Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2017/ШЦТ/74

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч, хохирогч Ц.Элбэгбаяр, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал

шүүгдэгч, хохирогч Д.Эрдэнэжав, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Цогт-Эрдэнийн Элбэгбаяр, Их монгол овогт Дүгэрдоржийн Эрдэнэжав нарт холбогдох 1717000580029 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1994 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хөлсөөр морь уядаг, ам бүл 2, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 2 дугаар баг, Ханангийн 23 тоотод түр оршин суух /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 4 дүгээр баг, Тэрэгтийн хонхор гэх газар нутгалах/, Төв аймгийн Засаг даргын захирамжаар 2017 онд сумын заан цол авч байсан, урьд:

            - Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног хугацаагаар баривчлах ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ял дээр /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар өмнөх буюу Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаарт шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар 1 хоногийн баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 16 хоногийн ялыг оруулан тооцож, биечлэн эдлэх ялыг 5 сар 16 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тогтоож байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигин овогт Цогт-Эрдэнийн Элбэгбаяр /РД:ЕЙ94020514/,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1989 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, бага боловсролтой, хувиараа мал малладаг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Шар бүрд гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Их монгол овогт Дүгэрдоржийн Эрдэнэжав /РД:ЗБ89090909/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Элбэгбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 3-1 тоотод оршин суух Х.Гантулгын гэрт иргэн Д.Эрдэнэжавыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Д.Эрдэнэжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 3-1 тоотод оршин суух Х.Гантулгын гэрт Ц.Элбэгбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ц.Элбэгбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 3-1 тоотод хохирогч Д.Эрдэнэжавтай маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Д.Эрдэнэжав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянхошууны 3-1 тоотод хохирогч Ц.Элбэгбаяртай маргалдан түүний нүүр лүү гутал шидэж, түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.Элбэгбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

...2017 оны 10 дугаар сарын 03-ны орой би найз Гантулгындаа ирсэн. Гантулга, Ням, манай хөдөө байдаг найз Сүхбат-Очир бид хэд пиво уугаад сууж байхад гаднаас 00 цагийн үед Эрдэнэжав, Нэргүйбаяр, Нямаа нар орж ирсэн. Би найз Гантулгын эхнэр Нямаатай юм яриад сууж байтал Эрдэнэжав намайг хэл амаар доромжилж бид маргалдахад Эрдэнэжав над руу гутал шидсэн. Би өөдөөс нь хэрэлдсэн. Над руу гутал шидэхээр нь би хариу үйлдэл хийгээд зуухных нь баруун урд талд Д.Эрдэнэжавыг 1 удаа цохисон. Ням намайг гэрээс аваад гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 

1.2. Шүүгдэгч Д.Эрдэнэжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

... 2017 оны 10 дугаар сарын 03–ны шөнө би Гантулгынд Нэргүйбаяр, Нямаа нартай очиход энэ хэд пиво уугаад сууж байсан. Намайг пиво уу гэхээр нь би уухгүй гэхэд Ц.Элбэгбаяр намайг уусангүй гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би гутал шидсэн. Намайг зодоод гэрээс гарахад Ням гадаа гарч хорьсон. Цагдаа дуудахад Ц.Элбэгбаяр 2 удаа зугтаасан... гэв.

 

1.3. Хохирогч Ц.Элбэгбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

... 2017 оны 10 дугаар сарын 4-ний орой би найз Гантулгынд ирсэн байсан. Ням, Сүхбат-Очир нартай хамт найз Гантулгындаа очиж Гантулга, Ням бид 3 эхлээд 1 том пиво хувааж уусан. Дахин 2 пиво авч ирсэн. Байж байхад гаднаас Нямаа, Эрдэнэжав, Нэргүйбаяр нар орж ирсэн. Би Гантулгын эхнэр Нямаатай юм яриад сууж байсан. Юм яриад сууж байхад Эрдэнэжав дундуур орж ирээд чи манай дүүг дээрэлхлээ, архичин гээд анх хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би өөдөөс нь хариу үйлдэл хийгээд бид 2 хэрэлдсэн. Гэтэл Эрдэнэжав хүрэн өнгийн өөрийнхөө өмсөж байсан гутлыг над руу шидээд гутал нь миний нүдийг оносон. Эрдэнэжав дахин хэрүүл өдөөд байсан. Тэгээд орон дээрээс босоод ирэхээр нь би зуухны баруун урд босч очоод өөдөөс нь нүүрэн хэсэгт нь 1 цохисон. Эрдэнэжав намайг цохих гэхэд нь би дахин 1 удаа нүүрэнд нь цохисон. Тэгээд Ням бид 2-ыг салгаад намайг гэрээс түлхээд аваад гарсан. Ням надад цагдаа дуудсан байна гэртээ харьж амар гэж хэлээд гаргасан. Би гараад хашааны баруун талд зогсож байгаад буцаад орсон. Тэр хооронд цагдаа ирээд явсан байсан... гэв.

 

1.4. Хохирогч Д.Эрдэнэжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

...2017 оны 10 дугаар сарын 4-ний орой Нямаа, Нэргүйбаяр бид 3 баарнаас орж ирсэн. Орж ирэхэд энэ хэд пиво уугаад сууж байсан. Ц.Элбэгбаяр намайг пиво уу гэж хэлэхээр нь уухгүй, архичин минь өөрөө уу гэж хэлэхэд Ц.Элбэгбаяр уурлаад намайг нүүр рүү цохисон. Гадаа гараад намайг үсдсэн. Гадаа бид 2 хэрэлдээд зодолдсон. Бид 2-ыг Ням салгасан. Би цагдаа дуудахад Ц.Элбэгбаяр алга болчихсон байсан. Ирэхээр нь би дахин цагдаа дуудахад Ц.Элбэгбаяр дахиад алга болсон... гэв.

 

1.5. Гэрч Ж.Ням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хөдөөнөөс Чойрын төвд орж ирсэн. Ирээд би Баянхошууны 3-1 тоотод байдаг найз Гантулгынд Элбэгбаяр, Гантулга бид гурав, гурван том пиво хувааж уусан. Бид хэдээс гадна Сүхбат-Очир байсан. Тэр пивоноос уугаагүй. Бид хэдийг пиво уугаад сууж байтал гаднаас Эрдэнэжав, Нямаа, Нэргүй нар бааранд орчихлоо гэж хэлээд орж ирэхдээ нилээн халамцуу орж ирцгээсэн. Нямаа Элбэгбаяр 2 хоорондоо юм яриад гэрийн баруун хэсэгт сууж байтал хажуунаас нь Эрдэнэжав тэр 2-н дундуур ороод хэрүүл өдөөд байсан. Тэгээд Элбэгбаяр түүний өөдөөс бас хэрэлдсэн. Хэрэлдэж байтал Эрдэнэжав гэрийн зүүн орон дээр сууж байгаад өөрийнхөө өрөөсөн гутлыг авч шидээд босож ирээд Элбэгбаярын цээжинд 2-3 удаа цохиод чамайг архи уудаг болохоор танай амьдрал дээшилдэггүй гэж хэл амаар доромжлоод байсан. Элбэгбаяр гэрийн баруун хойд хэсэгт сууж байгаад түүний өөдөөс дайраад нүүрэнд нь 1 удаа цохиод авахаар нь би түүнийг хориод тэврээд авсан. Элбэгбаярыг гэрээс аваад гарахад Эрдэнэжав араас гарч ирээд Элбэгбаяраас хэрүүл өдөхөд Элбэгбаяр Эрдэнэжав руу дайраад түүний нүүрэн тус газар нь цохихоор нь би дахиад салгасан. Салгахад дахиад гараараа мөрний хэсэгт цохих шиг болсон. Тэгээд би тэр 2-г тайвшруулаад гэрт оруулсан. Тухайн үед би өөрөө согтчихсон байсан болохоор дээрх үйл явдлыг энэ тэнд нь оруулаад санаад байж магадгүй... гэх мэдүүлэг /хх-ийн  11 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч Ц.Нэргүйбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Эрдэнэжав, Гантулгын эхнэр бид гурав 2017 оны 10 дугаар сарын 04-ний 21 цаг өнгөрч байхад SET бааранд орж хүний 2, 2 пиво уусан. Бааранд миний таньдаг хүн архи авсан байсан. Тэр архинаас нь ууж байгаад баар хаах үед гарсан. Баарнаас гараад Гантулгын гэрт Баянхошууны эгнээнд очсон. Гантулгын гэрийн эзнээс гадна Сүхбат-Очир, Ням манай төрсөн ах Элбэгбаяр нар пиво уугаад сууж байсан. Гантулгын авгай чи гэрт хүн цуглуулж архи уулаа гэж аашилсан. Тэгээд гэрт ороод сууж байхад Элбэгбаяр ах Эрдэнэжавтай хэрэлдээд байсан би юунаас болж хэрэлдээд байгааг нь мэдээгүй. Тэгээд хэрэлдэж байгаад Эрдэнэжав манай ах руу өөрийн өмсөж байсан хүрэн өнгийн гутлаа аваад шидээд нүүрэнд нь оносон. Тэгээд манай ах уурлаад Эрдэнэжавыг цохих гэхээр нь Ням ах дундуур нь орж болиулж байсан байх би юу болсон талаар сайн санахгүй байгаад байгаа юм. Ямар ч байсан баарнаас гарч ирээд Гантулгын гэрт пиво ууж байсан шиг санаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Х.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...2017 оны 10 дугаар сарын 04-ний орой гэртээ байж байхад манай найз Элбэгбаяр, Ням, Сүхбат-очир нар манайд ирсэн. Тэгээд бид хэд нийлж пиво ууцгаасан. Сүхбат-Очир пивоноос уугаагүй, аягалаад өгч байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад манай эхнэр Нямсүрэн, бэр эгч Эрдэнэжав, Нэргүйбаяр нар бааранд сууж байгаад гарч ирлээ гэж хэлээд орж ирсэн. Тэр хэд юм уусан байсан. Гэхдээ согтуу нь гайгүй байх шиг байсан. Тэр хэдийг ирээд удаагүй байхад би маргааш нь ажилтай байсан болохоор гэрийн хойд хэсэгт ор засаад унтаад өгсөн. Намайг өглөө сэрээд Элбэгбаяр, Эрдэнэжав нар хоорондоо маргалдаад муудсан гэж ярьж байсан, зодоон цохионы талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

1.8. Насанд хүрээгүй гэрч Д.Нямсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Эрдэнэжав нь манай нөхрийн төрсөн ахын эхнэр байгаа юм. Бид 2 нэг айлын бэрүүд харин Элбэгбаяр нь манай нөхөр Гантулгын найз байгаа юм. 2017 оны 10 дугаар сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад Нэргүйбаяр, Эрдэнэжавд бид 3 SET бааранд орж ганц ганц шил пиво уучихаад жоол сууж байгаад 23 цаг өнгөрч байхад Баянхошууны 3-1 тоотод ирэхэд манай гэрт нөхөр Гантулга, Элбэгбаяр, Ням, Сүхбат-Очир нар пиво уугаад сууж байсан. Бид нарыг ороход хоорондоо муудсан зүйл байхгүй инээлдэж хөхрөлдөөд сууж байсан. Бид нарыг ирсний дараа Ням, Элбэгбаяр нар пивонд явсан, харин манай нөхөр маргааш ажилтай гээд унтаад өгсөн. Тэгээд тэр 2-н авчирсан нэг пивыг нь Нэргүй, Элбэгбаяр, Ням бид 4 хувааж ууж дуусгасан. Тэгээд дахиад пивонд явсан тэр хойгуур нь би нөхрийнхөө хажуугаар ороод унтаж байтал намайг дуудаж босгосон. Элбэгбаяр бид 2-г юм яриад сууж байтал Эрдэнэжав Элбэгбаярт хандаж манай дүүтэй юу яриад байгаа юм бэ зүгээр суулга, би дүүгээ чамаас илүү амьдруулна гээд байсан. Тэгэхэд Элбэгбаяр би зүгээр юм яриад сууж байна ш дээ, чиний сайхан амьдарч байгаа чинь хаана байгаа юм гэж хэлээд тэр 2 хэрэлдэж эхэлсэн. Тэгээд Эрдэнэжав эгч Элбэгбаяр луу түрийтэй гутлаа аваад шидсэн, оносон үгүйг нь мэдэхгүй байна. Эрдэнэжав босож ирээд Элбэгбаярын цээж рүү 2-3 удаа цохиод авахад Элбэгбаяр зөрүүлээд Эрдэнэжавын нүүрэнд нь гараараа цохиод авахад Ням босож ирээд тэр 2-г салгасан. Тэгээд Элбэгбаярыг Ням аваад гэрээс гарсан. Түүний араас нь Эрдэнэжав эгч гараад явсан. Гадаа гараад юу болсныг нь би мэдэхүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

1.9. Гэрч Д.Сүхбат-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Тэгээд Элбэгбаяр Нямсүрэн 2 хоорондоо юм яриад сууж байхад Эрдэнэжав тэр 2-н дундуур ороод Элбэгбаярт чи байнга архи уудаг болохоор танай амьдрал өөдөлдөггүй, чи архичин биздээ гэхэд чиний сайхан амьдарч байгаа чинь хаана байгаа юм чи ч гэсэн архи уучихсан байна ш дээ гэж Элбэгбаяр хэлээд тэр 2 хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Эрдэнэжав гэрийн зүүн орон дээр сууж байгаад өөрийнхөө өмсөж байсан гутлыг Элбэгбаяр луу авч шидээд түүний нүүрэнд нь оночих шиг болсон, тэгээд босож очоод Элбэгбаярын цээжинд нь гараараа 2-3 цохисон. Тэгэхэд Элбэгбаяр босож ирээд түүний нүүрэнд нь баруун гараараа 1 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дүгээр хуудас/

 

1.10. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дүгээр сарын 05-ны өдрийн 356 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Д.Эрдэнэжавын биед тарих доргилт, хамар нүдний зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 22 дугаар хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн 360 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Ц.Элбэгбаярын биед тарих доргилт, зүүн нүдний зовхинд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

3. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/

 

1.12. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.Элбэгбаярын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний зовхинд учирсан зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Тархи доргилт гэмтэл нь тухайн хүний бие махбодийн онцлогоос хамаарч харилцан адилгүй үүсдэг. Элбэгбаярын биед учирсан тархи доргилт гэмтэл нь гутал шидэх, цохих зэргээс болж үүсэх боломжтой гэмтэл юм.

Эрдэнжавын биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин хамар нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн тархи доргилт гэмтэл нь тухайн хүний бие махбодийн онцлогоос хамааран харилцан адилгүй үүсдэг. Гараар цохиход үүсэх боломжтой гэмтэл юм. гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Иймд шүүгдэгч Ц.Элбэгбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн шүүгдэгч Д.Эрдэнжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Х.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

...Элбэгбаяр бид 2 хар багын найзууд байгаа юм. 6 настай байхаасаа одоог хүртэл найзалж нөхөрлөж байна. 10 жилд нэг ангид байсан. Хүнд их тусархуу, нийтэч, сэргэлэн цовоо, найз нөхөд анги хамт олны дунд нэр хүнд сайтай. Хар ажил төрөлд сайн. Багаасаа хурдны морь унадаг байсан. Үндэсний бөхийн спортоор хичээллэдэг. Энэ зун Төв аймгийн Сэргэлэн сумын наадамд түрүүлж сумын заан цол хүртсэн. Амьдрал ахуйн хувьд боломжийн өөрийгөө болгоод яваад байдаг. эхнэр хүүхэдгүй. Одоо морь уядаг. Миний сайн найз байгаа юм. архи дарс нэг их хэрэглээд байдаггүй. Муу зуршилгүй сайн залуу даа.

Эрдэнэжавын хувьд манай төрсөн ах Ууганбаярын эхнэр байгаа юм. Хөдөө маллаж амьдардаг. Нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бас л ажил төрөлд сайн архи дарс хэрэглээд байдаггүй. Хөдөлмөрч бүсгүй. Тэр шөнө яагаад Элбэгбаяртай маргалдаж муудсаныг нь ойлгохгүй байна. Нөхөртэйгээ маргалдаж муудаад байдаггүй хүн байгаа юм. Сайхан ааш зантай эгч байдаг даа... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45 дугаар хуудас/

2.3. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 48-57 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Элбэгбаярыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэжавыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Мөн шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нарын бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдэнд тус бүр оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нарт тус бүр оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Цогт-Эрдэнийн Элбэгбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Их монгол овгийн Дүгэрдоржийн Эрдэнэжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Элбэгбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Эрдэнэжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нарт тус бүр оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нарт тус бүр оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Элбэгбаяр, Д.Эрдэнэжав нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ЭНХМАНДАХ