Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 202

 

МАГАДЛАЛ

2020.01.27                                                Дугаар 202

 

 

 

 

 

 

 

Я.Х-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03284 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Я.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.М-д холбогдох,

           

         Зээлийн гэрээний үүрэгт 95 000 000 төгрөг, хүүнд 9 500 000 төгрөг, нийт 104 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

         Нэхэмжлэгч Я.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр О.М-гийн хүсэлтээр 95 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тухайн үед зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд 1 сарын дараа буюу 10 дугаар сарын 15-ны өдөр үндсэн зээл 95 000 000 төгрөг дээр 1 сарын хүү 9 500 000 төгрөг нийт 104 500 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч зээлийн төлбөрөө барагдуулаагүй. 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр О.М-гийн хүсэлтээр газрын гэрчилгээ түр хугацаанд барьцаанд авч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэхдээ тухайн үед О.М бичиг баримтгүй, газрын гэрчилгээ нь Б.Н-ын нэр дээр байсан учир зээлийн гэрээг Б.Н-тай байгуулсанаас биш зээлийн гэрээгээр Б.Н-т мөнгө өгөөгүй. Харин О.М-гийн өмнө зээлсэн 95 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулж, баталгаажуулж авсан. Нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 21 945 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Б.Н-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд үндсэн зээл 95 000 000 төгрөг, сарын 10 хувийн хүү 9 500 000 төгрөг нийт 104 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Х-тай уулзаж яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тухайгаа хэлэхэд 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 95 000 000 төгрөг зээлсэн. Я.Х нь надтай 2018 оны 12 дугаар сард холбогдох үедээ мөнгөө авмаар байгаагаа хэлсэн бөгөөд тухайн үед мөнгө өгөх боломж байгаагүй тул хэсэг хугацаа өгөхийг хүссэн. Гэвч төлөвлөсөн ажил бүтээгүйн улмаас Я.Х-тай холбогдож мөнгийг бэлнээр өгөх боломжгүй болсон, 95 000 000 төгрөгийн оронд тухайн үеийн ханшаар 130 000 000 гаруй төгрөгийн үнэ бүхий орон сууцыг санал болгосон. Я.Х орон сууцыг өөрийн нэр дээр хүлээж авах хугацааг хүлээхээр болсон бөгөөд барьцаа хөрөнгө хэрэгтэй гэсэн учир найз Б.Н-ын нэр дээрх газрыг барьцаалан гэрээ байгуулсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 95 00 000 төгрөг зээлсэн асуудал дээр маргахгүй. Харин О.М , Я.Х нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүү төлөх үүрэг үүсэхгүй. 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн зээлийн гэрээ нь О.М болон Б.Н нарын хооронд байгуулагдсан бөгөөд О.М гарын үсэг зураагүй. Б.Н өөрийн газрыг найз О.М-гийн гуйлтаар барьцаанд тавьсан байх бөгөөд гэрээнд заасан 95 000 000 төгрөгийг Б.Н аваагүй. Бичгийн гэрээ нь хариуцагч О.М-гийн зээлсэн 95 000 000 төгрөгийн зээлийг баталгаажуулах зорилгоор нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хийгдсэн гэрээ юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.М гаас 104 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Х нь алданги               21 945 000 төгрөг гаргуулах болон хариуцагч Б.Н-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 948 125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М гаас улсын тэмдэгтийн хураамж 680 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Я.Х-д олгож, Б.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Я.Х 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр О.М тай харилцан тохиролцож О.М нь 95 000 000 төгрөгийг Я.Х-аас хөрөнгө оруулалтын зорилгоор тодорхой хугацаагүй зээлсэн юм. Я.Х нь О.М-гийн хуурай дүү эхнэр байсан бөгөөд тус дүүдээ хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа талаар хэлэхэд Я.Х өөрөө мөнгө зээлж хөрөнгө оруулах санал тавьсан байдаг. Хөрөнгө оруулсан ажил бүтвэл Я.Х-д урамшуулал өгөхөөр мөн амаар тохиролцсон байсан. Гэвч О.М-гийн төлөвлөсөн ажилд асуудал тулгарсан ба энэ талаар Я.Х нь сонсоод О.М тай холбогдож мөнгөө авах тухайгаа хэлсэн байдаг. Тухайн үед мөнгийг нь бэлнээр өгөх боломж байгаагүй тул 95 000 000 төгрөгийн оронд машин, орон сууцаар бартер хийх, эвлэрэх санал тавьсан боловч Я.Х нь тодорхой хариу хэлээгүйн улмаас эвлэрэх боломжгүй болсон. Мөн мөнгөө төлтлөө ямар нэгэн үнэ дүйцэх зүйлийг барьцаа болгохыг шаардсан байдаг. О.М мөнгө зээлсэн нь үнэн тул барьцааны гэрээ байгуулахыг зөвшөөрч найз Б.Н-ын нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг санал болгож барьцаалахаар нотариатч дээр очиход заавал зээлийн гэрээ байгуулсаны үндсэн дээр барьцааны гэрээг байгуулна гэсэн тул нэмэлтээр зээлийн гэрээ байгуулсан байна. Тус зээлийн гэрээг барьцааны гэрээ байгуулахын тулд байгуулсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний нэг тал нь хариуцагч О.М биш, Б.Н юм. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй, бүрэн дүүрэн нотлогдоогүй, бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгохоор тус гомдлыг гаргаж байна.

О.М нь Я.Х-аас 95 000 000 төгрөгийг зээлсэнээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд ямар нэгэн байдлаар хүү тогтоогоогүй, хугацаа заагаагүй. Хэрэгт авагдсэн зээлийн гэрээний нэг тал нь О.М биш тул тус гэрээг үндэслэн хүү, алданги нэхэмжлэх үндэслэлгүй юм. Мөн шүүхээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.5 дах хэсгүүдийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Аман хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хугацаа болон хүү тогтоогоогүй байхад хугацаа хэтрүүлсний хүү гэж үзэж 10 хувиар гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.   Учир нь хэдэн төгрөгийн хүү тооцох нь тодорхойгүй тул хугацаа хэтрүүлсний хүү гэж тооцож гаргуулах боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрээс 9 500 000 төгрөгийг үндэслэлгүй гэж хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Я.Х нь хариуцагч О.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 95 000 000 төгрөг, хүүнд 9 500 000 төгрөг, нийт 104 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч хүү тохиролцоогүй тул 9 500 000 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Я.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 95 000 000 төгрөгийг хариуцагч О.М-гийн дансанд шилжүүлж, хариуцагч нь уг мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй байна.

Зохигчид бичгээр гэрээ байгуулаагүй хэдий ч зээлдэгчид мөнгийг шилжүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар “хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү” болох 9 500 000 төгрөгийг        гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Тодруулбал, хариуцагч нь дээрх хугацаанд зээлийн төлбөрийн дүнг төлж барагдуулаагүй тул 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчээс зээлж авсан мөнгөн эд хөрөнгөтэй холбоотойгоор Д.Н , Я.Х нар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Я.Х нь О.М-д зээлдүүлсэн 95 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах зорилгоор Б.Н-тай уг зээлийн гэрээг байгуулсан гэх боловч Б.Н нь хариуцагчийг бүрэн төлөөлж зээлийн гэрээ байгуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан шаардаж байсан талаар тайлбар гаргасныг, хариуцагч үгүйсгээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөө буцаан авах талаар түүнд мэдэгдсэн, талууд зээлийн төлбөрт 130 000 000 төгрөгийн орон сууцыг хүлээлгэж өгөхөөр тохиролцож байсан гэх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч нь хугацаагүй зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө шаардаж байсан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн шаардсан хугацаанаас хойш хариуцагч нь нэг сарын дотор мөнгөн хөрөнгийг төлөх шаардлагатай байсан боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойшхи хугацаанд мөнгийг төлж барагдуулаагүй байгаа тул хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн болох нь нотлогдож, хугацаа хэтрүүлсэн мөнгөн үүргийг гүйцэтгээгүйтэй холбоотой тохирсон хүү төлүүлэхээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлэгдсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/03284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 167 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд дээрх хугацаанд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                     Д.БАЙГАЛМАА