Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 576

 

 

 

“О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00186 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгох, барьцааны хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс “Сант хаан” ХХК-аас төлбөр гаргуулах шүүгчийн захирамж гарсан байдаг. Энэхүү захирамжаар төлөх төлбөрийг “Сант хаан” ХХК биелүүлээгүй учир НШШГГ төлбөр гаргуулах ажиллагааг эхэлсэн байдаг. “Сант хаан” ХХК-ийн барьцаа хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээч томилуулан үнэлгээ гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр шатны дуудлага худалдааг зохион байгуулсан боловч худалдан борлогдоогүй юм. 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлаар “Сант хаан” ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлгээ болох 997 872 638 төгрөгөөр санал болгосон ба үүнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй юм. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шүүхэд хандсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт барьцаалагч төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3 дах хэсэгт заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасан байдаг. Мөн 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй буюу 498 891 318 төгрөгөөр худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид 997 782 638 төгрөгөөр тооцож өгч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа юм.

Иймд 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлын тогтоолыг хүчингүй болгож, “Сант хаан” ХХК-ийн барьцаа хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу санал болгохоор даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 89 дугаар шүүгчийн захирамжаар “Сант хаан” ХХК-аас 287 900 000 төгрөгийг гаргуулж “О ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Тухайн ажиллагааг явуулахад төлбөр төлөгч “Сант хаан” ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Монгол шуудан банкны хойд талд “Сэрүүн” ХХК-ийн барилгын 2 давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2208009176 дугаартай 29 м.кв бүхий конторын зориулалттай нэг өрөө байр, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, 4/1 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2202009599 дугаартай 180 м.кв конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагчид санал болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.6 дах хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгох, барьцааны хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгах тухай “О ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд: 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох ажиллагааны тэмдэглэлээс өөрөөр гарах боломжгүй. Үүнтэй утга нэг зүйл гарах учир санал болгох ажиллагааны тэмдэглэл дээр үндэслэн энэ хэргийг шийдвэрлэх боломжтой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага санал болгох ажиллагааг явуулсан болохоор тус төлбөр авагчид өгсөн албан бичигт хүлээн зөвшөөрсөн. Мөн шүүх хуралдааны явцад ч хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч санал болгох ажиллагааг явуулсан гэж тайлбарласан. Гэтэл шүүх санал болгох ажиллагаа хийсэн гэж үзэх боломжгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа санал болгохыг даалгах ёстой гэж тодорхойлсон байхад шаардлагаа тодруулаагүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Мөн тус байгууллага нь санал болгох хурлыг тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнээр санал болгох ёстой гэж үзэж байгаа бол анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахын утга учир нь ойлгомжгүй байна. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилж, үнэлгээний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаа явагдсан боловч үнийн санал ирээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдааг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон явуулахад мөн адил үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй нь “Сантхаан” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хэт өндрөөр үнэлсэн учир худалдан борлогдоогүй болохыг нотлож байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй  гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, конторын зориулалттай 29 м.кв 1 өрөө байр, 180 м.кв конторын зориулалттай  үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч нь “барьцаа хөрөнгийг шинжээчийн үнэлгээгээр санал болгосныг зөвшөөрөхгүй, төлбөр авагч атлаа төлбөр төлөгчид төлбөр төлөх үндэсгүй, барьцаа хөрөнгийг шууд төлбөрт тооцоогүй, санал болгох хурлын тэмдэглэл бол шийдвэр биш” гэж шаардлагаа тодорхойлсоныг, хариуцагч “хуульд зааснаар гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан, санал болгох хурлаас гарсан тэмдэглэл шийдвэр мөн” гэж тайлбарлан  маргасан.

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 10-ны 89 дугаартай захирамж, /хх-46/, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн 15302058 дугаар хувийн хэрэг нээсэн байна. /хх-43-45/

            Хэргийн 47-49,52 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд хариуцагч байгууллага төлбөр төлөгчид үнийн санал авах болон шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлэх, зээлийн үүрэгт барьцаалсан 2 хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулжээ. /хх 34, 36-40/

            Харин үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар дээрхи 2 үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа ирүүлээгүй тул “Бэсгэ” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж, нийт 997 782 638 төгрөгөөр үнэлгээ тогтоолгож, /хх119-120/ анхны албадан дуудлага худалдаа, 2 дахь албадан дуудлага худалдаанд зохих журмын дагуу оруулсан боловч дээрхи хөрөнгө нь худалдан борлогдоогүй байна. /хх- 52-54, 64,65/

          Иймд хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэлгээг төлбөр авагчид шинжээчийн үнэлсэн 997 782 628 төгрөгөөр санал болгосон ажиллагаа явуулж, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр санал болгох ажиллагааны хурал явагдсан үйл баримт тогтоогджээ.  /хх 74-75/

          НШШГГ санал болгох ажиллагааны хурлаар төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн үнэлсэн 997 782 628 төгрөгнөөс 287 900 000 төгрөгийн төлбөр, шийдвэр гүйцэтгэх ажилагааны зардал 199 990 төгрөг нийт 288 099 990 төгрөгийг хасч зөрүү 709 682 638 төгрөгийг төлбөр төлөгчид төлж, эд хөрөнгийг шилжүүлэн авахыг төлбөр авагчид санал болгосоныг анхан шатны шүүх хуулийн дагуу явагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

            Хэргийн 74-75 дахь талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай санал болгох хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, төлбөр авагч “О ББСБ” ХХК, “Дөл түшиг” ХХК-ийг уг хуралдаанд хамт оролцуулжээ. Тэмдэглэлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр төлбөр төлөгч “Сант хаан” ХХК нь төлбөр авагч “О ББСБ” ХХК-д 287 900 000 төгрөгийн, төлбөр авагч “Дөл түшиг” ХХК-д 383 227 287 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж дурдсан байх бөгөөд төлбөр авагч “Дөл түшиг” ХХК-д зөрүү мөнгийг төлж өмчлөх эрхийг шилжүүлэн авч болохыг санал болгосон  байна.

            Иймээс “Дөл түшиг” ХХК хичнээн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох, маргаан бүхий хөрөнгө нь энэ компанийн төлбөрт барьцаалагдсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл маргаан бүхий хөрөнгөөр  буюу шүүхийн шийдвэртэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эсэх нь хэргийг хянан шийдвэрлэх болон хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой юм.

            Тодруулбал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагч нарт санал болгох зохицуулалтыг хэрэглэхэд дээрх үйл баримт тодорхой байх шаардлагатай.

            Мөн хэрэгт авагдсан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан анхны болон хоёрдахь дуудлага худалдааны баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан шаардлага хангаагүй, эдгээр баримтууд нь дуудлага худалдаа зохих журмын дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай.

             Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх тул дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байна. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/00186 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                     С.ЭНХТӨР

                                                                                                Д.БАЙГАЛМАА