Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 273

 

МАГАДЛАЛ

2020.01.31                                                Дугаар 273

 

 

 

 

 

 

 

“КБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03546 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Э, П.Н , “НФ ” ХХК нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 104 010 503 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Д.М нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3004-2018/42 тоот Зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийн павильон засвар, бараа материал авах зориулалттай зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороонд байрлах 0004942988 тоот гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 133028/0890 дугаартай, ногооны газрын зориулалттай 20,500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар,      00-03 УБА улсын дугаартай, JTBHU091005004572 арлын дугаар тоёота ланд крузер /Toyota Land Cruiser/ 200 авто машин, 18-35 УНЕ улсын дугаартай АСС385121382 буюу Тоёота вангуард /Toyota Vanguard/ авто машины тус тус барьцаалсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Зээлдэгч Д.Э өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 1 609 767.30 төгрөг, үндсэн хүүнд 9 816 808.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 100 949.76 төгрөг нийт 10 917 892 төгрөг төлсөн, зээлдэгч Д.Э зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хуваарьт төлбөрийг 2018 оны 11 дүгээр сараас хойш төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна. Д.Э зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах байдалтай байна. Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдийг баримтлан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Д.Э-аас дор дурдсан зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Үндсэн зээлд 78 390 233 төгрөг, зээлийн хүү 17 953 950 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 609 767 төгрөг нийт 98 227 237 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3004-2018/42 тоот Зээлийн гэрээг үндэслэн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал бодогдсон үндсэн хүүг 4 819 389 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 963 878 төгрөгөөр буюу нийт 5 783 267 төгрөгөөр ихэсгэж байна. Иймд хариуцагч Д.Э, П.Н , “НФ ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт зээлийн өрийн үлдэгдэл 78 390 233 төгрөг, хуримтлагдсан хүүд 22 773 339 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 846 932 төгрөг нийт 104 010 503 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5 783 267 төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа 104 500 000 төгрөг болгосон. Хариуцагч Д.Э нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “КБ” ХХК-иас 12 сарын хугацаатай 80 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд П.Н-гийн өмчлөлийн Гачууртад байрлах газрыг 100 000 000 төгрөгөөр, өөрийн өмчлөлийн 00-03 УБА улсын, JTBHU091005004572 арлын дугаартай, тоёота ланд крузер 200 авто машин болон 18-35 УНЕ улсын дугаар, АСА385121382 арлын дугаартай, тоёота вангуард авто машинуудыг фидуцийн гэрээний дагуу өмчлөлийг “КБ ” ХХК-д шилжүүлсэн. Тухайн үед 00-03 УБА улсын дугаартай Тоёота ланд крузер авто машиныг 55 000 000 төгрөгөөр, 18-35 УНЕ улсын дугаартай, Тоёота вангуард авто машиныг 20 000 000 төгрөгөөр нийт 75 000 000 төгрөгөөр үнэлж фидуцийн гэрээ байгуулсан. “КБ ” ХХК нь 00-03 УБА улсын дугаартай Тоёота ланд крузер автомашиныг, 18-35 УБЭ улсын дугаартай Тоёота вангуард автомашиныг өөрийн эзэмшилд бодитоор хураан авсан. Иймд гэрээгээр тохирсон                   75 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашиныг нэхэмжлэгч байгууллага нь өөрийн өмчлөлд бодитойгоор шилжүүлж авснаар Фидуцийн гэрээ дуусгавар болсон. Гэтэл                75 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасахгүйгээр, үндсэн зээлийн бүтэн дүнгээс нь хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.Э холбогдуулан гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хамтран хариуцагчаар П.Н болон “НФ ” ХХК-ийг татсан. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэдий ч хэнээс нь хэдэн төгрөг шаардаж байгаа болон аль шаардлага нь хэнд хамааралтай эсэх тодорхойгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл нь тодорхой байх ёстой гэж заасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тул шүүх үүнийг анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Д.Э, П.Н , “НФ ” ХХК-иас           104 010 503 төгрөг гаргуулах тухай “КБ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 826 770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Зээлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах газар эзэмших эрхийн хугацаа 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусахад хариуцагч нар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулаагүй, зээлийн төлбөр барагдуулах тухай шаардлагуудыг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хүргүүлсэн боловч үр дүнд хүрээгүй болно. Зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 00-03 УБА, 18 35 УНЕ улсын дугаартай автомашинуудыг хураан авсан болно. Автомашины түлхүүрийг хариуцагч нар нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 235 дугаар зуйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авсан гэж үзэх үндэслэл бүрдээгүй, 200 маркийн 00-03 УБА улсын дугаартай автомашиныг зээлдэгч П.Н эвдэрсэн гэж хэлсний дагуу ачиж авч явсан болно. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 78 390 233.00 төгрөг үндсэн хүүнд 22 773 339.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 846 932 төгрөг буюу нийт 104 010 503 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн болно. Шүүх хурлын үеэр хариуцагч нар автомашины түлхүүрүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй талаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөөр байтал шүүгч өөрийн санаачлагаараа түлхүүрүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. Нэхэмжлэгч хариуцагч нараас автомашины түлхүүрүүдийг гаргуулан авч чадаагүйн улмаас ашиглах боломжгүй нөхцөл байдалд байхад Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авсан гэж үзсэн нь хууль зөрчигдөхөд хүрсэн байна. Зээлдэгч нар үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь уг автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, худалдан зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсэхээр тохиролцож фидуцийн гэрээ байгуулсныг үнэлэлгүй орхигдуулсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “КБ ” ХХК нь хариуцагч Д.Э, П.Н , “НФ ” ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98 227 237 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “КБ ” ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч “НФ ” ХХК, Д.Э, П.Н  нарт     80 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, жилийн 26.4 хувийн хүүтэй, зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд П.Н-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Хар усан тохой нэгж талбарын 133028/0890 дугаарт бүртгэлтэй 20 500 м.кв ногооны газрын зориулалттай эзэмшил газрыг улсын бүртгэлд бүртгүүлж барьцаалуулах үеийн үнийг 100 000 000 төгрөгөөр, Д.Э-ын өмчлөлийн 00-03 УБА улсын дугаарт, Тоёота ланд крузер 200 автомашин болон 18-35 УНЕ улсын дугаарт, Тоёота вангуард автомашинуудыг нийт 75 000 000 төгрөгөөр үнэлж тохиролцсон байна. /хх 7-24/

Талууд гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдалд маргаагүй бөгөөд шүүх тэдгээрийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч Д.Э-ын дансанд 2018 оны 03 дугаар сарын  14-ний өдөр зээлийн гэрээгээр тохиролцсон 80 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийн дансны хуулгаар нотлогдож, /хх 28/ харин хариуцагч талаас дээрх гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийх үүргээ зөрчсөн нь зохигчдын тайлбар, зээл, зээлийн хүүний тооцоолол, зээлийн төлбөрийн зөрчлийн талаарх мэдэгдэл зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх 29, 31/

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

Хариуцагч талаас шүүх хуралдаанд “нэхэмжлэгч барьцааны зүйл болох Д.Э-ын өмчлөлийн 00-03 УБА улсын дугаартай, Тоёота ланд крузер 200 автомашин болон 18-35 УНЕ улсын дугаартай, Тоёота вангуард автомашинуудыг нийт 75 000 000 төгрөгөөр үнэлж хураасан тул тооцооллын 93 961 000 төгрөгөөс хасч, үлдэх хэсгийг       төлөх нь зөв” гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Хэргийн 38 дугаар талд авагдсан зээл, зээлийн хүүний тооцоололд нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гэрээний үүрэг дуусгавар болсоноос шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны байдлаар хариуцагч нарын гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээг 98 227 237 төгрөг гэж тодорхойлсон байна.

Дээрхээс харьцуулан дүгнэхэд хариуцагч нараас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Д.Э-ын өмчлөлийн 00-03 УБА улсын дугаарт, Тоёота ланд крузер 200 автомашин болон 18-35 УНЕ улсын дугаарт, Тоёота вангуард автомашинуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэх юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарын төлбөл зохих 98 227 237 төгрөгөөс хөдлөх эд хөрөнгө буюу хоёр автомашины үнэ 75 000 000 төгрөгийг хасч тооцох боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан “барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангах” үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн барьцаа эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацааны хүү 4 819 389 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 963 878 төгрөг нийт 5 783 267 төгрөгийн шаардлага хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд”, талууд гэрээнд заасан эрх үүргээ, үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Д.Э-д холбогдуулан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “НФ ” ХХК, П.Н нарыг нэмж хариуцагчаар татан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх тул дээрх хугацаанд хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/03546 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Э, П.Н , “НФ ” ХХК нараас 23 227 237 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “КБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75 000 000 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 274 086,19 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748 203 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                                      Д.БАЙГАЛМАА