Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Х.Жанузах шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Х.Жанузахад холбогдох эрүүгийн 1736000010001 дугаартай  178/2017/0093/Э/ индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

 

 Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Батноров сумын  Бэрх 7 дугаар багийн 1 дүгээр хороо 57 тоот байрны 6 тоотод оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын малчны хороололд оршин суух, 1994 оны 08 сарын 20- ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, ард казак, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл -7, ах, бэргэн, дүү нарын хамт амьдрах, өөрт ногдох хөрөнгөгүй, ял шийтгэлгүй, ПЛ94082016 дугаарын регистртэй, Ботахара нура овогт Хавылийн Жанузах/ Хонхаа хочтой/

 

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр /

Шүүгдэгч Х.Жанузах нь

-2017 оны 06 дугаар сарын 27- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын  Рашаант багийн 2 дугаар 36 айлын орон сууцны 1 дүгээр орцны 29 тоот буюу хүн байнга амьдрах зориулалтын байранд нэвтэрч хохирогч Д.Алимаагийн эзэмшлийн 32 инчийн SKYWORTH маркийн зурагт, суваг хүлээн авагч,  антенн зэрэг эд  зүйлийг хулгайлан авч хохирогч Д.Алимаад 452000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Шүүхийн тамгын газарт 45000 төгрөгний хохирол учруулсан

- 2017 оны 07 дугаар сарын 12- ны өдөр Ховд  аймгийн Жаргалант сумын Наран багийн 08 дугаар гудамжны 17 тоот хашаанд байрлах хохирогч Д.Сарантуяагийн гэрт нэвтэрч 32 инчийн зурагтыг хулгайлж 416000 төгрөгний хохирол учруулсан

- 2017 оны 07 дугаар сарын 14- ний өдрөөр 07 сарын 15- нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17 дугаар гудамжны 2 тоот хашаанд байрлах Х.Туяатханы байшингийн цонхоор  нэвтрэн орж Самсунг маркын зөөврийн компьютер,  гар утас 2 ширхэг, пүүз зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Т.Уатханд 540000 төгрөгний хохирол учруулсан

 - 2017 оны 06 дугаар сарын 27- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2 дугаар 36 айлын орон сууцны  3 дугаар байрны 20 тоотод байрлах Д.Сайлаагийн орон сууцанд нэвтэрч мөнгөн аяга, зэс аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 306000 төгрөгний хохирол учруулсан

- 2017 оны 06 дугаар сарын 26 - ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Боловсрол соёл урлагийн газрын цонхоор нэвтрэн орж 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлж 1410000 төгрөгний хохирол учруулсан

- 2017 оны 06 дугаар  сарын 27- ны  өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж 32 инчийн монел маркын зурагтыг хулгайлан авч 300000 төгрөгний хохирол  нийт 3469000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэнд тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

            1.Хэргийн газар үзлэг хийсэн...  “  Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 36 айлын орон сууцны 4 дүгээр орцны 29 тоот  сууцанд болсон ба том өрөөнд орж үзлэгийг баруун талаас эхэлж явуулахад буланд бор өнгийн  буйдангийн сандал, баруун урд буланд зурагт дээр нь  байсан  гэх бор өнгийн шүүгээг байрлуулсан байв. Зураг байсан гэх газрыг А цэгээр тэмдэглэв. Ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан 196х140 см хэмжээтэй цонхтой  бөгөөд орон байранд нэвтэрсэн гэх салхивч нь 60х60 см- ийн хэмжээтэй, уг цонхыг Б үсгээр тэмдэглэж, орон сууцанд байсан зүйлийг сандаачиж хаясан байдалтай байв. Уг цонхны тавцан дээрээс гутлын улны хоёр ширхэг мөр гарав. Цонхны гадна талын хүрээнээс хоёр ширхэг гарын мөр авав. Мөн цонхны гадна талын хамгаалалт төмөр байсан гэх боловч алга болсон, суурь байсан мэт хоёр ширхэг мөр байв ... гэх тэмдэглэл, гэрэл зураг/ 1дүгээр хавтаст хэргийн 03-05 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 52 айлын орон сууцны 22 тоотод оршин суух / Д.Алимаагийн өгсөн... Би 2017 оны 06 дугаар сарын 24- ний өдөр өөрийн түр хугацаагаар оршин сууж байгаа 2 дугаар 36 айлын орон сууцны 29 тоотод байх байранд орсон чинь ОО - ийн өрөөнөөс ус алдаж байхаар янзлаад том өрөөндөө ортол зурагт  алга болсон байсан. Гэрт байсан хайрцагтай болон цүнхтэй хувцаснуудыг онгичоод гаргаад хаясан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс 32 инчийн зурагт, антенн , суваг хүлээн авагч , цонхны хамгаалалт төмөр  зэрэг алга болсон.  Нийт 735000 төгрөгний хохирол учирсан. Цонхны хамгаалалт төмөр тор алга болсон байсан... гэх мэдүүлэг  / 1дүгээр хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын нягтлан бодогч Б.Мөнхбаярын өгсөн... 2017 оны  06 сарын 24 - ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2 дугаар 36  айлын орон сууцны 1 дүгээр орц 29 тоот байранд хулгай орж 32 инчийн зурагт, суваг хүлээн авагч, антенн, цонхны төмөр сараалжин хамгаалалт зэрэг алга болсон байсан.  Цонхны төмөр хамгаалалт  нь байгууллагын хөрөнгө байсан тул  түүнийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст   хэргийн 23 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Гансүхийн өгсөн... Сонгуулийн үеэр байсан намайг ажил дээрээ байхад нэг казак залуу орж ирээд зурагт худалдаж авах уу гэж асуусан.  Ямар зурагт  вэ гэхэд  “би машины шил хагалчихсан юмаа . манай ах зурагтаа зараад өрөө төл “   гэсэн гэж хэлсэн. Тэр залуу ганцаараа явж байсан. Зурагтнаас өөр зүйл худалдаж аваагүй. Тэгтэл 2-3 хоногийн дараа цагдаа нар ирээд хурааж авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/ 1дүгээр хавтаст  хэргийн 26-27 дугаар хуудас /

Эд зүйл үнэлсэн тухай тайлангаар  ... TCLмаркын 32 инчийн лед зурагт- 384000 төгрөг, кабелийн суваг хүлээн авагч -  48000 төгрөг, антен- 20000 төгрөг /1дүгээр хавтаст   хэргийн 39 дүгээр хуудас/

Эд зүйлс үнэлсэн тайлангаар  ... цонхны төмөр сараалжин хаалт -45000 төгрөг / 1дүгээр хавтаст  хэргийн 49 дүгээр хуудас /

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн  ... 32 инчийн Skuworth маркын лед  зурагт дэлгэцний доод хэсэгт  цагаан өнгийн Skuworth гэсэн  бичигтэй, доороо 25 см/13 см хэмжээтэй хар өнгийн суурьтай зурагтын суурь холбосон залгаас хэсэг нь цагаан саарал өнгийн ерөнхий харагдах байдал нь хар өнгийн зурагт байсныг хүлээлгэн өгсөн ... тэмдэглэл, гэрэл зураг /1дүгээр хавтаст   хэргийн 54, 55 дугаар  хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Жанузахын өгсөн... Би эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 06 дугаар сарын 24 - ний 23 цагийн үед  цонхоор нь ороход хүн байхгүй байсан тул тэндээ хоноод маргааш нь 22 цагийн үед дахин цонхоор нь орж цонхны хаалтыг суга татаж аваад хажуу талын гражны  дэргэд тавиад зурагт болон антенн, суваг хүлээн авагч зэргийг авсан. Би тухайн үед Сулубайгийн хамт явсан. Мөн 3 дугаар 36 айлын  орон сууцны 20 тоот байрны цонхоор нь орж эд зүйл хулгайлаад буцаж нөгөө байрандаа цонхоор нь орж тэндээ хоносон. Маргааш нь зурагтаа авч захын 2 давхар улаан зах дотор утас  засдаг ахад 40000 төгрөгөөр зарсан. Мөнгө олох гэж хулгай хийсэн... гэх мэдүүлэг/1дүгээр хавтаст   хэргийн 57-58 дугаар хуудас /

Хэргийн газар үзлэг хийсэн... Уг хэрэг гарсан газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт 8-17 тоот хашаанд байх ба уг хашаа нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт харсан цэнхэр өнгийн төмөр даамантай, баруун талын явган хүний хаалгаар дотогш нэвтрэхэд уг хашааны баруун хойд өнцөгт  хар саарал өнгийн блокон амбаар, амбаарын урд монгол эсгий гэрийн хаалганы самбарын модыг цоожны хэсгээр хугалсан байдалтай гэрт ороход ... баруун дээд хэсэгт авдарны тагийг онгойлгож, мөн доторхи эд зүйлийг авдарны өмнө газарт хаясан байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг  /1дүгээр хавтаст хэргийн 66, 68  дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 8 дугаар гудамж 18 тоотод оршин  суух / Сандагийн Сарантуяагийн өгсөн... манай гэрийг дүү нар харж байсан. Бид нар хөдөө яваад сар гаруи болсон. 2017 оны 07 сарын 12- ны өдөр манай дүү Батзаяа манай гэрийг очиж эргэхэд хулгай орсон байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан.  Гэрээс 32 инчийн зурагт алдагдсан өөр эд зүйл алдагдаагүй. Зурагтаа 500000 төгрөгөөр үнэлж байна. Гэрийн халганы цүү эвдэрсэн байсан. Цүүгээ янзалж авсан. Хуулийн хүрээнд зохих ёсны шийтгэлийг хүлээлгэх хэрэгтэй. Алдсан эд зүйлээ авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй ... гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст   хэргийн 70-71 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батзаяагийн өгсөн...  Манай эгч Сарантуяа хөдөө явсан байсан. Тэдний гэрийг харж байгаад 07 сарын 09 - ний өдөр лагер яваад 07 сарын 12- ны өдөр ирэхэд хаалганы цүүг нь суга татаад хулгай орж зурагт алга болсон байсан. Тухайн үед манай эгчийн гэрт хүн байхгүй байсан... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст  хэргийн 72-73 дугаар хуудас/

Мөрдөн алгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Т.Аятханы өгсөн... 2017 оны 07 сарын 12 - ны өдөр Х.Жанузах нь манай амбаарт хонож байгаад өглөө нь намайг дуудаад “ хамт юманд яваад ирье” гэсэн. Тэгээд хашаанаас гарч Еркажен дэлгүүрийн урд талын гудмаар ороод нэг хашаанд ороход цоожтой гэр байсан. Х.Жанузах хаалгыг нь суга татаж ороод авдар шкабыг нээж онгичиж байгаад зурагтыг нь аваад гарсан. Тэгээд дээд талын эзэнгүй хашаанд оруулаад нууж, дээрээс нь муу хулдаас тавиад манай хашаанд эргэж ирээд амбаарт орж унтсан. Би тухайн үед Х.Жанузахыг хулгай хийж байгааг мэдээгүй... гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст   хэргийн 76 дугаар хуудас /

Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар ... Sharp брендийн 32 инчийн зурагт – 416000 төгрөг /  1дүгээр хавтаст хэргийн 78 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр ...  дэлгэцний доод хэсэг голлуулан  Sharp гэсэн бичигтэй, зүүн дээд  өнцөгт  AQUOS гэсэн  бичигтэй, 13х45 см - ийн дөрвөлжин хар суурьтай 32 инчийн хар өнгийн Sharp зурагт байсныг асааж үзэхэд хэвийн ажиллаж байсныг тэмдэглэл үйлдэн  хохирогч С.Сарантуяад хүлээлгэн өгсөн... гэх  тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст  хэргийн 82 - 84 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Жанузахын өгсөн... 2017 оны 07 сарын 12 - нд буюу наадмын маргааш өглөө 05 цагийн үед тухайн айлд ирээд гэрийнх нь цоожийг татаж эвдэж онгойлгоод дотогш ороод юм хайгаад авдар савыг нь онгичоод юм байхгүй болохоор зурагтыг нь аваад хажуу айлын эзэнгүй хашаанд нуугаад орхисон. Аябек надтай хамт явахдаа ямар нэгэн зүйл хулгайлаагүй. Аятханд амбаарт чинь хэд хоноё гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст  хэргийн 86-87 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн... хэрэг учрал болсон гэх газар очиход ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай, РН 17- 2 гэсэн хаягтай, блокон хашаа байсан ба хашааны баруун хойд буланд модон хаалгатай, шавар блокон амбаар 2 ширхэг, түүний хажууд   хашааны буланд эсгийгээр хучсан эд зүйл  байсан бөгөөд хашааны хойд буланд жижиг хаалга байв. Үзлэгийн улаан өнгийн дээвэртэй цагаан өнгийн шавар байшинд хийсэн ба цонх онгорхой байх ба гэрийн эзэн хулгайч үүгээр орсон гэж зааж байв. Нөүт бүүк байсан гэх газарт үзлэг хийв... гэх тэмдэглэл, гэрэл зураг /1дүгээр хавтаст хэргийн 94-98 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17-02 тоотод оршин суух/ Т.Уатханы өгсөн...  Урьд  шөнө нь засвар хийгээд манай том хүү хоносон.  Бид лагерт хоносон.  2015 оны 07 сарын 15 - ны өдөр лагераас гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байхаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд гэртээ ороод эд зүйлсээ бүртгэхэд бэлэн мөнгө 25000 төгрөг, зөөврийн компьютер цэнэглэгчтэйгээ, гар утас-2 ширхэг, пүүз зэрэг  алга болсон байсан. Алдагдсан эд зүйлээ буцаан авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу хариуцлага тооцох нь зүйтэй ...  гэх мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн  100-101 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Х.Туяаханы өгсөн... Манай гэрийнхэн лагерээс байшиндаа ирэхэд манай хашааны жижиг хаалга онгорхой, байшингийн хоёр цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороход гэрийн эд зүйлийг бусниулсан байсан тул цагдаа дуудсан. Манай хүүхдийн нөүтбүүк, эхнэрийн түрүүвчнээс 25000 төгрөг алга болсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 108-109 дүгээр хуудас/

Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар ... Samsung маркын зөөврийн компьютер нэг ширхэг- 540000 төгрөг / 1дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас/

Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар ... Samsung galaxy s-3 гар утас- 60000 төгрөг, гранд маркын гар утас- 80000 төгрөг, компьютерийн хулгана 5000 төгрөг, чихэвч – 5000 төгрөг, холбогч -5000 төгрөг, нийт 175000 төгрөг / 1дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/

 Эд  зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн ... Самсунг маркын хар өнгийн зөөврийн комьютер, цэнэглэгч залгуур нэг ширхэг, хар өнгийн компьютерийн хулгана нэг ширхэг, S-3 маркын гар утас нэг ширхэг, самсунг маркын гар утас нэг ширхэг, чихэвч  нэг ширхэг, холбогч нэг ширхэг зэрэг... тэмдэглэл, гэрэл зураг/ 1 дүгээр хавтаст хэргийн 121-125 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Жанузахын өгсөн...  Би 2017 оны 07 сарын 15 - ны шөнийн 03 цагийн үед тухайн айлд байшингийн цонхыг нь дотогш нь түлхэж онгойлгож  ороод  жижиг өрөөний ширээн дээрээс 2 ширхэг гар утас чихэвч, дундын холбогч зэрэг эд зүйлийг аваад унтлагын өрөөнд байсан хэтэвчнээс 25000 төгрөг авч зөөврийн компьютерийг суурьтай нь аваад бас нэг пүүзэн гутал авсан. Тэгээд хулгайлсан зүйлээ  Аятханы амбаарт  нь байсан шар шкафанд хийсэн. Тэгээд тэндээ хоносон. Би ганцаараа явсан. Аятханы гэрийнхэн ногооны талбай явсан байсан... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст  хэргийн 128-129 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэгийн  ... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2 дугаар 36 айлын орон сууцны 20 тоот байр байх ба уг орон сууц нь ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан 2 ширхэг цонхтой бөгөөд гал тогооны цонх нь 140х140 см – ийн хэмжээтэй байх ба цонхны хугарч эвдэрсэн түгжээг  Б үсгээр тэмдэглэж, хулгайлагдсан эд зүйл байсан гэх улаан хүрэн өнгийн тавиурыг А үсгээр тэмдэглэв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1дүгээр хавтаст хэргийн 136-138 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2 дугаар  36 айлын орон сууцны 20 тоотод оршин суух, Дамбаравжаагийн Сайлаагийн өгсөн... Би 2017 оны 06 сарын 27 - ны өглөө 11 цагийн үед 2 дугаар 36 айлын орон сууцны 20 тоотод байх байрлуугаа ач хүү Э.Галбадрахын хамт орсон чинь манай гэрийн бүх зүйлийг онгичиж,  цүнхтэй хайрцагтай хувцаснуудыг гараад хаясан байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.  Манай гэрээс бага гарын мөнгөн аяга, нэг ширхэг зэс аяга, нэг ширхэг зулын голт,   2 ширхэг сувинерэн  ембүү, жижиг модон сав, цайны сэнжтэй халуунаа барьдаг аяга, шар өнгийн түрийтэй хар толгойтой нэхий гутал, 3 ширхэг шаазан аяга, зузаан үстэй жилетка зэрэг эд зүйл алдагдсан.  Алдагдсан  эд зүйлээ нийт 415000 төгрөгөөр үнэлж байна. Цонхны түгжээ эвдэрсэн байсан.  Зохих ёсны шийтгэлийг хүлээлгэх хэрэгтэй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Галбадрахын өгсөн... 2017 оны 06 сарын 24 - ний өдөр эмээгээ өөрийн байранд нь ирүүлж гутал хувцасыг солиулахаар ирэхэд гэрт байсан эд зүйлийг онгичиж сандайчиж хаясан байсан. Гэрт байсан хайрцагтай болон цүнхтэй эд зүйлийг бүгдийг  задалж үзсэн байсан. Орон сууц нь нэг давхарт байдаг тул цонхоор нь нэвтэрч хулгай хийсэн байсан. Цонхны түгжээ мултарсан байсныг засаж авсан. Ямар эд зүйл алдагдсан  талаар манай эмээ  Д.Сайлаа мэдэж байгаа ... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлсэн тухай тайлангаар... бага гарын мөнгөн аяга-150000 төгрөг, зэс аяга -25000 төгрөг, зузаан даавуу жилетка- 40000 төгрөг, сувинерэн ембүү- 6000 төгрөг, шаазан аяга- 3х5000- 15000 төгрөг, нэхий гутал- 45000 төгрөг, цайны халуунаа барьдаг аяга- 5000 төгрөг, зулын голт-15000 төгрөг, жижиг модон сав -5000 төгрөг нийт-306000 төгрөг / 1дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/

Эд зүйл  хураан авсан болон хүлээлгэн өгсөн... бага гарын мөнгөн аяга-1, зэс аяга-1, цайны сэнжтэй халуунаа барьдаг аяга- 1, зулын гол-1, шар өнгийн жижиг сувинерэн ембүү-1, зулын гол-1, модон сав-1  ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / 1дүгээр хавтаст хэргийн 156-159 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Жанузахын өгсөн... Би Бахагийн гэрт очдог байсан. Тэр түрээслэдэг айлын цонх муу  байсан болохоор цонхоор нь орж гараад явдаг байсан.  2017 оны 06 сарын 26-ны өдөр тэр байрандаа байж  байгаад хажуу талын айл эзгүй байгааг мэдчихээд орж юм хулгайлж авъя гэж бодчихоод 22 цаг өнгөрч байхад хажуу талын айлын цонхыг суга татаж ороод  зурагт  болон суваг хүлээн авагч, антенн  зэргийг нь аваад гарсан. Тэгээд захын дээд талын нэг  байшинд  оруулж тавиад  буцаж байрандаа ирж цонхоор нь орж байж байгаад 3 дугаар орц 20 тоот сууц эзэнгүй болохоор цонхоор нь орж мөнгөн аяга, зэс аяга, санжтэй аяга, майк, 2 ширхэг жижиг бөөрөнхий шар  юм аваад буцаж гараад нөгөө байрандаа орж тэндээ унтсан. Би ганцаараа хулгай хийсэн. Тухайн үед Сулубайгаас 50000 төгрөг авдаг байсан өгөхгүй болохоор нь хамт явсан гэж хэлсэн. Мөнгө олох гэж хулгай хийсэн. Аавын дүү Авдул болон эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч байна. Ээж Казакстанд байдаг гэсэн... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн ... хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр Боловсрол соёл урлагийн газарт болсон байв. Цонх нь онгорхой байсан өрөөнд дотогш орж үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд П хэлбэртэй засаж янзалсан ширээ  сандалтай, сургалтын танхим байх  бөгөөд уг танхимаас алдагдсан эд зүйл байхгүй байв. Үзлэгийг уг байрны гадна талд үргэлжлүүлэн хийхэд уг байрны хойд талын нэг давхарын цонхны салхивч нь онгорхой, уг байранд үзлэг хийхэд халгаар нь ороод баруун гар талд модон шүүгээ байх ба өрөөний булан бүрт бичгийн ширээ байв. Алдагдсан эд зүйл байсан гэх ширээн дээр суурин компьютер байрлуулсан байх бөгөөд алдагдсан эд зүйл байсан гэх газрыг А үсгээр тэмдэглэв. Цонхны тавцан дээрээс 2 ширхэг гарын мөр илрүүлж бэхжүүлж авав. Үзлэгийг байшингийн гадна үргэлжлүүлэн хийхэд 4 дүгээр цэцэрлэгийн зүүн талд 2 ширхэг нөүтбүүк байсан гэх газрыг Л үсгээр тэмдэглэв. ... гэх тэмдэглэл, гэрэл зураг  /1дүгээр хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч/ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 12-04 тоотод оршин суух, ПД8010160 дугаарын регистртэй / Очирбатын Өлзийсайханы өгсөн... 2017 оны 06 дугаар сарын 27- ны өдөр ажил дээрээ ирэхэд өрөөний эд зүйл бүрэн бүтэн байсан. 06 сарын 29- ний өдөр 16 цагийн үед Нэвтийн рашаан амралтын газраас ирээд 06 сарын 30- ны өглөө ажил дээрээ ирэхэд манай өрөөнд хулгай орсон байсан. Манаач цагдаагийн байгууллагад хандаж үзлэг хийлгэсэн байсан. Миний ажлын 2 ширхэг нөөтбүүк алдагдсан байсан. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлнэ.  ASER маркын нөүтбүүкийг 2013 онд, сони маркын нөүтбүүкийг 2015 онд тус тус авсан.  Алдагдсан эд зүйлээ буцаан авсан тул санал хүсэлт байхгүй байна ... гэх мэдүүлэг/ 1дүгээр хавтаст хэргийн 183-184 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Н.Оюунаагийн өгсөн... 2017 оны 06 сарын 27- ны өдөр орой 18-20 цагийн үед гэртээ ирсэн чинь Боловсрол, соёл урлагийн газрын сургалтын танхимын цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод байж байтал гадна хүн дуугарахаар гарсан чинь цэцэрлэгийн хажууд нэг залуу зогсож байсан.  Би “ албан газрын хашаанд юу хийж явж байгаа юм бэ” гэхэд нэг зүйл хэлээд цаашаа явсан. Би гэртээ ороод “хашаанд дотор хүн явж байгаад нуугдчих шиг  боллоо” гэж нөхөр Ц.Батзоригт хэлсэн.  Манай нөхөр гэрээс гараад намайг дуудахаар гарсан чинь” наад шатны хажууд чинь 2 ширхэг нөүтбүүк байсан байна” гээд надад өгөхөөр нь би гэрт оруулсан. Тэгээд манай нөхөр түүнээс хойш байгууллагыг эргэж тойрч харж байгаад шөнийн 01 цаг 30 минутын нөгөө хулгай хийсэн залуу манай байгууллагын хашаан дотор орж ирсэн болохоор нь барьж аваад аргалж байгаад гэрт оруулж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр 4 дүгээр цэцэрлэг болон БСУГ- ын хариуцан сахиулаар ажилладаг. БСУГ- ын мэргэжилтэн О.Өлзийсайханы өрөөнөөс 2 ширхэг нөүтбүүк алдагдсан. Түүнийг хашаанд дотор байхад манай нөхөр надад өгснөөр гэрт оруулж тавьсан байсан. Тэр Жанузах гэдэг залуу ганцаараа байсан хажууд нь  хүн байгаагүй. О.Өлзийсайханы өрөөний хаалга бүрэн бүтэн байсан. Тухайн өрөө лүү цонхоор нь нэвтэрсэн байсан. Тухайн үед БСУГ- ын албан хаагчид Нэвтийн амралтанд баруун бүсийн сургалт зохион байгуулахаар явсан байсан. Алдагдсан эд зүйлийг буцаан авсан... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 187-188 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батзоригийн өгсөн... Би 2017 оны 06 сарын 27 - ны өдөр  18-20 цагийн хооронд Политехник коллежийн дотуур байр ороод  гэртээ  ирэхэд  замд  өөрийн хариуцан  ажилладаг Боловсрол соёл урлагийн газрын сургалтын танхимын цонх онгорхой байсан. Яагаад онгорхой байгаа талаар эхнэртэйгээ ярилцаад гэртээ ороод байж байтал гадна хүн дуугарахаар манай эхнэр гарсан. Урд цэцэрлэгийн хажууд нэг хүн зогсож байхаар нь “ албан газрын хашаан дотор юу хийж байгаа юм бэ” гээд гар гэж хэллээ, цаашаа нуугдчих шиг боллоо гэхээр нь  би гэрээс гараад цэцэрлэгийн тэнд очоод ямар хүн байсан бол гээд гайхаад зогсож байгаад шатны дэргэд хар юм байхаар  нь очиж үзэхэд хоёр ширхэг цүнхтэй нөүтбүүк байсан. Нөгөө хоёр ширхэг нөүтбүүкийг эхнэрээ дуудаад өгсөн. Тэгээд түүнээс хойш БСУГ болон цэцэрлэгийг эргэж тойрч байгаад шөнийн 01 цаг 30 минутын үед нөгөө хулгай хийсэн залуу манай байгууллагын хашаан дотор орж ирсэн болохоор барьж аваад аргалаад гэртээ оруулаад цагдаагийн байгууллагад манай эхнэр дуудлага өгсөн. Гэртээ байхад нэрийг нь асуугаад ямар хэргээр явж байсан талаар асуухад манай дүү БСУГ- с нэг нөүтбүүк хулгайлсан байна, нэг нь  миний нөүтбүүк , хоёулаа зохицоё би танд 10000 төгрөг өгье гэж надад хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Жанузах гэгч нь О.Өлзийсайханы өрөөнөөс хоёр ширхэг нөүтбүүк хулгайлаад цэцэрлэгийн хашаан дотор тавьсан байсан.  Тухайн өрөөний цонхоор нэвтэрсэн байсан. Эвдэрсэн түгжээ зэргийг засуулж янзлуулсан... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас/

Эд зүйлийг үнэлсэн тухай тайлангаар ... Aser  маркын брендийн  зөөврийн компьютер – 660000 төгрөг, Sony брендийн зөөврийн компьютер – 750000 төгрөг нийт 1410000 төгрөг / 1дүгээр хавтаст хэргийн 192 дугаар хуудас /

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн ... Х.Жанузахаас эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хураан авсан Аser маркийн саарал өнгийн зөөврийн компьютер нүүрэн  хэсгийн зүүн доод  буланд Аser гэсэн бичигтэй, ямар нэгэн  сэв зураасгүй хуучивтар, товчлуурыг дарж асааж үзэхэд бүрэн ажиллагаатай, зөөврийн компьютер нэг ширхэг,  Sony маркийн саарал өнгийн  зөөврийн компьютер нүүрэн хэсгийн доод өнцөгт Sony  гэсэн бичигтэй, гадна талдаа элэгдэж зурагдсан хуучивтар, товлуурыг дарж асааж үзэхэд  бүрэн ажиллагаатай  зөөврийн компьютер  нэг ширхэг, хар өнгийн 2 ширхэг цэнэглэгч залгуур, урдаас харах хэсгийн зүүн дээд буланд Lenovo  гэсэн бичигтэй хар өнгийн цүнх нэг ширхэг зэргийг тэмдэглэл үйлдэж хураан авч, гэрэл зургаар бэхжүүлэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр хохирогч О.Өлзийсайханд хүлээлгэн өгсөн... тогтоол,  тэмдэглэл, гэрэл зураг / 1дүгээр хавтаст хэргийн 201-205 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Жанузахын өгсөн... 2017 оны 06 сарын 27- ны өдөр гадуур захаар явж байгаад зах хаах үед  талбай дээр ирсэн. Боловсрол соёлын газрын хойд талаар явж байгаад цонхоор нь харахад ширээн дээр нэг нөүтбүүк байсан. Түүнийг авья гэж бодоод  тойроод хартал нэг гэр байсан. Тэр гэрт хүн байгаа байх гээд үзэхэд цоожтой байсан. Тэгээд нөүтбүүк байсан өрөөний цонхон дээр гараад цааш түлхтэл онгойсон. Тэгээд салхивчаар нь дотогшоо ороод ширээн дээр асаалттай байсан нөүтбүүкийг аваад, сандал байсан цүнхэнд хийгээд, орох хаалганы дэргэдэх шкафыг онгойлгож үзэхэд цаасан дотор бас нэг нөүтбүүк байсан. Цонхоор  гаргаад цонхны гадна талын тавцан дээр тогтоогоод буцаад цонхоор гарч ирээд хулгайлж авсан  зүйлээ барилгын хажуу талын шатны дэргэд тавьж орхисон. 4 дүгээр цэцэрлэг гэсэн хаягтай шар хаалгыг татахад онгойсон. Тэгээд дотор нь ороод зүүн гар талын цагаан хаалгыг хүчтэй татаж онгойлгож үзэхэд хөнжил гудас байсан. Баруун гар талын ширээн дээд байсан зурагтыг авч гараад  хамгийн захын хөшгөөр хаасан өрөөнд оруулж тавьсан.  Тэндээс гараад нөгөө хулгайлж авсан нөүтбүүкээ авахаар явж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн төмөр хаалгаар орж ирэхээр нь зугтаад явсан. Тэгээд 36 айлын цонхоор ороод жаахан хэвтэж байгаад  тэндээс нэг хутга,  нэг ширхэг хар өнгийн малгай  аваад хулгайлж авсан нөүтбүүкээ авахаар явсан. Түүнийгээ авахаар хашаагаар ороод явж байтал гэрээс  нэг эмэгтэй хүн  гарч ирээд “ яах гэж байгаа юм бэ” гээд загнаад байхаар нь буцаж гарч  яваад захиргааны хажуу талын хаалгаар гараад Зүүн хаалгаар тэнэж явж байгаад дахиад  хулгайлсан юмаа авмаар санагдаад нөгөө нөүтбүүк орхисон газраа ирсэн чинь цэцэрлэгийн манаачтай таараад  “ энд нөүтбүүк  байгаа  түүнийг авах гэсэн юм манай найзынх “ гэж хэлсэн чинь өгөхгүй байсан. Тэгээд манаачийн гэрт ороод юм яриад сууж байтал цагдаа нар ирсэн. Ганцаараа хулгай хийсэн. Надтай хамт хүн  яваагүй. Жанибек гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед цагдаа нарт ганцаараа явсан гэж хэлэхээсээ айгаад Жанибектэй хамт хулгай хийсэн гэж хэлсэн. Надад ямар ч таньдаг Жанибек гэдэг хүн байхгүй. Би архи хэрэглэдэггүй эрүүл байсан... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 208-209 дүгээр хуудас/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн... Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт 4 дүгээр цэцэрлэгт болсон байх ба хашааны баруун хэсэгт өргөтлөгийн барилгын орох хаалга нь ертөнцийн зүгээр зүүн зүгт байрласан, шар өнгийн модон хаалгатай, уг хаалганы цоожийг эвдэж дотогш нэвтэрсэн, үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд “ Шувуухай бүлэг “ гэсэн хаягтай цагаан өнгийн модон хаалганы цүүг эвдэж онгойлгосон байдалтай байв. Шувуухай бүлгийн анги дотор үзлэгийг хийхэд алдагдсан гэх зурагт байрлуулсан газрыг А үсгээр тэмдэглэв. Уг хаалганаас гурван ширхэг гарын мөр, самбар дээрээс хоёр ширхэг гарын мөр, шилэн дээрээс нэг ширхэг гарын мөр зэргийг бэхжүүлэн авч, анги доторхи бичгийн шүүгээ, хувцасны шүүгээ зэргийг эмх замбараагүй болгосон байв. Цэцэрлэгийн барилгаас гарч гадна хэсэгт үзлэг хийхэд манаачийн гэрийн хаяанд хар өнгийн ноосон багтай малгай дотор  нь хутга  хийсэн байсныг эд мөрийн баримтаар хураан авав ... гэх тэмдэглэл, гэрэл зураг  / хэргийн 214-218 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Батзоригийн өгсөн... Маргааш өглөө нь босоод өөрийн хариуцсан объектоо шалгаж үзэхэд  4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад хулгай орсныг мэдсэн. Тухайн барилгын  Шувуухай дунд бүлгийн хаалганы цүүг татаж онгойлгоод 32 инчийн зурагт авсан байсан. Тухайн зурагтыг 2015 онд 500000 төгрөгөөр авч байсан тул 500000 төгрөгөөр үнэлж байна. Х.Жанузах гэдэг залуу тухайн орой ганцаараа явсан. Цэцэрлэгээс алдагдсан зурагтаа буцаагаад авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/ 1дүгээр хавтаст хэргийн 222-223 дугаар хуудас/

 Эд зүйлс үнэлсэн тухай тайлангаар ... Monel брендийн 32 инчийн зурагт- 300000 төгрөг / 1дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудас/

Хураан авах тогтоолоор Х.Жанузахаас Monel маркын зурагтыг хураан авч, үзлэг хийж, хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Батзоригт хүлээлгэн өгсөн  тэмдэглэл, гэрэл  зураг /1дүгээр хавтаст хэргийн 236-238 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолоор... Нүд ам гаргах зориулалттай гурван ширхэг нүхтэй хар өнгийн ноосон малгай / баг/ нэг ширхэг, хар өнгийн бариултай ажлын хэсэг нь 15.4 см урттай бариул нь гурван ширхэг хадаастай нэг ширхэг хутгыг хураан авсан тэмдэглэл,  гэрэл  зураг / 1 дүгээр хавтаст хэргийн 239-242 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Жанузахын өгсөн...  Малгай хутга хоёрыг ямар нэгэн санаа зорилгогүй авч явсан. Айлын гэр лүү орохдоо гэрийн гадна нь хаясан. Би мөнгө олох гэж  хулгай хийсэн  ... гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 245-246 дугаар хуудас/ зэрэг болно.

            Хэрэгт авагдсан цагаатгах болон яллах нотлох баримтуудыг хянан хэлэлцэхэд нотлох баримтууд нь хуульд  заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

                Шүүгдэгч Ботахара нура овогт Хавылийн Жанузах нь

- 2017 оны 06 дугаар сарын 27- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын  Рашаант багийн 2 дугаар 36 айлын орон сууцны 1 дүгээр орцны 29 тоот буюу хүн байнга амьдрах зориулалтын байранд нэвтэрч хохирогч Д.Алимаагийн эзэмшлийн 32 инчийн SKYWORTH маркийн зурагт, суваг хүлээн авагч,  антенн зэрэг эд  зүйлийг хулгайлан авч хохирогч Д.Алимаад 452000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Шүүхийн тамгын газарт 45000 төгрөгний хохирол учруулсан

- 2017 оны 07 дугаар сарын 12 - ны өдөр Ховд  аймгийн Жаргалант сумын Наран багийн 08 дугаар гудамжны 17 тоот хашаанд байрлах хохирогч Д.Сарантуяагийн гэрт нэвтэрч 32 инчийн зурагтыг хулгайлж 416000 төгрөгний хохирол учруулсан

- 2017 оны 07 дугаар сарын 14 - ний өдрөөс 07 сарын 15 - нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 17 дугаар гуламжны 2 тоот хашаанд байрлах Х.Туяатханы байшингийн цонхоор  нэвтрэн орж Sамсунг маркын зөөврийн компьютер,  гар утас 2 ширхэг, пүүз зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Т.Уатханд 540000 төгрөгний хохирол учруулсан

 - 2017 оны 06 дугаар сарын 27- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2 дугаар 36 айлын орон сууцны  3 дугаар байрны орон сууцны  20 тоотод байрлах Д.Сайлаагийн орон сууцанд нэвтэрч мөнгөн аяга, зэс аяга зэрэг эд зүйлийг хулгайлж 306000 төгрөгний хохирол учруулсан

- 2017 оны 06 дугаар сарын 26 - ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Боловсрол соёл урлагийн газрын цонхоор нэвтрэн орж 2 ширхэг зөөврийн компьютер хулгайлж 1410000 төгрөгний хохирол учруулсан

                - 2017 оны 06 дугаар  сарын 27- ны  өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн орж 32 инчийн Mонел маркын зурагтыг хулгайлан авч 300000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан  Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2 дугаар 36 айлын орон сууцны 29 тоот байр буюу хэргийн газар үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Д.Алимаагийн өгсөн... 2017 оны 06 сарын 27- ны өдөр гэртээ ирэхэд манай гэрт хулгай орж  зурагт болон антенн , суваг хүлээн авагч зэрэг алга болсон байсан.  Зурагтыг хүлээн авсан. Антенн , суваг хүлээн авагчийн хохирол 68000 төгрөгийг  гаргуулах хүсэлтэй байна. Байшингийн цонхоор орсон байсан ... гэх мэдүүлэг, иргэний  нэхэмжлэгч Ховд аймгийн  Шүүхийн тамгын газрын нягтлан бодогч Б.Мөнхбаярын өгсөн... шүүхийн эзэмшлийн байранд 2017 оны 06 сарын 27- ны хулгай орж цонхны хамгаалалт нь алга болсон тул түүний үнэ 45000 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг, эд зүйл үнэлсэн тухай тайлан, эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг,  хэрэг учралын газар буюу Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 8-17 тоот хашаа болон хохирогч  С.Сарантуяагийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зураг, хохирогч С.Сарантуяагийн  өгсөн  ...  2017 оны 07 сарын 12 - ны манай гэрт хулгай орсон байна гэж  дүү Н.Батзаяа цагдаагийн байгууллагад хандсан байсан. Манай гэрээс 32 инчийн зурагт алга болсон. Түүнийгээ буцаан авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Н.Батзаяагийн өгсөн... Манай эгч С.Сарантуяа хөдөө байсан. 2017 оны 07 сарын 12 - ны өдөр гэрийг нь эргэхээр ирэхэд хаалганы цоожийг нь сугалаад зурагтыг нь аваад явсан байсан... гэх мэдүүлэг, эд зүйл үнэлсэн тухай тайлангаар 32 инчийн зурагт 416000 төгрөг, эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл,гэрэл зураг, Х.Жанузахын яллагдагчаар өгсөн... 2017 оны 07 сарын 12 ны өглөө 05 цагт босоод тухайн айлын гэрийг цоожийг суга татаж ороод зурагтыг нь аваад хажуу айлын эзэнгүй хашаанд оруулж, дээрээс нь  юмаар хучаад тавьсан ... гэх мэдүүлэг, хэргийн газар буюу Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант  багийн 17 - 02 тоот хашаа буюу хохирогч Т.Уатханы байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Т.Уатханы өгсөн... 2017 оны 07 сарын 15- ны өдөр лагериас ирэхэд манай гэрт хулгай ороод хоёр ширхэг гар утас, хүүхдийн пүүз, бэлэн мөнгө  25000 төгрөг, зөөврийн компьютер зэргийг авсан байсан. Нийт 715000 төгрөгний эд зүйл байсан.  Алдагдсан эд зүйлийг буцаан авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг,  гэрч Х.Туяаханы өгсөн... манай  хашааны жижиг хаалга онгорхой,  байшингийн 2 цонх онгорхой, байшин доторхи эд зүйлийг бусниулсан байсан.  Алдагдсан эд зүйлийг буцаан авсан... гэх мэдүүлэг,  эд зүйлийг үнэлсэн тайлангаар нийт 715000 төгрөг,  эд  зүйлийг хураан авч , хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, Х.Жанузахын яллагдагчаар өгсөн... 2017 оны 07 дугаар сарын 15- ны шөнийн 03 цагийн үед тухайн айлд ирээд байшингийн цонхыг  түлхэж онгойлгож ороод жижиг өрөөний ширээн дээрээс 2 ширхэг гар утас, чихэвч, дундын холбогч, цүнхэн дотор байсан хэтэвчнээс 25000 төгрөг, зөөврийн компьютер, пүүзэн гутал зэргийг аваад ар талын цонхоор гараад хашааны хаалга онгойлгож гарсан. Тэгээд хулгайлсан зүйлээ аваад буцаж Аятханы амбаарт  байсан шкафанд хийсэн... гэх мэдүүлэг, хэрэг учралын газар буюу Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 2 дугаар 36 айлын 20 тоот байранд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Д.Сайлаагийн өгсөн... 2017 оны 06 сарын 27- ны өглөө 11 цагийн үед гэртээ   ирэхэд манай гэрт хулгай ороод бага гарын мөнгөн аяга, зэс аяга, зулын голт, жижиг модон сав, халуунаа барьдаг аяга, шаазан аяга, нэхий гутал, үстэй дотортой жилетка  зэрэг алга болсон байсан.  Эдгээр  зүйлийг буцаан авсан нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Э.Галбадрахын өгсөн... 2017 оны 06 сарын 24 - ний өдөр лагерьт нүүж гараад гэртээ ирсэн чинь манай эмээгийн байранд хулгай ороод мөнгөн аяга, зэс аяга зэрэг эд  зүйлийг авсан байсан.  Тухайн орон сууцны нэг давхарт байдаг тул цонхоор нь орсон байсан ...  гэх мэдүүлэг, Эд зүйлийг үнэлсэн тайлангаар бага гарын мөнгө аяга, зэс аяга, .... нийт 306000 төгрөг,  эд зүйлийг хуран авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг, Х.Жанузахын яллагдагчаар өгсөн... 2017 оны 06 сарын 27- ны өдөр  36 айлын орон сууцанд байж байгаад хажуу айлын эзэнгүй байгааг мэдээд тэр айлын салхивчаар нь орж мөнгөн аяга, зэс аяга, майк, 2 жижиг бөөрөнхий шар эд зүйл зэргийг  аваад буцаж гараад нөгөө байрандаа орж унтсан. Би ганцаараа  хулгай хийсэн... гэх мэдүүлэг, хэргийн газар буюу Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Боловсрол, соёл урлагийн газрын байранд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл  зураг, хохирогч О.Өлзийсайханы өгсөн...  2017 оны 06 сарын 30- ны өглөө ажил дээрээ ирэхэд хулгай орсон байсан. Манай байгууллагад хулгай орсон талаар байгууллагын манаач мэдсэн. Миний ажлын өрөөнөөс хоёр ширхэг нөүтбүүк алдагдсан. Алдагдсан эд зүйлээ буцаан авсан ...  гэх мэдүүлэг, гэрч Б.Уранчимэгийн өгсөн ...  Манай байгууллагад хулгай ороод О.Өлзийсайханы өрөөнөөс 2 ширхэг зөөврийн компьютер алга болсныг цагдаагийн байгууллага олж өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Н.Оюунаагийн ... 2017 оны 06 сарын 27- ны  орой 18-20 цагийн хооронд гадуур яваад гэртээ ирэхэд Боловсрол соёл урлагийн газрын сургалтын танхимын цонх  онгорхой байсан.  Тэгээд гэртээ  байж байгаад хашаан дотор хүн дуугарахаар нь гарахад  урд цэцэрлэгийн хажууд нэг хүн явж байсан.  “Хашаан  дотор юу хийж байгаа юм бэ”  гэхэд миний урдаас нэг зүйл хэлээд цаашаа эргээд явахаар нь гэртээ ороод нөхөртөө хэлсэн. Манай нөхөр гэрээс гараад удалгүй намайг дуудаад шатны дэргэд байсан байна гээд хоёр ширхэг цүнхтэй  нөүтбүүк өгсөн. Тэгээд дахин хашаагаа эргэн  тойрч байгаад шөнийн 01 цаг 30 минутын үед нөгөө хулгай хийсэн залуу манай байгууллагын хашаан дотор явж байхад нь гэрлүүгээ оруулж ирээд цагдаагийн байгууллагад дуудлага  өгсөн. Тухайн үед Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн О.Өлзийсайхан өрөөнөөс хоёр ширхэг нөүтбүүк алдагдсан байсныг цэцэрлэгийн хашаанаас олж авсан... гэх мэдүүлэг, гэрч Ц.Батзоригийн  өгсөн ...  манай эхнэр цэцэрлэгийн хашаанд хүн явж байна гэхээр нь гэрээс гарахад шатны дэргэд нэг хар юм байхаар нь очиж үзэхэд цүнхтэй нөүтбүүк байсныг гэрт оруулсан. Тэгээд байгууллагынхаа хашааг эргэж тойрж байтал шөнийн 01 цаг 30 минутын  үед хашаанд дотор нэг хүн явж байхаар нь барьж аваад аргалаад гэртээ оруулаад цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. О.Өлзийсайханы өрөөнөөс зөөврийн 2 ширхэг нөүтбүүк алдагдсан байсныг цагдаагийн байгууллага олж өгсөн... гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний тайлангаар 2 ширхэг зөөврийн компьютер 1410000 төгрөг гэх үнэлгээний баримт, эд зүйлийн хураан авах тогтоол, тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, яллагдагч Х.Жанузахын өгсөн... Би 2017 оны 06 сарын 28 - ны өдөр Боловсрол соёл урлагийн газрын хажуугаар гараад явж байгаад  цонхоор нь харахад ширээн дээр нөүтбүүк байсан тул цонхоор нь орж аваад цүнхэнд хийгээд буцаж цонхоор нь гараад цааш яваад 4 дүгээр цэцэрлэгийн хашаанд ороод шатны дэргэд хулгайлсан  зүйлээ тавьсан. Тэгээд 4 дүгээр цэцэрлэг гэсэн шар хаалгыг хүчтэй татахад онгойсон тул дотогш ороод Шувуухай бүлэг гэсэн цагаан өнгийн хаалгыг татаж ороод баруун гар талын ширээн дээр байсан зурагтыг аваад баруун гар талын өрөөнд оруулж хөшигөнд ороож тавиад гараад хулгайлж авсан нөүтбүүкээ авах гэтэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн хашааны хаалгаар ороод ирэхээр нь цэцэрлэгийн хойд талын хаалгаар гүйж гараад зугтаагаад явсан. Шөнө дахин нөгөө зүйлээ авах гэж ирээд манаачид нь баригдаж цагдаагийн байгууллагад ирсэн... гэх мэдүүлэг, хэргийн газар буюу 4 дүгээр цэцэрлэгийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Ц.Батзоригийн өгсөн...  гэрээс гааад  байгууллагаа эргэж тойроод явж байтал  нэг эрэгтэй хүн хашаанд явж байхаар нь  аргалж гэртээ оруулаад цагдаагийн байгууллагад мэдэгдэж 4 дүгээр цэцэрлэгээс алдагдсан зурагтаа буцааж авсан... гэх мэдүүлэг, эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл , гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно.

                Шүүгдэгч Х.Жанузах нь 6 удаагийн  үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон болно.

                Хууль зүйн ойлголтоор   “Бусдын орон байранд нэвтрэх”  гэдгийг  ... түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглаж болон ашиглахгүйгээр цонх  хаалганы түгжээг эвдэж, цуургыг сугалж, онгорхой байхад нь  сэм орж, хууль бусаар , нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авахыг   ...  ойлгох ба шүүгдэгч Х.Жанузах нь  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд 6 удаагийн үйлдлээр  цонх болон хаалганы түгжээг эвдэж  нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар,  хүч хэрэглэхгүйгээр авч   хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 3424000 төгрөгний хохирол учруулсан болно.

                Түүний  үйлдсэн 6  удаагийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт үйлдэл   нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн сүвъектив болон овъектив талын шинжийг бий болгосон, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалтттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

                Шүүгдэгч Х.Жанузахын  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй,  хэргийн зүйлчлэл тохирсон.

                Иймд шүүгдэгч Х.Жанузахыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцов.

                Шүүгдэгч Х.Жанузах нь анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас дахь “ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон гэрч К.Авдулын өгсөн... Х.Жанузах нь миний ахын хүүхэд. Аав нь нас барсан. Эх нь казакстанд байдаг. Урьд нь  хэрэг үйлдэж байгаагүй. Сүүлийн үед гэмт хэрэг зөрчилд холбогдоод үгэнд орохгүй байна... гэх мэдүүлэг, гэрч С.Тайбайгийн өгсөн... Х.Жанузах нь хүний үгэнд ордог ажил төрөлд сайн. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Сүүлийн үед хэрэгт холбогдох боллоо... гэх мэдүүлэгээр тогтоогдож байгаа болно.

                Шүүгдэгч Х.Жанузах нь  6  удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж  бусдад 3424000  төгрөгний хохирол учруулсан боловч хохирогч Боловсрол соёл урлагийн газар, 4 дүгээр цэцэрлэг, Д.Сайлаа, Т.Уатхан, С.Сарантуяа нарын  хохирол төлөгдсөн болох эхэргт авагдсан эд зүйлийг хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тогтоол, гэрэл зураг, хохирогч Д.Сайлаа, С.Сарантуяа, хохирогч байгууллагын төлөөлөгч О.Өлзийсайхан, Ц.Батзориг нарын мэдүүлэгээр тогтоогдсон болно.

                Харин иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Шүүхийн тамгын газарт 45000 төгрөг, хохирогч Д.Алимаад 68000 төгрөгний хохирол төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Жанузахаас 113000 төгрөг гаргуулан хохирогч Д.Алимаад 68000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Шүүхийн тамгын газарт 45000 төгрөгийг олгож,   хохирогч Боловсрол соёл урлагийн газар, 4 дүгээр цэцэрлэг, Д.Сайлаа, Т.Уатхан, С.Сарантуяа нарын  хохирол төлөгдсөн болохыг дурдав.

                Шүүгдэгч Х.Жанузах нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын зарим хэсгийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дах хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр тогтоов.        

                Шүүгдэгч Х.Жанузах нь Боловсрол соёл урлагийн газар, 4 дүгээр цэцэрлэгээс хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Жанибек гэгчийн хамт үйлдсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ... Би ямар ч Жанибек  гэдэг хүнийг танихгүй. Цагдаагийн байгууллагаас айгаад Жанибек гэдэг хүнтэй хамт явсан гэж хэлсэн. Би ганцаараа  үйлдсэн ... гэх мэдүүлэг, хохирогч Ц.Батзоригийн өгсөн... манай хашаанд нэг залуу явж байхаар нь би аргалаад гэртээ оруулаад манай эхнэр цагдаа дуудсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Оюунаагийн ...  намайг гэрээсээ гарахад хашаан дотор нэг хүн явж байхаар нь “ яах гэж хашаанд дотор яваад байгаа юм бэ”  гэхэд цаашаа нуугдчих шиг болсон. Тэгэхээр нь гэртээ орж ирээд нөхөртөө хэлсэн. Манай нөхөр шөнө байгууллагаа эргэж тойрч байгаад  нэг залууг гэртээ оруулж ирэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэгүүдээр  няцаагдаж байгаа болно.

                Хэрэгт авагдсан баримтаар  шүүгдэгч Х.Жанузах нь 2017 оны 07 сарын 18- ны сэжигтэнээр цагдан хоригдож, 2017 оны 07 сарын 20- ны өдрөөс өнөөдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдож байгаа ба “яллагдагчаар цагдан хорих тухай”  шүүгчийн 2017 оны 07 сарын 20- ны өдрийн 56 тоот захирамж, “ хорьж мөрдөх хугацааг сунгах тухай “ 2017 оны 09 сарын 18- ны өдрийн 68 дугаартай захирамж, , 2017 оны 10 сарын 18- ны өдрийн 72 дугаартай захирамжуудаар 126  цагдан хоригдсон  нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 126  хоногийг  эдлэх ялд нь оруулан тооцов.

                Эрүүгийн хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн ноосон малгай / баг, хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг  тус тус дурдав.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.5,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36,12, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Шүүгдэгч Ботохара овогт Хавылийн Жанузахыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранл нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

               2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар  Ботохара овогт Хавылийн Жанузахд 3/ гурав / жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

               3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ботохара овогт Хавылийн Жанузахад   оногдуулсан 3 / гурав/ жилийн  хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

               4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ботохара овогт Хавылийн Жанузахын  цагдан хоригдсон 126/ нэг зуун хорин зургаа /   хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

               5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан хар өнгийн ноосон малгай/ баг, хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг дурдсугай.

               6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Жанузахаас 113000 төгрөг гаргуулан хохирогч Д.Алиамаад 68000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ховд аймгийн Шүүхийн тамгын газарт 45000 төгрөгийг олгож,   Хохирогч Боловсрол соёл урлагийн газар, 4 дүгээр цэцэрлэг, Сайлаа, Унатхан, С.Сарантуяа нарын  хохирол төлөгдсөн болохыг дурдсугай.

               7. Шүүгдэгч Ботохара овогт Хавылийн Жанузахад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч , түүний өмгөөлөгч нар  ,  хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч нар гомдолоо,  улсын яллагч,  дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Т.ЦЭЦЭГМАА