| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00717/И |
| Дугаар | 155/ШШ2024/00680 |
| Огноо | 2024-06-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2024/00680
| 2024 оны 06 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2024/00680 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр , 13 давхар 1305 тоотод байрлах, Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймаг, Цэцэрлэг сумын ********* оршин суух, И Баярсайханы Б ()-д холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 770,272.80 (долоон зуун далан мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Б- нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр L13400001/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.Б- цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 7900128394 дугаартай зээлийн дансны дугаартай, 220.000.00 (хоёр зуун хорин мянга) төгрөгийн покет зеро зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгээр зээлдэгчийн 4202396048 дансанд, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 7703432049 дугаартай зээлийн дансны дугаартай 211,600 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5902086115 банкны тоот дансанд, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 7100003445 дугаартай зээлийн дансны дугаартай 1,580,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.15 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5902086115 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 11 дүгээр сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 165,000 төгрөг, үндсэн хүү 37,023.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,835.07 төгрөг, нийт 208,858.36 төгрөг,
2022 оны 9 дүгээр сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 84,637.53 төгрөг, шимтгэл: 5,900 төгрөг, үндсэн хүү 18,991.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,798,26 төгрөг, нийт 113,327.06 төгрөг,
2022 оны 8 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 354,131.07 төгрөг, үндсэн хүү 64,546.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 12,909.39 төгрөг, нийт 431,587.39 төгрөг
Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 16,500 төгрөг.
Иймд хариуцагч Б.Б-гаас нийт 770,272.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Би Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 770,272.80 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 770,272.80 (долоон зуун далан мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян мөнгө) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь ...Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 770,272.80 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрч байна...гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймд Инвескор ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,036.55 (хорин гурван мянга гучин зургаан төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 11,518 (арван нэгэн мянга таван зуун арван найм) төгрөгийг, улсын орлогоос буцаан 11,518 (арван нэгэн мянга таван зуун арван найм) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор ББСБ ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 770,272.80 (долоон зуун далан мянга хоёр зуун далан хоёр төгрөг наян мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Б- төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Инвескор ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,036.55 (хорин гурван мянга гучин зургаан төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-гаас 11,518 (арван нэгэн мянга таван зуун арван найм) төгрөгийг, улсын орлогоос буцаан 11,518 (арван нэгэн мянга таван зуун арван найм) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ