Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/00910

 

М.Одбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар шийдвэр,

 Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар магадлалтай,

М.Одбаярын нэхэмжлэлтэй,

            Б.Батбаярт холбогдох           

            Зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагч Б.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын тайлбарт: “Миний бие нь өөрийн танил Б.Батбаярт 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөгийг иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж хүүгүй зээлдүүлсэн. Гэвч гэрээний хугацаа дууссанаас хойш Б.Батбаяр үүргээ биелүүлэхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл сайн дураараа биелүүлэхгүй байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол 0.5 хувийн алданги тооцохоор заасан юм. Иймд Б.Батбаяраас гэрээний үүргийн үнийн дүн 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч М.Одбаяр нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэд хоорондын зээлээ гэрээ байгуулж, уг зээлийн гэрээг хуулийн дагуу нотариатаар баталгаажуулж зээлийн гэрээний ард талд 6 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн, мөн бэлнээр хүлээн авсан гэсэн тухай тэмдэглэл давхар үйлдэж хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Уг зээлийн гэрээг 3 сарын хугацаатай буюу 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд хүүгүйгээр зээлдүүлсэн байдаг. Уг зээлийн гэрээний 3 дугаар зүйлд Иргэний хуулинд заасан үндэслэлээр буюу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсэн заалттайгаар гэрээ байгуулсан. Ингээд зээлдэгч Б.Батбаяр нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл явж байна. Уг төлбөр төлөхийг удаа дараа шаардаж шүүхэд хандаж ирсэн. Хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж амаараа хэлээд байдаг. Гэтэл энэ гэрээг хууль бус гэж үзээд байгаа бол шүүхэд энэ талаараа нотолсон нотлох баримт гаргаж өгөх боломжтой. Энэ хэрэг 4 жил гаруй шүүхээр маргаад явж байхад гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж энэ талаар нотлуулдаггүй зөвхөн амаараа уг гэрээг хууль бус гэж яриад байдаг. Мөн М.Мөнхбаяр гэх хүнийг М.Одбаярын төрсөн дүү гэж хэлээд байдаг. Энэ хоёр хүн бол төрсөн ах дүү хоёр биш. Энэ хоёр хүн бол овог нь адилхан боловч бусдаараа хоорондоо өөр хүмүүс байдаг. М.Мөнхбаяр нь Б.Батбаярын найз бөгөөд М.Одбаяр гэх хүний ажлыг хийж өгдөг байсан. Мөн гэрээн дээр 6.000.000 төгрөг өгсөн, авсан гэж гарын үсэг зурсан гэж Б.Батбаяр нь өөрөө хэлдэг. Уг зээлийн гэрээг баталгаажуулсан нотариатын газар очиж хуулбарыг авах гэж очтол өгөөгүй гэж байна. Нотариат бол аль нэг талын оролцогч биш хүмүүст гэрээг өгөхгүй. Гэхдээ Б.Батбаяр нь гэрээний нэг талын оролцогч учраас энэ гэрээг нотариатын газраас авах боломжтой. Хэрвээ үнэхээр өөрт нь өгөхгүй бол шүүхэд хүсэлт гаргаад авах боломжтой. Гэхдээ энэ гэрээ бол нотариат дээр байгуулагдсан учир ямар нэгэн маргаан гарахгүй. Б.Батбаярын хувьд бол өөрөө өмгөөлөгч авч зөвлөгөө авах боломжтой байсан. н.Лхагвасүрэн гэх хүний мэдүүлгээр Б.Батбаяр нь надад 3.000.000 төгрөг өгсөн нь одоогийн зээлийн гэрээтэй хамааралгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Иймд 6.000.000 төгрөг өгсөн авсан, 4.000.000 төгрөгийг өгсөн авсан гэж байхгүй. Энэ нь эрх зүйн өөр харилцаа гэж үзэж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр 4.000.000 төгрөг өгсөн гэсэн гэж хүний яриагаар гэрчилж байгаа гэрчийн мэдүүлэг үнэхээр 100 хувь гэрчилж чадахгүй байна гэж үзэж байна. Мөн Б.Батбаяр нь шүүхэд М.Мөнхбаярыг асуулгах тухай хүсэлт гаргасныг гэрчээр асуухад 4.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн 2.000.000 төгрөгийг дараа нь өгнө гэж уг гэрээнээс шал өөр мөнгөн дүнгийн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Эдгээр гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна.” гэжээ.

         Хариуцагч Б.Батбаярын гаргасан хариу тайлбарт: “Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би М.Одбаяраас 6.000.000 төгрөг зээлж аваагүй. Энэ байдлыг гэрчлэх хүмүүс байгаа. Шүүх хурал дээр хоорондоо мэтгэлцэх гэхээр энэ хүмүүс зөвхөн зээлийн гэрээгээ яриад байна. Тухайн үед ах дүү хоёр миний хажууд гэрээ хийсэн. Үлдэгдэл мөнгө болох 1.300.000 төгрөгийг М.Одбаярын дүү нь болох М.Мөнхбаяр надад зээлдүүлсэн. Тэр мөнгийг нь би 3.000.000 төгрөг болгоод өгсөн. Би М.Мөнхбаярт 1.200.000 төгрөг өгсөн гэсэн гэрчийн мэдүүлэг надад байна. Мөн зээлийн гэрээ байгуулахад авсан, өгсөн гэж гарын үсэг зурж тэмдэглэл хөтөлсөн байна гэж байна. Энэ нь 6.000.000 төгрөгөөс “4.000.000 төгрөгийг өглөө” гэж гарын үсэг зурсан. Тэр үед надад хэлэхдээ “ах дүү хоёр гэрээ хийдэггүй юм чи найзынхаа өмнөөс итгэмжлэлээр гарын үсэг зурчих” гэж хэлээд инээж байгаад надаар гарын үсэг зуруулсан. Би тухайн үед юугаа ч мэдэхгүй гарын үсэг зурчихсан. Миний хувьд тухайн үед зээл авсан, өгсөн гэх М.Одбаяр, М.Мөнхбаяр нартай нүүр тулж байгаад шүүх хуралдаанд мэтгэлцэх гэсэн боловч М.Одбаяр нь өөрийнхөө өмнөөс Б.Ганболд гэх хүнд итгэмжлэл өгсөн байна. Би Улаанбаатар хотод тухайн үед нотариатаар баталгаажуулж байсан газар очиж “зээлийн гэрээний хуулбарыг гаргаж өгөөч” гэж хэлэхэд гаргаж өгөхгүй гэсэн. Учир нь тэр хүн нь Б.Ганболдын таньдаг хүн болохоор ерөөсөө гаргаж өгдөггүй ...Би нэг удаа М.Одбаяр дээр өөрөө очиж уулзаад энэ асуудлын талаар ярьсан чинь намайг “миний дүү ахынхаа мөнгийг өгчих, өгөхгүй бол өөрөөр ярина шүү” гэж л хэлсэн. Өөр зүйл яриагүй. Би 6000.000 төгрөг аваагүй. Энэ талаар М.Мөнхбаяр ч гэрчилж байгаа. Би энэ хэргийн үнэн мөнийг олох гэж их хөөцөлдөж байгаа. Харин М.Одбаяр надад “мөнгө өгсөн” гэсэн асуудалд яриад байдаг боловч “нүүр нүүрээ хараад ярилцъя” гэхээр энэ тухай огт мэдэхгүй, хамт байгаа ч үгүй энэ хүнд итгэмжлэл олгочихоод өөрөө ирдэггүй. Энэ хэрэг 4 жил гаруй явж байхад ганц ч удаа шүүх дээр үнэнийг олъё гэж ирээгүй.” гэжээ.

           Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Батбаяраас 2.500.000 төгрөг гаргуулан М.Одбаярт олгож, үлдэх 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаяраас 54.950 төгрөг гаргуулж М.Одбаярт буцаан олгож шийдвэрлэжээ.

           Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар магадлалаар Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар Б.Батбаяраас үндсэн зээл 6.000.000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 гаргуулан М.Одбаярт олгосугай гэж, 2 дугаар заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Одбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаяраас 158.950 төгрөг гаргуулж М.Одбаярт буцаан олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Б.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: 95 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Батбаяр миний бие иргэн М.Одбаяраас 9.000.000 төгрөг аваагүй болно. Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримтлан гэрчүүдийн мэдүүлгийг үл харгалзан хуурамч гэрээг үндэслэн шийдсэн. М.Одбаяр нь өөрийн дүү болох М.Мөнхбаяртаа зээлдүүлж буй 1.500.000 төгрөгийн гэрээнд намайг хууран мэхэлж гарын үсэг зуруулсан болно. Энэ гэрээнд ямар ч 6.000.000 төгрөг байгаагүй. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна. 

            Нэхэмжлэгч М.Одбаяр нь хариуцагч Б.Батбаярт холбогдуулан 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, бүгд 9000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Б.Батбаяр нь гэрээнд гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч “...гэрээнд зааснаар болон гэрээний ард талд бичсэн 6.000.000 төгрөгийг аваагүй, энэ талаар М.Одбаярын дүү гэх М.Мөнхбаяр гэрчилнэ” гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Батбаяраас 2.500.000 төгрөг гаргуулан М.Одбаярт олгож, үлдэх 6.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх Б.Батбаяраас үндсэн зээл 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 гаргуулан М.Одбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

           Зохигчдын хооронд 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн М.Одбаяр нь 6.000.000 төгрөг шилжүүлэх, Б.Батбаяр нь 2010 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлсэн мөнгөө буцааж төлөх, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцож М.Одбаяр Б.Батбаяр нар нь гарын үсэг зурж нотариатаар батлуулсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ.

Дээрх гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан тул зохигчдын хооронд гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх боловч зээлийн гэрээний үндсэн шинж нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар тодорхойлогдох учраас зээлдэгч нь 6 000 000 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгсөн үйл баримт эргэлзээтэй, маргаантай байхад энэ гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалыг хүчингүй болгоно.

          Тодруулбал хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан зээлийн гэрээний хуулбар нь нотариатаар гэрчлэгдсэн, уг зээлийн гэрээний ар талын доод хэсэгт 6.000.000 төгрөг өгсөн, авсан гэж талууд гарын үсгээ зурж нотариатын тэмдэг дарж баталгаажуулсан байх боловч энэ хэсгийн хуулбарт нотариатын тэмдэг дарагдаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй баримтыг давж заалдах шатны шүүх үнэлж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар  гэрээ байгуулагдсан гэж алдаатай дүгнэлт хийсэн байна. Иймээс энэ гэрээнд заасан хэмжээгээр хариуцагчаас үндсэн зээл, алданги гэж гаргуулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй гэж үзнэ.

2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулахад хамт байсан гэрч М.Мөнхбаяр 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “... н.Одбаяр ах надад “би чамд мөнгө зээлэхгүй, чамтай хамт ажилладаг н.Батбаярыг надтай уулзуулчих” гэж хэлсэн. Тэгээд н.Батбаярыг дагуулаад н.Одбаяр ахтай уулзуулсан...Тухайн өдөр зээлийн гэрээнд 4.000.000 төгрөг гэж бичсэн боловч 4.000.000 төгрөг өгөөгүй, 2.500.000 төгрөг өгсөн... н.Батбаяр нь н.Одбаяр ахтай гэрээ хийж гарч ирэхдээ 2.500.000 төгрөг барьчихсан гарч ирсэн. Энэ талаар би М.Одбаяр ахаас асуухад “2.500.000 төгрөг өгсөн, үлдсэнийг нь би гүйцээгээд өгнө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан байна.

           Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг хуульд зааснаар харьцуулан үнэлж, маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн хэмжээг  гэрч М.Мөнхбаярын   шүүхэд  өгсөн мэдүүлэгт үндэслэн “...зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан хэдий боловч гэрээний дагуу мөнгийг бүрэн бүтэн шилжүүлэн өгөөгүй, харин 2.500.000 төгрөг шилжүүлсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн иргэд хоорондын зээлийн гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй байх тул анхан шатны  шүүхээс гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх заалтыг зөрчөөгүй,  нэхэмжлэгч  6.000.000 төгрөгийг зээлдүүлэгчид өгсөн баримтаар нотлогдоогүй тул дээрх мөнгөн дүнгээр алданги тооцох боломжгүй тухай шүүхийн дүгнэлт үүргийн гүйцэтгэлийг хангах аргын үндсэн зарчимд нийцжээ.

           Дээр дурдсан үндэслэлээр  хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 95 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Б.Батбаярын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 /нэг зуун тавин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                         ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН