Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 299

 

Б.Х, Б.М нарт  

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 924 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар магадлалтай, Б.Х, Б.М нарт холбогдох 1805000510859 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Б-ын Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Ж овогт Б-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэж бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтлох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Х, Б.М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Х-ыг 1 жил 2 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.М-ыг 2 жил хорих ял тус тус шийтгэж, Б.Х-ын хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч нарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 2 сар хорих ял оногдуулсныг 2 жил болгон хүндрүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяа бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 924 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Х, Б.М нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус гэм буруутайд, мөн шүүгдэгч Б.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Х-ад оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял болон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 126 дугаар магадлалаар шүүгдэгч Б.Х-ад оногдуулсан хорих ялыг хүндрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Үүнд:

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын шүүгдэгч Б.Х-ад холбогдох хэсгийг “Шүүгдэгч Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар...” гэж, 3 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Их Хурал 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх заалтад өөрчлөлт оруулснаар, мөн хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болсон байна. Иймд Б.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар магадлалд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хяналтын шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор Г.Гэрэлтуяагийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Б.Х, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу хянахдаа уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд прокурор мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх дүгнэлтээ анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд гаргахаар зохицуулсан байна.

 

Дээрх зохицуулалтын дагуу прокурор Б.Х, Б.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдал илэрсэн гэсэн үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 924 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Х-ыг 1 жил 2 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.М-ыг 2 жил хорих ял тус тус шийтгэж, Б.Х-ын хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар магадлалаар шүүгдэгч Б.Х-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг 2 жил болгон хүндрүүлж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болохоор хуульчлагдсан билээ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хуулийн дээрх зохицуулалтын ял хүндрүүлэх хэсэгтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн  Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...хууль зүйн...баталгааг бүрдүүлэх, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн 01 дүгээр дүгнэлт гаргасныг Монгол Улсын Их хурал хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд заасан “ял хүндрүүлэх” тухай зохицуулалтад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ял хүндрүүлэх эрхгүй болж, 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндрүүлсэн хэргүүдийг дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Иймээс прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Х-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан  1 жил 2 сар хорих ялыг 2 жил болгон хүндрүүлсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                      

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН