| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00522/И |
| Дугаар | 155/ШШ2024/00626 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00626
| 2024 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00626 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын *************** оршин суух, Л Б-ын Б (************** )-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б-ын Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 1969 онд Б-ын 6 дахь охин болон мэндэлсэн бөгөөд тус тосгоныхоо 10 жилийн дунд сургуулийг төгсөж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд хоньчноор 1986 онд элсэн орсон билээ. Түүнээс хойш хоньчноор тус нэгдэлд 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нэгдэл тартал нь ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, холбогдох тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа зэрэгэс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Б.Б миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Б миний бие ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
Нотлох баримтаар:
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/395 дугаартай албан бичиг,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №25 дугаартай Гал түймэр гарсан тухай актын хуулбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 3/246 тоот албан бичиг зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 3-7, 23-28, 33 дугаар тал)
Онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Б гийн Хаатр-21 (А), Хаягийн хуудас № 7 баримт, Хаатр-01 (А) баримтын лавлагааг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 15-18 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д нэхэмжлэгч нэхэмжлэлээ...татан авч болно гэж заасан.
Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх, түүнийг дэмжих эсэх, мөн түүнээсээ татгалзах эсэх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б гийн дээрх хүсэлт нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийнх нь эзгүйд хэргийг шийдэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ