Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0861

 

П.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч П.Б нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 120/ШШ2017/0017 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, П.Б-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 120/ШШ2017/0017 дугаар шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.16, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /албан үүргийг орлон гүйцэтгэгч Г.Б/-ын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Б-ийг Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоож,

   Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боловсрол, соёл, урлагийн газрын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа /2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал/-ны цалинтай тэнцэх олговор 6.582.088 /зургаан сая таван зуун наян хоёр мянга наян найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б-т олгож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих бичилт хийхийг Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт даалгаж, 

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

    Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шийдвэрээр П.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

    Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/315 дугаар тушаалаар батлагдсан аймаг нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журмын 3.1-д “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг нийслэлийн Засаг дарга батална. “Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана гэснээс үзэхэд тус аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийг батлах эрх нь аймгийн Засаг даргад олгогдсон байна гэж дүгнээд тус аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/566 дугаар захирамж нь хуулийн хүчин төгөлдөр байна гэж үзжээ.

 ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”-д Засаг даргыг үүрэгжүүлж, Засаг дарга нь Улсын Их Хурал, Засгийн газар, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллах үүрэгтэй байна.

    Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 47 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.”а”-д “бүх шатны төсвийн захирагч нарт салбар болон байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах зэргээр орон тоо, цалин хөлс, урсгал зардлыг бууруулах, батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийх эрхийг, Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “ төсвийн байгууллагын бүтэц, орон тоо, чиг үүргийг хянан үзэж төрийн албан хаагчдын ачааллыг нягтруулах, орон тоог бууруулж, цалингийн санг хэмнэх гэсэн шийдвэрийг гаргасан байна.

    Хуулиар эрх олгогдсон байгууллагын шийдвэрийг төрийн байгууллагын албан хаагч хэрэгжүүлэн ажилласан байхад аймгийн Засаг даргын 2013 оны орон тоо баталсан А/566 дугаар захирамжийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэрэглэснийг хэрэглэх ёсгүй эрх зүйн актыг хэрэглэсэн гэж үзэж байна.

    Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан нөхцөлүүдээс сонгон хэрэглэх боломжийг ажил олгогчид олгосон зохицуулалт тул нэхэмжлэгч буюу П.Б-ийн ажилласан хоногийн цалин болон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгохоор шийдвэрлэсэн юм. Иймээс байгууллагын зүгээс өөр ажил олж өгөх зэрэг баталгаа гарган ажиллах хууль зүйн боломжгүй байна.

    Манай байгууллага эрх бүхий байгууллагаас батлагдсан орон тоог хэтрүүлэн ажиллаж, П.Б-ийг эс чөлөөлсөн бол цалингийн төсөв зарцуулалт хэтэрч өр үүсэх эрсдэл байсан юм.

    Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 120/ШШ2017/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

    Өмнөговь аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг удирдлага болгон 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар тус байгууллагын бүтэц, орон тооны хязгаарыг батлахдаа төсвийн мэргэжилтэнтэй байхаар тусгасан ч тухайн бүтэцдээ 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалаар өөрчлөлт оруулж төсвийн мэргэжилтний орон тоог хасчээ. 

    Бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалаар төсвийн мэргэжилтэн П.Б-ийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлжээ. 

    Нэхэмжлэгчээс тухайн б/05 дугаар тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах, Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч үндэслэлээ “бүтэц, орон тоог цөөрүүлэх, миний ажлын байрыг цомхотгох  эрх зүйн үндэслэл, шинэ нөхцөл байдал үүсээгүй байхад зөвхөн намайг ажлаас чөлөөлөхийн тулд ...” гэж тодорхойлжээ. 

    Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн б/05 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч хариуцагч албан тушаалтны байгууллагын бүтэц, орон тоог шинээр баталсан 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/15 дугаар тушаалыг эс зөвшөөрч байгаагаа нэхэмжлэлдээ тусгажээ. 

    Энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5-д заасны дагуу тухайн шаардлага, түүний үндэслэл нь хоорондоо хэрхэн уялдаж байгаа, мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан аль шийдвэрийг гаргуулж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхээр тийнхүү шаардаж байгааг нэхэмжлэгчээс зайлшгүй тодруулах шаардлагатай.

    Гэтэл анхан шатны шүүх хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, ойлгомжтой бус болжээ. 

    Тухайлбал, нэхэмжлэгчийн “ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгуулах, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох тухай“ шаардлагыг шүүх хангаснаар хариуцагч байгууллагын бүтэц, орон тоонд байхгүй албан тушаалд томилсон мэт ойлгогдож тухайн шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхойгүй байна. 

    Дээрх нөхцөл байдал нь анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл болно. 

    Эдгээр нөхцөл байдлаас давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтуудыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 120/ШШ2017/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ           Э.ЛХАГВАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           Д.БАТБААТАР