| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2024//00151/И |
| Дугаар | 157/ШШ2024/00166 |
| Огноо | 2024-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 157/ШШ2024/00166
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би нэхэмжлэгч Я.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянган) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сумын Төрийн банкинд теллер ажилтай ******* 10,500,000 төгрөгийг зээлдэгчийн (59420108300 энэ данснаас) данс руу шилжүүлж өгсөн. Зээлдэгч нь 7 хоноод өгнө гэсэн тул удаа дараа шаардлаа. 2024 оны 6 дугаар сар хүртэл 5,700,000 төгрөг өгсөн. Одоо 4,800,000 төгрөг дутуу тул түүнийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* овогтой ******* миний бие Я.*******гээс мөнгө авсан. Тухайн үед эргүүлээд зээл хаагаад даруй өгөх байсан ч хотод ээж бие өвдөөд мөн хувийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч ажилгүй болж эргэн өгөхөө увуулж цувуулан өгсөн. Үлдсэн мөнгийг 2024 оны 12 сарын өмнө данс цалингийн зээлийг төлж барагдуулаад шүүхээр битүүмжилсэн цалин бусад авдаг болвол нэн даруй цалингаас хуваан өгнө. Жич цалингийн зээл ажилгүй, орлогогүй байхад хугацаа хэтрээд ангилал шилжээд данс битүүмжилсэн. Гар дээр цалин авахгүй байгаа юм. Тухайн ажилдаа 2023 оны 12 сарын дундуур орсон. Иймд цалингийн зээлээ хаагаад данс ШШГГ-аас чөлөөлүүлж цалингаа авдаг болоод даруй буцаан өгнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч ******* холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 4,800,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.
3.Нэхэмжлэгч Я.*******, хариуцагч Ч.******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй болно.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
6.Иймд хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
7.Нэхэмжлэгч Я.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,750 төгрөгөөс 45,875 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 45,875 төгрөгийг, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 45,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Я.*******гийн нэхэмжилсэн 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянган) төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91,750 төгрөгөөс 45,875 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 45,875 төгрөгийг, хариуцагч Ч.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 45,875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ