалин, урамшууллаас бүрддэг. Хоол, унааны нэмэгдэл цалингийн бүрэлдэхүүнд ордог. Иймд нэхэмжлэлийн дүнгээс хассан 488 664 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч “НЗТН ” ОНӨААТҮГ-т холбогдуулан нэхэмжлэгч Ж.О нь 4 сарын тэтгэмж 4 457 216 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ж.О нь 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Автобус-3” компанид жолоочоор ажилд орж, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “ЗТН ” ОНӨААТҮГ /дээрх байгууллагын эрх залгамжилсан/-ын захирлын Б/333 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/440 дүгээр тушаалаар 4 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж 3 776 664 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түүний нэрийн дансанд шилжүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /хх29-30, 36 дахь тал/

Хариуцагч байгууллага ажил олгогчийн хувьд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүрэг бүхий “ЗТН ” ОНӨААТҮГ-ын ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хороотой тодорхой нөхцөлөөр тохиролцож Хамтын гэрээ байгуулсан болон түүний хүчин төгөлдөр байдал, эрх бүхий байгууллагаас зорчигч тээврийн байгууллагуудыг нэгтгэснээр үйл ажиллагааг эрхэлж буй байгууллага нь эрх залгамжлах талаарх Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн холбогдох заалттай нийцжээ.

“ЗТН ” ОНӨААТҮГ-ын ажил олгогчийн төлөөлөгч болон тус газрын ажилтны “Эв нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн хорооны төлөөлөгч нарын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “2018-2020” онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ”-ний 3.4-т “ЗТН ” ОНӨААТҮГ-ын бааз байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтанд ажлаас гарахад тухайн байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамаарч дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг 1 удаа олгохоор зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Ж.О-ын хувьд 6-10 жил ажилласан ангилалд хамаарч 4 сарын тэтгэмж олгогдох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, дурдсан хугацааны тэтгэмж олгосон боловч 231 888 төгрөгийг дутуу олгосныг хариуцагч байгууллагаас гаргуулж, үлдэх 448 664 төгрөгийг хэсгийг хэрэгсэхгүй болгож    шийдвэрлэсэн нь хамтын гэрээний дээрх заалт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хоол, унааны нэмэгдэл цалингийн бүрэлдэхүүнд ордог” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журмын 4-т “ажилтанд олгож байгаа тэтгэврийн тэтгэмжид унаа, түлш, байр, хоолны үнийн хөнгөлөлт”-ыг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж тухайлан заасны дагуу 448 664 төгрөгийг хасаж тооцсон нь зөв болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                   Д.БАЙГАЛМАА