Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/18

 

*******т холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Л.Галав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 2222000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр, Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт амьдардаг, Дундговь аймгийн ******* гэх газар оршин суух хаягтай, урьд 20******* оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар, Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан /РД: ЗИ94**************18/.
Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг анхааруулж, шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч ******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шатны шүүхээс 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан оногдууллаа гэсэн.
Гэтэл хэрэг болсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас өөр зүйл болсныг тал бүрээс нь буюу болсон явдлыг үнэн зөв байна уу, үгүй юу гэдгийг шалгаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би гар утсыг хулгайлж аваагүй, хойд эцэг Түмэнбаяр өөрөө миний ээжийг “...янхан эх чинь чамайг хаяад эгчийнх рүүгээ явчихлаа” гэж хэлэхээр нь 2, 3 цохисныг болон утсаа өгч явуулаад архинд тавиулсны дараа авч ирсэн архийг нь ууж байхдаа ээжийг минь хэл амаар доромжлоод байхаар нь гар хүрсэн байдлыг үнэн зөв бүрэн шалгаж тогтоосон зүйл огт байхгүй байна. Гэрч, хохирогч нар болох Туяацэцэгээс ээж /Ц.Булганаа/-ийнх нь талаар үнэхээр тийм зүйл хэлж яригдаж байсан эсэх талаар,
⦁    Гэрч Туяагаас гар утсыг нь үнэхээр хулгайлаад авч яваад дэлгүүрт архины барьцаанд тавьсан эсэх талаар болон хэдэн цагийн үед авсан талаар,
⦁    Гэрч Даваадалайгаас хэдэн цагийн үед *******той уулзаж архи авч өгсөн талаар болон хэдэн удаа уулзсан талаар,
⦁    Хохирогч Ц.Булганаагаас хохирогчтой хэрэг болох үед үнэхээр орхиж явсан үйл явдал болсон эсэх талаар бүрэн шалгаж тогтоож байж хэрэг учрал болсон гэх нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай байсан. Үнэхээр хохирогчийн өөрийнх нь согтуугаар зүй бус үйлдэл болох үг, хэллэг, үйлдэл гаргаад эхийг минь эзгүйд нь доромжилж уур хүргээд байсан гэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага ногдуулахад ач холбогдолтой байсан гэж үзэж байна. 
           Эдгээр байдлуудыг шалгаж тогтоодоггүй юм гэхэд эдгээр байдлыг харгалзан үзэх зүй ёсных юм. Би гаргасан дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашдаа дахин ийм үйлдэл гаргахгүй засарч хүмүүжиж, буруугаа ойлгож гэмшиж ухаарч байгаа. Өмнө нь ийм асуудлаас болж шийтгэж байсан ч засарч ухаарсан байсан ба үнэхээр төлөв томоотойгоор эцгийнхээ хамт хөдөө малаа маллаад л байж байгаа хүн. 
           Би одоо Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р багт өөрийн төрсөн эцэг Дагвын хамт мал маллан амьдардаг. Энэ талаар ерөөсөө хөнгөрүүлэх болон цагаатгах талын баримтыг огт бүрдүүлээгүй. Миний мал маллаж байгаа, торгууль төлөх боломжтой болон би сум орондоо одоо ямар ёс зүйтэйгээр төлөв томоотой амьдарч байгаа талаар шалгаж тогтоолгүйгээр өмнө нь холбогдож байсан хэргийн шийтгэх тогтоолоор байгаа байдлыг минь дүгнэж улсын яллагчийн санал болгосноор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаад гомдолтой байна. 
           Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн 74 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дээрх байдлуудыг шалгаж тогтоолгох, эсхүл тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж  торгуулийн ялыг зохих хэмжээгээр /бага хэмжээгээр/ оногдуулж өгнө үү гэжээ.
           Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Манай үйлчлүүлэгч гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг нэмж шалгуулах талаар гомдол гаргасан. Гэвч гэмт хэрэг гарсан шалтгаан болоод өөрийнх нь хувийн байдалтай холбоотой асуудлыг тодруулсны үндсэн дээр мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байгааг дэмжиж байна.  Өмнө нь *******.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт холбогдсон дахин ийм зүйл ангиар ял оногдуулж байгаа учир нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 цагаар оногдуулсан. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь үнэхээр эргэлзээтэй байдаг. Энэ талаар бүрэн шалгаж тогтоосон зүйл байхгүй. Эдгээр байдлыг харгалзан үзэж хэргийг заавал мөрдөн байцаалтын шат руу буцаахгүйгээр өөрчлөлт оруулж шүүгдэгчид ашигтайгаар торгуулийн ялыг бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв. 
           Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч Түмэнбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө эх сурвалжаа тодорхой заадаг, мэдүүлгээ анхнаасаа тууштай өгдөг. Шүүгдэгч нь гар утсыг хулгайлаад дэлгүүрт тавьсан нь юугаар нотлогдож байна вэ гэхээр хохирогчийн мэдүүлэг, гэрч Туяацэцэг, Сугирсүрэн, Даваадулам нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд гэрч Уртнасан хэлдэг. Байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн гаргаж байгаа гомдол нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд ч байгаа юм шиг, зөвшөөрөхгүй ч байгаа юм шиг зүйлийг хэлдэг. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа бол торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн 2 өөр зүйлийг хэлсэн байна.  Эрүүгийн хуулийн зорилго гэж байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг цээрлүүлэх, түүний улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хор уршгийн хэмжээ, хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлагыг хүлээлгэдэг. Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байгаа. Энэ хуулийн тусгай ангид заасан 1 төрлийн гэмт хэргийг 2 удаа үйлдсэн гэдэг нь хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзнэ. Өмнө нь шүүгчийн хувьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2 дугаартай захирамжаар өмнөх нийтэд тустай ажлыг биелүүлээгүй учир ял солиод 19 хоногийн хорих ял оногдуулж шийтгүүлж байсан. Мөн хэргийн материалд 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 161 дугаартай дүгнэлтээр өөрийн хамтран амьдрагчаа зодож Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар 24 цаг албадан сургалтад хамруулж 12 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан баримт хавтаст хэргийн материалд авагдсан  байна. Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй өмнөх шүүх хурал дээр малчин гэж мэдүүлж байсан боловч үүнийг нотлох баримт хэргийн материалд байхгүй. Ийм учраас анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Дээрх гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой. Ийм учраас прокурорын зүгээс шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

        Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
              Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Прокуророос *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “ яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тусгана гэсний дагуу яллах дүгнэлтэд тусгасан, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зэрэг бүх талаас нь харьцуулан судалж үзвэл дараах үйл баримтууд тогтоогдож байна.
         2022 оны 04 сарын 15-ны өдрийн 53 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хохирогч *******, гэрч Э.Туяацэцэг, Д.Сугирсүрэн, Ч.Даваадалай нарын мэдүүлгийн агуулгыг тусгасан байх ба шүүх хуралдаан дээр улсын яллагч уг мэдүүлгүүдийг шинжлэн судлуулж, тэдгээрт тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоож, дүгнэлтээ гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. /хэргийн *******3 дугаар хуудас/ 
        Эдгээр нотлох баримтууд нь шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримтат мэдээллүүд байна.
Хохирогч *******, гэрч Э.Туяацэцэг, Д.Сугирсүрэн, Ч.Даваадалай нарын мэдүүлгийн тэмдэглэлд авагдсан мэдээллээр шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эцэг *******ын гар утсыг өөрт нь мэдэгдэлгүй авч дэлгүүрт  23000 төгрөгөөр барьцаанд тавьж, уг дэлгүүрээс архи, ус ундаа авсан, ******* үүнийг мэдээд “Яах гэж утас хулгайлж дэлгүүрт тавьсан юм” гэснээс шалтгаалан түүнийг шууд нүүр, цээж рүү нь өшиглөж, та нарыг гэртээ чинь шатааж ална гэх мэтээр заналхийлж байсан үйл баримт тогтоогдсон байна.
*******ын үйлдлээс хохирогч “*******ын биед хамар ясны хугарал, дээд уруулын дотор салстад шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд үүссэн цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан нь  Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 82 дугаартай тогтоосон” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-41/ зэргээр тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.
        *******ын хохирогч “*******ын биед гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
          Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
        Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна. 
        ******* анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ял болгон өөрчлүүлэх гомдол гаргасан байх бөгөөд шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилтай болохыг нотлох баримтгүй, орлого тодорхойгүй гэсэн үндэслэлээр торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. 
        Мөн шүүгдэгч нь Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас заримыг нь эдлээгүй үндэслэлээр үлдэх ялыг хорих ялаар солиулж байсан талаарх нотлох баримт хэрэгт цугларсан байна.
        Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирсон байх тул шүүгдэгч *******ын хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсхүл шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулах тухай гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

                                          О.ОДНЯМАА