Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

*******т холбогдох 
эрүүгийн хэргийн тухай


Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:   
Прокурор Л.Галав
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганхуяг /цахимаар/
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,        
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй  хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 2022002550020 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгч: ******* овогт *******ын *******, 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* тоотод оршин суух хаягтай/ одоо Сайнцагаан сумын ******* тоотод оршин суух/ улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 43 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 10000 төгрөгөөр торгох, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг ял биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 510 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай /*******/.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун цагаан” гэх дэлгүүрийн орчим 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *******той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хайчаар хатгаж, түүнд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
           Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******т 5 /тав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын баривчлагдсан 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын биечлэн эдлэх 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 508000 төгрөг төлсөн, хохирогч, хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 
 Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...анхан шатны шүүх шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудалд алдаатай буруу дүгнэлт хийж, өмгөөлөгч миний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан “...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах буюу 3 жил 3 сарын ял оногдуулж үүнээс өршөөлийн хуулиар 2 жилийг хасч жинхэнэ эдлэх ялыг 1 жил 3 сараар тогтоох санал дүгнэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. 
Дээрх тогтоолд дурдсан “...гэвч хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны явцад өгсөн шүүгдэгчийн мэдүүлгийг судалж үзэхэд шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэх дүгнэлт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй, шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг дутуу судалснаас буруу дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтуудад тодорхой тусгагдсан байдаг. Тухайлбал: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022002550020 дугаартай тогтоолыг мөрдөгч Ө.Лхагвабаяр яллагдагч *******т танилцуулсныг ******* танилцаад гарын үсгээ зурсан, /хх-74-76/ мөн уг прокурорын тогтоолыг *******т танилцуулсны дараа мөрдөгч Ө.Лхагвабаяр 2022.01.28-ны өдөр яллагдагч *******оос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлд /хх-79 / ... Танд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022002550020 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах прокурорын тогтоолыг танилцууллаа. Тогтоолтой холбогдуулж хэлэх санал хүсэлт байна уу? Хүлээн зөвшөөрч байна уу? гэсэн асуултад яллагдагч ******* нь надад прокурорын тогтоолтой холбогдуулж хэлэх санал хүсэлт байхгүй. “Хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэг өгсөн байгаа нь уг тогтоолд дурдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, бусад баримтууд, *******ыг яллагдагчаар татсан зүйл, хэсэг бүрийг уншиж танилцаад үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн байна.
Мөн түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны явцад хохирогч *******ийг ажлын багаж болох хайчаар цээжний зүүн талд нь дүрсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд би хайчаар дүрээгүй, хэрэг хийгээгүй гэж үгүйсгээгүй болно. Харин шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн буруутай үйл ажиллагаа буюу “согтуугаар намайг боогоод чулуугаар цохих гэсэн, би архи уугаагүй байсан” зэрэг хохирогчийн зүй бус байдлаас гэмт хэрэг гарсан гэх асуудлыг тогтоолгохоор дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан болохоос өөрийгөө гэмт хэрэг хийгээгүй, гэм буруугүй гэж маргаагүй болно.
Мөн шийтгэх тогтоолд /хх-6/ шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эмчилгээний зардал болох 508000 төгрөгийг Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт төлсөн болох нь хэргийн 104-рт авагдсан баримтаар тогтоогдож байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн байдаг. Шүүгдэгч ******* нь дээр дурдсанаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас хохирлыг төлсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан .... ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн ялыг хөнгөрүүлсэн хуулийн үйлчлэлд хамрагдах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч *******т оногдуулсан ялыг өөрчлөн хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт нь шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр тухайн зүйлчилсэн хэргийн хуульд заасан ялын доод хэмжээ болох 5 жилээс доош нь татаж 5 жилийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж гомдол гаргаж байна. Гомдлыг нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэв. 
Шүүгдэгчийн ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэмж хэлэх зүйл байхгүй байна. Өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна гэв. 
Прокурор Л.Галав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж байна. Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед сэжигтнээр нэг хоног баривчлагдсан байдаг. Сэжигтнээс мэдүүлэг авахад мэдүүлэг өгөөгүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэдэг. Мөн яллагдагч *******оос мэдүүлэг авахад өмгөөлөгч ирээгүй, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гэсэн нь хавтаст хэргийн 79-81-р хуудсанд авагдсан байгаа. Энэ нөхцөл байдлаас мөрдөн байцаалтын явцад анхнаасаа тууштай мэдүүлэг өгөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг аль алиныг нь судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргасан байгаа. Өмгөөлөгчийн ярьж байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, мөн энэ бүлэгт заасан гэмт хэргийг урьд нь үйлдэж байсан. 2 удаагийн ял шийтгэлтэй байж өөрөө өөртөө дүгнэлт хийхгүй байна. Дахиад ийм төрлийн гэмт хэрэг үйлдээд шүүхээр шийтгүүлэх гээд орж ирж байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ анхнаасаа уг хайчийг гартаа скочдоод, гудамжаар орилоод яваад байдаг. Энэ нөхцөл байдлууд хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгч хохирогчид хүнд гэмтэл учруулсан цаашдаа амь насанд нь ч аюултай гэмтлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн учруулсан байдаг. Тиймээс анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлээд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар зэрэгт бодитойгоор хууль зүйн дүгнэлт хийж үндэслэлтэй эрүүгийн хариуцлага оногдуулсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
 
ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганхуягийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
          Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
    Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Баруун цагаан” гэх дэлгүүрийн орчим 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *******той архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр маргалдан улмаар түүний цээжин тус газарт нэг удаа хайчаар хатгаж, түүнд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч *******ийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2 дахь удаагаа өгсөн “...2020.09.13-ны өдөр буюу бүтэн сайн өдөр байсан ... Тэгээд Гантөгс намайг хөөж байгаад барьж аваад зүүн хавирганы орчимд хайчаараа хатгасан. Тэгээд Гантөгс яваад өгсөн. Ингээд би гэр рүү очоод цагдаа дуудсан. Би нэр усыг нь мэдэхгүй. Би Гантөгсийг зүс мэднэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 20-рт/
Гэрч Ө.Цэрэнчунтын “...Би дэлгүүрээсээ гараад цагаан идээний дэлгүүрийн цаана байдаг хашаа руу орж бие засах гээд явж байхад нэг гартаа хайч скочоор ороогоод баглачихсан байсан эрэгтэй хүн нэг хүнтэй маргалдаад байсан. Тэгээд би бие засчхаад гараад ирэхэд явчихсан байсан. Тэр гартаа хайч барьсан байсан хүн нь зүс харсан ах байсан. Төгсөө гээд манай ангийн Бат-Очир гээд хүүхдийн ах нь байсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 24/
Гэрч М.Ганхүүгийн “    ..Тухайн үед Төгсөө баруун гартаа билүү, зүүн гартаа хайч скочоор ороочихсон “тааралдсан болгоноо дүрнэ” гээд орилоод явж байсан. Тэгээд над руу хайчтай гараа далайхаар нь би “чи зүгээр байгаарай, андуураад байгаарай” гэж хэлчхээд цагаан идээний дэлгүүр рүү орчихсон юм. Тэгтэл зүс таних ******* ирж байгаа харагдсан. …Тэгээд сүүлд Төгсөө *******ийг дүрчихсэн гэнэ гэсэн яриа баруун цагааны орчимд хүмүүс ярьж байсан. …гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/
Гэрч Л.Дугармаагийн ... Тэр өдөр би сүү цагаан идээнийхээ дэлгүүрт байж байсан, цагийг нь сайн санахгүй байна. ... би цонхоор хартал намхавтар биетэй залуу баруун гартаа хайч ороочихсон, манай дэлгүүрийн урд нэг өндөр залуутай маргалдаад явж байсан. Тэгээд ... цагдаа дуудъя гэж бодоод дэлгүүрээс гараад баруун тийшээ хартал байгаагүй ...Хайч гартаа ороосон залуу нь Эрхэм багшийн хүү гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 210 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-55/
Гэрч Л.Дугармаагаар гартаа хайч ороосон байсан гэх залууг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 59-61/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нотлогдсон байна. 
          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганхуяг “...анхан шатны шүүх шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх асуудалд алдаатай буруу дүгнэлт хийж, өмгөөлөгч миний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан “...ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах буюу 3 жил 3 сарын ял оногдуулж үүнээс Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2 жилийг хасч жинхэнэ эдлэх ялыг 1 жил 3 сараар тогтоох санал дүгнэлтийг хүлээж аваагүйд гомдолтой байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. 
Иймд шүүгдэгч *******т оногдуулсан ялыг өөрчлөн хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт нь шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр тухайн зүйлчилсэн хэргийн хуульд заасан ялын доод хэмжээ болох 5 жилээс доош нь татаж 5 жилийн гуравны хоёртой тэнцэх хэмжээний ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэж гомдол гаргаж байна... гэжээ.
Шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардал төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж дүгнэсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шүүгдэгчид оногдох ялаас 2 жилийг хасч шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялыг хөнгөрүүлэх талаар маргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул ялыг багасгах гомдол, саналыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
2.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.      
3.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ 

       ШҮҮГЧИД                            Ш.ТӨМӨРБААТАР

                                          О.ОДНЯМАА