Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 24

 

                                                

С.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор: Т.Өсөхболд, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцож,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Ерөнхий шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн 2237000000012 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Ховд аймгийн Булган сумын ******* багт оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгуулсан гэх, ******* ******* овогт *******ын ******* РД:*******,

2. *******ын ******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт М.*******т 10 тооны тугалыг 150000 төгрөгөөр зарна гэж хуурч 1500000 төгрөгийг 5847334626 дугаартай өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан улмаар 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Булган сумын ******* багийн бургастай гэх газарт зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын 30 гаруй малыг туун ирж М.*******т үзүүлэн 7 тооны малыг өөрт нь өгч байгаа мал гэж итгүүлэн тамга даруулж, сүүлд хүргэж өгнө гэж залилж М.*******т 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын Булган сум сум дундын прокурорын газраас: *******ын *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

4.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч ************** овогт *******ын *******ыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

4.2.Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

4.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн S хэлбэртэй дэгрээ тамгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч М.*******т буцаан олгож,

4.4 Шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:С.******* нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт М.*******т 10 тооны тугалыг 150000 төгрөгөөр зарна гэж хуурч 1500000 төгрөгийг 5847334626 дугаартай өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан улмаар 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Булган сумын ******* багийн бургастай гэх газарт зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын 30 гаруй малыг туун ирж М.*******т үзүүлэн 7 тооны малыг өөрт нь өгч байгаа мал гэж итгүүлэн тамга даруулж, сүүлд хүргэж өгнө гэж залилж М.*******т 1500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан М.*******, Ш.Алтантуяа, Д.Далхжав, К.Мөнхбат, М.Бат-Эрдэнэ, Ц.Цэвээн-Очир нарын мэдүүлэг, малд хийсэн үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл бусад баримтуудаар тогтоогдсон.

6. 2021 оны 07 дугаар сарын02-ны өдөр батлагдсан Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр заасан байх бөгөөд С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан бөгөөд дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэрэгт хамрагдсан, өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

7. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Эсэргүүцэл бичих процесс зөрчсөн гэж үзэхээр байна. Дээд шатны прокурорын талаар Прокурорын тухай хуульд заасан. Ховд аймгийн хэмжээнд хоёр нэгж харьяалагдаж байгаа. Дээд шатны прокурор болох ерөнхий прокурор удирдаж байгаа. Ховд аймгийн прокурорын газар нь адилхан дээд шатны прокурор байгаа. Гэтэл ижил эрх хэмжээний прокурор нь нэг хэрэг дээр эсэргүүцэл бичсэн байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

10. Шүүгдэгч С.******* нь 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт М.*******т 10 тооны тугалыг 150,000 төгрөгөөр зарна гэж хуурч 1,500,000 төгрөгийг 5847334626 дугаартай өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авсан, улмаар 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Ховд аймгийн Булган сумын ******* багийн Бургастай гэх газарт зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын 30 гаруй малыг туун ирж М.*******т үзүүлэн 7 тооны малыг өөрт чинь өгч байгаа мал гэж итгүүлэн тамга даруулж, сүүлд хүргэж өгнө гэж залилж М.*******т 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      Шүүгдэгч С.*******ын үйлдэлд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх С.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дээд шатны прокурор эсэргүүцэл бичжээ.

11. Анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг илт буруу хэрэглэсэн байна. Тухайлбал Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ялтны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх болон 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоход  уг гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т нэрлэн заасан эсэхийг нэг бүрчлэн шалгасны дараа 4.1-д зааснаар ялыг өршөөн хэлтрүүлэх, 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, 6.1-д зааснаар ялаас өршөөн хасах, 7.1-д зааснаар хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих шийдвэрийн аль нэгийг шүүх гаргах байжээ.

12. Гэтэл шүүгдэгч С.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих” гэмт хэрэгт хамааруулан хуульчилсан байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг “хуулийн илт тодорхой заалтыг буруу  хэрэглэсэн” гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүх Өршөөл үзүүлэх тухай хуулийг дээр дурдсан байдлаар буруу тайлбарлан хэрэглэж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “шударга ёсны зарчим”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагын зорилго”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт”, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зэрэг материаллаг болон процессын хуульд заасан зорилт, зарчим алдагдахад хүрсэн байна. 

13. Шүүх шүүгдэгч С.*******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт хамаарч байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн буцаав.

14. Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор Өсөхболд нь “шүүгдэгч С.******* нь 2021 оны 10 дугаар сарын сүүлээр бусдын 7 тооны малыг өөрт чинь өгч байгаа мал гэж итгүүлэн тамга даруулж, сүүлд хүргэж өгнө гэж хохирогч М.*******ыг залилсан” байхад шүүгдэгчийг Өршөөлийн үзүүлэх тухай хуульд хамруулсан нь анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ” гэж дээд шатны прокурорын эсэргүүцэлд зааснаас өөр агуулгатай тайлбар хэлсэн нь үндэслэлгүй байна. Тухайлбал залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч, түүний мөнгийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн мөнгө мэтээр захиран зарцуулах боломж бүрдсэнээр энэ гэмт хэрэг төгссөн гэж үзэх тул давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурорын тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.*******т холбогдох эрүүгийн 2237000000012 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР