Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 140

 

          Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Шүүгдэгч Г.Э .

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үст овогт Ганлийгийн Э д холбогдох эрүүгийн 1726000300023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Үст овогт Г.Э

Шүүгдэгч Г.Э  нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Өлзийтийн өвөр” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 355571 /гурван зуун тавин таван мянга таван зуун далан нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр баг, “Өлзийтийн өвөр” гэх газарт шороо угаасан. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл ирэх хүртэл ажиллуулахгүй гэсэн. Тэгээд миний машиныг битүүмжилж, би тэнд ажиллах боломжгүй болсон. Өмнө нь нинжа нарын угааж байсан шорооноос ухаж 1 грамм алт олсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Б.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хийсэн шалгалтаар Г.Э  гэх иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар газрын хэвлийд халдаж, газрын хөрс эвдэлж нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас байгаль орчинд хохирол учруулсан. Уг газрын хохирлын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Тухайн байгууллагын дүгнэлтээр гарах газрын хохирлын үнэлгээг хууль бус үйл ажиллагааг явуулсан Г.Э с нэхэмжилж байна. ...Үнэлгээний компаниар хэдэн төгрөгийн хохирол гарна тэр мөнгийг нь нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

Хохирогч Б.Д-н мөрдөн байцаалтанд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өлийн ар” гэх газар шалгалт хийгээд явж байтал ямар нэгэн хүнгүй жижиг оврын эксковатор байсан. Тэгэхээр нь би энэ хэний эксковатор болохыг тодруулахад Арвайхээр сумын Э  гэж хүнийг гэж хэлсэн. Маргааш нь Э  сумын төвд надтай ирж уулзаад би алт олборлохгүй гэж хэлэхээр нь би хууль тайлбарлаж өгөөд алт олборлож болохгүй талаар нь хэлсэн. Ингээд дахиж харилцаагүй байж байгаад 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шалгалтаар явж байгаад Э тэй дахиад таарсан ба Э д газар чөлөөл гэж шаардсан бөгөөд тухайн үед Э  ашигт малтмал олборлохоор газар ухаагүй байсан. Үүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Э  ирж газар ухаж байгаад Мэргэжлийн хяналтын байцаагчид лацдуулчихсан гэсэн мэдээлэл ирсэн. Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг “Өлзийтийн өвөр” гэх газраас жижиг оврын Daewoo-55 маркийн жижиг оврын эксковатортой, камаз маркийн 58-14 БӨТ улсын дугаартай ачааны машинтай байсан. Ганцаараа ашигт малтмал ашигласан болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Гэрч Т.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэдийн төлөлөгчдийн хуралд гаргасан. Тэгээд сумаас дэмжээд ашигт малтмалын газар руу явуулсан. Зөвшөөрөл нь одоо хүртэл ирээгүй байгаа юм. Бид хоёр хамтарч ашигт малтмал олборлож байгаагүй. Г.Э  ах өмнө нь ашигт малтмал олборлож байгаагүй бөгөөд Баруунбаян-Улаан суманд амьдардаггүй. Ойрын хэдэн жилдээ Г.Э  ах Баруунбаян-Улаан сумаар нэг их харагдаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

Гэрч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Г.Э  гээд нэг хүн ирж алт тушаасан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны орчим шиг санагдаж байна. Хүмүүс жижиглингээр л өгсөн. 1 билүү 2 грамм л алт өгсөн. Түүнээс илүү жинтэй алт орж ирдэггүй. Хүнс идэж уух юмны мөнгө болон бензин авах гэсэн юм гээд жижиглэнгээр л орж ирдэг. Г.Э  нь яг хэзээ орж ирж, ямар хэмжээний алт өгсөн талаар сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Хууль бусаар ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу Баруунбаян-Улаан сумын Таацын гол дагуу хяналт шалгалт хийсэн. Намайг очиход шөнийн 03 цаг 09 минутанд эксковатор нь газар ухчихсан байдалтай байж байсан. Голын хөндийгөөс 200 гаруй метр үйл ажиллагаа явуулж байсан. Иргэн Г.Э  нь Doosan 55 маркийн эксковаторыг 003913 дугаарын лацаар лацадсан. Гар аргаар өмнө нь ухагдаж өртөж эвдэрсэн газар байсан. Эвдэгдсэн газрын солбилцлыг авахад 450321911 10101513311 метр байгаагүй учир хэмжээгүй. Зөвшөөрөл байхгүй бичиг баримтаа хөөцөлдөж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/,

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай “Үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тухай” Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын санал /хх 13/,

Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл /хх 14/,

Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/,

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн: “1.Иргэн Г.Э-н ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн санд шүүн үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна. АМГТГ-ын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 8/5888 тоот албан бичгийг хавсаргав.Түүнчлэн уг газар нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй учир урьд өмнө нь ямар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байсныг тогтоох боломжгүй байна.

2.Иргэн Г.Э д холбогдох 172600030 дугаартай хэрэгт хамаарах Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт орших тус иргэний эдрэлд оруулсан газрын солбилцол бүхий талбай нь “Гол мөрний урсац, бүрэлдэх эх, усны сан бүхийн газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3-т заасан Засгын газрын 2015 оны 289 дугаар тогтоолын дагуу /Таацын гол/ усны сан бүхийн газрын 200 метрийн энгийн хамгаалалтын бүсийн хилтэй давхцалтай байна. БОАЖЯ-ны лавлагааг хавсаргав.

3.Иргэн Г.Э  нь 26.88м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь “Монслов” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн а/156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” ашиглалтын дагуу тооцож үзэхэд 179572.1 төгрөг буюу 179.57 мян.төгрөг байна. Уг талбайг нөхөн сэргээхэд гарах ажлын зардлыг тооцоолж үзэхэд 139392.69 төгрөг. Техникийн нөхөн сэргээлтийн зардал 118420.69 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 20972.0 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн зардлын хэмжээ 139392.69 төгрөг.

4.Иргэн Г.Э-н ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан талбай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байгаа учир нийт 26.88м2 талбайд ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүй талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан байна.

5. Иргэн Г.Э-н ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх 26.88м2 талбай нь урьд өмнө ашиглагдаж байсан хуучин уурхайн овоолго /отвал/ дээр байгааг харгалзан үзэх шаардлагатай юм” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-59 хуудас/,

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар тогтоол /хх-106-118/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №10/34 дугаар “2,2 гр байгалийн алт нь 175999 төгрөг” гэсэн тайлан /хх-128/,

Шүүгдэгч Г.Э-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-68/, ял шалгуулах хуудас /хх-69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/, гэрлэсний бүртгэлийн хуулбар, бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-92/, Э.Янжинсүрэн, Э.Цэрэндулам, Э.Ган-Уяа, Э.Чимэддолгор нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-93-94/,

Г.Э-н 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хаан банк”-ны 100100400952 тоот дансанд 179500 төгрөг тушаасан баримт /хх-120/,

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хаан банк”-ны 100100400952 тоот дансанд 176000 төгрөг тушаасан баримт,

Хохирогч Б.Д-н шүүхэд ирүүлсэн “Газрын хэвлийн хохирлын үнэлгээ болох 179500 төгрөг, олборлосон алтны төлбөр 176000 төгрөгийг Баруунбаян-Улаан сумын төрийн сангийн 100100400952 тоот дансанд тушааж бүрэн барагдуулж хохиролгүй болгосон. Г.Э д ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Шүүгдэгч Г.Э  нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Өлзийтийн өвөр” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 355571 /гурван зуун тавин таван мянга таван зуун далан нэг/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Д /хх-ийн 31/, гэрч Т.О, Д.С, С.Ж нарын  мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-18/, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Монслов” ХХК-ний 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-50-59/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №10/34 дугаар тайлан /хх-128/, Г.Э гээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 64-65, 66-67/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Үст овогт Г.Э д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Э гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтийн дагуу прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч Г.Э д холбогдох эрүүгийн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Э  нь хохирлоо төлж барагдуулсан болох нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Хаан банк”-ны 100100400952 тоот дансанд 179500 төгрөг тушаасан баримт /хх-120/, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хаан банк”-ны 100100400952 тоот дансанд 176000 төгрөг тушаасан баримт зэргээр,

Шүүгдэгч Г.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Э г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Э д хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг” хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 355500 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Г.Э д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 1,2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үст овогт Г.Э г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Үст овогт Г.Э г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Г.Э д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Э д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Э г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

8. Шүүгдэгч Г.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Д-д 355500 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ЦЭЦЭГЭЭ