Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 204

 

МАГАДЛАЛ

2020.01.27                                                Дугаар 204                                     Улаанбаатар хот

 

 

 

О.Ж-ны нэхэмжлэлтэй                                        

                                                    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02570 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч О.Ж-ны нэхэмжлэлтэй,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: О.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.Ж-н миний аав Ж.С нь 1948 оны 8 дугаар сарын 24-нд Орос улсад үндэслэлгүйгээр баривчлагдан 25 жил хоригдох ялаар шийтгүүлсэн юм. Гэвч 1948 оны 10 дугаар сарын 28-нд ЗСБНКазак улсын Цэргийн шүүхийн тогтоол, 1948 оны 12 дугаар сарын 2-нд Дундад Азийн тойргийн Цэргийн шүүхийн магадлалаар аавыг буруугүй гэж хэргийг хүчингүй болгож хаасан байна. Тэгээд ЗСБНХОУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аавын асуудлыг дахин хянаж үзээд, улс төрийн хилс хэргээр баривчлагдан хэлмэгдсэн байна гэж батлаад, бүрэн цагаатгаж өгсөн юм. Тухайн үед Ж.С-гийн ам бүлд миний төрсөн эгч О.Д бид 2 л байсан. Одоо эгч маань 84 настай, амьд сэрүүн байгаа. Улс төрийн хилст хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Ж.С-гийн төрсөн охин Ж.Т надад цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос 40 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэн сонинд зарлагдсаны дагуу надад олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор Д.М би О.Ж-ны нэхэмжлэлтэй нөхөх олговор гаргуулах хэргийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэгч Ж-ны  эцэг Ж.О нь Зөвлөлт Холбоот Улсын Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.6.1-д зааснаар Тагнуулын хэргээр буруутгагдаж 25 жилийн хорих ялаар шийтгүүлж, биеэр 11 жилийн хорих ялыг эдэлсэн байна. Ж.О нь 1989 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цагаатгагдаж үнэмлэх олгосон. Хэрэг цугларсан нотлох баримтуудаар Улс төрийн хилст хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д зааснаар О.Ж-д хуульд заасан нөхөх олговор олгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Халх овогт О.Ж-ны нөхөн олговорт 40 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч О.Ж-ны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас хамгийн түрүүнд хамтдаа хохирогч болдог нь гэр бүлийн гишүүд байдаг ба төрөөс ийнхүү олгогдож байгаа нөхөн олговор нь хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахад чиглэгдсэн бизээ. Хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан үр сад өнөөдөр нас дээр гарч хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах зорилгоор 2018 оны хуулинд оруулсан өөрчлөлтөд хамрагдаж байгаа талаарх Сүхбаатар дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 27 тоот албан бичгийн хуулбарыг сайшаан хүлээн авсан боловч шүүхээс хуулийг ийнхүү буруу тайлбарлан хэрэглэж байгаад туйлын гомдолтой байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг зааснаар хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд нөхөн олговор олгохдоо тодорхой урьдчилсан нөхцөл заасан байх харин шалгуур болгох зохицуулалт бус юм. Улс төрийн хилс хэрэг хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т нөхөн олговрыг олгохоор хуульчилсан зохицуулалт нь ямар нэг хоёрдмол утга агуулга байхгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч О.Ж нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хүүхдэд олгох нөхөх олговорт 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцсон прокуророос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д заасны дагуу нэхэмжлэгчид 40 000 000 төгрөгийг олгох үндэслэлтэй гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, О.Ж-ны нь Ж.О агсны төрсөн хүүхэд боловч хэлмэгдэгч, түүний эхнэр гэр орон сууцаа хураалгасан нь архивын лавлагаа болон бичмэл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан баримтад хэлмэгдэгчийн төрөл садангийн хүмүүсийн амьдарч байсан нөхцөл байдал, тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн үйл явцтай холбоотой Ж.Ч , Д.Д гэх иргэд тодорхойлолт бичиж өгсөн байх боловч бичгийн нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд хуульд заасан хариуцлагын талаар сануулж асууснаар гэрчийн мэдүүлэгт шүүх дүгнэлт хийх боломжтой болно. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй баримтыг тодруулах, гаргасан нотлох баримтыг үнэлэхийн тулд зохих лавлагаа авах, хуулийн шаардлага хангуулах зэрэг шаардлагатай ажиллагааг хийгээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад хамааралгүй баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу шинжлэн судалж, үнэлэлт, дүгнэлт хийгээгүйгээс тухайн баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв шүүх уг баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаас хасах эрхийг эдлэх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Ж-д орон сууц олгож байсан эсэх талаарх лавлагааг Нийслэлийн архивын газраас гаргуулах ажиллагааг хийсэн атлаа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт буюу хэлмэгдэгч Ж.О-г хэлмэгдсэний улмаас гэр, орон сууцаа хураалгасан үр дагавар үүссэн эсэхийг эрх бүхий байгууллагаас тодруулах ажиллагааг хийгээгүй байна. Энэ тохиолдолд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид нөхөх олговорт 40 000 000 төгрөг олгох үндэслэлгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02570 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч О.Ж нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                               Д.БАЙГАЛМАА